А-Б

АВИЛГАЛ (лат. corruptio – хахууль, коррупция) нийгмийн ашиг сонирхлыг хөсөрдүүлж, эрх мэдлийг хувийн ашиг сонирхолдоо ашиглах явдал. Улс төрд: шударга бус сонгууль, төрийн эрх мэдлийг  ашиглаж бусдад үйлчлэх; Хууль эрх зүйд: шүүхэд нөлөөлөх, хуульчдыг худалдан авах; Эдийн засагт: зах зээлд төрийн оролцооны үр ашгийг бууруулж, зохицуулалтын механизмыг гажуудуулах зэргээр нийгмийн, нийтийн эрх ашигт хохирол учруулдаг сөрөг үзэгдэл юм.

АВТОРИТАР ДЭГЛЭМ - Төрийн дээд эрх мэдэл 1 буюу бүлэг хүмүүсийн гарт төвлөрдөг. Дараах онцлогтой. Нийгмийн амьдралын ихээхэн хэсэгт ялангуяа улс төр, үзэл суртлын салбарт төрийн хяналт хүчтэй байдаг; нийгмийн удирдлагын тогтолцоонд дээрээсээ доошоо чиглэсэн хэв маягтай; эдийн засгийн болон хүмүүсийн хувийн амьдралд төрөөс тавих хяналт тоталитаризмтай харьцуулахад бага хэмжээтэй; нийгмийн дотор олон янзын ашиг сонирхол, үйл ажиллагаа явуулдаг байгууллагыг хүлээн зөвшөөрдөг; засаглалыг хэрэгжүүлэхдээ дан ганц хүчирхийллээр бус ухуулга, үзэл сурталд тулгуурладаг. Мөн “улс төрөөс бусад бүх зүйлийг зөвшөөрнө” гэсэн зарчим үйлчилдэг. Авторитар дэглэм нь үндсэн шинжүүдээрээ ардчилал ба тоталитар дэглэмийн завсрын шинжийг агуулж байдаг. 
Авторитар дэглэмийн хэв маяг: хатуу авторитар, авторитар ардчилсан, ардчилсан авторитар.

АНАРХИЗМ (грек. anarchism - үл тоомсорлохуй) – хүн эрх чөлөөгөө эдлэхэд төр үргэлж  саад болдог учир аливаа нэгэн албадлага, хууль дүрэм үгүйгээр нийгэм нь оршин тогтнох ёстой ёстой гэсэн үзэл.  Анархистууд “Акефалес”-ийг (балар эртний удирдлагагүй нийгмийн тогтолцоо) орчин үеийн нийгэмд дахин сэргээж болно хэмээн үздэг. Улс төрийн шинжлэх ухаанд анархизмийг  “ёс суртахуун хийгээд улс төрийн замбараагүй байдал” гэж үзэх хандлага түгээмэл байдаг.

АРДЧИЛАЛ (грек. demos – ард түмэн, kratos – засаглал буюу ард түмний засаглал, демократия) - засаглалын эх үндэс ард түмэн болохыг хүлээн зөвшөөрөхөд үндэслэсэн нийгэм-улс төрийн байгууллын хэлбэр юм. Ардчиллын үндсэн зарчмууд – олонхийн засаглал, иргэний тэгш эрх, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, хуулийг дээдлэх, засаглалын хуваарилалт, төрийн тэргүүн ба төлөөллийн байгууллагыг сонгох, цөөнхийг хүндэтгэх зарчим. Шууд ба төлөөллийн ардчилал гэж хуваагдана. Иргэд ямар нэг төлөөлөлгүйгээр шууд саналаа гаргах замаар тодорхой асуудлаар шийдвэр гаргах үйл явцыг шууд ардчилал гэж тодорхойлж болно.
Ард түмэн сонгосон төлөөллийн байгууллагаар дамжуулан төрийн шийдвэр гаргах үйл явцад оролцож байгаа хэлбэрийг төлөөллийн ардчилал гэнэ.
Ардчиллын хөгжлийн үеүд:
1.    Анхдугаар өсөлтийн үе /1820-1926, 1926-1942 он/
2.    Өрнөлтийн үе /1943-1962 он/
3.    Шинэ үе 1975 оноос эхлэсэн.
Ардчиллын үнэт зүйлс: хүний эрх, эрх чөлөө, чөлөөт сонгууль, хувийн өмч, олон ургальч үзэл, шудрага ёс, чөлөөт өрсөлдөөн, чөлөөт хэвлэл, парламентат ёс.   

АРДЧИЛСАН ДЭГЛЭМ – Төрийн дээд эрх мэдэл ард түмэн, тэднийг төлөөлсөн төлөөлөгчийн байгууллага барьж байдаг. Дараахь шинж чанартай: нийт иргэдийн нийгэм-улс төрийн тэгш эрхийг хүлээн зөвшөөрсөн; төрийн эрх барих байгууллагыг ардчилсан сонгуулиар бүрдүүлдэг; засаглалыг хуваах зарчмыг төрийн эрх мэдлийг хэрэгжүүлдэг; улс төр-үзэл суртлын олон ургальч байдал оршин тогтнох нөхцлийг бүрдүүлсэн байдаг. Хэв маягаар нь: шууд, нийтийн санал хураалтын /плебисцитар/, төлөөллийн ардчилал; Хөгжлийн түвшингээр нь: хуурамч, сонгуулийн, либерал ардчилал гэж ангилдаг.

АРИСТОКРАТ (aristocraty) - нь нийгмийн хамгийн шилэгдмэл хэсэг болох, үе залгамжилсан язгууртнуудын засаглал бөгөөд анх улс төрийн шинжлэх ухаанд эртний грекийн сэтгэгч Платон “Төр улс” зохиолдоо анх гарган тавьжээ. Засаглалын энэ хэлбэр нь ямагт олонхийн засаглалын хэлбэрийг үгүйсгэдэг бөгөөд язгууртнууд бол олон түмнийг удирдах чадварыг хэнээс ч илүү эзэмшсэн байдаг хэмээн үздэг.

БҮГД НАЙРАМДАХ ЗАСАГ (лат. respublica – төр засаг, нийгмийн үйл хэрэг) гэдэг нь төрийн эрх мэдлийг ард түмнээс тодорхой хугацаагаар сонгогдсон төлөөлөгчийн байгууллага барьдаг засаглалын хэлбэр юм. Гүйцэтгэх эрх мэдлийн бүрэн эрх хаанаас урган гарч буйгаас нь хамаарч ерөнхийлөгчийн бүгд найрамдах засаглал, парламентын бүгд найрамдах засаглал   гэсэн хоёр хэв маягт ангилна.

Хулгана дагадаг оцон шувууд :-)