2011/03/21

ЭРТНИЙ ХЯТАДЫН ЦЭРЭГ ДАЙНЫ “36 СТРАТЕГИ МЭХ” ОРШВОЙ

Монголчууд 5000 жилийн түүхтэй соёл иргэншил бүхий Хятад угсаатантай тэмцэхдээ тэмцэж, эвлэрэхдээ эвлэрэн өнөө үеийг туулж иржээ. Хамгийн урт түүхэн харилцаатай, нэгийгээ хамгийн сайн мэдэж таньсан гэж боддог ч чухамдаа нээгээгүй олон зүйл бидний дунд байдаг. Түүний нэг болох орчин цагийн хэлээр “36 стратагем” гэх Эртний хятадын цэрэг-улс төрийн арга стратегийн тухай бид тун маруухан мэдлэгтэй явж иржээ. Ингээд та бүхэндээ уг үзэл баримтлалын талаар товч мэдээлэл бэлтгэснээ хүргэж байна.    

Энэхүү 36 стратагем (Thirty-Six Stratagems буюу эртний хятад ханзаараа - 三十六計 буюу пиньинь) бол эртний хятадын цэргийн арга тактик юм. Өргөн утгаараа давуу тал, санаачлагаа алдалгүйгээр нууц зорилгодоо хүрэхийн тулд ашиглаж буй шууд бус тактикийн ажиллагааны тогтолцоо, стратегийн далд арга явууллагын цогц ажээ. Харин стратагем (дайны уран мэх) гэдэг нь грек гаралтай үг бөгөөд чиглэсэн бай, объектынхоо сэтгэл зүй, байр байдал болон бусад нөхцлийг тооцоолох замаар нууц зорилгодоо хүрэх буюу ямар нэг зорилтыг шийдвэрлэхийн тулд чиглэсэн нарийн тооцсон дэс дараатай үйл ажиллагаа, үйлдлийн алгоритмыг хэмээн тодорхойлж болно.
 
Хятадад уг арга стратеги нь 3000 жилийн тэртээ бий болсон гэдэг. Гэхдээ “36 стратеги мэх” нь анх “Ван Цзинцзэгийн шастир”-ын 7 боть дээр анх дурьдагдсан байдаг аж. Ван бол Өмнөд Ци улсын (479-502) анхны эзэн хааны жанжин юм. Уг тактик нь яг 36 байсан эсэх байсан дээр судлаачид янз бүрийн саналтай байдаг. Нэг хэсэг нь үүнээс ч олон байсан агаад одоог хүртэл өвлөгдөн үлдсэн нь энэ гэдэг бол билэг тэмдгийн утгаараа анхнаасаа 6*6=36 байсан хэмээх нөгөө хэсэг нь үздэг. Уг дайн хийх арга тактик нь олон зуун жилийн туршид нууцлагдмал явсаар дөнгөж XX зууны дунд үеэс хятадын судлаачдын гарт орсон байна. Улмаар 1970-аад оноос л өрнөд дахин мэдэж эхэлсэн агаад 1988 онд герман хэл дээр бүрэн хэмжээний судалгааны бүтээл болон анх удаа хэвлэгджээ.
 
Тус бүрдээ 6 дэд хэсэг бүхий 6 бүлгээс уг стратеги мэх бүрдэнэ. Тухайн дэд хэсэг бүр тухайлсан тайлбар, түүх, хэрэгжүүлэх арга зам, баримтлах тактикийг дэлгэрэнгүй өгүүлсэн байдаг. Дараа дараагийн удаад улам дэлгэрүүлж хүргэхдээ боловсронгуй болгох тул эхний ээлжинд танилцуулах зорилгоор тайлбар, задаргааг нь алгасч, гол санааг нь аль чадлаараа орчуулан тавилаа. Утга санаа гажсан зүйл гарсан эсэхийг үгүйсгэхгүй.
 
1.    Ялагчийн стратеги мэх
-    Далай гатлахын тулд Эзэн хааныг ч мэхлэ.
-    Чжаог аврахын тулд Вэйг бүслэ.
-    Бусдын хутгаар ал.
-    Дайсан цуцахыг тайван хүлээ.
-    Түймрээр далимдуулан тонож дээрэмд.
-    Дорнодод шуугиан дэгдээгээд өрнөд рүү довтол.
 
2.    Дайсантай харьцах стратеги мэх 
-    Оргүй хоосноос ямар нэгэн зүйл үүсгэ.
-    Эртний гүүрийг засч буй мэт харагдангаа Чэньцанд нууцаар нэвтэр.
-    Голын цаад эргээс галаар халхлан ажигла.
-    Хутгаа инээмсгэлээрээ нуу.
-    Тоорын модыг аврахын тулд чавганы модыг золиосло.
-    Хонь шүүрэх завдлыг амд.
 
3.    Довтолгооны стратеги мэх-    Могойг айлгаж үргээхийн тулд өвсийг нь саваад.
-    Сүнсийг нь авчрахын тулд шарилыг нь дуурайж үйлд.
-    Уулнаас барыг хуурах замаар хөндий рүү буулга.
-    Ямар нэгэн зүйлийг барихыг хүсвэл эхлээд сул тавь.
-    Хаш чулууг авахын тулд тоосго хая.
-    Дээрэмчдийг барихын тулд эхлээд ахлагчийг нь барь.
 
4.    Дайсныг төөрөлдүүлэх стратеги мэх
-    Тогоон доорх галыг нь унтраа.
-    Булингартай уснаас загас барь.
-    Голионы алтлаг хуягийг шувтлан хая.
-    Хулгайчийг барихын тулд хаалгаа хаа.
-    Ойрын хөршөө цохихын тулд холын дайсантайгаа хавсайд.
-    Го улсаар нэвтрэн өнгөрөх мэтээр түүн лүү халд.
 
5.    Давуу талаа хангах стратеги мэх
-    Дам нурууны илжирсэн тулгуурыг солингоо, түүнийг хулгайл.
-    Ялмын модыг заангаа хуайс модыг буруутга.
-    Далд бодлоо нууж, тэнэг мэт аашил.
-    Дээвэр лүү мэхэлж гаргаад шатаа хураа.
-    Хиймэл цэцгээр хатсан модыг чимэглэ.
-    Гэрийн эзэн, зочны дүрийг соль.
 
6.    Ялагдах үеийн стратеги мэх
-    Гоо үзэмжийн мэх.
-    Хуурамч бэхлэлтийн мэх.
-    Дайсны бэхлэлтэнд өөрийнх нь тагнуулаар зөрчил үүсгүүлэх мэх.
-    Өөрийгөө шархтуулсан мэтээр дайсныг итгүүлэх мэх.
-    Гинжин арга мэх.
-    Зугтах бол хамгийн сайн мэх.
 
Дээрх “36 стратеги мэх”-ийг (стратагем гэдгийг мөхөс би вээр ийнхүү хэрэглэсэн болно) өдгөө барууны орнуудад нарийвчлан судалж буй бөгөөд хэрэглээний салбарууд болох маркетинг, менежмент, PR болон улс төр, эдийн засгийн ухааны үүднээс ч задлан судлан тодорхойлох оролдлого цөөнгүй гарч байгаа ажээ. Бидний хувьд ч энэхүү улс төр-цэргийн арга стратегийг нарийвчлан судлах нь дор хаяж нийгмийн ухааны салбаруудын хувьд харааны өнцгөө томруулах нэгэн бололцоог нээж өгөх ажгуу. 

2 comments:

  1. wow gaikhaltai. mash sonirkholtoi medeelel bnaa

    ReplyDelete
  2. www.hamagmongol.narod.ru/library/derenko_2007_r.pdf
    http://en.wikipedia.org/wiki/Haplogroup_C3_%28Y-DNA%29
    http://en.wikipedia.org/wiki/Xiongnu
    http://en.wikipedia.org/wiki/Haplogroup_O_%28Y-DNA%29
    http://en.wikipedia.org/wiki/Haplogroup_N_%28Y-DNA%29
    end yamar strategi bodlogo bain baij

    ReplyDelete

Сэтгэгдэл

Хулгана дагадаг оцон шувууд :-)