М-С

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ нь  хуульчилсан актын нэг төрөл бөгөөд энэ нь Улсын Их ХУрлын төрийн дотоод, гадаад бодлогын аль нэг асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхийнхээ хүрээнд хэлэлцэн баталсан тогтоомжийн акт мөн.
 

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ бол монголын ард түмний хүсэл сонирхлыг илэрхийлсэн, нийгэм-төрийн амьдралыг зохион байгуулах үндсэн зарчмууд, хэм хэмжээг тодорхойлсон улс-төр эрх зүйн баримт бичиг мөн.  Уг хуулийг 1992 оны 1-р сарын 13-нд батлан гаргасан болно. Оршил, 6 бүлэг, 70 зүйлтэй.
 

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ - Монгол Улсын Үндсэн хуульд бэхжүүлсэн харилцаа, нийтлэг зарчмуудыг нийгмийн амьдралын хүрээнд улам нарийвчлан зохицуулах зорилгын үүднээс Монгол Улсын Их Хурлаас батлан гаргасан хууль цаазын дээд хүчинтэй акт мөн. Хууль тогтоох эрх мэдэл гагцхүү Улсын Их Хуралд хадгалагдана. Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газар хууль санаачлах эрх эдлэнэ.
 

НИЙГМИЙН УЛС ТӨРИЙН СИСТЕМ (грек. systema – хэсгээс бүрдэх нэгдэл, цогц, political system of society, политическая система общества) - нийгэм-улс төрийн субъектүүд /төр, нам, сонирхлын бүлэг, иргэн/, тэдгээрийн хооронд үүсч буй харилцаа, үйл явц, болон харилцааны хэм хэмжээ, зарчмын цогц.            
Аливаа систем “оролт”, “хувиралт”, “гаралт”, “эргэх холбоо” гэсэн хэсгүүдээс бүрддэг ба улс төрийн системийн хувьд оролт нь олон түмнээс ирж буй шаардлага, дэмжлэг, гаралт нь шийдвэр, үйл ажиллагаа юм. Шаардлага нь улс төрийн системийн дотроос юмуу хүрээлэн буй эдийн засаг, соёл, социаль болон экологийн орчноос өгч буй тулгалтууд. Шаардлага олон янз байж болох боловч аюулгүй байх, бие хүний бие даасан байдлыг хангах, улс төрийн амьдралд оролцох, эрх тэгш байх хэрэглээний зүйлс болон байр олгох гэсэн агуулгатай шаардлага зонхилдог. Дэмжлэг - оролцооны  /татвар, хандив/, бодит /хууль сахих, санал асуулгад оролцох/ гэсэн хоёр хэлбэртэй.
Системийн оролтыг гаралт буюу шийдвэр, үйл ажиллагаа болгон хувиргадаг. Гарч буй шийдвэр, үйл ажиллагаа зөв бол дэмжлэг, буруу бол шаардлага ихэснэ. Энэ нь байнгын орчил буюу эргэх холбоо болон явагдана. Улс төрийн систем нь эдийн засаг, соёл, угсаатны, шашны зэрэг нийгмийн бусад тогтолцоотой байнгын харилцан үйлдэлд оршдог.
Улс төрийн системийн нийгмийн бусад системээс ялгагдах онцлог шинжүүдтэй. 1)нийгэмд тэргүүлэн удирдах үүрэг гүйцэтгэдэг 2) нийгмийн аль салбарт хүчин төгөлдөр хэрэгжих шийдвэрийг боловсруулан гаргадаг 3) улс төрийн системийн аливаа үйл ажиллагаа хууль, эрх зүйн хэм хэмжээний удирдлага дор явагддаг.
УТ-н системийн олон төрлийн бүтэц, дэд системээс бүрддэг.Үүнд:
-    Нийгэм-улс төрийн институт, байгууллагаас бүрдсэн бүрдэл тогтолцооны хэсэг. /төр, улс төрийн нам, төрийн бус байгууллага, ОНМХ, сүм хийд/
-    Зохицуулалтын дэд систем. Улс төрийн системийн субъектүүдийн хоорондох харилцааг зохицуулах үүрэгтэй /Үндсэн хууль, хууль, уламжлалт зан заншил, үзэл санаа/
-    Мэдээлэл харилцааны дэд сис - Олон түмэн, улс төрийн байгууллагуудыг хооронд нь холбох, мэдээллээр хангах үүрэг бүхий олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, эрдэм шинжилгээний байгууллагууд
-    Улс төрийн соёл-үзэл суртлын хэсэг - улс төрийн үзэл баримтлал, онолыг шингээсэн улс төрийн ухамсар, улс төр-эрх зүйн соёл, улс төрийн нийгэмшилт.
Улс төрийн системийн ангилал. Засаглалын хэлбэрээр нь ардчилсан, авторитар, тоталитар; хүрээлэн буй орчинтой харьцаж буй байдлаар нь нээлттэй, хаалттай. Улс төрийн системийн үүргийг үндсэндээ дотоод гадаад үүрэг гэж хувааж болно. Дотоод: Нийгмийн баялагийг хуваарилах, нийгэм эдийн засгийн тогтолцоог хамгаалах, нийгэм-улс төрийн үйл ажиллагааны хэм хэмжээг зохицуулах, нийгмийг дайчлах, соёл хүмүүжлийн үйл ажиллагаа явуулах; Гадаад үүрэг: улс орны бүрэн эрхэт байдал болон төрийн ашиг сонирхлыг хангах, улс орнуудтай харилцан хамтын ажиллагаа хөгжүүлэх, нийтлэг тулгамдсан глобал асуудлыг шийдвэрлэхэд оролцох гэх мэт.
 

НЭГДМЭЛ УЛС гэдэг нь нэгдмэл нэгэн нутаг дэвсгэртэй, засаг захиргааны нэг тогтолцоонд нэгдсэн нэг төвөөс удирддаг улс юм. Төрийн эрх барих удирдлага, шүүхийн нэгдсэн байгууллагатай, нэг хууль тогтоомж үйлчилж, иргэдийн төвлөрсөн харъяалалтай байдаг. Ж: Монгол, Япон, Франц, Итали
 

ОЛИГАРХИ (oligarchy) – нь “цөөнхийн засаглал” бөгөөд аристократаас зарчмын хувьд ялгаатай. Засгийн эрхийг барьж буй цөөнх нь өөрсдийн эхр ашгаа нэгдүгээрт тавьж олонхийн эрх ашгийг үл тоомсорлож байвал олигархи, ард түмнийхээ эрх ашгийг дээдлэн хүндэлж байвал аристократ засаглал бөгөөд олигархи нь  аристократын гажуудсан хэлбэр юм.
 

ОЛОН НИЙТИЙН МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ /ОНМХ/ (mass media, средства массовой информации)  - хэвлэл, радио, телевиз болон бусад тусгай техник хэрэгслийн тусламжтайгаар олон түмэнд нийгэм-улс төр, эдийн засаг ба соёлын мэдээллийг түгээхэд үйлчилдэг байгууллагын тогтолцоо. ОНМХ нь нийгмийн гишүүдийн ертөнцийг үзэх үзэл, оюун санаа, ухамсарт хүчтэй нөлөөлөл үзүүлдэгтэй адил уламжлалт засаглалд ч нөлөөлж чаддаг байна. Иймээс ОНМХ-ийг зарим тохиолдолд “дөрөв дэх засаглал” гэж нэрлэх нь бий. ОНМХ-ийн үүрэгт мэдээлэх, нийгэмшүүлэх, төлөвшүүлэх, хянах, шүүмжлэх, сонирхлыг илэрхийлэх ба нэгтгэх тэрчлэн нийгмийг дайчлах үүрэг тус тус орно.
 

ОЛОН УЛСЫН ХАРИЛЦАА (international relations; международные отношения) - олон улсын тавцанд оролцогчдын хоорондын улс төр, эдийн засаг, эрх зүйн болон үзэл суртал, дипломат, цэрэг дайн тэрчлэн соёлын хэлхээ холбоо, харилцан нөлөөллийн систем юм. Олон улсын харилцааны гол онцлог бол түүнд удирдлага ба засаглалын нэгдмэл төв байдаггүйд оршино. Олон улсын харилцаа глобал, бүс нутгийн, олон талт, хоёр талын зэрэг янз бүрийн түвшинд улс орон, улс төр, эдийн засаг, цэрэг дайн, нийгмийн болон оюун санааны өөр өөр хүчнүүдийн хоорондын харилцан нөлөөлөл хийгээд зөрчил тэмцлийн талбар юм. Олон улсын харилцааг ерөнхийд нь 2 үндсэн хэв маягт хувааж болно. Үүнд а/ өрсөлдөн тэмцэлдэх, б/ хамтын ажиллагааны харилцаа.
 

ОЛОН УЛСЫН ХАРИЛЦААНЫ СИСТЕМ (system of international relationship, система международного отношения) - тусгаар улсуудын ашиг сонирхлыг хэрэгжүүлэх үйл ажиллагаа, уг үйл ажиллагааг хэрэгжүүлэгч институтууд, тэдгээрийн хооронд харилцааг зохицуулах хэм хэмжээг багтаасан тогтолцоо.
 

ОЛОН УРГАЛЬЧ АРДЧИЛЛЫН ОНОЛ – төр засаг нь иргэдийн өмнө бус нам бүлэглэл, сонирхлын бүлгүүд зэрэг нийгмийн институцийн өмнө хариуцлага хүлээнэ. Өөр хоорондоо өрсөлддөг олон янзын бүлэглэл бүхий нийгэмд ардчиллыг бодитойгоор хэрэгжүүлэх арга, үйл явц нь олон түмний санал хуралт, сонгууль бөгөөд нийгмийн дотор өрсөлдөөнт үйл ажиллагаа явуулж буй байгууллага, бүлэглэлүүдийн нөлөөлөл, засаглалыг тэнцвэржүүлэх явдал чухалыг онцолдог.  
 

ПАРЛАМЕНТ (франц. parler – ярих, хэлэлцэх) – хууль тогтоох үүргийг хэрэгжүүлэгч төлөөллийн дээд байгууллага. Улс оронд ялгаатайгаар нэрлэнэ. Т: Монголын УИХ, ОХУ-ын ДУМ, ХБНГУ –ын Бундестаг, АНУ-ын Конгресс, Шведийн Рикстаг гэх мэт.
 

ПАРЛАМЕНТИЙН ЗАСАГЛАЛ - бүх ард түмнээс сонгогдсон төлөөлөгчдийн байгууллага болох парламентад олонхи болсон нам эвслээс өөрийн засгийн газраа байгуулан гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг бүгд найрамдах засаглалын хэв маяг. Үндсэн шинж чанар нь: парламентыг дээдлэх зарчим хэрэгжинэ; засгийн газар парламентын өмнө ажлаа хариуцан тайлагнана; засгийн газрын парламентад олонхи болсон намаас байгуулна; төрийн тэргүүнийг парламентаас сонгоно; засгийн газар нь парламентаас итгэл хүлээлгэж байгаагаас хамааралтай байдаг. Монгол, Энэтхэг, ХБНГУ, Итали гэх мэт. Бүтцийн хувьд  нэг танхимт, хоёр танхимт, олон танхимт гэж ангилдаг.
 

ПАРЛАМЕНТИЙН ХЯМРАЛ - Түүний шийдвэр улс орны иргэдийн олонхийн эрх ашигт нийцэхээ больж, хууль тогтоох байгууллага дахь хүчний харьцаа өөрчлөгдөхийг хэлнэ. Парламент дахь зөрчилдөгч хүчнүүдийн жин нөлөө адил байгаагаас хууль тогтоох,шийдвэр гаргах үйл явцад бэрхшээл учирснаас үүсч болно.
 

ПЛЮРАЛИЗМ (pluralism, лат. pluralis – олон тооны) – олон ишт үзлийн сургааль. Аливаа ганц ишт үзэл, үзэл суртлын эсрэг хандлага юм. Хүний нийгэм олон янзын үзэл бодлыг уралдуулах, өрсөлдүүлэх замаар тэдгээрээс аль оновчтой, ашигтайг нь шилэн сонгох замаар хөгжих ёстой гэж үздэг.
 

РЕФЕРАНДУМ (referendum, лат. referendum – мэдэгдсэн байх ёстой гэсэн утгатай үг) ард түмнээс санал асуулга явуулах замаар улс орны чухал асуудлыг шийдвэрлэх буюу хууль гаргах улс төрийн шууд оролцооны хэлбэр юм. Улс төрийн үзэл баримтлал, Т: засаглалын хэлбэрийг сонгох, олон улсын байгууллагад элсэх, үндсэн хуулинд өөрчлөлт оруулах гэх мэт суурь шинжтэй асуудлыг ард түмний санал асуулга явуулж шийдвэрлэж болно.
 

СОНГОДОГ АРДЧИЛЛЫН ОНОЛ нь дараахь үзэл санааг баримтлана. Төрийн засаглалыг хэрэгжүүлэхэд ард түмэн бүх нийтээр оролцох; Улс төрийн амьдралд иргэн бүр оролцохдоо нийгэмд эзлэж буй байр суурь, хөрөнгө чинээ болон бусад онцлогоос үл хамааран нэг адил эрх эдлэх; Асуудлыг шийдвэрлэхэд олонхийн саналыг дагаж цөөнхийн саналыг хүндэтгэх.
 

СОНГУУЛИЙН КАМПАНИ – улс төрийн нам, нэр дэвшигчийг сонгуулийн ялалтад хүргэхэд чиглэсэн зохион байгуулалт, ухуулга сурталчилгаа, реклам мэдээлэл, бусад арга хэмжээнүүдийн цогц. 
 

СОНГУУЛИЙН МАЖОРИТАР СИСТЕМ – сонгогчдын олонхийн саналыг авсан нэр дэвшигч сонгуульд ялсанд тооцох хэлбэр. Дийлэнх олонхийн саналаар сонгох - нэр дэвшигч нийт сонгогчдын 2/3 буюу түүнээс дээш хувийн санал авснаар сонгогдоно; харьцангуй олонхийн саналаар сонгох - тухайн тойрогт нэр дэвшигчдээс хамгийн олон санал авсан нь сонгогдоно; энгийн олонхийн саналаар сонгох - нэр дэвшигч нийт сонгогчдын 50-иас доошгүй хувийг авснаар сонгогдоно  гэсэн гурван хувилбартай. Уг системийн онцлог нь хоёр буюу хүчтэй цөөн намын систем төлөвшихөд илүү нөлөөлнө.
Давуу тал: сонгогчид парламентийн гишүүний үйл ажиллагаанд хяналт тавих, хариуцлага тооцох боломж илүү; улс төрийн намууд эвсэх, нэгдэх үйл явцад нөлөөлдөг; санал өгөх, хуваарилах зарчим энгийн ойлгомжтой.
Сул тал: сонгогчдын авсан санал, тэдгээрийн төлөөлийн харьцаа алдагдах; популистууд сонгогдох магадлал өндөр; парламентийн гишүүн тойргийн сонгогчдоос хараат байдалтай; нутгийн хүнийг сонгох хандлага илүү байдаг.
 

СОНГУУЛИЙН ПРОПОРЦИАНАЛЬ СИСТЕМ нь парламентын суудлын тодорхой хувийг намуудын авсан саналын тоонд харгалзуулан хуваарилна. Дотроо: 1. нэр дэвшигчдийн  жагсаалтаар санал хураах; 2. намын нэрээр саналын хураах; 3. шилжүүлэх саналын аргаар гэсэн 3 хувилбартай. Онцлог нь олон намын систем, парламентийн засаглал төлөвшихөд эерэг нөлөөтэй.
Давуу тал: улс төрийн хүчний харьцааг парламентад зөв тусгах; санал болгон төлөөлөгдөх боломжтой; парламентын гишүүд улс төрийн намын өмнө хариуцлага хүлээх чадвартай байдаг.
Сул тал: парламентад хэт олон намууд төлөөлөгдөх магадлалтай; бие даасан нэр дэвшигчид сонгогдох боломж хязгаарлагдмал; орон нутгийн төлөөллийг хангах чадвар сул байдаг.
 

СОНГУУЛИЙН СИСТЕМ (electoral system, избирательная система) - сонгууль явуулах, санал авах, дүн гаргах, парламентын суудал хуваарилах арга хэрэгсэл, зарчим ба дүрмийн нийлбэр цогц. Үндсэн гурван хэлбэртэй: олонхийн саналаар сонгох буюу мажоритар систем; хувь тэнцүүлэх төлөөллийн буюу пропорциональ систем; сонгуулийн холимог систем.
 

СОНГУУЛИЙН ХОЛИМОГ ХЭЛБЭР – иргэд улс төрийн нам болон нэр дэвшигчдийн аль алины нь төлөө санаа өгч, парламентын суудлын тодорхой хувийг намуудын авсан саналын тоонд харгалзуулан хуваарилна. Дотроо олон хувилбартай.
 

СОНГУУЛЬ (elections, выборы) - олон нийтийн санал явуулах замаар улс төрийн сонголт хийх арга юм.  Гол агуулга нь сонголтын альтернатив боломж буюу хоёр буюу түүнээс дээш тооны нам хүчнүүдээс олон түмнээс өөртөө хамгийн нийцтэйг нь сонгох явдал.
Сонгуулийн үндсэн зарчим: бүх нийтийн, тэгш, чөлөөтэй байх, санал нууцаар гаргах   Бүх нийтийн- тухайн улсын насанд хүрсэн бүх иргэн сонгуульд оролцох эрхтэй гэсэн санаанд үндэслэдэг. Тэгш эрхийн зарчим - а) сонгогч бүр ижил тооны санал гаргах б) санал бүр хоорондоо ижил жинтэй байх. Шууд байх - эцсийн дүн нь нийт иргэдийн санал хураалтаар шийдэгдэх явдал. Чөлөөтэй байх- сонгуулийн эрхээ эдлэх нь сонгогчийн хувийн хэрэг бөгөөд сонгуульд оролцохыг албадах ёсгүй. Санал нууцаар гаргах- сонгогч ямар нэг дарамт шахалтгүйгээр гагцхүү өөрийн үзэмжийн дагуу саналаа чөлөөтэй илэрхийлэх нөхцлийг бүрдүүлэх.
 

СОНИРХЛЫН АГРЕГАЦИ (interest aggregation)- сонирхол, шаардлагыг нэгтгэн бодлого боловсруулах үйл явц.
 

СОНИРХЛЫН АРТИКУЛЯЦИ (interest articulation)- нь нийгэмд янз бүрийн сонирхол, шаардлагыг илрүүлэн гаргах үйл явц.  
 

СОНИРХЛЫН БҮЛЭГ (группа интересов, interest group) нийтлэг ашиг сонирхлын үндсэн дээр улс төрийн шийдвэр гаргах үйл явцад шууд буюу шууд бус аргаар нөлөөлөх зорилгоор иргэдийн сайн дурын үндсэн дээр зохион байгуулагдсан хувь хүмүүсийн нэгдэл юм. Сонирхлын бүлгүүдийн үндсэн үүрэг бол ашиг сонирхлоо нэгтгэх, илэрхийлэх, мэдээлэх, улс төрийн элитийг төлөвшүүлэх явдал болно.
Сонирхлын бүлгийг шинж байдал ,үйл ажиллагаар нь:
Холбооны шинжтэй сонирхлын бүлэг - улс төрийн үйл ажиллагааг зорилгоо болгосон, тодорхой бүтэц, зохион байгуулалт, удирдлагатай олон тооны гишүүд, дэмжигчидтэй, тэднийхээ эрх ашгийг илэрхийлсэн улс төрийн олон талт үйл ажиллагаа явуулдгаараа онцлог юм.
Бүрдлийн шинжтэй сонирхлын бүлэг нь шахалтын бүлгийн шинжтэй үйл ажиллагаа явуулна.
Холбооны бус шинжтэй сонирхлын бүлэг нь олон нийтийн хөдөлгөөний шинжтэй үйл ажиллагаа явуулдаг.
Тодорхойгүй төлөвтэй сонирхлын бүлэг нь тодорхой нөхцөл байдлын улмаас эрх ашиг нэгтэй хүмүүс нэгдэн богино хугацаагаар бүлэг байгуулж, үйл ажиллагаа явуулаад тардаг.
 

СОЦИАЛИЗМ (лат. societus - нийгэм) - XIX зууны дунд үед баруун европт аж үйлдвэржилтийн их сэргэлтийн дүнд үүссэн пролетарийн үзэл суртал болон гарч ирсэн. Үндэслэгч К.Маркс, Ф.Энгельс, В.Ленин – нийгмийг хувьсгалын үндсэн дээр өөрчлөн пролетарийн диктатур тогтоож ангигүй, төргүй нийгмийг байгуулахыг зорьсон. Гол үзэл баримтлал нь:
-    Нийтийн, нийгмийн өмчид суурилсан нийгэм;
-    Бүгдээр тэгш байдалтай орших;
-    Хувьсгалт өөрчлөлтөөр нийгмийг хөгжүүлэх;
-    Хамтын зарчим зэрэгт шүтдэг.
 

СОЦИАЛЬ-ДЕМОКРАТИЗМ – Марксизмын номлолоос сурвалжтай. XX зууны эхээр марксизмын эрс хувьсгалт шинж, үл эвлэрэх байдлыг шүүмжлэн гарч ирсэн. Үндэслэгч Э.Бернштейн, К.Каутский. Капитализмыг илүү шудрага нийгмийн байгууллаар халах ёстой, гэхдээ хувьсгалт хүчирхийллийн аргаар хийхийг үгүйсгэсэн. Гол үзэл санаа:
-    Өмнөө тавьсан зорилтыг ардчилсан тайван арга замаар хэрэгжүүлэх;
-    Гуманист үзэл санаа,байр суурь;
-    Аливаа асуудалд хөдөлмөрийн олон түмэн, нийт ард түмний ашиг сонирхлын үүднээс харах;
-    Хамт олны үзэл санаа;
-    Парламентат ёс;
-    Улс орнуудын эв нэгдэл;
-    Олон ургальч байдал зэргийг дээдлэдэг.
 

СОЦИАЛЬ ТӨР (social state, социальное государство) - иргэдийнхээ нийгмийн хамгаалал, ажиллаж амьдрах таатай орчин, нөхцөл зэрэг хүн бүрт амьдралын адил боломжийг олгохыг зорьсон нийгмийн байгууллын үзэл санаа. Нийгмийн халамж үйлчилгээнд анхаарах нь төрийн үндсэн үүрэг гэж үздэг. Нийгмийн тэгш бус байдлыг арилгах, хүн бүрийг ажил болон орлогын эх үүсвэрээрээр хангахыг эрмэлзэнэ. 

Хулгана дагадаг оцон шувууд :-)