2011/01/05

ЛАМ, БӨӨ БОЛ МЭРГЭЖИЛ МӨН

            (Итгэл, бишрэл, мухар сүсэг, хүндэтгэл)
 
Нэг ийм онигоо байдаг. Сумын захиргаан дээр очсон буриад өвгөнөөс таны мэргэжил юу гэж асууж гэнэ. Мань өвгөн “тэр чинь юу билээ хүүхээ” гэвэл, бичээч хархүү “таны хамгийн сайн хийж чаддаг ажил гэсэн үг” гэж тайлбарлажээ. Үүнийг сонсоод өвгөн “аан тэгвэл хаартчин (хөзөрчин) гээд биччих” гэжээ.  

Монгол хэлэнд аливаа мэргэжил заасан нэр үг үүсэхдээ тухайн нэрийн араас -чин гэдэг залгавар авдаг. Жишээ нь: үзмэрч, төлөгч, мэргэч, далдыг харагч, ирээдүйг зөгнөгч гэх мэт. Энд зөвхөн сэдэвтэйгээ уялдуулж жишээ татлаа. Харин бөөчин, зайранчин, ламчин, удганчин гэсэн үг Монгол хэлэнд байхгүй. Эдгээр нь мэргэжил биш, өөрөөр хэлбэл тэр хүний байнга эрхлэдэг албан ажил нь өөр болохыг зааж байна. Бөө болох хүн “төрийн өмнө бамбай болж, түмэн олонд туслана” гэж тангараг өргөдөг заншилтай буюу аливаа буян үйлсээ амжиргааныхаа эх үндсээ болгож байсангүй. Тиймээс зайрантан, ламтан гэсэн хүндлэлийн нэр томьёо бий болсон аж.
 
Харин манай үед лам, бөө нь хөгжиж мэргэжил болсон нь үзмэрч, төлөгч, зөгнөгч гэсэн шинэ ойлголтууд бий болсноос харагдана. Өөрөөр хэлбэл, тэдний өдөр тутмын эрхлэх ажил, орлого олох эх үүсвэр нь дээрх зан үйлийг үйлдэх явдал болжээ. Жишээ нь та хэн нэг хүүхдээс аав чинь юу хийдэг вэ гэж асуувал. Яг л сэтгүүлч, эмч гэдэгтэй адилхан үзмэрч гэж хариулбал, “Аан тэгээд лам юм уу, бөө юм уу” гэж нэмж тодруулах шаардлага тулгарах нь байна шүү дээ. Лам хүний хувьд Бурханы шавь болж нэгэнт гэгээрлийг олох нь мэргэжил огт биш бөгөөд бурханы номоор хоолоо олж идэх нь огтоос хориотой зүйл ажгуу. Харин бурханч лам, тахилч лам гэсэн нь тэдний бурханы хөрөг бүтээдэг, өдөр бүр бурханд тахил өргөдөг ажлийг тодорхойлж, түүгээрээ нарийн мэргэжсэн гэсэн утгийг илэрхийлнэ. Түүнээс биш лам бол мэргэжил биш байлаа. Харин орчин үеийн байдлаас дүгнэвэл лам нь мэргэжил мөн гэхээс өөр арга алга даа. 
 
Итгэл бишрэл, мухар сүсэг: Итгэл бишрэл нь Бурхан, түүний сургаалд хамаарах бол мухар сүсэг нь мэргэ төлөг, ид шидэд илүү ойрхон. Гэхдээ итгэл бишрэл, мухар сүсэг хоёулаа тухайн нийгмийн ёс зүй, ухамсрын хэм хэмжээнд ихээхэн үүрэгтэй. Судлаачдын үздгээр гэр бүл нь нийгмийн жижиг загвар юм. Энэхүү жижиг загвар бүрэлдэн бий болоход ихэнх нийгэмд шашин ихээхэн нөлөөтэй байсаар ирсэн. Харин манай гэр бүл болоход шашин төдий л чухал бус.
 
Христийн шашинтан хурим хийхэд сүмийн лам “Эцэг, хүү, ариун сүнсний нэрийн өмнөөс” тэднийг адислаж гэр бүл болсныг зарладаг бол мусульман эр сүйт бүсгүйгээ гуйхаар очихдоо “Аллахын зарлигаар ирлээ” хэмээн өөрсдийгөө танилцуулдаг. Манайд шинээр гэр бүл болж буй хосууд маань Гандан орж бурханд залбирдаг. Гэхдээ энд бас учир бий. Оросын судлаач A. И. Майский 1918-1919 оны хооронд Монгол орноор хөндлөн гулд аялаад “Орчин үеийн Монгол” гэх бүтээл туурвижээ. Тэрбээр Монголчуудын шашинд хандах байдлыг ихэд гайхан “...тэд өглөө Гандан хийдээр явах ба өдөр Христын сүмээр ч очно. Харин оройн түүдэг галын дэргэд бөөгийн хажууд сууж байдаг” хэмээн өгүүлжээ. Тэгэхээр өнөөгийн бидний итгэл бишрэл маань мухар сүсэг болсны гол буруутан коммунизм биш болж таараад байна. Иймээс нөгөө л нүүдэлчин сэтгэхүйтэй холбоотой гэж л хэлэхээс өөр арга алга. Гэхдээ энэ бүгд маань олон зуун жилийн шашны уламжлалыг ор тас үгүйсгэж байгаа хэрэг биш юм.
 
Одоо яахав дээ, нэгэнт Монголын нийгэмд итгэл бишрэлийн хөрс суурь ихээхэн сул болж таарч байна. Үүн дээр нь нэмээд марксист онол “шашин бол хар тамхи” болох тухай нэгэн жарны турш сургаж ирсэн. 1990 оноос хойш шашин шүтлэгээ сэргээх нэрийн дор мухар сүсгийг л дээд цэгт нь тултал хөгжүүлэх шив. Өөр үгээр хэлвэл, итгэл бишрэл бүрэлдэхээс өмнөх үе шатыг туулж байгаа хэрэг болтой. Нисдэг бөө, сэлэмддэг лам, мэргэн зурхайч, далдыг харагчдад хууртсаар тодорхой хугацааны дараа “энэ нэг л бишээ” гэх ойлголт бүрэлдэж л таараа. Гэхдээ үүнд хугацаа хэрэгтэй. Энэ дэмий үрэгдэх он жилүүдийг хэдий чинээ хурдан туулна төдий чинээ сайн.
 
Уламжлалт шарын шашин, түүний гурван эрдэнэ болох бурхан, лам, ном гуравтаа хүндэтгэлтэй хандая. Өнөөг хүртэл манай нийтийн урлагын гол төлөөлөл болох хошин шогийнхны маань гол элэглэлд социалист урлагын өв болох худалч, хуурмаг бүтэлгүй лам нарын дүр яг хэвээрээ байсаар. Гэтэл Мухаммедыг шоглосон Данийн зураач хийгээд зургийг хэвлэсэн сэтгүүлийг мусульманууд ямар ихээр үзэн ядаж байв аа. Үүний нэг буруутан нь манай сүм хийд, лам нар өөрсдөө мөн. Буян номын ариун дагшин газар маань ердийн нэг үйлчилгээний байгуулага болсонтой холбоотой. Та тэнд яг үйлчилгээний газар, үсчин гоо сайхан, дэлгүүрт ордог шиг сонголтоо хийж, мөнгөө төлөөд хүссэн шашны зан үйлээ хийлгэх ба мэдээж үнийн дүн нь үйлчилгээ үзүүлэгчийн зэрэг дэв, нас намбаас хамаарч дээш доош хэлбэлзэнэ. Уг нь өөрийгөө бурхан лугаа сэтгэх, шашныг амьдрах хэрэгсэл болгох нь хамгийн хүнд нүгэл болох тухай буддийн хамгийн энгийн ном сударт бичээстэй бий.
 
Хүндэтгэл: Алт мөнгөөр урлаж, төрийн ордондоо залсан Монголын нууц товчоонд ийм нэгэн өгүүлэмж бий. Хонгирад аймгийн тэргүүн Дай Цэцэн Есүхэй баатартай уулзахдаа: “Урьд шөнө танай Хиад аймгийн сүлд цагаан шонхор нар сарыг атган миний алган дээр бууж байна гэж зүүдэллээ. Ийнхүү чамтай тааралдснаар зүүд маань тайлагдлаа” хэмээдэг. Эндээс тэр нар сарыг атган Дай Цэцэний алган дээр буусан цагаан шонхор бол Чингис хаан болохыг хэн бүхэн ойлгоно.
 
1990 оноос хойш “хүн төрөлхтний нар сарыг атган” Монголчуудын алган дээр тавьсан Их хаанаараа бахархаж, алдаршуулан мөнхлөх гэж зүйл бүрээр зүтгэх болсон. Энэ нь хэдий сайн талтай ч яваандаа хэт туйлширч Чингис хаангүй юм нэгээхэн ч үгүй болсон. Ингэлээ гээд түүнийг хүндлэх, дээдлэх явдал олигтой болж өгөхгүй л байх шиг. Хааныг маань билэгдэх шонхор шувуугаа зарах нь манай төрийн хамгийн том бизнесийн нэг болсон. Доогтой юм шиг худалдан авагчид эзэн Чингис, түүний ач нарт сөгдөж байсан Арабууд. Авч буй шалтгаан нь Их хааныг маань билэгдэх шонхор шувуудыг торонд хорьж анд сурган зугаацах.
 
Манай оронд зохиогдсон Залуу Монголч эрдэмтдийн сургалтанд суусан гадаадын анд маань "танай оронд очоод зөвхөн Чингис хааны Их засаг хуулиар амьдардаг залуутай танилцаад" гэв. Тийм үү нэрийн мартаагүй биз, аль аймгийн нөхөр байна гэтэл, Монгол биш ээ Орос залуу, Чингис хаан судалдаг гэсэн хариу сонсож билээ. Бид кинон дээр гардаг Чингис хаан шиг зүс царай, дээл хувцастай хүмүүс олширч байгаа талаар өмнөх нийтлэлдээ дурьдаж байсан. Тэдгээр “уламжлалт имиж”-тэй этгээдүүд дотор Их засаг гэж хууль байдаг тухай, Чингис гэдэг нь Их хааны цол болох талаар мэддэг нь хэд бол?
 
Бид бараг олигтой гэсэн юм бүхэндээ Чингис нэр өгчээ. Монголын түүхэнд Чингис нэртэн байсангүй. Харин Чингис цолтой гурван их хаан бий. Алтан ургийн дээд өвөг Бодончир, Их Монгол улсыг байгуулагч Тэмүүжин, Монголын төрийг харь Манжид алдсан Лигдэн хаан. Эндээс эхлэл, өрнөл, төгсгөл гэсэн их сонин түүхэн зүй тогтлыг харж болно.
 
Төгсгөлийн оронд өгүүлэхэд итгэл бишрэл, хүндэтгэл, билэгдэл бол нийгэмд байх ёстой зүйл боловч түүнийг сайн арчиж тордохгүй бол мухар сүсэг болдгийг сүүлийн 20 жил хангалттай харж мэдэрлээ Монголчууд. Гэвч гадаадаас үзмэрч авчрах хүртлээ мухар сүсэг маань улам бүр тэлж хөгжсөөр...
 
А. Энхбат Анкара, 2010. 01. 03

5 comments:

  1. Ta хоёр лам бөө нараар оролдоод байхий, зүгээр үү залуучуудаа?

    ReplyDelete
  2. alivaa shashing bodoltoi shyteh heregtei. herees hetryylj bolohgyi

    ReplyDelete
  3. shashin gej hymyysiig argaa barsan yed hychee avdag zyil

    ReplyDelete
  4. avilgach gej mergejiluu

    ReplyDelete
  5. ЛАМ БӨӨ НАРТ
    09/19/2012 - 09:30
    ТА НАР ХУДЛАА ЯРЬЖ БАЯН ХҮНД ДОЛИГНОЖ ҮЗЭЖ ХАРЖ ЗАСАХААС ЦААШГҮЙ ЮМ ОДОО ХЭН БАЙГАЛЬ СҮЙТГЭЖ ГАЗАР УХАЖ ЗАРЖ БАЙГАА ХҮМҮҮС САЙХАН АМЬДАРЧ БАЯЖИЖ БАЙНА ДӨӨ ҮХСЭН ХАТСАНЫ ҮЙЛИЙН ҮР ҮРЖЭЭД ШИЙТГЭЖ БАЙГАА НЬ ХАА БАЙНАА ҮНЭХЭЭР ШИДТЭЙ ЧАДАЛТАЙ ЮМ БОЛ ГАЗАР УХАЖ БАЯЖСАН ХҮМҮҮСИЙГ ШИЙТГЭЭДЭХДЭЭ ЧАДАХГҮЙДЭЭ МУУСАЙН ЛАМ БӨӨ ТҮЙ БҮГД ДАЛД ОР



    ReplyDelete

Сэтгэгдэл

Хулгана дагадаг оцон шувууд :-)