СЭТГЭГЧИД

Аристотель (Aristoteles, МЭӨ 384-322)
Эртний грекийн аугаа сэтгэгч, Платоны шавь тэрбээр улс төрийн vзэгдлvvдийг шинжлэх ухааны vvднээс анх цэгцлэн системчилж, улс төрийн нэр томъёонуудыг гаргаж ирсэн. Хүн уг чанараараа нийгэмд, бусадтай харилцан хамтран амьдрах нэгэн учраас тэр “улс төрийн амьтан” юм. Хамтаар амьдрах дээд боловсронгуй хэлбэр бол полис /хот-улс/ юм. Төрийн жам ёсны үндэс нь гэр бүл, отог омог юм. Төрийн зорилго нь нийтийн сайн сайхан байдлын хангахад оршино.
Аристотель төрийн байгуулалтын зөв буруу хэлбэрүүдийн тухай өөрийн онолоо дэвшүүлсэн бөгөөд зөв хэлбэрт монарх, аристократ, полит орно. Төрий буруу хэлбэрүүдэд тиран, олигархи, демократ хамаарах ба эдгээрт төрийн эрх баригчид юуны өмнө амин хувийн эрх ашгаа иш үндсээ болгодог.
Төрийн амьдралыг судлахдаа 158 төр улсын vндсэн хуулийн бичгийг эмхэтгэн тодорхойлжээ. Тvvний 150 гаруй бvтээлийн нэрийг бvртгэсэн байна. Гол бvтээлvvд: “Политик”, “Афины төр улс”, “Никомахосын этика”.
Политик бvтээлдээ Аристотель хvн төрөлхтний нийгмийн байгууллын байгалиас өгөгдсөн vндэс, сууриудыг нээн олохыг зорьжээ.
А.Бентли (Bently A. 1870-1957)
Америкийн эрдэмтэн, улс төр судлаач. Сонирхлын бүлгийн онолыг анхлан үндэслэгчдийн нэг. Тэрээр сонирхол, үйл ажиллагаа, бүлэг гэсэн ойлголтууд нь харилцан шүтэлцээтэй, ижил ойлголтууд гэж үзсэн байна. Бүлгийн аргаар улс төрийг тайлбарлах гэсэн энэхүү хандлага нь улс төрийн шинжлэх ухаанд үнэтэй хувь нэмэр болсон юм. Гол бүтээл нь “Удирдлагын процесс”.
 
Вебер Макс (Max Veber, 1864-1920) 
Германы социологч,эдийн засагч. Дэлхийн социологи, улс төрийн шинжлэх ухааны хөгжилд түүний бүтээлүүд ихээхэн нөлөө үзүүлсэн бөгөөд “Капитализмын мөн чанар ба протестант ёс зүй”, “Нийгэм ба аж ахуй”, “Дэлхийн шашны аж ахуйн ёс зүй” зэрэг олон бүтээлүүд нь нийгмийн шинжлэх ухааны сонгодог бүтэлүүдэд тооцогддог. Веберийн улс төрийн социологит эрх мэдлийн тухай асуудал гол байр суурь эзэлдэг. Тушаал, захирагдах байдалд тулгуурласан эрх мэдлийг тэрээр ноёрхол гээд түүний уламжлалт, ил тод, харизмат гэсэн 3 хэв маягийг тодорхойлж аливаа ноёрхлын үндсэн асуудал нь легитимт шинж буюу удирдуулах, захирагдахйг ард иргэд хүлээн зөвшөөрсөн байх явдал юм гэж үзжээ. үүний зэрэгцээ Вебер ардчиллын онолыг цаашид хөгжүүлэн улс төрийн элитийг сонгон шалгаруулах, элитийн зүгээс мэргэжлийн удирдагчид болсон бюрократ аппаратыг хянах шаардлагатайг тодорхойлжээ.
 
Гроций Гюго (Hugo Grotius, 1583-1645)
Голландын хуульч, нэрт эрдэмтэн, тэрбээр жам ёсны болон олон улсын эрх зүйн онолыг үндэслэгч гэж тооцогддог. Жам ёсны эрх хүмүүс бие биетэйгээ харьцах хэрэгцээ шаардлагаас үүссэн бөгөөд хүн бусадтайгаа харилцах нь түүний төрөлх чанараас урган гардаг. Жам ёсны эрхийн хэм хэмжээг хүмүүс ямар нэг хэмжээгээр ухамсарлаж, тэдгээр нь олонхийн сонирхлыг илэрхийлдэг, хэн нэгний дураар авирлах явдлаас хамгаалдаг гэж ойлгож мөрдөх учиртай. Жам ёсны эрхийн үндсэн дээр өмч хөрөнгө, улс төр, эрх зүй, ёс суртахууны зэрэг хүмүүсийн хоорондын харилцааг зохицуулах талаар Г.Гроций тодорхой дүгнэлтүүд хийсэн байна. Тэрээр төрийн үүүслийг гэрээний онолын үүднээс тайлбарлаж байсан сэтгэгч байв. Г.Гроций бүгд найрамдах засгийг дэмжиж төр баригчдын, түүний дотор хаадын эрх мэдлийг олон талаар хязгаарлахыг санал болгож байв. Тvvний байгалийн эрхийн онол нь орчин vеийн эрхзvйн шинжлэх ухаан, ялангуяа олон улсын эрхзvйн шинжлэх ухааны хөгжилд чухал нөлөө vзvvлсэн байдаг.
 
Даль Роберт (Dahl R.A.,1915)
Америкийн улс төр судлаач, шийдвэр гаргагч бүлэг, элитийн асуудал болон ардчиллын либерал онолын хөгжил зэрэг асудлаар ихэвчлэн судалгаа хийдэг. “Ардчиллын онол”-ыг үндэслэгчдийн нэг. Тэрээр улс төрийн бодлогод ч, хаа ч гэсэн элит, элит бус хүмүүсийн хооронд хөдөлмөрийн хуваарь байх ёстой. Зөвхөн ийм нөхцөлд л улс төрийн онч мэргэн удирдлага байх бөгөөд харин олон түмний эрх ашгийг тэднээс сонгогдсон төлөөлөгчид, байгууллага илэрхийлэн, иргэд тэднээр дамжуулан улс төрийн үйл явцад оролцох эрхтэй бөгөөд зарим үед өөрсдөө шууд засгийн газрын байгууллагуудад өргөх бичиг захидал өгч болно. Ингэснээрээ засгийн газар, түүний байгууллагууд дураараа шийдвэр гаргах эрхийг хязгаарлана гэж үзжээ. Түүний бүтээлүүд нь “Ардчилсан онолын хөтөч”, “Хэн удирдаж байна вэ?”, “АНУ дахь олон ургальч ардчилал”, “Полиархи” зэрэг болно. Мөн зуу гаруй орны улс төрийн  системийг харьцуулан суурь судалгаа хийсэн бөгөөд тэрээр улс төрийн системийг эрх мэдэл, удирдлага, нэр хүнд зэргээс бүрдсэн хүмүүсийн харилцааны тогтвортой хэв загвар гэж тодорхойлоод улс төрийн системийн эцсийн үр дүнг улс төрийн үйл явцад ард түмэн хэр зэрэг оролцдог болон бодлого явуулах үйл явцад нөлөөлөхийн төлөө хувь хүн бүлгүүд хэр өрсөлддөг гэсэн хоёр хэмжүүрээр тогтоож болно гэж үзжээ.
 
Дюверже Морис (Duverger Mausire, 1917)Орчин үеийн Францын улс төрийн шинжлэх ухааныг төлөөлж чадахуйц эрдэмтэн судлаач. Улс төрийн социологи, улс төрийн намын онолоор мэргэшсэн эрдэмтэн төдийгүй сэтгүүлч, багш юм. “Улс төрийн шинжлэх ухааны аргууд”, “Улс төрийн социологи”, “Өрнөдийн хоёр нүүр буюу Янус” зэрэг улс төр судлалын сонгодог бүтээлүүдийг туурвисан.
 
Истон Дэвид (Easton David, 1917)Орчин үеийн улс төрийн онолууд бий болоход чухал нөлөө үзүүлсэн системийн аргыг үндэслэгч. 1950-60 онуудад кибернетикийн шинжлэх ухааны “эргэх холбоо”-ны зарчимд тулгуурлан “оролт”, “шийдвэрийн төв”, “гаралт” гэсэн ойлголтуудаар дамжуулан улс төрийн системийг судалсан Америкийн нэртэй улс төр судлаач юм. Гол бүтээлүүд нь “Улс төрийн систем”, “Улс төрийн судалгаан дахь загвар”, “Улс төрийн амьдралын системийн анализ”.
 
Күнз (Confucius, МЭӨ 551-479)
Эртний хятадын аугаа сэтгэгч Күнз эзэн хааны засаглал бурханаас эхлэлтэйг хүлээн зөвшөөрөхийн зэрэгцээ улс оронг нэг том гэр бүл мэтээр төсөөлж байв. Төрийн дээд эрх баригчдын дотоод хүчин чадал, авъяас чадвар, мэргэн ухаанд бүрэн найдаж засгийн бүх эрх мэдлийг эзэн хаанд төвлөрүүлэх нь зүйтэй. Төрийн аппарат, түүний бүх түшмэд бол эзэн хааны хувийн засаглалын зөвхөн туслагчид юм. Түшмэл нь өндөр мэдлэг чадвар, ёс сутрахууны болон хүмүүсийн эрэлт хэрэгцээ, ахуй амьдралыг мэддэг хааны дотны туслагч байх ёстой. Күнзийн сургааль эртний хятадын улс төрийн соёлд тэргүүлэгч байр суурь эзэлж байсан.
 
Локк Жон (John Locke, 1632-1704)
Английн философич, соён гэгээрүүлэгч, либерализмийн онолыг үндэслэгчдийн нэг. Түүний үзэл санааны үндэс нь хүний жам ёсны эрх, нийгмийн гэрээний тухай онолууд юм. Тэрээр хүний эрхийг юуны өмнө байгалиас, бурханаас заяасан хүн болж төрсний хувьд эдлэх жам ёсны зүйл гэж үзжээ. Хүний эрх нь салшгүй бөгөөд төр нь хүний эрхийг хамгаалах явдал бол түүний үүрэг гэдгийг онцлон тэмдэглэжээ. Хүний эрх ариун зүйл, хүн бүр халдашгүй дархан байх эрхтэй гэсэн санааны үндсэн дээр нийгэм дэхь хүний эрх чөлөөний тухай либерал онолын үндсэн зарчмууд тулгуурладаг бөгөөд энэ нь орчин үеийн ардчиллын үзэл санаа, хэм хэмжээ, эрхэм зорилгын тухай онолын үзэл баримтлалд чухал үүрэг гүйцэтгэдэг.
Ж.Локк нь иргэний нийгэм дэх хувь хvний төрөлх эрхийн мөн чанар, тvvний дарангуйлагч төрийн vзэл санаа, vйл ажиллагаатай vл нийцэх байдлын талаар тодорхой бичиж vлдээсэн байдаг. Тvvний бvтээл, оюун санааны өв нь шинжлэх ухаан, нийгмийн амьдралд чухал нөлөө vзvvлсэн билээ. Хvний болон иргэний эрхийн тунхаглалын гол vзэл санааг Ж.Локк vндэслэсэн юм.
Гол бvтээлvvд нь: “Төрийн тухай хоёр шаштир”, “Хүний оюун ухааны туршилт”
 
Макиавелли Никколо (Machiavelli Niccolo, 1469-1527)Италийн нэрт философч, социологч Н.Макиавелли нь улс төрийн шинжлэх ухааныг үндэслэгчдийн нэг. “Эзэн захирагч”, “Тита Ливийн эхний арван хоногийн тухай эрэгцүүлэл” гэдэг бүтээлүүддээ улс төрийн шинжлэх ухааны судлах зүйл, судалгааны аргуудын тухай үзэл санаагаа тусгасан байна.
Юуны өмнө тэрээр улс төрийг нийгмийн харилцааны бие даасан хүрээ бөгөөд улс төрийн мэдлэг нь өөрийн логик, зүй тогтолтой болохыг үндэслэсэн. Улс төрийг шашны сургаал, философи ба ёс сутрахуунаас тусгаарлан нийгмийн мэдлэгийн бие даасан шинжлэх ухааны салбар болох эхлэлийг тавьсан байна. Улс төр бол өөрсдийн ашиг сонирхол, шаардлагыг хэрэгжүүлэх гэсэн хүмүүсийн зорилго чиглэлтэй үйл ажиллагаа юм. Улс төрийн үндсэн асуудал нь шийдвэр гаргах, ерөнхий хийгээд өвөрмөц нөхцлдүүдийг харгалзан улс төрийн ээдрээнээс гарах арга замуудыг олох явдал гэж үзсэн байна. Улс төрийн шийдвэр гаргах, түүнийг хэрэгжүүлэхэд улс төрийн харьцангуй шинж чанар ба улс төрийн хошуучлагчийн үйл ажиллагааны үр ашиг гэсэн зарчмын хоёр хүчин зүйлийг харгалзах ёстой.
Төрийн тирани, олигархи, анархи гэсэн сөрөг хэлбэрийн зэрэгцээ монархи, аристократи, демократи гэсэн сайн хэлбэрүүд байдгийг дурьдаад эдгээр хэлбэрүүд нь тус бүрдээ тухайн түүхэн нөхцөл байдалд тохирсон давуу талыг агуулж байдгийг цохон тэмдэглэжээ.
Макиавелли улс төрийн онолоо болвсруулахдаа “зорилго нь арга хэрэгслээ зөвтгөдөг” хэмээх зарчмыг удирдлага болгон улс төр ба ёс сутахууныг зааглах замаар прагматик байр суурийг баримталж байсан.
 
Маркс Карл (Karl Marx, 1818-1883)
Германы их сэтгэгч К.Маркс өөрийн хамтран зүтгэгч Ф.Энгельсийн хамт диалектик-материалист арга зүй онолын байр сууринаас социалист номлолыг боловсруулсан. Нийгмийн амьдралыг тодорхойлогч бааз суурь нь эдийн засаг, үйлдвэрлэл, материаллаг тал болох бөгөөд нийгмийн улс төрийн амьдрал, улс төрийн бодлого, төр бол нийгмийн амьдралын хоёрдогч, үүсмэл давхрагын шинжтэй гэдгийг иш үндэс болгосон.Төр нь ангийн эвлэршгүй зөрчлийн нөхцлөөр үүссэн төдийгүй төр ангийн улс төрийн ноёрхлын зэвсэг юм. Үүнээс үндэслэн хөрөнгөтөн нийгмийг устгаж, өмчийг хувьдаа өмчлөх явдлыг өөрчилбөл “эрх чөлөөт ертөнц”-д хүрэх зам нээгдэнэ гэж төсөөлж байв. Улмаар пролетарийн диктатур тогтоож, улмаар нийгмийн удирдах ёсны харилцаанд аажимдаа жилжсэнээр төр мөхнө гэж үзэж байсан. “Коммунист намын тунхаг”, “Капитал”, “Луй Брюмерийн арван найм”, “Ариун гэр бүл” зэрэг олон зохиол, бүтээл бичсэн.
 
Милль Жон Стюарт (John Stuart Mill, 1806-1873)
Английн философич, эдийн засагч. Улс төрийн утилитар сургаалын томоохон төлөөлөгч. Тэрээр оциализмийг дэмжиж байсан төдийгvй эмэгтэйчvvдийн эрхийн төлөө, улс төр, нийгмийн өөрчлөлт, шинэчлэлтийн төлөө хvчтэй тэмцэж байв. Жишээлбэл: харилцан бие биенээ төлөөлөх, аж ахуйн хоршоолол, ажилчдын нийгэмлэг байгуулах тал дээр зогсож байлаа. Тэрээр vг хэлэх эрх чөлөөг шударга ёсонд хvрэх хамгийн чухал арга зам гэж vздэг байв. Тvvний либерал улс төрийн философиор бол чөлөөт сонгуулиар байгуулагдсан засаг төр нь эрх чөлөөнд хамгийн бага халгаатай байдаг байна. XIX зууны хамгийн том чөлөөт сэтгэгч Ж.С.Милль орчин vеийн эдийн засаг, улс төр, гvн ухааны хөгжилд хvчтэй нөлөөлсөн байна. Гол бvтээлvvд: “Эрх чөлөөний тухай”, “Улс төрийн эдийн засгийн зарчмууд”, “Логикийн систем” зэрэг болно.
 
Михельс Роберт (Michels Robert, 1876-1936)
Орчин үеийн улс төрийн шинжлэх ухааныг үндэслэгчдийн нэг. Германы эрдэмтэн Р.Михельс ардчиллын нөхцөл дэх улс төрийн намуудыг судалж, тэдгээрийн “олигарчлагдах төмөр хууль”-ийг нээсэн байна. Уг хуулийн мөн чанар нь ямарч байгууллагад удирдах дээд хэсгийн ноёрхол цөөн шилмэл хэсгийн засаглал зайлшгүй тогтдог гэдэгт оршино. Энэхүү “олигарчлагдах хандлага” нь хожмын улс төрийн социологид хүчтэй нөлөө үзүүлсэн билээ. Гол бүтээл нь “Улс төрийн намуудын социологи”.
 
Монтескью Шарль Луй (Charles de Secondat Montesquieu,1689-1755)
Францын улс төрийн философич, хуульч, зохиолч  нь засаглалыг хуваах алдарт онолоороо орчин цагийн улс төрийн сэтгэлгээний хөгжилд чухал нөлөө vзvvлсэн билээ. Тэрээр засаглалыг хуваах нь эрх чөлөөний хамгийн том баталгаа гээд гvйцэтгэх засаглалаа хянадаг хууль тогтоох засаглалтай, хууль тогтоох засаглалдаа хориг тавьдаг гvйцэтгэх засаглалтай, гvйцэтгэх засаглалаас vл хамааран орших бие даасан шvvх засаглалтай байх нь хамгийн сайн засаглалын хэлбэр гэж vзсэн байдаг.
Францын сэтгэгчийн бичсэн “Хуулийн оюун санаа ” /1748/ хэмээх бүтээл нь улс төрийн сэтгэлгээний сонгодог бүтээл юм. Энэхүү бүтээлдээ төр-эрх зүйн түүхэн хөгжлийн зүй тогтол болон засаглалын хэлбэрийг ардчилсан, язгууртны, хант засаг, дарангуйлал гэсэн байдлаар тодорхойлжээ. Түүний дэвшүүлсэн өөр нэг чухал санаа бол засаглал хуваах тухай үзэл санаа юм. Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглал нь нэг буюу хэсэг хүний гарт төвлөрвөл эцэстээ харгислалд хүргэж эрх чөлөөг үгүй хийх болно.зөвхөн засаглалыг хувааж, тэдгэр нь бие биеэ харилцан тэнцвэрт байдалд барьж байх нөхцөлд л хууль цаазыг дээдлэх ёс тогтож, хууль бус явдал гарах, төрийн эрх мэдлийг хэтрүүлэн хэрэглэхээс ард иргэдийг хамгаалах баталгаа бий болно гэж тэрээр үзжээ.      
 
Моска Гаэтано (Mosca, Gaetano 1858-1941)
Италийн эрдэмтэн “Элитийн онол”-ыг үндэслэгчдийн нэг, “Улс төрийн шинлэх ухааныг бүрдүүлэгч хэсгүүд” /1896/ гэсэнном бичсэн бөгөөд энэ ном нь 1939 онд “Ноёрхогч анги” гэсэн нэртэйгээр хэвлэгджээ. Тэрээр эрх мэдэл гэж үргэлж цөөнхийн гарт төвлөрч байсан. Ингэх нь зүйн хэрэг юм. Аль ч нийгэмд удирдагч, удирдуулагч гэсэн хоёр хэсэг байдаг бөгөөд удирагч анги нь тооны хувьд цөөн бөгөөд гартаа атгаж, түүндээ хөтлөгдөж байдаг. Элит хэсэг нь ердийн хүмүүсийн бөөгнөрөл биш бөгөөд гол төлөв хөрөнгө чинээтэй, нийгэмд илүү байр сурь эзэлсэн, авьяас чадвар, хөрөнгө чинээгээрээ бусдаас давуу, шалгарсан хүмүүс байдаг. Засгийн эрх мэдэл нэг элитээс нөгөө элитэд шилжих бөгөөд харин олонхид шилждэггүй гэж үзжээ. Тэрээр язгууртан /аристократ/ элит, ардчилсан элит гэсэн хоёр төрлийн элит байдаг гээд язгууртан элит нь өөрсдийн хүрээнээс өр бусад хумүүсийг эгнээндээ оруулдаггүй хаалттай бүлэглэл харин ардчилсан элит нь элит шинж бүхий хүмүүсийг олон түмнээс шилж сонгон өөрийн эгнээндээ татан оруулж байдгаараа ялгаатай бөгөөд ингэснээрээ түүний удирдах чадварыг шинэ хүчээр сэлбэж, үр ашигтай болгож байдаг гэжээ.
 
Парето Вильфредо (Pareto Vilfredo, 1848-1923) 
Италийн эрдэмтэн, математикч, эдийн засагч, социологч бөгөөд “Элитийн онол”-ыг үндэслэгчдийн нэг. 1915-1919 онд бичигдсэн ”Ерөнхий социологийн шинжилгээ” гэдэг бүтээлдээ элитийн онолыг цаашид хөгжүүлсэн байна. Бүхий л цаг үеийн нийгмийн болон сэтгэл зүйн онцгой чадвахитай шилэгдмэл цөөнх нийгмийг удирдаж ирсэн. Хүмүүс оюун ухаан, авъяас, хөдөлмөрч чанар, алдар нэр зэргээрээ хоорондоо эрс ялгардаг. Үйл ажиллагааны аль нэг хүрээнд өндөр чадвахи, үр дүнгээрээ шалгарсан хувь хүмүүс элитийг бүрдүүлдэг. Элитийг эрх баригч, сөрөг элит гэж ялгадаг бөгөөд эхнийх нь удирдлагад шууд оролцдог бол дараагийнх нь өөрийн авъяас чадвар, сэтгэл зүйн шинжээрээ элит хэдий ч нийгэмд эзлэх байр сууриараа удирдагч элитэд орж чадаагүй байгаа хүмүүсээс бүрдэнэ. “Улс төрийн эдийн засгийн ухааны сурах бичиг”, “Ерөнхий социологийн шинжилгээ”, “Ардчиллын өөрчлөлт” зэрэг бүтээлүүдтэй.
 
Платон (Plato, МЭӨ 427-347)
Эртний грекийн гүн ухаантан, Сократын шавь Платон төрийг хүмүүсийн хэрэгцээ шаардлагаас үүсэлтэй хэмээн үзсэн. Энэ нь нэг талаас нийгмийн амьдралыг тодорхой зохион байгуулах, эмх журамгүй байдлыг гэтлэн давах, нөгөө талаас хүмүүсийн хооронд шудрага байдлыг тогтооход оршино. Платон улс гэрийг хэрхэн зөв эмхлэн байгуулах тухай онол гаргасан бөгөөд тvvний үзэж буйгаар төрийг философичид удирдаж, хамгаалалтыг нь дайчид гvйцэтгэн, оршин тогтнолыг нь харин тариачид, урчуудын анги хангах ёстой ажээ.
Платоны харилцан ярианы хэлбэрээр бичсэн 34 зохиол нь тvvний vзлийг утга зохиолын хэлбэрээр нийтэд тvгээхэд зориулагджээ. Гол бvтээлvvд: “Төр улс”, “Хуулиуд” “Улс төр” бvтээлvvд ньтүүний нийгэм-улс төр, ёс суртахууны үндэс болсон шудрага ёсны асуудлыг шийдвэрлэхэд чиглэжээ.
 
Роулс Жонн (John Rawls, 1921-2002)
Америкийн философч, улс төрийн онолч. Түүний гол бvтээл болох “Шударга ёсны онол” нь 1971 онд хэвлэгджээ. Тэр номондоо Ж.Локк, Ж.Ж.Руссо, И.Кантын уламжлалт нийгмийн гэрээний хvрээнд утилитар улс төрийн ухааны талаар өөр санал дэвшvvлэхийг оролдсон байна. Тvvний систем нь 2 vндсэн зарчим дээр vндэслэнэ: Хvн бvр бусад хvмvvст өгөгдсөн эрх чөлөөтэй тэнцэхvйц хэмжээний эрх чөлөөтэй байх эрхтэй ба эрх мэдэл, хөрөнгө хуваарилалтын тэнцvv бус байдал нь зөвхөн ажилгvй хvмvvсийн ашиг, сайн сайхны төлөө ажиллана гэсэн vндэслэл бvхий таамаглал байгаа тохиолдолд бий болно. Роулсын хувьд шударга ёс нь нийгмийн тэнцвэртэй байдлыг шаарддаггvй, харин хvмvvс бие биенийхээ хувь тавиланг хуваалцаж байхыг шаарддаг. Нийгмийн гэрээний уламжлалыг гvн ухааны сvрдмээр өмгөөллөөр хамгаалснаараа энэхvv ном нь тасралтгvй vргэлжлэх улс төрийн онолын сонирхлыг дахин татжээ.
Либерал улс төрийн философич, Харвардын их сургуулийн профессор John Rawls нь улс төрийн социал - либерал философийн онолыг гvнзгийрvvлэн хөгжvvлэгчдийн нэг юм. Тvvний шудрага ёсны онол нь хvн болгонд хvлээн зөвшөөрөгдөхvйц сонгодог идеал хайхад бус харин хvн болгон сайн дураараа хvлээн зөвшөөрөхvйц vйл ажиллагааны зөв зарчим олоход чиглэдэг. Хvн болгонд бусдын эрхийг vл хөндөх хэмжээний адилхан эрх чөлөө байх ёстой ба зөвхөн хvмvvст ашигтай нийгмийн болон бусад тэгш бус байдлыг хvлээн зөвшөөрч болно гэж тэрээр vздэг.
 
Руссо Жан Жак (Jean Jacques Rousseau, 1712-1778)
Швейцар гаралтай францын философич, улс төрийн онолч Ж.Ж.Руссо 1712 онд Женев хотноо мэндэлжээ. Францын соён гэгээрлийн vеийн агуу сэтгэгчдийн нэгээр барахгvй тvvний сэтгэлгээ нь Кант, Гёте, Толстой болон францын бусад хувьсгалчдад ихэд нөлөөлсөн байна. Түүний хамгийн алдар цуутай онол нь жам ёсны эрхийн сургааль юм. Жам ёсны байдалд хvмvvс vндсэндээ тэгш тэнцvv, сайхан байсан боловч өмч, аж ахуй, шинжлэх ухаан ба худалдаа дэлгэрснээр хvмvvс эвдрэн өөрчлөгдсөн хэмээн нотолсон байдаг. Yvний улмаас хvмvvс өөр хоорондоо нийгмийн гэрээ байгуулан, соёл иргэншлийн vр дvн болох тэгш бус байдлыг арилгахаар засгийн газар, соёл боловсролын тогтолцоонуудыг байгуулжээ. “Нийгмийн гэрээний тухай буюу улс төрийн эрхийн зарчмууд”, “Соёлын шүүмжлэлийн бичиг”, “Төр ба нийгэм”, “Хүмүүсийн дунд тэгш бус байдал үүссэн тухай” зэрэг олон бүтээлтэй.
 
Сократ (Socrates, МЭӨ 469-399)
Эртний vеийн хамгийн нөлөө бvхий сэтгэгч Платон Афины залуу vеийнхэнд маш нөлөөтэй байсан бөгөөд шавь нарынх нь дунд Зенофон, Платон нар байв. Сократ өөрөө бичиж vлдээсэн бvтээл туурвил байхгvй тул шавь нарынх нь бvтээлvvдээс тvvний vзэл баримтлал, номлолоор дамжуулан мэдэх боломжтой. 399 онд тvvнийг харийн бурхдыг Афинд авчирсан, мөн номлолоороо залуу vеийнхнийг эвдсэн хэмээх ял тулган, гэхдээ судлаачдын таамаглаж байгаагаар улс төрийн шалтгаанаар, шvvхэд хvргэжээ. Ялын эсрэг өөрийнхээ хийсэн хэлсэнд vнэнч тэмцээд эцэст нь шvvхээс тvvнд vхэх ял оноосны дараа шавь нар нь оргох боломж өгсөн боловч орголгvй, аягатай хор уун нас эцэслэсэн ажээ.
Тэрбээр хуулиудыг өөрчлөх нь нэг хvний хэрэг биш харин олон нийтийн хийх зvйл, тэгээд хуулиудгvйгээр улс төр оршин байх аргагvй гэжээ. Муу хуулийг өөрчлөх хэрэгтэй боловч байгаа хуулиудад бvгд захирагдах ёстой, эс тэгвээс хууль байхын хэрэг юу билээ. “Хэрэв чамд Афинд амьдрах таалагдахгvй байгаа бол энэ хотоос явагтун, хэрэв vлдэхээр шийдвэл хуулиудыг нь дагахаас өөр аргагvй.”
 
Токвиль Алексис де (Tocqueville, Alexis de, 1805-1859)
Францын түүхч, улс төр судлаач. Түүний АНУ-ын ардчиллын хөгжил, улс төр , нийгмийн онцлогийг тусгасан “Америк дахь ардчилал” бүтээл нь 1835 онд хэвлэгдсэн. 1856 онд хэвлүүлсэн “Хуучин дэглэм ба Францын хувьсгал” бүтээлдээ Францын хувьсгал гарах үндсэн шалтгаан, үйл явц, ач холбогдлын талаар дэлгэрэнгүй өгүүлсэн байдаг. Ардчилсан засаглалын давуу тал нь иргэдийн тэгш эрх, эрх чөлөөний асуудлыг шийдвэрлэсэн, тэр нь нийгмийн улс төрийн амьдралын агуулгыг тодорхойлж байдагт оршино. Гэвч ардчилсан олонхийн засаглал цөөнхийн ардчилсан эрх, хүний салшгүй эрх эхэлсэн тэр газарт дуусах ёстой. Ардчилсан байгууллын сөрөг хандлагуудыг саармагжуулахын тулд олон түмнийг төрийг удирдах хэрэгт шууд оролцох явдлыг өргөжүүлэх, захиргааг хэт төвлөрүүлэхгүй байх, нутгийн  өөрөө удирдах хэсгийг хөгжүүлэх нь чухал гэж үзсэн байна. Европ дахины ардчиллын хөгжлийн үйл явц, тухайн үеийн улс төр, нийгмийн өөрчлөлт, ирээдүйн төлөв байдлыг системтэйгээр судалсан нь түүний улс төр судлалын шинжлэх ухаанд оруулсан томоохон хувь нэмэр байлаа.
 
Хоббес Томас (Thomas Hobbes, 1588-1679)
Английн философч. Хоббесийг, магадгvй, улс төрийн философиороо хамгийн алдартай нэгэн гэж хэлж болно. Тvvний vзсэнээр иргэний засаглалгvй жам ёсны байдалд буй хvмvvс бие биедээ үл итгэх байдалтай, “хүн хүндээ чоно” байх нь түүний уг чанараас урган гардаг боловч хүний оюун ухаан нийгэмд амар амгалан, аюулгүй бадлыг хангахыг эрэмлдэг. Энэхvv байдлаас гарах арга зам бол нийгмийн гэрээ хийн, энх тайван болон дэг журам сахиулах төр байгуулах явдал юм. Хоббес өөрийн төргvй бол амьдрал ямар хэцvv байх vзлээсээ ургуулан нийгмийн гэрээн дэх хvмvvсийн хvссэнээрээ авирлах эрх чөлөөг vгvйсгэсэн хувилбарыг нь дэмждэг байжээ. “Иргэний тухай сургаалийн философийн элементүүд”, “Левиафон” зэрэг бүтээлдээ нийгмийн сургаалиа боловсруулан гаргажээ.

Хулгана дагадаг оцон шувууд :-)