2010/10/13

ХЭЛЦ ҮГ ХЯМРАЛД ОРСОН НЬ

Нийгмийн үзэгдлүүд дотроос хамгийн удаан өөрчлөгдөн шинэчлэгддэг зүйлийн нэг бол хэл. Хүнээр бол ихээхэн “хүнд сурталтай”, удаан хөдөлгөөнтэй этгээд. Тэр этгээд 100 жилд 20%-иар л өөрчлөгддөг буюу шинэчлэгддэг гэсэн тойм судалгаа бий. Өөрөөр хэлбэл бид 15-р зууны үеийн Монгол ах эгч нарынхаа хэлж буй зүйлийг бараг ойлгохгүй гэсэн үг. Ямартай ч бид тэднийг арай чүү ойлголоо гэхэд бидний ярьж буйг тэд 100% ойлгохгүй нь.

Байтугай өнгөрсөн зууны 90-ээд оноос өмнөхөн гар утас, телевизийн удирдлага, гурав Д кино, бичил долгионы шарах шүүгээ, электрон ном, юуэсби холбогч,  дижитал аппарат зэрэг нэр томъёо пиардах, туулайчлах, боргиодох, салондох, шоудах, стратеги тоглох, микродох, агшиндах, мээсэнжэрдэх зэрэг үйл үгийг хэрэглэсэн нөхдийг сэтгэцийн өвчтэй этгээдэд тооцох эсвэл гадаадын тагнуул нөхөр тусгай дохиогоор ярьсан гээд зохих газар нь мэдэгдээд мөрдөгдөх тал руу явах байсан гэдэгт итгэлтэй байна.

Нийгэм, олон түмний сэтгэлгээ, хэрэглээ соёл хэр өөрчлөгдснийг хэл хэр шинэчлэгдснээр хэмжиж болно. Нийгмийн хувьсгал бүр бусад салбартаа дагавар өөрчлөлтийг авчирдаг тул 20-р зуунд хоёр том хувьсгаал /урьд ингэж дууддаг байсан ажгуу/ хийсэн Монгол хэл 100 жилд бараг 50% шинэчлэгдсэн гэж үзэх үндэс бий. Цэвэлийн толийг харахад л одоогийн бацаанууд бүү хэл бид өөрсдөө мэдэхгүй хэдэн мянган үг байгааг анзаарна. 

Их зүйл нуршилгүй цаг үеэ дагаад  утга санаа хэрхэн шилжиж, өөрчлөгдөж буйг дараах хэлц, зүйр үгс ямар хурднаар утгаа алдаж, “рейтинг нь унах” болсноор харьцуулан харцгаая.

Жаран чавганц уралдвал нэг нь түрүүлдэг. Феминист үзэл ихэд дэлгэрч, нас жэндерээр тэгш эрхийг хангах бүх нийтийн санаачлага өрнөж буйгаас ийнхүү өндөр настай хүмүүсийг уралдуулах нь бүү хэл, уралдсан байлаа ч эрүүл мэнд, ёс суртахуун, хүмүүнлэгийн үүднээс бүгдийг нь нэгдүгээр байр эзлүүлэн тойргоос сонгогдсон гишүүн, хөрөнгө оруулагч, засаг дарга нар гарын бэлэг өгөх байдлаар асуудал шийдэгдэх болжээ. Мөн нэг зэрэг эмнэлгийн үзлэгт хамруулж, даралт хэмжин, зохих эм тариа өгснөөр өдөрлөг буюу арга хэмжээ өндөрлөнө.  Харин өндөр настнууд гүйж уралдах бус, тэтгэврийн оочирт хэр удаан тэсэх нь чавганц нарын орчин үеийн гол индикатор болсныг хэлэх нь зүйтэй.

Суусан цэцнээс явсан тэнэг дээр – Уул утга нь олон газраар явж хүнтэй танилц. Технологийн дэвшил бидэнд интернетийг бэлгэлснээр гадагшаа дотогшоо явж зардал мөнгө үрэхгүй, замын түгжрэл, уулзах албан тушаалтан, дарга цэргийн учрыг олно гэж түүртэхгүй амар болж. Ямар ч тэнэг нэт ороод хэрэгт, хэрэггүй мэдээлэл хуулжаагаад их дээд сургууль чөлөөтэй төгсөх болсон байна. Харин цэцэн царайлсан нөхөр судалгаа хийж байна нэртэй энэ тэрүүгээр их явбал их дээд сургууль төгсөх бүү хэл сумтай нөхөр үү гэж ард олонд ад шоо үзэгдэхэд хүрнэ. Нэг гэм нь ийнхүү гэрт эсвэл албан тасалгаанд суусан цэцэн тэнэг бүх нийтээрээ:
         Үүлэн сүүдэр дайрахаар даардаг болж
         Үүдэн хоймрын зайд хөл нь цуцдаг болж
         Өндөг, төмс хоёрыг ялгахгүй хараа муудаж
         Өөд өөдөөсөө харж ярилцахаар уурладаг болжээ хө.

Төр төмөр нүүртэй. Утга нь уул нь түшмэл, занги, цагдаа нар төрийн нэрээр ямар ч хүнд албыг хийж гүйцэтгэсэн хараал жатгад автахгүй бөгөөд төр гарсан шийдвэрээ тууштай мөрдүүлдэг гэсэн санаа агуулдаг байв. Харин өдгөө төрийн нүүр нялх хүүхдийн арьснаас ч булбарай болж, "шийдвэр чинь буруу, эргүүлж тат "гэж 1 чавганц, 2 гудамжны тэмцэгч,  шар хадны хяналтад байдаг 4 нөхөр орилоход л засвар хийдэг болж. Төр нүүрэндээ сорви үлдэхээс үнэхээр их айдаг ажгуу. Жил бүр цагаан сар, дорнын тооллын 15-аар төрийн албан хаагчид гандан ном эргүүлж, өөрт суусан барцад, хэл амнаас зайлуулах маань тарнийг захиалан уншуулах нь жирийн үзэгдэл төдийгүй, хэн нэгэнтэй хэрүүл зарга хийсэн дороо аргалж засуулах асуудал хариуцсан албан ёсны да лам нарын тоо төрийн албан хаагчдын тоотой бараг тэнцэх түвшинд очсон бөлгөө. 

Ноёнтой заргалдвал толгойгүй.
Хуучин цагт ноёд түшмэдтэй заргалдвал толгой үлддэг юмаа гэхэд 9 эрүү туулах амаргүй даваа ард нь хүлээдэг байжээ. Харин өдгөө ноёны зэрэгтэй түшмэл, дарга, төлөөлөгч, элч, гишүүдтэй заргалдвал толгой бүтэн байх төдийгүй заргын хүч, магадлал, заргалдуулагчийн бэл бэнчингээс хамааран овоо хэдэн цаас бүр машин тэрэг, орон сууц, гадагшаа дотогшоо сурч амьдрах бүрэн бололцоо нээгддэг сайхан цаг иржээ гэж...

Хар ус хармалдаггүй. Бид ирсэн гийчэнд ус өгөх нь бүр доромжилсон хэрэг болох тул сүүтэй цай бүр аргаа барсан нь хар цайгаар дайлдаг өвөрмөц соёлтой ард түмэн байв. Харин өдгөө усны хомсдол, цаг уурын өөрчлөлт, байгалийн бохирдлоос шалтгаалан хар ус үнэд хүрч, харамлан өгөхгүй байгаад зогсохгүй бүр авах гэж оролдвол дайн байлдаан хийх нөхцөл улам бүр ойртох болсон ажгуу.

Цэцэн үг цээжинд цэцэг навч ууланд. Хэрэгтэй гэсэн мэдээлэл виртаул орон зайд хэдэн тэрбумаар хадгалагдах болсон тул хэрэгт хэрэггүй үг, бодол тээж өөрийгөө зовоох шаардлагагүй болсон. Тэгээд өмнөх үеийнхэн цэцэн үгийг ихээр хэрэглээд нөөцийг нь үлэмж шавхсан тул тэдгээр бэлэн будааг л идэхэд хангалттай. Тухайлбал, Лютер Кинг бишээ Ларри Кинг за хэн нь ч яахав “Би мөрөөдөх дуртай” гэж хэлсэн гэдэг. Үгүй мөн агуу хэлжээ. Ямар ч нялх хүүхдийн санаанд орохгүй үг шүү.
Харин хоёрдугаар зүйрлэлийн хувьд экологийн өөрчлөлтөөс болж цэцэг навч байгальд аяндаа ургахаа больж дандаа тасалгааны цэцгийн бид мэдэх болсонтой зөрчилдсөн санаа агуулжээ.

Эвт шаазгай буга барина. Товчхондоо шаазгай ч үгүй, буга ч үгүй болсон тул хойч үеийнхэн маань энэ зүйл үг юу хэлээд байгаа төсөөлөх ч аргагүй болж эхэлсэн байна. Би ч өөрөө буга харалгүй олон жил болчихож.

Бор гэртээ Богд, хар гэртээ Хаан. Нэгдүгээрт гэр бор хар байхаа больсон, хоёрдугаарт үр хүүхдээ харах, хоол ундаа хийх, хувцас хунараа угаах, эхнэр, нөхөртэйгөө хойшдын төлөвлөгөөгөө ярих зэрэг гэр бүлийн үүргээсээ залхсан нөхдүүдийн хувьд харин баар сав, дисконд орж хаан байтугай заан болох боломж нээгдсэн цаг үе. Ханатлаа ууж, дуулж, бүжиглэж аваад дээд талын буудалд нь ороод хоночих нь оо гэж... Үүний төлөө хэн ч түүнийг загнахгүй, уурлахгүй.

Нөхрийн сайныг ханилан байж мэдэх. Шууд хараад анд найз, нөхрөө хэр хүн бэ гэдгийг мэдэх боломжгүй шүү гэсэн санаа. Харин орчин үед заавал ханилж нөхөрлөж байна гэж цаг баралгүй сэтгэл зүйн сорил, бичгийн хэв, одон зурхай, хоол идэх байдал, сонсдог хөгжим, архи уусны дараах авир, лам хар зэргээр дор нь оношилж мэдэхээс гадна араас нь мөрдөгч тавих, гар утас, е-мэйлийг нь хянах замаар мөшгин хэр таваариш вэ гэдгийг 2 өдрийн дотор бүрэн мэдэж болно. Сүүлийн арга жаахан зардалтай юм гэсэн. Гэхдээ хэрэгтэй хүндээ хэрэгтэй л юм даа тэ.

Залхуугийн гадаа түлээгүй, залгидгийн гэрт хоолгүй.
За улс төрийн намуудын амлалтаар аль сайн залхуурч хэвтэж, хүүхэд гаргаж, нөгөө ажил хэр хийснээр нь шалгаруулан нийгмийн халамжид хамруулах болсон тул дээрх үзэгдэл огт өөр утга авах болсныг хэлэхэд таатай байна.

Эрийг бүү бас. Орчин үед эр хүнийг басах, дорд үзэх, доромжлох тусам тэр улам бүр тэр байдлыг өөрийн бие сэтгэлээр илт харуулах болсон нийгэм. Басах тусам тэр тэнэгрэн мулгуйрч юу ч хийж сэтгэж чадахаа больсон тул эмэгтэй хүмүүс ийнхүү чөлөөт цагаа зохистой өнгөрүүлэн хангалттай инээж авч болмой.

Мянга сонссоноос нэг үз. Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, технологийн дэвшлийн улмаас ямар ч зүйлийг яг эсрэгээр харуулж ойлгуулах бололцоо бүрэн нээгдсэн тул телевиз үзээд итгэх аргагүй болжээ. Тэрний оронд олон удаа сонсоод байвал харин итгэл төрөх байхаа гэж...

Гар хөдөлвөл ам тосдоно. Тэрний оронд амаа хөдөлгөж, улс нийгмийн амьдрал, аж төрөл, уул уурхай, төрийн луйврыг талаар байгааг чанга чанга орилж, үүнийгээ сэтгэл хөдлөлийн нарийн чадвартайгаа хослуулж чадвал үлэмж ашиг олох бололцоо бий болсон бөлгөө. Ийнхүү амаа жайжийтал ярьснаас амны ойролцоох эрхтнүүд нь ихэд хөгжсөн төдийгүй гэр орон нь хангалуун сайн амьдрах насны хоолоо олсон хэдэн арван гэр бүл аль хэдий нь үүсэн бий болсныг та мэддэггүй юмаа гэхэд би мэддэг болсон шүү.


Эдээр бие чимснээс эрмдээр биеэ чим. Нойр хоолоо хасч, тархи толгойгоо зүдрээн эрдэм номд шамдаж цаг барсны оронд гадаад имиждээ анхаарч, үс гэзэг, хумс хуруу, хувцас хунар зэрэг өөрт байгаа эд эрхтнээ аль сайхан талаас нь харуулж чадвал наанадаж гадаад дотоодын дажгүй нөхөртэй суухаас аваад TV од болох бүрэн боломж нээгдсэн сайхан ертөнц ирсэн болой. Болохгүй эд эрхтэнг гоо сайхны мэс заслаар засуулж, болохгүй царай зүсийг фотошопод найдан аргалуулвал энэ ертөнцөд бидний мэдэхгүй чадахгүй гэхийн зовлон үүрд арилж, жаргалын зам өмнө маань ямагт нээгдэх  болсон нь үлэмж сайшаалтай.

Дараагийн дугаарт улам бүр утгаа авч, “рейтинг” нь өсөх болсон хэлц үгсэд задлан шинжилгээ хийх амуй.                                                                       2010 он 10 сар

4 comments:

  1. Dajgui shuu bichih tusam ulam saijirna...amjilt husiye

    ReplyDelete
  2. huuhed ni yamar uulkun yum be shireendee jijigdeed

    ReplyDelete
  3. Angiin and Miigaadaa amjilt husie. Ugaasaa tolgoitoi sain bsan bolhoor ih hol yavna gedegt naidaj bn shuu...

    ReplyDelete

Сэтгэгдэл

Хулгана дагадаг оцон шувууд :-)