2014/10/21

ӨРӨНД БАРИГДСАН, МӨНГӨГҮЙ МОНГОЛ

“Мулгуу ноёнтой, муу Засгийн балаг” нийтлэлийн үргэлжлэл…
Монгол улс дэлхийд нэг хүнд ногдох өрийн хэмжээгээр тэргүүлэгчдийн эгнээнд буюу эхний есдүгээрт жагсаад 1 жил 1 сарын хугацааг өнгөрөөлөө. Энэ үзүүлэлт нэг талаар тавьсан өрийн хэмжээгээрээ мөнгө их эргэлдүүлж, хөгжсөн улс байхаар харагдаж байгаа боловч бахархмаар зүйл биш, харин ч хөгжөөгүй, өрөнд баригдсан Монгол болж, хүн бүрт нэгийг бодогдуулж, нөгөөг сэтгэх шаардлагатай болсныг нотолсон харангын дохио болж байна. Тэгэхээр бид өнөөдөр хэдэн төгрөгний өртэй байгаагаа зарим нэг тоо баримтаас харцгаая. 

·         “Чингис” бондын 1.5 тэрбум ам.доллар, 10 жилд төлөх хүүгийн хамт 2.1 тэрбум ам.доллар, /улсын төсөвт суугаагүй. Монгол банк/
·         Хөгжлийн банкны 580 сая ам.доллар, 5 жилд төлөх хүүгийн төлбөрийн хамт 771.7 сая ам.доллар, /Улсын төсөвт суугаагүй. Монгол банк/
·         “Самурай” бондын 290 сая ам.доллар, 10 жилд 345.6 сая ам.доллар, /2014.01.09-нд Монголд орж ирсэн боловч зөрүүтэй тоо гарсан. Улсын төсөвт суугаагүй. Монгол банк/

Монгол төрийн нийт өрийн хэмжээ өнөөдөр 20 тэрбум ам.доллар? 12.45 их наяд төгрөгт хүрч, дөнгөж мэндэлсэн нялх хүүхдээс эхлээд, настан буурал хүртэл иргэн бүр 4.250.000 төгрөгийн өрөнд орчихсон байна даа.

Тэгтэл Засгийн газраас Улсын Их Хуралд Монгол улсын өрийн хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор 2015-2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл хүргүүлснээс харвал: 2015 онд 17.1 тэрбум төгрөг, 2016 онд 19.3 тэрбум төгрөгийн зээлийг нэмж авахаар төлөвлөсөн нь Монгол иргэн бүрийг 6.600.000 төгрөгийн өрөнд бариулахаар тооцоолсон байх юм.

Энгийн жишээ, тоон үзүүлэлтээр харуулбал: “Чингис” бондын  нэг жилийн хүү болох 71.9 сая ам.долларыг Монгол адуун сүрэг худалдан авахаар тооцвол 176.714 адуу, харин хонин сүрэгт шилжүүлбэл 1.546.250 хонь болон үржигдэж байх юм. Тэгэхээр энэ мөнгө жирийн хэдэн айлын хэрэглээний мөнгийг өөртөө шингээж, өрийн төлбөрт шилжүүлж байгааг тооцох л хэрэгтэй болж. Энэ нь Шинэчлэлийн гэх Засгийн газар, Н.Алтанхуягийн хоёр жилийн хугацаанд хийсэн гавъяа, Монгол улсыг нэг хүнд ногдох өрийн хэмжээгээр нь дэлхийд НЭГДҮГЭЭР байранд оруулахаар шийдвэрлэсэн, гутамшигтай бөгөөд аймшигтай алхам болсныг нотоллоо.

Бодит байдлаас харахад Монгол улс мөнгөтэй нь ч мөнгөтэй юмаа, бонд, өр, зээл, зээлийн хүү, хүүгийн төлбөрийн мөнгө ч гэсэн мөнгөтэй л байхаар байна. Гэтэл энэ их мөнгө, хөрөнгө хаана явнаа…“иргэн таны хэтэвчинд хэдэн төгрөг байгаа бол” та нэг хараач, байхгүй бол хэний хэтэвч зузаан байгаа талаар бодоод үзэхэд илүүдэхгүй…

Саяхан Монгол Ардын Намын Шинэчлэлийн хорооноос 5837 иргэнийг хамруулсан “Эдийн засгийн хямрал-Иргэний ядуурал” сэдвийн дор асуулга судалгаа явуулсан байна. Судалгааны хамгийн их анхаарал татсан зүйл нь “Иргэд бэлэн мөнгөний хомсдолд орсон” болохыг оролцогсдын 54.5 хувь нь хүлээн зөвшөөрсөн байх юм. Өртэй Монголын мөнгө ямарч л байсан иргэдийн 50-иас дээш хувьд байхгүй байгаа нь, иргэдийн худалдан авах чадвар, амьжиргаа тэр хэмжээгээрээ суларч, буурсныг судалгааны дүнгээс харлаа. Тэгвэл Монголыг барьцаалан байж авсан өр, бонд, тэр их хэмжээний мөнгө хаана явна вэ?.. Нийслэл хотын өндөр сүрлэг цамхагууд болон хувираад байна уу? Хашаа, зам, талбай, гүүр, гудамж болоод байна уу? цөөн тооны мөнгө хүүлэгчдийн хэтэвчинд хадгалагдаад байна уу? Гадаад орнууд руу валют болон гадагшлан урссаар байна уу? гэдэг асуултууд Улсын Их Хурлаас, Засгийн газраас, Н.Алтанхуягаас хариултаа хүлээсээр байна.
        
      Бид мөнгөтэй Монголд биш, өрөнд баригдсан, мөнгөгүй Монголд амьдарсаар байгаа нь хэний ч өмнө илт тодорхой боллоо. Мулгуу ноён, Ерөнхий сайдтан Н.Алтанхуягийн хэлсэнчлэн “За тэгээд яахав дээ. Энэ өр төлбөрийг бидний үр хүүхэд тэгэж байгаад, яваандаа төлчихнө л дөө…” гэсэн марзан хариултаар хариулахгүй л баймаарсан даа. Хойч үеийнхэн, үр хүүхдээсээ ичиж үхэхэд ч багадмаар үйлдлүүд үргэлжилсээр байх уу…

Монгол Ардын Намын Шинэчлэлийн хорооны

Нарийн бичгийн дарга, хуульч Б.Ганхуяг
2014/10/20

No comments:

Post a Comment

Сэтгэгдэл

Хулгана дагадаг оцон шувууд :-)