Дээрх үг манай хэвлэл мэдээллийн хэрэгслээр төдийгүй жирийн хүмүүсийн нийгмийн талаарх хэлэлцүүлэг, маргааны үед хамгийн түгээмэл ашиглагддаг үгийн нэг. Ер нь жаахан дургүй хүрсэн нөхрөө юмуу эсвэл тааламжгүй сэдвээ шууд “улс төржсөн” хэмээн зарлаад тавьчихдаг.
Ингээд уг ойлголтыг жаахан тодруулж тайлбарлья.
Хэрэгтэй улс төржилт
Улс төр судлалын хувьд улс төржилт (politicization, политизация) хэмээх ойлголт үнэхээр бий бөгөөд нийгэмд улс төрийн үүрэг нөлөө нэмэгдэх, олон түмний улс төрийн идэвхи өсөх, нийгмийн амьдралын ямар нэг асуудал улс төрийн хүрээний анхаарлын төвд тавигдах явдлыг улс төржилт хэмээн ойлгож болно.
1990-ээд оны ардчилсан хувьсгал нь тухайн үеийн нийгэм-эдийн засгийн хямрал, олон улсын харилцаанаас гадуурхагдсан байдал, хүний жам ёстны эрх, эрх чөлөөг хязгаарласан байдал, улс төрийн зохисгүй удирдлага зэрэг асуудлаар өргөн хэлэлцүүлэг өрнөж, монголын нийгмийн хөгжлийн цаашдын хандлагыг хэрхэн тодорхойлох талаарх үндэсний дэвшилт сэхээтнүүдийн үзэл санааны өрсөлдөөн, товчхондоо маш том улс төржилтийн үр дүн болон гарч ирсэн билээ. Нийгмийн тодорхой үе, нөхцөл байдалд нийгмийг бүхэлд нь хамарсан улс төржилт явагдах зайлшгүй шаардлага үүсдэг. Тухайлбал, нийгмийн хувьсгал, системийн шинжтэй өөрчлөлт хийх үүднээс бүх нийтийн санал хураалт явуулах, сонгуулийн үед улс төржихөөс өөр аргагүй юм.
Нийгмийн тулгамдсан асуудал улс төрийн амьдралын чухал сэдэв болох нь тухайн асуудлыг эергээр шийдвэрлэх, улс орны хөгжлийг урагшлуулахад том хүчин зүйл болдог
Тухайлбал, хотын утаа, хүн амын орон сууцны дутагдал, хүн худалдаалах хэрэг, хар тамхины хэрэглээ өсөх, гэр бүлийн хүчирхийлэл, боловсролын чанар муудах, дээд боловсрол эзэмшигчдийн жэндерийн зохисгүй харьцааны бий болох, хувь хүний виртуал мэдээллийн нууц алдагдах, инженер техникийн боловсон хүчний дутагдал, гаж төрөлт ихсэх, хорт хавдрын өсөлт, хүн амын шилжих хөдөлгөөн ихсэх зэрэг асуудлууд “улс төржсөн”-өөр шаардлагатай хөрөнгө санхүү босгох, нийгмийн ухамсар төлөвших, зохицуулалтын эрх зүйн болон ёс зүйн орчин бүрэлдэхэд чухал хөшүүрэг болдог юм.
Хэтийдсэн улс төржилт
Хэд хэдэн шалтгаанаар хэтийдсэн улс төржилт бий болдог.
Хүн гэдэг амьтан хоолоо олж идэх олон янзын арга мэхтэй. Үүний нэг нь болсон болоогүй сэдэв хөндөж, улс төрийн дуулиан тарих замаар ашиг хонжоо олж, амиа тэжээх хэдэн цаас олох явдал ардчилал хагас хугас хөгжиж буй улс оронд олноор ажиглагддаг.
Гэхдээ заримдаа хөндсөн сэдэв нийгмийн эрх ашигтай давхцах явдал гардаг. Ховор л доо ийнхүү "байгаа онох нь". Товчхондоо нийгмийн захиалгаар биш хувийн эсвэл бусдын сэдэлтэй улс төржих хандлага байдаг гэсэн үг.
Улс төрийн бодлого бодох тал дээр тааруу, бодлогод биш өөрийн реклам сурталчилгаанд илүүтэй анхаардаг эсвэл өөрийн нэр хүндэд сэвтэй үйл явдлаас олон түмний анхаарлыг холдуулах зорилгоор өөрийн олонд танигдсан байдлаа ашиглан үр ашиггүй сэдвээр яриа хэлэлцүүлэг өрнүүлж, үнэн бодит байдлаас хол асуудлаар толгой эргүүлж, улс төрийн ашиг хонжоо хайгчид “хэрэггүй” улс төржих нь бас бий.
Нийгмийн анхаарлыг тодорхой асуудалд татах чадвар ОНМХ-д үнэхээр өндөр. Гэвч зарим нөхцөлд хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ярианы сэдвээ олж ядах, эсвэл улс төрчдийн хуурмаг явууллагаар дэмий улс төржилтийг ихээр хөөрөгдөх тал бий. Тиймэрхүү жишээ монголын нийгмийн амьдралаас хангалттай олж болно.
Америкийн сэтгүүл зүйд “sexy” хэмээн жаргон хэллэг байдаг бөгөөд энэ үгээр ямар нэг сэдэв рүү хэт шимтэн бүгдээр хошуурахыг ойлгодог. Тухайлбал, Умард ирланд, Израиль, Палестинд нэг хоёр хүн үхсэн бол дэлхий нийтээр шуугидаг атлаа Бангладешт 50000 үерт үйж үхэх, Нигерт 1 сая хүн буудуулж нөгөө ертөнцөд одсоныг дуугүй өнгөрөх жишээтэй. Манайхан ч гадаад мэдээний хувьд ийм жишигтэй бөгөөд буриад, халимаг, өвөр монгол ахан дүүст учирсан гай зовлонг чимээгүй өнгөрөөгөөд маньд хамаагүй "өмнөд туйлын оцон шувуу 3 өндгөө хэрхэн хөлдөөсөн" тухай мэдээг дамжуулах явдал олонтаа ажиглагддаг.
Хэтийдсэн улс төржилтөөс болж хийсвэр оновчгүй шийдвэр дүгнэлтүүд хийгдэж, нийгмийн хүч нөөцийг дэмий зүйлд зарцуулах хор учруулдгаараа муу үр дагавартай. Зарим нөхцөлд үндэсний аюулгүй байдал, оршин тогтнолд аюул учруулахуйц байдалд хүргэж, улс үндэстэн доройтсон жишээ ч бий. Тухайлбал, миний сонссоноор Өмнөд Хятадын тэнгист орших нэгэн арлын 4 сая хүнтэй орон хөрш улсын аюулыг хэт улс төржүүлэн үнэлэн, улмаар дайн зарлаж, удалгүй харьяанд нь орсон тал бий гэдэг шүү.
No comments:
Post a Comment
Сэтгэгдэл