Тусгаар тогтнол. Сэтгэл зүрхний минь нандин үгсийн нэг. Хүн чанар, эрх чөлөө, хүсэл тэмүүлэл, эжий аав, эхийн сүү, хайр дурлал, амраг хайртай гэргий, удам залгах үрс, найз нөхөд, шударга зан, ноён нуруу, омог бардам, сэтгэл уужим амьдрал, эх орон, миний чиний бахархал, сайхан дурсамж гэдэгтэй адил эрхэм бодол минь.
Бид тусгаар тогтнолыг хэн нэгнээс гуйж аваагүй. Бүр бурханаас ч гуйх шаардлагагүй. Тэр угаас Монголчууд бидэнд заяамал зүйл. Монгол бол тусгаар тогтнол. Тусгаар тогтнол бол Монгол.
Гэхдээ тусгаар тогтнолыг тунхаглан зарлаж байх ёстой. Жилд нэг биш, харин өдөр бүр. Тэгэхгүйгээр бусад нь мартана, бүр өөрсдөө ч будилна. Тэр бодлогоор хамгаалагдаж, сэтгэл хөдлөлөөр илэрдэг. Тэр бусдаар хүлээн зөвшөөрөгдөж, өөрийнхөөрөө оршин тогтнодог.
Та бүхэнд нэрт зохиолчдынхоо Монгол орноо магтан дуулсан шүлгийн мөртүүдээс хүргэе. Бадаг бүрийг Монгол хүн бүр сэтгэл зүрхэндээ хадаж, бусдын нүүрэн дээр омог бардам бахархаж байх ёстой үнэт зүйлс минь юм шүү.
Хэнтий, Хангай, Соёны өндөр сайхан нуруунууд
Хойд зvгийн чимэг болсон ой хөвч уулнууд
Мэнэн, Шарга, Номины өргөн их говиуд
Өмнө зvгийн манлай болсон элсэн манхан далайнууд
Энэ бол миний төрсөн нутаг
МОНГОЛын сайхан орон
Бямбын Ринчен "МОНГОЛ хэл"
Урьдын бэрх цагт улс монголын хэт заяаг
Уйтгарлан бодоход урам зоригийг минь сэргээсэн,
Өөдлөн дэвжихийн төгс хувьтайд нь итгүүлсэн,
Өрнөн мандахын шинж бүрдсэн өвгөдийн минь хэл!
Цэндийн Дамдинсүрэн "МОНГОЛ нутаг"
Маш дэлгэр хангай минь
Мал сүргээр дүүрэн
Малчин олон МОНГОЛчууд
Жаргал цэнгэлээр дүүрэн
Ренчингийн Чойном "МОНГОЛ найраглал ":
МОНГОЛ гэдэг
Зоригтон эрс нь зодгондоо чангарч
Зогсоогоороо нөхчдөг
Зоримог сайхан эх орныг
МОНГОЛ гэдэг
Сарангуа саальчин
Салхинд уралсан сайхан эх орон минь
Дэндэвийн Пүрэвдорж "Тусгаар тогтнол":
Ханат цагаан гэрийн од хийморийн тоонон дээр
Хасаг халуун тулганы омог дөрвөн тотгон дээр
Хан Алтай аавын онгон тэргvvн оргил дээр
Хатан Сэлэнгэ ээжийн одод орчих мандал дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Чойжилийн Чимид "Би МОНГОЛ хүн":
Өвгөд хөгшид дээдсийн минь
Yрээ гэж найдаад
Yлдээж надад өгсөн
Өнөр МОНГОЛ орны
Нар нь намайг гийгүүлж
Нарийн салхи нь үлээж
Намираа хур нь тэжээж
Найртай сайхан орон минь
Бавуугийн Лхагвасүрэн "МОНГОЛын их хээр тал":
Нар нартай чулуунууд нь
Дуулгын дүрсэнд тоглосон
Намар намрын өвс нь
Нумын дүрсэнд тоглосон
МОНГОЛын их хээр тал
Тогоруу нь буцсан нуурын хөндүүр арилаагүй байхад
Тоссон газар шороо томдсон аз төөрөг
Очирбатын Дашбалбар "Салхиар ганхах цагаан өвсөнд ч амь нас минь буй":
Салхиар ганхах цагаан өвсөнд ч амь нас минь буй
Сайхан эх орон минь…
Сэтгэлээ ариусгаж, махан бодио өвс ногооны чинь ширхэг бүхэнд өгье
Санаагаараа жаргаж, гол усны ариун тунгалагт уусъя
Мөнх наст тэнгэр чинь намайг ширтэнэ, эх орон минь
Шагдарсүрэнгийн Гүрбазар "Би МОНГОЛоороо гоёдог":
Хөх Азийн цээжин дээр ирж буцахын учир
Хvмvvvний алтан заяа энд байхын учир
Туурайн тамгатай хөрсөн дээр
Унагатай хамт тэнцэж хөлд орохын учир
Тунгалаг шандны толиог
Хулантай хамт булаалдаж рашаан амсахын учир
Би МОНГОЛдоо мэндэлсэн
Цогдоржийн Бавуудорж "МОНГОЛын их амар амгалан":
Мордож буй улаан дээлтэй өвгөнМОНГОЛын их амар амгалан
Морины хөлөөс чөдөр уйдаж
Шөнийн талд гуних
МОНГОЛын их амар амгалан
Модон тэрэгний хөх дугуй
Шинэ өвсний солонго гишгэх
МОНГОЛын их амар амгалан
Цоодолын Хулан "Эх орон танаа":
Захчин, торгууд амтай хэлтэй мянгад чинь
Заяын хүрээ сахисан номхон торгон өөлд чинь
Босоо нүдэн сартуул, Дарьгангын дөрвөд чинь
Ботгоны мөр шиг МОНГОЛдоо бултаараа хайртай
Болоо юм биш үү, эх ороон?
Б.Галсансүх "Англи хэлэнд итгэж зориулав":
Шуурга тавьсан солирын бөмбөгдөлтөнд бөмбөрцөг 20 тэрбум жил ёолоод
Шөнө, сар хоёрыг төрүүлсэн нар 10 тэрбум жил ганцаардаад
Шоргоолж юм уу, өтний өвөг сарнаа явагч шиг хорвоог хэмжсээр зургаан тэрбум жил наслахад
Шугуйн жимсийг зах дээр надад 10 жилийн өмнө худалдаж байлаа
МОНГОЛын сонинууд японоор мэдээ нийтлэхэд би үхнэ.
Тусгаар Монгол орныг тунхаглан зарласны нэг өдрийн мэндийг бүх дэлхийн монголчуудад хүргэе. Сайхан МОНГОЛ эх орон минь. Даяар МОНГОЛын голомт минь. Та, чи, би, дэлхий дахин бүгд бахарх МОНГОЛоор.
МОНГОЛын эгэл жирийн эс, Элжгэн овогт Дашзэвгийн Мягмарсүрэн. 2010 11 26.













мундаг байна шүү
ReplyDelete