ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАСАГЛАЛ – бүх ард түмээс сонгогдсон ерөнхийлөгч гүйцэтгэх эрх мэдлийг тэргүүлж байдаг хэлбэр юм. Дараахь шинж чанартай ерөнхийлөгчийг ард түмнээс сонгоно; засгийн газрыг ерөнхийлөгч томилно; тэрчлэн парламентын өмнө улс төрийн хариуцлага үл хүлээнэ. ОХУ, АНУ гэх мэт.
ЗАСАГЛАЛ (грек. kratos - хүч, засаглах, удирдах, власти) - нэр хүнд, хүч, уламжлалын тусламжтайгаар зохион байгуулалт-эрх зүйн, эдийн засаг, үзэл суртлын нөлөөллийн механизмыг ашиглан хүмүүсийн үйл ажиллагаа болон зан төлөв, зорилго чиглэлд нь нөлөөлөл үзүүлэх өвөрмөц чадвар. Засаглалыг эдийн засгийн, гэр бүлийн, шашны, хамт олны болон улс төрийн засаглал гэж хувааж болно. Засаглалыг хэрэгжүүлэх үндсэн гурван онол, үзэл баримтлал байна. Үүнд сонгодог ардчиллын онол; элитийн онол; олон ургальч ардчиллын онол орно.
ЗАСАГЛАЛЫН ЛЕГЕТИМ ШИНЖ нь нийгэм, олон түмний зүгээс тухайн улс төрийн засгийн үндэслэл, зайлшгүйг хүлээн зөвшөөрөх явдал юм. Дараахь байдлаар ангилна.
- Хууль ёсны легетим - удирдах, удирдуулах харилцааг зохицуулсан хууль зүйн хэм хэмжээг сайн дураар хүлээн зөвшөөрөхөд тулгуурлана.
- Харизмат легетим - удирдагчийн онцгой шинж чанарт /харизмд/ итгэхэд үндэслэдэг.
- Уламжлалт легетим - засаглалд захирагдах ёс заншил, зуршил, дэг журамд суурилна.
ЗАСАГЛАЛЫН НӨӨЦ гэдэг нь тавьсан зорилгодоо хүрэхийн тулд объектод нөлөөлөхөд хэрэг болох засаглалын эх үүсвэр, арга хэрэгслүүд юм. Үүнд: а/ эдийн засгийн үйлдвэрлэл ба хэрэглээнд шаардлагатай материаллаг үнэт зүйлс, мөнгө, техник, байгалийн баялаг, ашигт малтмал. б/ улс төр хүчний - цэрэг зэвсэг, хүчний байгууллага в/ соёл-мэдээллийн нөөцүүд: мэдлэг, мэдээлэл, хэвлэл мэдээллийн хэрэгсэл г/ социаль нөөц - нийгэмд эзэлж буй байр суурь, орлого, албан тушаал, нэр хүнд, боловсрол д/ хүн ам зүйн нөөц.
ЗАСАГЛАЛЫН ОБЪЕКТ нь түүнийг засаглагч засаглалын субъектийн хүсэл зоригийг гүйцэтгэгч болно.
ЗАСАГЛАЛЫН СУБЪЕКТ нь засаглалын хувьд тэргүүлэх үүрэгтэй, хамгийн идэвхитэй, чиглүүлэгч эх үндэс юм. Тэдгээрт бие хүн, байгуулал болон байгууллага, нийгмийн янз бүрийн нийтлэгүүд байж болно. Улс төрийн засаглалын хувьд гол субъект нь төр юм.
ЗАСАГЛАЛЫГ ХУВААРИЛАХ ЗАРЧИМ - хууль тогтоох, гүйцэтгэх ба шүүх засаглалын “салаа мөчир”-үүдийн бие даасан, хараат бус байдлыг үндсэн хуулиар бэхжүүлэх явдал. Уг зарчим нь улс төрийн тогтолцоон дахь тэнцвэрт байдал, харилцан нэгийгээ хянах шинж чанарыг хангах, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах механизмыг бий болгоход оршино.
ЗАСГИЙН ГАЗАР (government, правительство) – улс орны төрийн засаглалын гүйцэтгэн захирамжлах дээд байгууллага. Т: Монгол Улсын Засгийн Газар
ЗАСГИЙН ГАЗРЫН ХЯМРАЛ - засгийн газар үүргээ гүйцэтгэж чадахгүй, нэр хүндээ алдахыг хэлнэ.
ИРГЭНИЙ НИЙГЭМ (civil society, гражданское общество) - эдийн засаг, соёл, угсаатны хийгээд социаль зэрэг өвөрмөц сонирхлоороо нэгдэж нийлсэн төрийн үйл ажиллагааны гадна сонирхлоо хэрэгжүүлэгч социаль бүрдлүүдийн / бүлэг, давхраа, хамт олон / цогц . Өөрсдийн хэрэгцээ, ашиг сонирхлоо төрөөс ангид, төрийн оролцоо, дэмжлэггүйгээр бие даан хэрэгжүүлж буй хүмүүсийн социаль орчин гэж тодорхойлж болно. Сайн дурын буюу гадны шахалт албадлагагүйгээр зөвхөн өөрсдийн хэрэгцээ, шаардлага, хүсэл зориг дээр тулгуурласан үйл ажиллагаа нь нийгэм, соёл, гэгээрэл, эрүүл мэнд, эдийн засаг, экологи, хүний эрхийн асуудлыг хамарсан нь зөвхөн нэг улсын дотоодод төдийгүй олон улсын хүрээнд хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлс, хэрэгцээ сонирхлыг хангах, хамгаалах иргэдийн үүсгэл санаачлагын байгууллага, хөдөлгөөн бий болсноор тайлбарлагдана.
КОНСЕРВАТИЗМ (лат. conservare - хадгалах, хамгаалах) Анх үүсэхдээ либерализмыг сөрж эсэргүүцэн гарч ирсэн. /18-р зууны сүүлээр/ Гол төлөөлөгч Э.Бёрк, Ж.де.Местр эх суурийг нь тавьсан. Феодалын нийгмийн байгууллыг хамгаалж гарч ирсэн учир эхэндээ феодалууд , сүм хийдийн мяндаг тушаалтнуудын ашиг сонирхлыг илэрхийлж байв.
Гол үнэт зүйл – эмх журам, тогтвортой байдал, уламжлал. Нийгэм өөрийн жам ёсны зүй тогтлоор хөгждөг тул түүхэн зайлшгүй зүй тогтлыг өөрчлөх гэж оролдох нь сөрөг үр дагаварт хүргэнэ. Дараах үзэл санааг баримтладаг. Үүнд:
- Хүний мөн чанарт үл итгэх үзэл санаа;
- Нийгмийн шатлан эрэмбэлсэн тогтолцоо;
- Төр, сүм хийд, гэр бүл зэрэг уламжлалт институтыг өндөрт үнэлэх;
- Эрс огцом өөрчлөлтийг үгүйсгэх;
- Уламжлал, зан заншил, дэг журмыг сахих гэх мэт.
1970 - аад оноос неоконсерватизм болон боловсрогдон хүний эрх чөлөөнд илүү анхаарч, нийгэм-эдийн засаг дахь төрийн оролцоог нилээд хязгаарлаж, төрийн өмчийг хувьчлах үзэл санааг баримтлах болсон.
КОНФЕДЕРАЦИ буюу энгийн холбоо нь бие даасан бүрэн эрхт тусгаар төр улсуудын сайн дурын холбоо, Т: Швейцарын холбооны улс (1815-1848), Сенегал, Гамби улсуудын нэгдэл – Сенегамби (1982-1989) Засаглалын нэгдсэн аппарат бий болдоггүй.
ЛИБЕРАЛИЗМ (лат. liberalis - эрх чөлөө) - улс төрийн анхны үзэл суртал бөгөөд Ж.Локк, Т.Гобсс, А.Смит, Ш.Монтескью нар үндэслэсэн. Аж үйлдвэр хөгжиж, анхны хөрөнгөтөн анги үүссэн үетэй давхцан гарч ирсэн. Гол үзэл санаа - хувь хүний эрх чөлөөг дээдлэх явдал түүний сургаалийн үндсэн дэвсгэр мөн. Гол үнэт зүйлс:
- хүний эрх чөлөөг ханган хамгаалах;
- төрийн оролцоог хязгаарлах - “шөнийн харуулын үүрэг”;
- ардчилал бол тулгуур үнэт зүйл;
- зах зээлийн тогтолцоо;
- парламентат ёс;
- олон ургальч үзэл;
- хүн бүр хууль шүүхийн өмнө тэгш байх явдлыг хүндэтгэнэ.
Нийгмийн хөгжлийн явцад бодит амьдралд бүрэн амьдралд бүрэн хэрэгжих бололцоо хязгаарлагдмал байснаас шалтгаалан 1930-аад оноос зарим нэг зүйлийг шинэчлэн неолиберализм болж дэвшигдэн тавигдаж төрийн нийгэм-улс төрийн оролцоог өргөжүүлэх үйл явцыг дэмжсэн байна.
ЛОББИЗМ – (англ. lobby - үүдний өрөө) тодорхой нам, хөдөлгөөн, байгууллага, хүмүүсийн сонирхолд нийцсэн хууль, шийдвэр гаргуулах зорилгоор хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагад шахалт үзүүлэх явдал юм. Энэ үйл ажиллагааг гардан явуулж буй хүнийг лоббист гэнэ. Лоббизмыг дотор нь шууд ба шууд бус гэж хуваан үздэг. Шууд лоббизм – хууль тогтоогч, шийдвэр гаргагчидтай биечлэн уулзаж нөлөөлөх арга. Шууд бус лоббизм нь сонгогчдоор дамжуулан хууль тогтоогчид, шийдвэр гаргагчдад нөлөөлөх арга. Зорилгоор нь эдийн засгийн, нийгмийн, нийгэм-соёлын гэж ангилна. Тэрчлэн тухайн нийгэмд мөрдөж буй хуулийг зөрчихгүйгээр явагддаг бол хуулиар зөвшөөрөгдсөн лоббизм ба эрх мэдэл бүхий албан тушаалтнаар илүү тохиромжтой, зайлшгүй шийдвэр гаргуулан түүнийг шуд шагнаж буй нөхцөлд хууль ёсны бус лоббизм гэж хувааж болно.