Т-Ф

ТЕРРОРИЗМ (лат. terror  - айдас, түгшүүр) – эрс хурц бодлого, үйл ажиллагаа бүхий байгууллага болон хүмүүсийн зүгээс засгийн газар буюу иргэдийг айлган сүрдүүлэх, хүчирхийлэл үйлдэх зорилгоор явуулж байгаа байнгын болон нэг удаагийн заналхийлэл юм.  Гэмт хэргээс ялгагдах онцлог шинж нь улс төрийн шийдвэр гаргахад нөлөөлөх, нийгэмд цочрол үүсгэж, өргөн хэмжээний нөлөөлөл үүсгэх чадвартай хүчирхийллийн үйл ажиллагаа явуулдагт оршино. Улс төрийн терроризм нь олон улсын, улс доторхи, төрийн гэсэн 3 хэрбэртэй. Терроризмын аргуудад: улс төрийн зүтгэлтнүүдийг алах, хулгайлах, айлган сүрдүүлэх, олон нийтийн газарт дэлбэрэлт үйлдэх, хүн барьцаалах гэх мэт.   

ТОТАЛИТАР ДЭГЛЭМ – Төрийн дээд эрх мэдэл нь нэг буюу цөөн бүлэг хүний гарт төвлөрсөн, нийгмийн амьдралын бүх хүрээнд төр өөрийн хатуу хяналтаа тогтоосон байдаг. Уг нэр томъёог Италийн фашизмын толгойлогч Муссолини анх хэрэглэсэн. Нийгэм-эдийн засгийн уналт хямрал, ёс суртахууны доройтол тоталитаризм тогтнох суурь бол өгдөг.
Тоталитар дэглэмийн онцлог нь: төрийн эрх мэдэл хэт төвлөрсөн. Иймээс ард түмний эрх, эрх чөлөө ихээр хязгаарлагдсан байдаг; Нийгмийн амьдралын бүх хүрээнд төрийн хатуу хяналт тогтсон; Нийгмийн цөөн бүлгийн болон үндэстний ашиг сонирхлыг илэрхийлсэн үзэл суртлын хатуу хяналт бий болсон байдаг; Нийгмийн дотоодод плюрализм хуулиар хориглогдсон байна. ”Зөвшөөрснөөс бусад нь хориотой” гэсэн зарчим үйлчилнэ. Тоталитар дэглэмийг Фашист, Үндэсний социалист /Италид, германд/, Шашны /Иран, Афганистан/, Деспотист  /Хойд Солонгос/, Коммунист /Орос, Хятад/ , Цэргийн дэглэм гэж хуваадаг.
 

ТӨР (state – төр улс, государство) – нийгмийн нийтлэг эрх ашгийг хамгаалж, нийтлэг үйлчлэх шийдвэрийг гаргагч, албадлага, хүч хэрэглэх онцгой эрх бүхий засаглалын аппараттай, хууль ёс, уламжлал, зан заншлын дагуу олгогдсон эрх нь тухайн нутаг дэвсгэрийн хязгаарт гадны ямар ч хүчнээс үл хамааран заавал хэрэгжих хүчинтэй, нийгмийн өөрөө өөрийгөө зохион байгуулах илэрхийлэл болсон улс төр-нийгмийн институт. Төрийн үүсэл гарлын талаар онол, үзэл баримтлалуудад шашны онол;   эцгийн эрхт ёсны; эзлэлтийн буюу хүчирхийллийн; нийгмийн гэрээний онол; түүхэн материализмын; хүн ам зүйн; антропологийн; сэтгэлзүйн; усжуулалтын зэрэг онол, үзэл баримтлалууд байна.
Төрийн онцлог шинж чанар:
1.    Төр зайлшгүй шинжтэй. Ямарч хүн нийгмийн ямарч бүлэг төрд заавал харьяалагдана. Төр байх нь иргэнтэй байна. Иргэн байх нь төр байхын илрэл.
2.    Төр түгээмэл шинжтэй. Тухайн орны хил хязгаар, нутаг дэвсгэр дээр оршин суугаа бүх хүмүүсийг захирах зохицуулах эрхийг эдлэнэ.
3.    Төр албадлагын онцгой хэлбэр. Улс орны бүх байг-даас төр албан ёсоор албадлага хэрэглэх эрхтэй. Иймээс албадлагын тусгай аппараттай.
4.    Төр нь бие даасан, бүрэн эрхт тусгаар байгууллага.
Төрийн салшгүй шинж чанар: газар нутаг, хүн ам, нийтлэг засаглал.
Төрийн нийтлэг үүрэг: Тухайн улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдлыг хангах үүрэг хүлээнэ; Төр өөрийн батласан хууль эрхзүйн хэм хэмжээнд болон түүгээр дэмжигдсэн ёс суртахууны хэм хэмжээнд тулгуурлан нийгмийн хэв ёсыг сахин хамгаалах үүрэгтэй; Улс орны ирээдүйн зорилгыг дэвшүүлж, хөгжлийг хангах үүрэгтэй; Төр иргэдийнхээ ашиг сонирхол, эрх ашгийг хүлээн авч хэрэгжүүлэх үүрэгтэй; Бусад улс оронтой хамтын ажиллагаагаа хөгжүүлж бэхжүүлэх үүрэгтэй. Төрийг улс төрийн дэглэмээр нь ардчилсан, авторитар, тоталитар гэж ангилна.
 

ТӨР ЁС (nationhood) – тусгаар тогтносон, бүрэн эрхт улсыг байгуулж, хүний эрх , эрх чөлөө, шудрага ёс, үндэсний эв нэгдэл хууль цаазыг эрхэмлэн дээдэлж, түүх соёлынхоо уламжлалыг өвлөж, туурга тусгаар улсаа бататган бэхжүүлэх зүй тогтол. Төр ёсны гол зүйл нь эв нэгдэл, нэгдмэл тусгаар улсыг байгуулан, бэхжүүлж хамгаалж ирсэн, төрийн үйл ажиллагааны үлэмж боловсронгуй хэлбэр, чанд сахилга дэг журам, хуулиа биелүүлдэг уламжлал, төрийн дотоод ёслол, төрийн албаны эмх цэгц, нарийн зохион байгуулалтын цогц болно.
 

ТӨРИЙН АППАРАТ (state apparatus, государственный аппарат) – төрийн үндсэн чиг үүрэг болон түүний дээд үүргүүдийг гүйцэтгэгч төрийн байгууллагуудын нэгдэл.
 

ТӨРИЙН БАЙГУУЛАМЖ нь төрийн захиргаа, нутаг дэвсгэрийн зохион байгуулалт, тэдгээрийн харилцааны зарчим, эрх хэмжээний илэрхийлэл юм. Нэгдмэл, холбооны конфедераци гэсэн гурван хэлбэртэй.
 

ТӨРИЙН БОДЛОГО (State policy, государственная политика) - нийгэм, эдийн засаг, батлан хамгаалах болон нийгмийн амьдралын бусад зорилго зорилтыг засаглалын үнэт зүйлсийн хүрээнд шийдвэрлэх үйл явц.
 

ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА - иргэд төрийн байгууллагаас бусад хуулийн этгээдээс нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс сайн дурын үндсэн дээр байгуулагдан үйл ажиллагаагаа төрөөс хараат бус, өөрийгөө удирдах зарчмаар явуулдаг ашгийн төлөө бус байгууллага. Нийгэмд үйлчилдэг – соёл урлаг, боловсрол, хүмүүжил, шинжлэх ухаан, эрүүл мэнд, спорт, байгаль орчин, орчин ахуйн хөгжил, хүний эрх, хүн амын тодохой бүлэг, давхрагын эрх ашгийг хамгаалах, энэрлийн зэрэг чиглэлээр нийгмийн тусын тулд үйл ажиллагаа явуулдаг, гишүүддээ үйлчилдэг ТББ  - өөрийн гишүүдэд үйлчилдэг, тэдний хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үндсэн зорилготой байгууллага гэж ангилна.
 

ТӨРИЙН БЭЛГЭ ТЭМДЭГ (State symbols, государственная символика) – тухайн төр улсын билэг тэмдэгийн цогц /далбаа, сүлд, нийслэл гэх мэт/. Монгол улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг нь төрийн сүлд, туг далбаа, тамга, дуулал мөн.
ТӨРИЙН ДАЛБАА нь тухайн улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын эрхэм дээд манлай туг нь байдаг.
 

ТӨРИЙН ДУУЛАЛ нь төр улсын мандан бадралын бэлгэдэл болсон албан ёсны хүндэтгэлийн дуу байдаг. 
 

ТӨРИЙН ЗАСАГЛАЛ (state power, государственная власть)- хууль тогтоомж, албадлагын механизмаар төрийн бодлого, үзэл баримтлалаа харъяат иргэддээ хүлээлгэх ур чадвар.
 

ТӨРИЙН ЗАСАГЛАЛЫН ХЭЛБЭР – төрийн эрх барих байгууллагуудын байгуулагдах журам, үйл ажиллагаа, тогтолцоо, тэдгээрийн уялдаа холбоо, эрх үүргийн илэрхийлж байгаа гадаад шинж тэмдэг. Засаглалын хэлбэрийг хаант засаг, бүгд найрамдах, холимог засаг гэж хуваана.
 

ТӨРИЙН МЕХАНИЗМ – төрийн чиг үүрэг, төрийн бодлого, төрийн засаглалыг хэрэгжүүлж байгаа төрийн байгууллагын бүхэл бүтэн шаталсан тогтолцоо.
 

ТӨРИЙН СҮЛД нь улсын албан ёсны таних тэмдэг, төрийн тусгаар тогтнолын бэлгэдэл юм. Сүлд нь тухайн орныхоо хөгжлийн онцлогийг тусгасан, улсын нэрийн бичиг тэргүүтнээс бүтдэг.
 

ТӨРИЙН ТАМГА нь засаг төрийн захирах байгууллагын албан бичиг хэрэгт дардаг, засаглах эрхийн баталгаа тэмдэг юм. Аливаа улсын засаглал, сүр хүчний бэлгэдэл нь тамга болно.
 

ТӨРИЙН ТУГ нь ард түмний төр ёсны түүхэн уламжлал, цог хийморь, төрийн хүндтгэлийн бэлгэ тэмдэг байдаг.
 

ТӨРИЙН ТУХАЙ НИЙГМИЙН ГЭРЭЭНИЙ ОНОЛ - төр нь засгийн эрх баригч ба түүнд захирагдагчдын хооронд байгуулагдсан гэрээ хэлцлийн үр дүнд үүссэн. Нийгмийн бодит хэрэгцээ шаардлагаар хүмүүсийн ухамсартай үйл ажиллагааны үр дагавар болж төрийг байгуулсан.
 

ТӨРИЙН ТУХАЙ ТҮҮХЭН МАТЕРИАЛИЗМЫН ОНОЛ - төр ангиудын эвлэршгүй тэмцлийн үр дүн, эдийн засгийн хөгжлийн үр дүнтэй холбон тайлбарладаг.
 

ТӨРИЙН ТУХАЙ ШАШНЫ ОНОЛ - төрийн гарал үүсэл бурхан, тэнгэрээс гаралтай. Хаан бол бурхны элч гэсэн санаа уг онолын агуулга болдог.

ТӨРИЙН ТУХАЙ ЭЗЛЭЛТИЙН ОНОЛ - нэг үндэстэн нөгөөгөө байлан дагуулах явдал байсан нь төр үүсэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн. Төр нэг бүлэг хүмүүс өөр бүлэг хүмүүсийг өөрийн захиргаанд хүчээр байлдан дагуулж , тэднийг захирах замаар бий болдог. 


ТӨРИЙН ТУХАЙ ЭЦГИЙН ЭРХТ ЁСНЫ ОНОЛ - Төр нь гэр бүл өсөн өргөжсний үр дүнд овог аймаг аажмаар төр болон хувирсан гэж үздэг. Хаан бол “эцгийн засаглал” учраас түүний албатууд  нь түүний үр хүүхдүүд юм.


ТӨРИЙН ХЭЛБЭР нь төрийн засаглалын байгууллагуудын /хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх гэх мэт/ байгуулагдах журам, бүтэц, тэдгээрийн уялдаа холбоог илэрхийлсэн гадаад шинж тэмлэгийн нийлбэр юм. Төрийн хэлбэрийг төрийн засаглалын хэлбэр, төрийн байгууламжийн хэлбэр, улс төрийн дэглэм гэж гурав ангилна. 



ТРАЙБАЛИЗМ (tribalism)  буюу овог төрлийн холбоонд үндэслэн төрийн эрх барих байгууллагуудыг бүрдүүлэх, овог удмын нийгэм-улс төрийн тусгаар байдлын хэлбэрийг хэлнэ. Трибализм ардчилсан институц оршин тогтнолд саад учруулж, иргэний тэгш эрхэнд хохирол учруулж байдаг. Трайбализм африкын орнуудад онцгой түгээмэл бөгөөд ялангуяа тропикийн Африкт тус тусын хэлтэй 3000 гаруй овог аймаг бүхий улс орнуудад үлэмж хүчтэй нөлөөтэй. Энэ нь африкийн олон улс орны улс төр, эдийн засгийн хөгжлийн явцад ул мөрөө үлдээж ирсэн юм.  Энэ нь африк колонийн эх газар болж хувирсан тэр үеэс бүрэлдэж эхэлжээ. Өдгөө засгийн эрхийн төлөөх угсаатан хоорондын байнгын тэмцэл зөрчил нь үндэстэн овог угсааны тусгаар байдлыг хадгалахад нэрмээс болж, нийгмийн үйл явцад сөргөөр нөлөөлж байдаг. Сүүлийн хэдэн арван жилүүдэд Африк нь хамгийн их мөргөлдөөн зөрчил аюул дагуулсан бүс нутаг болж, мөргөлдөөний их газар хэмээх цол гуншинг байнга хүртэж байна. Үнэхээр колонийн систем задарсан өнгөрсөн хагас зуун жилийн хугацаанд  186 төрийн эргэлт гарч, 26 томоохон хэмжээний дайн болж, тоолохын аргагүй олон жижиг мөргөлдөөн зөрчил болсон байна. Лал, загалмайн болон уугуул шашинтан, афрази, нигер-кордофан болон нил-сахар хэлт ард түмнүүд оршин амьдардаг Зүүн африк сүүлийн хэдэн арван жилийн турш олон мөргөлдөөн тэмцлийн талбар болсоор.

ТЭГШ ЁС (equality)- гэдэг нь улс төрийн эрх мэдэл, мэдлэг боловсрол, шударга ёс гэх мэт бүхий л хэлбэрийн нөөц баялгийн хуваарилалт хүн бүрт хүртээмжтэй байх гарааны ижил нөхцлийг бий болгох утгыг агуулдаг. Тухайлбал, эдийн засгийн тэгш байдал гэдэг нь хүн бүр ижил орлоготой байна гэсэн үг биш бөгөөд харин эдийн засгийн хувьд өсөж хөгжих боломжийг  хүн бүрт ижилхэн олгоно гэсэн үг юм.


УЛС ТӨР – (грек. policy – төрийг удирдах үүрэг, politics, политика) Янз бүрийн үзэл бодолтой хүмүүс болон бүлэг, байгууллага зөрөлдөж, зөвшилцөж байж нийтээр хэрэгжүүлэх шийдвэр гаргах үйл явц. Улс төр нь нийгмийн удирдлага болон засаглалтай холбогдсон улс төрийн институт ба хүмүүсийн хоорондын харилцаа, үзэл санаа, хандлага, үйл байдал, үйл ажиллагаа, харилцааны олон талт ертөнц юм. Улс төрийн үүрэг – нийгмийн бүхэллэг нэгдмэл чанарыг хангах, бэхжүүлэх, нийгмийн дэг журмыг хангах, хөгжлийн стратегийг боловсруулах, иргэний болон хүний эрхийг хамгаалах, нийгмийн гишүүдийг хөгжүүлэх, баялагийг хуваарилах, зөрчилдөөнийг зохицуулах, социаль обьектыг бүтээн байгуулах. Улс төрийн бүтэц элементэд улс төрийн объект, улс төрийн субъект, улс төрийн нөөц орно.
 

УЛС ТӨРИЙН АШИГ СОНИРХОЛ – улс төрийн үйл байдлын анхагдагч шалтгаан, ухамсарлагдсан эх үндэс.
 

УЛС ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА - нийгмийн үйл явцыг зохицуулах ба удирдах төв болох     нийтийн засаглал, институтын цогц.
 

УЛС ТӨРИЙН АМЬДРАЛ (political life, политическая жизнь) – нийгмийн амьдралын чухал хүрээ, төрийн засаглалыг авах замаар өөрийн ашиг сонирхлоо хангах өвөрмөц эрмэлзэл, хүсэл зориг хийгээд төр ёс, улс төр болон улс төрийн харилцааны хүрээнд дэх хүн ба нийгмийн үйл ажиллагааны цогц. Улс төрийн амьдралын үндсэн объект, субъект бол нийгмийн бүлэг, давхрага ба үндэстэн, анги, тэрчлэн нам, хөдөлгөөн, байгууллага зэрэг олон янзын үндэс бүхий зохион байгуулалтай нэгдлийн эх үндэс болох хүмүүс юм.
 

УЛС ТӨРИЙН БАЙГУУЛАЛ (political system, политический строй) – тухайн улс орон дахь төрийн байгууллын тогтолцоо.
 

УЛС ТӨРИЙН БОДЛОГО (policy, политика) - төрийн засаглалыг гартаа авах, тогтоон барих, ашиглах, түлхэн унагаахад чиглэсэн үйл ажиллагаа. Улс төрийн бодлогыг агуулгаар нь: эдийн засаг, үзэл суртлын, экологийн, хууль эрх зүйн бодлого. Хэрэгжих цаг хугацаагаар нь: Ойрын буюу богино  хугацааны, дунд хугацааны, алс хэтийн;
Хамрах цар хүрээгээр нь: Дотоод, гадаад гэж ангилж болно.
УТ бод өөрийн зорилго, зорилтод хүрэхийн тулд олон янзын арга хэрэгсэл ашигладаг. Үүнд:Ажил хаялтын, жагсаал цуглаан, ухуулга сурталчилгааны ажил, сонгууль, хууль эрхзүйн хэм хэмжээ, уламжлал ёс зүйн хэм хэмжээ, улс төрийн шүүмжлэл
 

УЛС ТӨРИЙН ДЭГЛЭМ ( лат. regimen —удирдах, режим) гэдэг нь төрийн засаглалыг нийгмийн дотоодод хэрэгжүүлж буй арга хэрэгсэл, хэлбэр, механизмуудын нийлбэр цогц. Улс төрийн дэглэм гэдэг ойлголтод: төрийн засаглалын үйл ажиллагааны арга механизм; төр нийгмийн хоорондын харилцааны шинж байдал; иргэдийн эрх, эрх чөлөө хэрхэн хангагдаж буй нөхцөл; нийгмийн гишүүдийн улс төрийн бодлого, нийгмийн удирдлагад оролцож байгаа байдал, шинж чанар; улс төрийн үзэл суртал түүнээс нийгмийн амьдралд нөлөөлж буй нөлөөлөл зэргийг тусган илэрхийлдэг.
Улс төрийн дэглэм тухайн оронд ямар хэлбэртэй тогтох нь олон хүчин зүйлээс шалтгаалдаг. Үүнд: засаглалыг хуваах зарчим хэрхэн хэрэгжиж буй эсэхээс; намын систем ямар байхаас; тухайн ард түмний түүхэн уламжлал ямар байхаас шалтгаална; тухайн ард түмний өмнө тавьж буй цаг үеийн зорилго зорилтоос; тухайн үеийн олон улсын нөхцөл байдал, хөгжлийн чиг хандлагаас шалтгаалан улс төрийн дэглэм тогтоно. Улс төрийн дэглэмийг Авторитар, Тоталитар Ардчилсан гэж ангилна.
 

УЛС ТӨРИЙН ЗАСАГЛАЛ (political power, политическая власть) - хувь хүн, бүлэг, нам, төр зэрэг улс төрийн харилцааны субъектүүд эрх мэдэл, нэр хүнд, албадлага зэрэг хүчирхийллийн болон хүчирхийллийн бус арга хэрэгслээр санаа зоригоо бусдад тулгах, тэдний үйл ажиллааг удирдах чадвар юм. Улс төрийн засаглалын онцлог нь: 1. тэгш биш хэмтэй харилцаа. Засаглалынн харилцаанд орж буй талуудын нэг нь хүч, нөөц байр суурь, эрх мэдэл, авьяас чадвараар ямагт илүү байдаг. 2. дээрх хүчин зүйлээс шалгаалж дотоодоо ямагт зөрчил тэмцэлтэй  3. улс төрийн засаглал нь нийгэмд үйлчилж буй улс төр, эрх зүй, ёс суртахууны хэм хэмжээний хүрээнд явагдаж байдаг.  Улс төрийн засаглалын үндсэн бүрэлдэхүүн бол засаглалын субъект, объект, нөөц юм. 
 

УЛС ТӨРИЙН ИНСТИТУТ (political institution, политический институт) – улс төрийн эрх мэдлийг олж авах, хэрэгжүүлэх болон түүнийг хэрэгжүүлж буй субъект, тэрчлэн улс төрийн амьдралын бусад хүрээний хоорондох үйл ажиллагаа, улс төрийн мэдээллийн солилцоог хангаж буй байгууллага, байгууллагуудын тогтолцоо. Т: төр, нам, засгийн газар, парламент.
 

УЛС ТӨРИЙН ЛИДЕР (англ. leader – дагуулагч, удирдагч, хошуучлагч) - тавьсан зорилгодоо хүрэхийн тулд нийгмийг буюу түүний нилээд хэсгийг дайчлах идэвхжүүлэх, нөлөөлөх чадвартай субъект. Улс төрийн хошуучлагч нь олон түмэн, нийгмийн нэгтэн нягтруулж үндэсний эв нэгдлийг төлөөлөх, улс төрийн амьдралыг бүхий л талаас нь шинжилж зөв зохистой шийдвэр гаргах, төр ба олон түмний харилцаа холбоог бэхжүүлэх, өөрчлөн шинэчлэлт, улс төрийн зорилгод олон түмнийг дайчлан зохион байгуулах, улс төрийн лигетем шинжийг хангах үүрэгтэй. Лидерийг үйл ажиллагааны хамрах хүрээгээр нь гурван түвшинд ангилана. Үүнд: 1. жижиг бүлгийн лидер. Голчлон өөрийн нэр хүнд, хувийн давуу шинж чанарт дулдуйдсан байдаг. 2. улс төрийн нам, тодорхой зохион байгуулалтын лидер.    Ийм хүрээнд лидерийн хувийн шинж чанараас илүүтэй сонирхлыг хэрэгжүүлэх боломж хэр байгаа нь чухал. 3. засаглалын системд байгаа улс төрч лидер. Ийм хэлбэрийн лидер тодорхой улс төрийн соёлд илүү хамааралтай байдаг.
Улс төрийн лидерийг  хэв шинжээр нь: 1) уламжлалт лидер- ёс заншил, дадал дээр үндэслэсэн; 2) Харизмат лидер– удирдагчийн шилдэг чанар, ер бусын зүйлд итгэх итгэлд тулгуурласан; 3) Хууль ёсны лидер– хуулийн хүрээнд, хуулийн үндсэн дээр гарч ирсэн лидер гэж ангилж болно.
 

УЛС ТӨРИЙН МӨРГӨЛДӨӨН (лат. conflictus- зөрчил мөргөлдөөн, political conflict, политический  конфликт) - улс төрийн зорилго, ашиг сонирхол, үнэт зүйлс, байр сууриараа өөр хоорондоо тэрсэлдэгч субъектүүдын зөрөлдөөн, тэмцэл юм. Ашиг сонирхлын; үнэт зүйлсийн; адилсалын мөргөлдөөн гэсэн үндсэн гурван хэлбэртэй.
Ашиг сонирхлын мөргөлдөөн - эдийн засгийн өндөр хөгжилтэй, улс төрийн байдал тогтвортой улсуудад байх ба татвар, нийгмийн хамгааллын зэрэг асуудлаар эрх ашгийн зөрчилдөөн бий болсноор илэрнэ.
Үнэт зүйлсийн - улс төрийн байгуулал нь тогтворгүй, хөгжиж буй орнуудад тохиолдоно. Т: Эрх чөлөө, тэгш эрх, шудрага ёс гэх мэт.
Адилсалын - улс төрийн субъект өөрийгөө хэл, үндэс угсаа, шашин зэрэг ямар нэг бүлэгтэй адилтган үзэх үед үүсдэг.
Улс төрийн мөргөлдөөн нь оролцогчдын түвшнээс хамаарч: Улс хоорондын, Төрийн /улс төрийн нам ба засаглалын субъект хоорондын/, Бүс нутгийн, Орон нутгийн гэж ангилна.
 

УЛС ТӨРИЙН МЭДЭЭЛЭЛ (information, лат. informatio – тайлбарлан таниулах, илтгэх) – нийгмийн улс төрийн хүрээнд болж буй үйл явдал, баримт сэлтийн талаарх мэдээ, мэдээлэл, мэдлэгийн нийлбэр цогц.
 

УЛС ТӨРИЙН НАМ (латины pars –хэсэг, бүлэг, poltical party, политическая партия) - нийтлэг сонирхол, үзэл баримтлалтай хүмүүс нэгдэж, үйл ажиллагаа нь төрийн засгийн эрхийг авах буюу түүний хэрэгжилтэнд оролцох зорилго бүхий улс төрийн байгууллага.
Намын үүсэл хөгжил нь XVII зууны сүүлч 18-р зууны эхээр хөрөнгөтний хувьсгалууд болон парламентат ёс төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэх хэлбэр болон тогтсон үетэй давхцдаг. Энэ нь ардчиллын зарчмыг улс төрийн амьдралд нэвтрүүлэх , төрийн үйл ажиллагаанд олон нийтийг оролцох бололцоог хангах, нийгэмд бий болсон олон янзын ашиг сонирхлыг улс төрийн аргаар шийдвэрлэхтэй холбоотойгоор үүссэн.
Улс төрийн намын онцлог: а) үйл ажиллагаа нь харьцангуй урт удаан хугацаанд үргэлжлэнэ. Нам өөрийн үндэслэгчээс хойш оршин тогтнох чадвартай байх шинжээрээ нөлөө бүхий хүнийг тойрон нэгдэж буй түүнийг үгүй болоход устаж үгүй болдог улс төрийн бүлэглэлээс ялгаатай. б) аливаа байгууллага нам байхын тулд сонгуульд болон парламент, засгийн газар үйл ажиллагаанд оролцох замаар төрийн засаглалыг гартаа авах, хэрэгжүүлэх эрмэлзэл тэмүүлэлтэй байх ёстой. Үүгээрээ төр засгийн бодлогод нөлөөлж өөрийн ашиг сонирхлоо хэрэгжүүлэх зорилго тавьдаг ТББ-аас ялгагдана в) улс төрийн нам нь засгийн эрхийг гартаа авахын тулд олон түмнээр өөрийгөө дэмжүүлэхэд чиглэсэн идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг байх ёстой.
Улс төрийн намын дотоод бүтцэд а) удирдлагын үүргийг гүйцэтгэгч штаб, намын лидер, б) намын суурь болон толгойлогчдыг хооронд нь холбох гүүрийн үүрэг гүйцэтгэгч бюрократ аппарат, в) аппаратад ордоггүй намын амьдралд оролцогч идэвхитэй гишүүд, г) намын үйл ажиллагаанд тогтмол оролцдоггүй идэвхигүй гишүүд зэргээс тус бүрээс бүрдэнэ.
Нийгмийн ямар бүлгийг социаль баазаа болгож буйгаар нь- тариачны, ажилчны, хөрөнгөтний нам;
Үзэл суртлын чиг баримжаагаар нь - либерал, консерватив, социалист, социаль- демократ, коммунист, шашны;
Улс төрийн чиг баримжаагаар нь- зүүний, төвийг сахисан, барууны;
Улс төрийн үйл ажиллагааны шинжээр нь – аядуу, эрс шинэчлэлийн, экстремист;
Улс төрийн системд эзэлж буй байр сууриар нь - эрх баригч, парламентын, манлайллын;
УТ-н намыг бүтцээр нь олон түмний, боловсон хүчний нам гэж ангилдаг.
Улс төрийн нам нийгмийн амьдралд олон талт үүрэг гүйцэтгэнэ. Нийгмийн бүлгүүдийн ашиг сонирхлыг илэрхийлэх, томьёолох, үндэслэх; мөрийн хөтөлбөр боловсруулах үндсэн дээр нийгмийн зорилт, зорилгыг тодорхойлох; улс төрийн системийг бүрдүүлэхтэй холбогдсон чиг үүрэг. Сонгуульд идэвхитэй оролцож, төрийг эмхлэн байгуулах үйл ажиллагаанд оролцох; Нийгмийн нэгдэл нягтралыг бэхжүүлэх, иргэдэд улс төрийн нийгэмшилтийг төлөвшүүлэх үүрэгтэй.
 

УЛС ТӨРИЙН НАМЫН ТОГТОЛЦОО - засгийн эрхийн төлөө тэмцэж буй намуудын харилцан нөлөөлөл, өрсөлдөөний механизм юм. Нэг намын зөвхөн нэг нам монопольт эрхтэй байж, төрийн эрх мэдлийг барих ба бусад нам, хөдөлгөөнийг хориглодог нэг намын тогтолцоо нь тоталитар, авторитар дэглэмийн үед оршдог. Хоёр намын тогтолцоо тухайн улс оронд засгийн эрхийг авч, хэрэгжүүлэх чадвартай хоёр намаас бүрддэг. Сонгуульд нэг нам нь ялахад нөгөө нь сөрөг хүчин болж харилцан үйлчилж байдаг. Хоёр намын тогтолцоотой улс оронд өөр жижиг намууд оршдог хэдий ч тэд сонгуульд ялж засгийн эрхэнд гарах боломжгүй байдаг. Олон намын  тогтолцоо – улс төрийн амьдралд хэд хэдэн намууд идэвхитэй оролцож, засгийн эрх мэдлийн төлөө өрсөлдөж байдаг олон намын тогтолцоо нь нийгмийн янз бүрийн бүлгүүдийн ашиг сонирхлыг нилээд бүрэн дүүрэн илэрхийлдэг.
 

УЛС ТӨРИЙН НАМЫН ФРАКЦИ (wing of party)- улс төрийн намын дотор улс орноо хөгжүүлэхэд идэвхтэй оролцох гэсэн нэгдмэл эрмэлзэлтэй хэдий ч янз бүрийн бодол санаатай түүний хажуугаар өөр өөр зан араншинтай хүмүүс нэгддэг бөгөөд тэд асуудал бүр дээр нэгэн ижил санаа бодолтой байж тэр бүр чаддаггүй. Энэ байдал нь ихэнх тохиолдолд нам дотроо сонирхлын бүлгүүдэд хуваагдан, заримдаа жигүүр (фракц) болж  албан ёсны ба албан ёсны бус зохион байгуулалтанд орох нөхцөл байдлыг бий болгодог. Фракц нь намын мөрийн хөтөлбөрөөс гажихгүй ч түүнийг амьдралд хэрэгжүүлэх тал дээр өөрийн гэсэн өвөрмөц байр суурь, үзэл бодолтой, зохион байгуулалтын бүтэцтэй намын доторх онцгой бүлэглэл юм. Өөрөөр хэлбэл намын стратегийн зорилтыг хэрэгжүүлэхийн тулд тактикийн асуудал дээр эсрэг байр суурь бий болсноос үүдэн фракцууд бий болдог байна.
 

УЛС ТӨРИЙН НИЙГЭМШИЛТ (political socialization, политическая социализация) – Хувь хүн тухайн нийгмийн улс төрийн соёл, үнэт зүйлийг эзэмшин, тодорхой байр суурьтай болж, улмаар нийгэм, улс төрийн амьдралд оролцогч болон төлөвших үйл явц.
 

УЛС ТӨРИЙН НИЙЦТЭЙ ОРОЛЦОО - нийгмийн амьдралыг зохицуулж буй эрх зүй ёс суртахууны хэм хэмжээ, нийгмийн үнэт зүйлсэд харшлахгүй зорилго арга хэлбэрээр илэрч байдаг. Үүнд: сонгууль, санал асуулгад оролцох, төр засагт хандаж санал хүсэлт тавих, албан тушаалтантай уулзах зэрэг хэлбэрээр илэрнэ.
 

УЛС ТӨРИЙН НИЙЦГҮЙ ОРОЛЦОО - эрх зүй, ёс суртахууны хэм хэмжээ, нийгмийн үнэт зүйлсэд харшлах арга хэлбэрээр илэрч байвал гэнэ. Т: хууль бусаар жагсаал цуглаан хийх, ажил хаях, татвар төлөхөөс татгалзах, эвдэлж сүйтгэх, замын хөдөлгөөнд саад хийх, эрх баригчдыг доромжлох, өөрийгөө золиослох, улс төрийн аллага үйлдэх /терроризм/
 

УЛС ТӨРИЙН НӨЛӨӨЛӨЛ – улс төрийн үйл ажиллагаа явуулж буй субъект бусдын үйл байдлыг өөрийнхөө санасан ёсоор болгон өөрчилж буй байдлыг илэрхийлнэ. Нөлөөллийг амжилттай хэрэгжүүлснээр бусдын санаа бодол, чиг баримжаа, итгэл үнэмшил, мөн шууд үйл байдлыг өөрчилж болдог байна. Нөлөөлөл үзүүлж буй субъектийн чадвар, нөлөөллийн үр дүн нь тэдгээрийн улс төрийн боломж, нөөц, нөлөөллийн шинж чанар, түвшин болон нөлөөллийн объектийн байдал, нөлөөлөл үзүүлэхийг оролдож буй өрсөлдөгч, хүчний байдал зэргээс шалтгаална.
 

УЛС ТӨРИЙН НӨӨЦ – улс төрд хамаарах зүйлсийг өөрчлөх зорилготой түүний объектод нөлөөлөхийн тулд субъектийн ашиглаж буй эдийн болон оюуны хүрээний зүйлс. Тухайлбал, эрх мэдэл, нэр хүнд, боловсрол, мөнгө, байгалийн баялаг, хүч, техник, технологи, мэдээлэл гэх мэт.
 

УЛС ТӨРИЙН ОБЪЕКТ – улс төрийн үйлдэлд чиглэсэн өөрчлөлт, нөлөөлөлд  улс төрийн бодит байдлын хэсэг. Тухайлбал нийгмийн харилцаа, үйл явц, хүн, нийгмийн бүлэг гэх мэт.

УЛС ТӨРИЙН ОРОЛЦОО (
political participation; политическое участие) гэдэг нь иргэд улс төрийн систем, улс төрийн институтуудын төлөвшилт, үйл ажиллагаа, улс төрийн шийдвэр боловсруулах явцад нөлөөлөх явдал юм. Улс төрийн оролцооны  илрэлд : бүрэн эрхт төлөөлөгч сонгох томилох, сонгуулийн кампаний үед улс төрийн нам, нэр дэвшигчийг дэмжих, эсэргүүцэх үйл ажиллагаа явуулах, улс төрийн шинжтэй хурал уулзалт жагсаал цуглаанд оролцох, улс төрийн нам сонирхлын бүлгүүдийн үйл ажиллагаанд хамрагдах гэх мэт. Улс төрд хүмүүс оролцох боломж нөхцөл,  шалтгааныг 2 үндсэн хэлбэрт ангилж болно. 1. Нөхцөл байдлын шалтгаан: тухайн оронд тогтож буй улс төрийн дэглэм, ард иргэдэд хуулиар олгосон эрх, эрх чөлөө; нийгмийн анги давхаргын бүтэц, нийгэм доторх ашиг сонирхлын ялгаа; тухайн орны иргэдийн улс төрийн соёл, улс төрийн ухамсарын түвшин, нийгмийн төлөв байдал - нийгмийн өмнө дэвшигдэн тавигдаж буй асуудал. 2. Хувийн нөхцөл шалтгаан– тухайн хүний нас, хүйс, эрхэлж буй ажил албан тушаал, боловсрол, шашин шүтлэг, хүний дотоод итгэл үнэмшил, сэтгэл зүйн шинж чанар орно.
Улс төрийн оролцоог тухайн нийгэмд үйлчилж буй хууль ёс хэв журамд нийцэж буй эсэхээр нь нийцтэй нийцгүй гэж ангилдаг. Улс төрийн оролцоог идэвхитэй болон идэвхигүй хэв маягт хувааж болно.
Улс төрийн оролцооны идэвхигүй хэв маяг нь дараах нөхцөл байдлаас шалтгаалдаг. Үүнд: нийгэм эдийн засаг, соёлын хөгжлийн дорой сул байдлаас, улс төрийн институт, байгууллагуудад итгэл муутай хандлагаас, улс төрийн хөдөлгөөнийг хүчээр дарсны дараа сааталд орсноос тус тус шалтгаалж болно.


УЛС ТӨРИЙН РЕЙДЕР - (political raider,
политическое рейдерство) хэмээх үзэгдэл сэтгүүл зүйн хүрээнд төдийгүй улс төрийн ухаанд ч харьцангуй бага судлагдсан үзэгдэл юм. Улс төрийн дээрэм гэдэг нь нам хүчин, олон нийт залуучуудын байгууллага, улс төрийн лидер зэрэг улс төрийн байгууллагыг тэдний хүсэл зоргийн эсрэг бусад улс төрийн хүчний зүгээс хүчээр захирах явдлыг хэлнэ. Энэ нь айлган сүрдүүлэх, шантажлах, худалдаж авах замаар намын орон нутгийн байгууллагын удирдлагыг халж солих зэрэг энгийн дээрмээс ялгаатай.
Улс төрийн дээрэм нь үндсэн хоёр зорилготой явагддаг үзэгдэл.
1.    Өш хонзонтой улс төрийн хүчнээ залгин уусгахаас аваад устгах замаар өрсөлдөгчөө замаасаа зайлуулах;
2.    Эдийн засгийн дээрмээ улс төр, хэвлэл мэдээллийн аргаар халхлах;
Хамгийн түгээмэл технологиуд:
- Эрх баригчдын авилгалд идэгдсэн, чадваргүй байдлын тухай төвийн мэдээллийн хэрэгслээр шуугиан үүсгэх;
-  Үндэслэлгүй шийдвэр гаргуулахын тулд улс төрчдийн дунд хуурамч мэдээлэл, цуурхал тараах;
-   Улс төрчдын хооронд хагарал зөрчил үүсгэхэд түлхэх;
-   Орон нутагт сөрөг хүчний хөдөлгөөн үүсгэх;
-  Эсэргүүцлийн арга хэмжээ зохион байгуулах;
-  Хууль хамгаалах байгууллагын болон орон нутгийн холбогдох төлөөлөгчдийг шүүмжлэх кампани өрнүүлэх;
УЛС ТӨРИЙН СОЁЛ
(political culture, политическая культура) - тодорхой нийгмийн хүрээ, цаг үед авч үзсэн улс төрийн үзэгдэл, үйл явцын талаарх санаа бодол, байр суурь, үнэлэмжийн цогц. Иргэдийн нийгмийн болон улс төрийн зүтгэлтнүүдийн улс төрийн эрх мэдэл, тэдний улс төрийн зан үйлийг тусган, улс төр ба улс төрийн институтын төлөвшил үйлчлэлд асар их нөлөөлж, төр иргэдийн хоорондын холбоо харилцааны шинж чанарыг тодорхойлж байдаг. Улс төрийн соёлыг гурван түвшинд хуваана: 1.Танин мэдэхүйн түвшин – улс төрийн үйл явц, үзэгдлийн талаарх ойлголт, энэ талаар олж авсан мэдлэг, мэдээллийн цогц. 2. Сэтгэл хөдлөлийн түвшин – нийгмийн улс төрийн тогтолцоо, улс төрийн үйл явцад хандах хандлага нь мэдрэмжээр дамжин биелэгдэх явдал /талархал, дургүйцэл, гутаах, гайхах гэх мэт/. 2. Үнэлэлт дүгнэлтийн түвшин – улс төрийн субъектүүд тэдгээрийн хоорондын харилцаа, харилцааны объект, улс төрийн үйлдэл, үйл ажиллагааны талаар бодомж үнэлэмжийг хэлнэ. Улс төрийн соёлын нийгэмд гүйцэтгэх үүрэг: Эрх мэдэл ба нийгмийн хооронд үүсдэг харилцаанд улс төрийн системийн мөн чанарыг тодорхойлох үүрэг гүйцэтгэнэ; хүмүүст улс төрийн орон зайд чиг баримжаагаа олж тодорхойлоход туслана; улс төрийн үнэт зүйлс, уламжлалыг хойч үед нь дамжуулна; тодорхой нэр томъёо /ардчилал, эрх чөлөө, засаглал/, хэл, билэг тэмдэг /далбаа, сүлд, дипломат ёслол/ зэрэг ойлголтыг бий болгосноор улс төрийн субъектүүд хоорондоо харилцаж нэвтрэлцэх боломжийг бүрдүүлнэ; нийгмийн янз бүрийн бүлэг, хэсэг, хүчнүүдийг хооронд нь ойртуулан, нягтруулах.
Улс төрийн соёлыг хөгжлийн түвшнээр нь: улс төрийн соёлын өвгийн хэв маягийн, хамжлагын хэв маяг оролцооны буюу улс төрийн соёлын идэвхитэй хэв маяг; гадны нөлөөллийг хүлээн авах талаас нь нээлттэй, хаалттай гэж ангилж болно.


УЛС ТӨРИЙН СОЁЛЫН ОРОЛЦООНЫ ХЭВ МАЯГ – иргэд улс төрийн талаар зохих ойлголт, мэдлэгийг эзэмштж, улс төрийн амьдралд оролцох эрмэлзэлтэй байдаг. /ардчилсан, хөгжингүй орнуудад илэрнэ./


УЛС ТӨРИЙН СОЁЛЫН ӨВГИЙН ХЭВ МАЯГ – иргэд нь улс төрийн системийнхээ талаар мэдлэг багатай буюу огт ойлголтгүй учраас улс төрд оролцох боломжоо ухамсарлаагүй байдаг. /нийгмийн хөгжил сул дорой орнуудад ихэвчлэн оршдог./


УЛС ТӨРИЙН СОЁЛЫН ХАМЖЛАГЫН ХЭВ МАЯГ – улс төр амьдралд нь нөлөөлдөг гэдгийг ойлгодог ч улс төрд идэвхитэй бус байр суурь баримтладаг. /гол төлөв – тоталитар, авторитар дэглэмтэй орнуудад тохиолдоно./


УЛС ТӨРИЙН СУБЪЕКТ – улс төрд өөрийн зорилгоо томъёлох ба хэрэгжүүлэх чадвар бүхий улс төрийн амьдралд оролцогч, улс төрийн үйл ажиллагааны субъект Тухайлбал, төр, нам, ТББ, иргэн гэх мэт.


УЛС ТӨРИЙН СЭДЭЛЖҮҮЛЭЛТ
(political motivation) - тодорхой улс төрийн үйлдэл хийхэд хүргэх шалтгаан, сэдэлтэй болгох үйл явц.          


УЛС ТӨРИЙН СЭТГЭЛ ЗҮЙ (political psychology)- нь бие хүний улс төрийн үйл явдал, зорилго чиглэл, таашаал сонирхол, итгэл үнэмшил зэрэг сэтгэл зүйн хүчин зүйлсийг судалдаг улс төр судлал, сэтгэл судлалын заагт орших салбар шинжлэх  ухаан юм. Улс төрийн сэтгэлзүй  нь хувь хүний аливаа үйлдэл орчиноос хамаардгийн адил улс төрийн үйл ажилгаа ч мөн орчноос  шалтгаалдаг гэдгийг үндэс болгодог. Иймээс улс төрийн шинжилгээ нь орчны нөлөөлөлд хүний өгөх хариу үйлдлийг тайлбарладаг ойлголт, т анин мэдэхүйн процесс, горидлого, сэдэл зэрэг сэтгэлзүйн хүчин зүйлсийг анхааран судалдаг бөгөөд  сонгогчдын үйл байдал зан төлөв улс төрийн нийгэмшилт, улс төрийн хошуучлал, олон нийтийн санаа бодол зэргийг судлахад тэдгээрийг ихэвчлэн ашигладаг. Улс төрийн сэтгэлзүй нь 1950-60 оны үед улс төр судлал дахь “бихевиорист хувьсгал”-аас эх аван эрчимтэй хөгжсөн. 


УЛС ТӨРИЙН ТОГТВОРТОЙ БАЙДАЛ (political stability)- тодорхой улс төрийн үүрэг гүйцэтгэж байгаа янз бүрийн улс төрийн субъектүүдийн хоорондох холбооны систем юм.  Улс төрийн тогтвортой байдлыг хамрах хүрээгээр нь дотоод улс төрийн, бүс нутгийн, олон улсын гэж ангилдаг. Тогтвортой байдал нь динамик болон статик байж болдог. Статик (тогтонги) байдал ихэвчлэн тоталитар дэглэмд байдаг бол, динамик (эрчимт, хөдөлгөөн) нь нээлттэй ардчилсан дэглэмд байдаг.


УЛС ТӨРИЙН УХАМСАР (political consciousness, политическое сознание) – улс төрийн бодит харилцааг тусгасан үзэл баримтлал, төсөөлөл, нийгмийн мэдрэмжийг цогцоор нь багтаасан нийгмийн ухамсрын хүрээ.  Улс төрийн ухамсар нь нийгэмд зохицуулах чиг үүрэг, танин мэдэхүй- мэдээллийн, үнэлэмжийн болон дайчлах, нэгтгэх чиг үүрэг гүйцэтгэдэг. Улс төрийн ухамсрыг субъектээс нь хамааруулан хувь хүний, хэлсэн бүлгийн, олон түмний, нийгмийн гэж ялгана. Улс төрийн ухамсрын түвшинг онолын болон ердийн, үзэл сурлтын ба сэтгэл зүйн гэж ангилна.


УЛС ТӨРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА
(political activity, политическая деятельность) нийгмийн тодорхой хэсгийн сонирхлыг хэрэгжүүлэх, өөр хоорондоо зөрчил бүхий олон янзын сонирхлыг зохицуулах хамтын шинжтэй үйлдэл. Т: нийгмийн хувьсгал, сонгуулийн кампани, дипломат харилцаа. Зохион байгуулалтын хувьд: сул зохион байгуулалттай, урсгал зохион байгуулалтай, зохион байгуулалт сайтай гэж ангилна. Улс төрийн зорилгоор нь: улс төрийн байр сууриа илэрхийлэгч, улс төрийн системийг өөрчлөх, засгийн газрыг өөрчлөн байгуулах, тодорхой шийдвэрийг өөрчлөх зэргээр хувааж болно. Чиг хандлагаар нь: үйл ажиллагааны байдлыг өөрчлөх, урьдчилан сэргийлэх, бүтээх, бусниулах гэж ангилдаг байна.


УЛС ТӨРИЙН ҮЙЛ БАЙДАЛ (political behavior, политический поведение)- Улс төрийн шинжлэх ухаанд улс төрийн үйл байдлын мөн чанар агуулгыг янз бүрээр тайлбарладаг. С.Фридман, С.Крик нарын эрдэмтэд улс төрийн үйл байдлыг улс төрийн сонирхол үндэслэн, төр засгийн байгууллагад нөлөөлж, өөрийнхөө байдлыг сайжруулах зорилготой хүмүүсийн улс төрийн оролцоо, үйл ажиллагаа гэж үздэг. Улс төрийн үйл байдлын гол үндсэн хөшүүрэг нь улс төрийн сонирхол гээд улс төрийн сонирхлуудын тэнцвэртэй байдал нь улс төрийн тогтвортой байдлын гол нөхцөл, харин тэдгээр сонирхолуудынзөрчил тэмцэл нь улс төрийн болон нийгмийн мөргөлдөөнд хүргэдэг гэж үздэг. Г.Алмонд, С.Верба, У.Розебаум нэр улс төрийн үйл байдлын шинж чанар, төлөв нь улс төрийн соёлын тодорхой хэв маягаар тодорхойлогдоно. Улс төрийн өндөр соёлтой нийгэм нь өндөр ёс суртахуунтай, хариуцлагатай, зан суртахууны зарчмуудыг эзэмшсэн, ухаалаг шинжүүдийг өөртөө бүрдүүлсэн “улс төрийн өөгүй хүнийг” төлөвшүүлэх ёстой гэж тэд үзжээ. А.Бентли, И.Ватсон, Ч.Мериам нарын судлаачид улс төрийн үйл байдлыг бихевиорист арга зүйн үүднээс авч үзэн түүний сэдлийг эмпирик судалгааны дүнд нэг л удаагийн улс төрийн оролцооны байдлаар тодорхойлж  болно гэж үздэг.


УЛС ТӨРИЙН ҮЙЛ ЯВЦ (political process)- нэн тэргүүнд орон зай болон цаг хугацаанд хувьсаж өөрчлөгдөж  байгаа нийгмийн улс төрийн системийн оршин тогтнох хэлбэр, нөгөө талаар тодорхой хүрээ хязгаар үр дүнтэй үзэгдлийг илэрхийлдэг. Жишээ нь ямар нэгэн нам бүрэлдэж бий болох, сонгууль гэх мэт.


УЛС ТӨРИЙН ХАРИЛЦАА (political relations, политические отношения) – нийгмийн хэвшиж тогтсон хэм хэмжээний дотор янз бүрийн ашиг сонирхол бүхий нийгмийн анги бүлгүүд, тэдгээрийг төлөөлсөн байгууллага, тэрчлэн төр ба иргэдийн хооронд үүсч буй харилцан үйлдэл. Дараахь онцлогтой: улс төрийн харилцаа ямагт зөрчилт шинжтэй; тэгш хэмтэй бус харилцаа; улс төрийн харилцаа гол төлөв институтжсан байдаг; нийгмийн тогтоож өгсөн хэм хэмжээний дагуу явагддаг.  


УЛС ТӨРИЙН ХӨДӨЛГӨӨН (political movements, политические течения) -  түүнд оролцогчдын ойрын эрх ашигт суурилсан нийгэм-улс төрийн амьдрал гарч буй зохион байгуулалтгүй урсгал, хөдөлгөөн.


УЛС ТӨРИЙН ХҮЛЭЭЦТЭЙ БАЙДАЛ
(tolerance, лат. tolerantia – тэвчих, хүлээцтэй хандах, толерантность) – бусдын үзэл бодолд хүндэтгэлтэй, хүлээцтэй хандах чадварыг илэрхийлнэ. Улс төрийн хүчний хувьд энэ нь өөрийн эгнээнд өөр үзэл бодолтой хүмүүс байхыг хүлээн зөвшөөрөх, уг хүчин засгийн эрх мэдлийг барьж байх тохиолдолд Үндсэн хуулийн хүрээнд сөрөг хүчний үйл ажиллагааг хүлээн зөвшөөрөх байдлаар илэрнэ.  Иргэн хүний хувьд сонгож байгуулсан засаг төрдөө дэмжлэг үзүүлдэг, хүлээцтэй хандах, хамтран ажиллах, харилцан буулт хийх чадварыг эзэмшсэн, хуулиа дээдлэдэг байх нь хүлээтцэй чанарын илрэл юм.


УЛС ТӨРИЙН ХҮРЭЭ (political sphere, политическая сфера) – нийгмийн улс төрийн амьдрал, улс төрийн салбар буюу улс төрийн үзэл санааны нөлөөлөл, улс төрийн байгууллага болон улс төрчдийн шууд нөлөөллийн хэмжээ хязгаар юм. 


УЛС ТӨРИЙН ХЯМРАЛ
(crisis, грек. krisis – шийдвэр, эцэс төгсгөл, кризис) – бүлэг хэсэг, улс төрийн хүчнүүдийн хоорондын мөргөлдөөн тэмцэл үлэмж гүнзгийрсэн, улс төрийн байдал нь хурцадсан улс төрийн системийн тодрхой нөхцөл байдал юм. Улс төрийн хямралыг олон улсын мөргөлдөөн, зөрчлөөс улбаалсан улс төрийн гадаад хямрал, засгийн, парламент, үндсэн хууль зэргээс үүдсэн улс төрийн дотоод хямрал гэж ангилна. Мөргөлдөөний гол асуудал нь түүнийг шийдвэрлэх, зохицуулах явдал юм. Мөргөлдөөнийг зохицуулах гэдэг нь түүний тархалт, хор хөнөөлийг багасгах, улмаар зогсоох арга хэмжээ авах явдал юм. Буулт хийх, зөвшилцөх замаар зохицуулна.  


УЛС ТӨРИЙН ШИЙДВЭР (political decision, политические решение) – улс төрийн үйл ажиллагааны боломжит хувилбаруудаас илүү оновчтой, үр дүнтэйг нь эрх мэдэлдээ дулдуйдах эсвэл зөвшилд хүрэх замаар сонгох үйл явц


УЛС ТӨРИЙН ШИНЖЛЭХ УХААН (political science, политическая наука) - улс төрийн засаглал болон удирдлага, улс төрийн харилцаа хийгээд үйл явцын хөгжлийн зүй тогтол, тэрчлэн улс төрийн систем, институтын үйл ажиллагаа, хүний улс төрийн үйл байдал ба үйл ажиллагааны тухай шинжлэх ухаан юм. Улс төрийн шинжлэх ухаан нь а) улс төрийн онол (улс төрийн бодлогын онол болон улс төрийн үзэл санааны түүх) б) төрийн институтийн онол (хууль тогтоох, гүйцэтгэх засаглал гэх мэт) в) улс төрийн оролцоо болон иргэлийн дарамт шахалтын онол (нам бүлэг г.м) г) олон улсын харилцааны онол (олон улсын байгууллага болон дэлхийн бодлого)  гэсэн дөрвөн бүрэлдэхүүн хэсгээр өөрийн судлах зүйлийн хүрээг тодорхойлдог. 


УЛС ТӨРИЙН ЭЛИТ (франц. elite - шилмэл , сонгомол) – тодорхой хэмжээгээр нийгэм-сэтгэлзүй, улс төрийн онцгой шинж чанарыг эзэмшсэн, төр барих, түүнд нөлөөлөх шийдвэр гаргаж хэрэгжүүлэхэд шууд оролцдог нийгэм дэх бие даасан, эрх дарх бүхий дээд давхрагын цөөнх.
Нийгэм элиттэй байх шалтгаан - хүмүүсийн сэтгэл зүй, тэгш бус байдал, улс төрд оролцох ижил бус чадавхи, боломж, хүсэл; хөдөлмөрийн хуваарилалтын хууль зүй тогтлын дагуу удирдлагын хөдөлмөр нь мэргэжлийн шинжийг агуулдаг; удирдлагын үйл ажиллагааг нийгмийн янз бүрийн тусгай хангамж авах зорилгоор ашиглах боломж их байдаг; улс төрийн зүтгэлтнүүдийг бүх талаас нь хянах боломж хязгаарлагдмал; амьдралын сонирхол нь улс төрөөс гадуур оршдог тул хүн амын дийлэнх нь улс  төрийн идэвхигүй байр суурьтай.
Улс төрийн элитийг улс төрийн системд эзлэх байр сууриар нь  а) эрх баригч - төрийн шийдвэр гаргах буюу түүнд нөлөөлдөг элит.
б) контрэлит /сөрөг/ - эрх баригчдын байр суурийг эзлэхийг эрмэлзэгчид;
Эрх мэдлийн хэмжээгээр нь: 1. дээд түвшний/төрийн 3 өндөрлөг, шүүхийн болон намын тэргүүн/;
2. дунд түвшний /парламентын гишүүд, орон нутгийн эрх мэдэлтнүүд/;
3. Захиргааны элит– /засгийн газрын гишүүд, яам, газрын  дарга нар/ гэж тус тус хуваана.
Элитийг хүрээг шинэ хүн элсүүлэх боломжоор нь нээлттэй, хаалттай гэж ангилдаг.
Элитийг элсүүлэх 2 систем байдаг. Үүнд:
Гильдийн систем - хаалттай шинжтэй бөгөөд олон түмнийг улс төрийн бодлого, төрийг удирдах хэрэгт төдийлөн оролцууддаггүй, аль нэг албан тушаалд өрсөлдөгчдийг сонгон авах ажлыг элит дотроо явуудлаг. Шилэн сонголтыг дээд байгууллагын гишүүд хийх ба албан ёсны, албан ёсны бус олон шалгуур хийнэ.
Антепренер систем - тодорхой албан тушаалд нийгмийн аль ч бүлгийн төлөөлөгчид өрсөлдөх өргөн боломжтой, шаардлага шалгуур нь цөөн, тодорхой, байнгын шинжтэй. Улс төрийн амьдралаар шалгагдсан хүмүүсийн хувийн шинжид нь илүү ач холбогдол өгдөг. 


УЛС ТӨРИЙН ЭРХ ЧӨЛӨӨ (political freedom, политическая свобода)- нь иргэн хүн улс төрийн бодлогод оролцох төрийн шийдвэрийн талаар үзэл бодлоо илэрхийлэх, засгийн газар төрөө өөрчлөх, сөрөг хүчин байгуулах, улс төрийн шийдвэр гаргахад оролцох боломжтой байх зэрэг асуудлуудыг багтаадаг.


ҮЗЭЛ СУРТАЛ (ideology, idea - ойлголт, үзэл санаа ба logos - үг сургааль, идеология) - нийгэм, улс төрийн бүлэг, нам, хувь хүн үйл ажиллагаандаа баримтлах үнэт зүйл, зарчмуудын цогцын үзэл суртал гэнэ. Баруун европыг бүхэлдээ хямралд автаад байсан XV зуун буюу сэргэн мандлын эхэн үед үүссэн бөгөөд энэ үед нийгэм болон хувь хүний ухамсрыг шашны нөлөөнөөс чөлөөлөх секуляризаци өрнөж байлаа. Улмаар XVII зуунаас хүний эрх, эрх чөлөө, хувийн өмч зэрэг үнэт зүйлсээр үзэл суртлын систем хөгжсөн байна.
Нийгмийн амьдралд үзэл суртлын үүрэг - чиглүүлэн заах буюу нийгмийн дэвшил, хувь заяа, засаглалын талаар төсөөллийг хүмүүст өгч үйл ажиллагааг нь чиглүүлэн удирдах; нэгтгэн нягтруулах - өөр хоорондоо зөрөлдсөн байр суурь, ашиг сонирхлуудыг нэгтгэн зангидах; дайчлах - нийгэм, бүлэг, хувь хүнийг улс төрийн амьдралд татан оруулах шууд сэдэл болох; нийгмийн бүлгийн эрх ашгийг илэрхийлэх, хамгаалах зэрэг болно. Үзэл суртлыг нийгэм улс төрийн парадигмаар нь барууны, төвийн, зүүний үзэл суртал; Нийгмийн дэвшилд хандах хандлага, зорилгоо хэрэгжүүлэх арга шалгуураар нь: консерватив, реформист, радикал; түвшингээр нь онолын, улс төрийн мөрийн хөтөлбөрийн, үйл байдлын гэж ангилна.  Үзэл суртлын дараах үндсэн хэв маягууд оршиж байна. Үүнд: либерализм, консерватизм,  социализм, социаль-демократизм, фашизм зэрэг болно. Тэрчлэн орчин үед феминизм, экологизм, национализм, глобализм зэргийг үзэл суртал гэж тооцох болсон.


ҮНДЭСНИЙ АШИГ СОНИРХОЛ ( national interest национальные интересы) - хүний эрх, эрх чөлөө, элбэг хангалуун амьдрал дээр тулгуурлан улс орон оршин тогтнох, хөгжин дэвших таатай нөхцлийг бүрдүүлэн бий болгож, хадгалан уламжлуулахад чиглэсэн, үндэсний үнэт зүйлсээс урган гарч илэрхийлэгдэх ард түмний бодит хэрэгцээ шаардлага юм. 
Монгол улсын үндэсний аюулгүй байдал гэж Монгол улсын үндэсний язгуур ашиг сонирхлыг хангах гадаад, дотоод таатай нөхцөл баталгаатай хангагдсан байдлыг хэлнэ. 


ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ (State security, государственная безопасность)– тодорхой ард түмэн, төр бусдаас үл хамааран тусгаар байдлаар оршиж, өөрийн нийгмийн хөгжлийн стратегиа бие даан сонгон, хэрэгжүүлэх төлөв байдал.


ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ (constitutional court, конституционный суд) - үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрхтэй байгууллага, Үндсэн хуулийн чандлан сахиулах баталгаа мөн. Үндсэн хуулийн цэц есөн гишүүнтэй ажиллах бөгөөд тэдгээрийн гурвыг нь Ерөнхийлөгч, гурвыг нь УИХ, гурвыг нь Улсын дээд шүүхээс санал болгосноор УИХ зургаан жилийн хугацаагаар томилно.


ҮНДСЭН ХУУЛИЙН ХЯМРАЛ - улс төрийн үйл ажиллагаанд оролцогч субъектууд дагаж мөрдөхөөс татгалзах, Өөрөөр хэлбэл нэр хүндээ алдаж хэрэгжиж чадахгүй болох.


ҮНДСЭН ХУУЛЬ (лат. constitutio – байгууламж, тогтоох. конституция) гэдэг нь төрийн эрх барих эрх бүхий дээд байгууллагаас баталсан хууль зүйн дээд хүч чадал бүхий улс төр, эрх зүйн гол баримт бичиг юм. Үндсэн хуулинд тухайн төрийн тогтолцооны үндэс, төрийн байгууламжийн хэлбэр, төрийн эрх барих болон удирдах байгууллагуудын үйл ажиллагааны зохион байгуулалт, зарчим, иргэдийн үндсэн эрх, эрх чөлөө, үүрэг тэрчлэн үндсэн хуулийн хяналтыг хэрэгжүүлэх механизмыг тусгана.  Дараахь онцлог шинжтэй. Нийгмийн амьдралын бүх салбар хүрээг хамарсан харьцангуй тогтортой хууль; эрх зүйн бусад акттай харцуулахад хууль зүйн дээд хүчин чадалтай; үндсэн хууль нь нийгмийн харилцаанд нөлөөлөх онцгой чанартай; үндсэн хууль тодорхойлж буй хэм хэжээ хэрэгжих эрх зүйн баталгааны хувьд өндөр түвшинд хангагдсан; тунхаглалын шинжтэй; улс төрийн харилцааны суурь зохиццлагч; тухайн төрийн улс төрийн бодлогын үндэс суурь болж байдаг. Хэлбэрээр нь бичмэл болон бичмэл бус гэж ангилна. 



ФАШИЗМ (fascism, итал. fascio - баглаа, боодол, нэгдэл) 20-р зууны 20-иод онд европт гарсан нийгэм эдийн засгийн гүн хямралын  үед үүссэн. Үндэслэгч нь Муссолина, А.Гитлер. Арьсны үзэл /расизм/, үндсэрхэг үзлийг /нацизм/ дээгүүрт тавьдаг. Дараахь үзэл санааг баримтлана. Үүнд:
-    нийгмийн гишүүд бүгд нэг үзэл сурталд захирагдах;
-    нэг анги, арьстан, үнэдстэн бусдыг ноёрхох;
-     хүчирхийллийн замаар үр дүнд хүрэх;
-    тоталитар төрий үзэл;
-    төрийг тахин шүтэх /удирдагчийг/;
-    Өмнөх үе рүүгээ ухрах гэх мэт.

Хулгана дагадаг оцон шувууд :-)