2010/10/20

ХЯТАД БИДНИЙГ ОРОЛДОХ УУ?


Дэлхий дахиныг удирдан жолоодож, тэргүүлэх тухай Америк туйлт үзэл ерөнхийдөө мултрах тийшээ хандаж, луужингийн зүү Хятад руу савлах болсныг судлаачид төдийгүй жирийн хүмүүс хэдийнэ анзаарч, ирээдүйн хятад улстай хэрхэн харьцаж хэл ам, эв найраа олох талаар санаа бодлоо уралдуулж эхэлсэн.
Хятадын хөгжил дэвшлийг дэлхийн улс гүрнүүд 2-3 янзаар ойлгож хандаж байна. Нэг хэсэг нь орчин үеийн дэлхийн энх тайван, хамтын ажиллагаанд чухал нөлөөтэй гэж үзэж байхад нөгөө хэсэг нь ирээдүйн зөрчил мөргөлдөөн, аюул айдсыг дагуулах болно хэмээн болгоомжлуулж байна. Нэг дэх хандлагыг дэлхий дахинд АНУ цаашлаад барууны улс төр, соёл, эдийн засгийн нөлөөнд дургүйцэн ханддаг Исламын соёл иргэншилт улсууд болон, угаас ямагт АНУ-д “аллергитай” Латин америкийн орнууд хийгээд төвийг сахих эрмэлзэлтэй Европчууд гол төлөв баримтладаг.
 
Харин хоёр дахь хандлагыг угаас Хятадын хүчирхэгжилтийн аюул, түрэлтээс айх төрөлхийн айдастай хөрш жижиг орнууд болон дэлхийд байрь сууриа алдахыг үл хүсэгч АНУ, түүнийг дагагч газар зүйн байрлалын хувьд ойролцоо оршигч Япон, Өмнөд Солонгос тэргүүтэй улс орнууд илүүтэй илэрхийлдэг.
 
Их гүрний амбици нь арилаагүй Оросууд, олон туйлт бодлогыг дэмжигч Энэтхэг, Хятадыг том зах зээл, шинэ хөрш, харин Оросыг сэрэмжлэх ёстой субъект хэмээн хандагч Төв азийн “Стан”-уудын хувьд Хятадын хөгжил дэвшлийг шинэ боломж, давуу тал ба айдас болгоомжлолын үүднээс нэг зэрэг ханддаг хэмээн ойлгож болно.
 

Монголчууд бидний хувьд дээрх хандлагуудаас алийг нь баримтладгийг надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа биз ээ.
Хятад... Өнөөдөр эдийн засаг, улс төр, бүс нутгийн түвшинд соёл нь хөгжин тэлж буйгаа мэдэрсэн том гүрэн. Нэг үгээр тэр бяраа таньсан.
 
Тэд дэлхийн тэргүүлэх байр суурь эзлэхийн тулд эдийн засгаа нэн тэргүүнд босгож, хэнээс ч дутахгүй хөгжүүлэх ёстойгоо ойлгосон. Эдийн засгийн хөгжлийг хангахад гадаад тааламжтай орчин, олон улсын хамтын ажиллагаа нэн чухал болохыг ухамсарласан. Үүний тулд хэнд ч тал алдахгүй зохистой бөгөөд том бодлого, стратеги явуулах ёстойгоо аль 2003 онд томилогдсон Хятадын шинэ удирдагч улс орны бүтээн байгуулалт, хөгжил дэвшлийн үзэл баримтлалаараа зарлан тунхагласан.
 
Тэд өнөөдөр өөрийн санхүү, эдийн засаг, технологи, улс төрийн амжилтаа ямар нэг түрэмгийлэл, газар нутгийн мөргөлдөөн зөрчилгүйгээр босгож чадаж буйгаараа бахархаж байна. Улс орны хүч нөлөөг илэрхий түрэмгийлэл, заналхийлэл, айдас дагуулсан үйлдлээр харуулах албагүй, зүгээр л шинэ тутам бий болсон даяаршил, хамтын ажиллагаа, техник технологи, хүн хүчний нөөц боломжоор хангалттай байр суурь эзэлж болохыг өөрийн биеэр харуулж байна.
 
Тэд “Хятадын айдас” хэмээх хийсвэр онолоосоо татгалзах ёстойг дэлхий нийтэд тайлбарлан ойлгуулж байна. Тэд Оросуудаас аль хорьдугаар зуунд Бакунины сануулсан “Хорьдугаар зууны сүүл гэхэд хятадууд Сибирийг эзэгнэнэ” гэсэн прогноз хаана биелснийг асууж байна. Тэд Америкуудаас соёл иргэншлийн нь салшгүй хэсэг болсон хятад угсаатнууд өөрсдөд нь ямар гай тариад байгааг лавлаж байна. Тэд европуудаас тэнд оршин суух хятадууд ихээр цагаачлан ирж буй хар тивийнхэн, араб, түргүүдийн түрэлттэй харьцуулахад ямар байгааг сонжиж байна. Тэд Төв азийн орнуудад хятадууд хэр их суурьшсныг асуухын зэрэгцээ харин ч исламын суурь үзэлтнүүдийн террорист үйл ажиллагаа хятадуудад ямар их аюул тарьж байгааг өөрсдөд нь байнга сануулж байна.
 
Хятад өнөөдөр... Дэлхийн түвшинд харж, сэтгэж хийж байна. Тэргүүлэн ноёрхогч хүчинтэй шууд тулж, арцалдах биш, харин түүний эзлээгүй, анзаараагүй, чадахгүй орон зайг тун хялбараар, богино хугацаанд үр дүнтэй хянаж болдгийг өөрийн биеэр үлгэрлэж байна. Америкчууд хийгээд барууныхан төв ази, ойрхи дорнод хэрхэн зүдэрч байж байр сууриа бэхжүүлэхийг оролдож байх зуур тэр аль хэдийнэ Латин Америк, Африк, Энэтхэг, номхон далайн бүсэд эдийн засгийн томоохон сүлжээ хэрхэн амжилттай үүсгэж болдог вэ гэдгийг ази хүний нарийн ухаанаар мэдрүүлж чадаж байна. Тэд гадаад бодлогын хувьд америкаас ч илүү прагматик болсон.
 
Хүн өөрт бэлэн байгаа номыг уншилгүй арагшаа тавиад, өөр бусдынхад анхаарлаа хандуулдаг шиг Хятадууд өөрийг нь тойрсон жижиг улсуудаа үл тоон, дээгүүр бас дээрээс харж байна. Тэр хөрш жижиг улсууд нь яаж аллергитаад өөргүйгээр нь эдийн засаг, дэд бүтэц, улс орны хөгжлөө бүрэн хангаж чадахгүй бөгөөд түүнээс ямар нэг хамааралтай байж ирсэн хийгээд байх болно гэдгийг маш сайн мэддэг. Тэр жаахан хүүхэдтэй барилдвал дэлхийн хамтын нөхөрлөлд онигоонд орно гэдгээ хэнээр ч хэлүүлэлтгүй гадарладаг. Тэд цагаан арьстнууд шиг юу бодож буйгаа шууд хашгичан илэрхийлдэггүй, дотроо тунгаан бодож, бас тайвнаар инээж суудаг. Тэр уураа гаргадаггүй. Гаргах ч шаардлагагүй.   
 
Тэд биднийг хадны завсар хавчуулагдсан халиуны зулзага болохыг хамгийн сайнаар ойлгодог. Хадны завсраас гарах хөөрхөн оролдлогуудыг бүгдийг нь анзаарч суудаг. Тэд бидэнтэй том том бодлого ярьж цаг алдахгүйгээр бүс нутгийн түвшинд харилцан хамтын ажиллагааг дэмжээд байхад болно гэдгийг мэднэ. Хятад хүн Монгол хүний эрх ашгийг хохироосон нөхцөлд бид байдгаараа хашгичих төрөлхийн рефлекстэйг маань хэнээр ч хэлүүлэлтгүй доторлоно. Харин Монгол хүн Хятад хүний эрх ашгийг хохироолоо гээд өөрийн нь тэрбум хятадууд нэгийгээ хохироосны хажууд дуслын төдий зүйл гэдгийг маш сайн мэдэрдэг.
 
Үнэхээр хятадын эрх ашигт хохиролтой зүйл болсон нөхцөлд улс төрчдөд нь сануулахад хангалттай болохыг тэд үлгэрчлэн харуулдаг. Улс төрчид төдийгүй жирийн иргэд хятадтай болгоомжтой харьцах ёстой гэдгээ мэдэрснийг тэр харж суугаа. Жирийн иргэд Хятад ирээдүйн гүрэн гэдгийг ухамсарлаад үр хүүхдээ энэ соёл иргэншлээс суралцах ёстой хэмээн өмнөд рүү ихээр илгээх болсныг тэд сайшаан дэмждэг.
Тэд бидний гадаад бодлогын хувьд бас нэг явган зальтайг маань уншаад байдаг. Цохилтоос займчин гарах хөөрхөн, хөнгөн хөдөлгөөнтэйг анзаардаг. Тэд ба бид нэгийгээ маш сайн ойлголцдог ард түмэн. Бидэнгүй тэд, тэдэнгүй бид гэсэн түүх байхгүйг ухамсарлана.
 
Маргаашийн Хятад...
Хятадын хөгжлийн эрчим, далайц, чадвар дахиад 25-30 жил энэ эрчээрээ явах тухай олон янзын судалгаа нотолж байна. Тэд яг одоо баримталж буй бодлого, стратегиа мөн энэ хугацаанд тогтвортой барина гэсэн үг. Нэг үгээр биднээр энэ хугацаанд оролдохгүй. Гэхдээ эдийн засгийн хөгжил, соёлын нөлөө, хүн ам зүйн өсөлт, технологийн дэвшил, дэд бүтцийн тэлэлт, улс төр, эдийн засгийн хамтын ажиллагаа зэрэг “хатуу, зөөлөн хүчний” зохистой харьцаагаар нөлөөлөх нь ил түрэмгийллээс илүү үр дүнтэй гэдгийг тэдний соёл иргэншил бараг зохиочихсон гэх үү дээ...
Ирээдүйн Хятад... урт хугацаан дахь өрнөлийг бид байтугай том гүрнүүдийн судлаачид тодорхойлж чадахгүй хэвээр...

1 comment:

  1. монголка20/10/2010, 17:46

    эртнээс л хятадууд монголыг цэргийн хучээр биш охид,торгоороо атгаж ирсэн шуу дээ.энэ нь тэдний зальжин зан,асуудлыг алсын хараатай зохицуулж чаддагт оршино.бид бараг тэдний хараанд нэгэнт орждээ.гэхдээ монголчууд тэднээс юугаараа давуутай вэ гэдгээ маш сайн мэдэрч тэднээс ирж буй ил далд аливаа цохилтыг 100% биш юмаа гэхэд хэдэн хувиарч бай дарж ойлгуулж мэдруулж байх хэрэгтэй гэж бодогддог.

    ReplyDelete

Сэтгэгдэл

Хулгана дагадаг оцон шувууд :-)