ГАДААД БОДЛОГО (foreign policy, внешняя политика) гэдэг нь нийгмийн ашиг сонирхлыг илэрхийлэх, түүний хэрэгжүүлэх тодорхой арга зам, хэрэгслийг сонгох, нийгмийг төлөөлөн харилцах эрхийг өөртөө хүлээсэн эрх бүхий албан ёсны субъектийн үйл ажиллагаа, харилцан нөлөөллийн систем юм. Гадаад бодлогын үйл ажиллагаа тавьсан зорилгодоо хүрэхийн тулд янз бүрийн арга хэрэгслийг ашигладаг. Үүнд: улс төр, эдийн засаг, цэрэг зэвсгийн болон мэдээлэл-ухуулга сурталчилгааны аргууд орно.
ГУМАНИЗМ (латин. humanus- хүнлэг, энэрэнгүй )буюу хүмүүнлэг ёс нь хүнийг хамгийн үнэт зүйл гэж үзэн, нийгмийн өндөр байр суурийг нь хүлээн зөвшөөрч, хувь хүний эрхэм чанарыг зүй ёсоор үнэлэн, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэн үзэх үзэл санаа.
ГҮЙЦЭТГЭХ ЗАСАГЛАЛ (executive power, исполнительная власть) – нийгмийн удирдлага болон хуулийн хэрэгжилтийг хангах эрхтэй төрийн засаглалын салаа мөчир. Гүйцэтгэх засаглалыг засгийн газар /Т: Монгол улсын засгийн газар/, түүний яамд, төвийн болон орон нутгийн бусад байгууллага хэрэгжүүлнэ. Гүйцэтгэх засаглалын тэргүүнээр ерөнхий сайд буюу ерөнхийлөгч байж болно.
ДАЯАРШИЛ (лат. globus – бөмбөрцөг, globalition, глобализация)- соёл, нийгмийн ялгаатай байдал, улс гүрний хил хязгаарыг даван туулж улмаар бүр ойртон нягтарч, бие биенээсээ харилцан хамааралтай болж байгаа дэлхий ертөнцийн тухай төсөөлөл.
ДЕСПОТИЗМ (despotism) – нь хууль ёсны бус, туйлын засаглал. Дураараа авирлах, ганцаар захирах, хөнөөлт үр дагавартай улс төрийн үйлдлүүдийг хийх зэрэг нь ийм засаглалын жишээ болж байдаг.
ДИПЛОМАТИ (англ. diplomacy, дипломатия) – төрийн гадаад бодлогын зорилго, зорилтийг хэрэгжүүлэх, улс орны эрх ашгийг хилийн чанадад хангах зорилгоор төрийн тэргүүн, засгийн газар болон гадаад харилцааны байгууллагын албан ёсны үйл ажиллагаа. Дипломати нь гэрээ хэлэлцээр, айлчлал, албан ёсны бага хурал, зөвлөлгөөн, уулзалт тэрчлэн хоёр талын болон олон талын гэрээ хэлэлцээрт бэлтгэх, байгуулах, дипломат харилцаа тогтоох, олон улсын байгууллагын үйл ажиллагаанд оролцох зэрэг хэлбэрээр хэрэгждэг байна.
ДЭЛХИЙН БОДЛОГО (international politics, международная политика)– дэлхийн хамтын нийгэмлэгийн амьдралд хөндөгдөж буй шийдвэрийг боловсруулах, гаргах улмаар хэрэгжүүлэх үйл явц болно. Олон улсын буюу дэлхийн бодлого нь олон улсын харилцааны цөм юм.