2010/11/25

ХОЁР СОЛОНГОСЫГ ХОЛБОХ ГҮҮР БОЛЪЁ

Коммунизм манай оронд ахиц дэвшил хөгжил авчирсан бол зүүн Европын орнуудад ухралт, хоцролт болсон. Харин Солонгосын ард түмэнд хуваагдмал байдал, үзэл суртлын гайг өгсөн бөгөөд энэ нь одоо хэр үргэлжилж байна. Өчигдөр Өмнөд болон Умард Солонгосын хооронд дайн гарах шахав. Умардууд аль 1950-иад оны үе шигээ Өмнөдийн өдөөн хатгалгыг амжилттай няцаалаа хэмээн ард түмэндээ мэдэгджээ. Энэ үйл явдлыг манай мэдээллийн хэрэгслүүд шуурхай дамжуулсан. Олон нийтийн дунд ч ингээд дэлхийн III дайн эхлэж байгаа нь энэ үү гэсэн таамаг газар авсан бололтой. Гэхдээ ийм дайн гарахгүй нь мэдээж. 


Умард Солонгос бол өдөр ирэх тусам ганцаардаж буй орон. Тэдэнд Иран шиг шашны ахан дүүс, Венесуэлийн Уго Чавес, Боливийн ерөнхийлөгч Эво Моралес гэх мэт шуугиан тарагч найз нөхөд байхгүй. Мөн Ирак, Афганистан шиг газрын тос, ашигт малтмалын нөөц ч үгүй. Хятад улс ч Умард Солонгосыг илэрхий дэмжихээ больсон. Тэгэхээр дэлхийн Умард Солонгосоос болж хоёр хуваагдана гэж байхгүй, харин ч нэгдэж мэдэх юм. Учир нь энэ хямрал Азийн төдийгүй дэлхийн хөрөнгийн биржүүдэд сөрөг нөлөөгөө аль хэдий нь үзүүлээд эхэлчихлээ.

Олон орны шинжээчид уг үйл явдлыг Хойд Солонгосын удирдлаганд шинээр гарч буй 27 настай генерал Ким Чен Ирийн бага хүүтэй холбон тайлбарлах боллоо. Нас дээр гарсан өвгөн коммунист халаагаа өгөхдөө хаан ширээ шиг угсаа залгамжлуулж буй юм. Уг нь коммунист онол, үзэл сурталт энэ шиг харш юм байхгүй. Гэхдээ генералын хүү л генерал болно гэдэг онигоо шиг угсаа залгамжлах тогтолцоо коммунизмын сүүлчийн бат бэх цааз болсон Куба, Умард Солонгос хоёрт л хэрэгжиж байна. Дундад Азийн посткоммунист орнууд ч ингэж зүрхлэхгүй дороо эргээд байхад. 
 
Хэдхэн сарын өмнө л арван хэдтэй үеийн зурагнаас өөр сураггүй байсан Ким Чен Ун эцэгтэйгээ Хятадад айлчилж олны өмнө ил гарах болсон. Удалгүй ахыгаа алуулахаар төлөвлөгөө зохиосон, цэргийн өндөр албан тушаалд томилогдсон гээд түүний тухай шуугиан намжаагүй. Одоо 30 хүрээгүй энэ генералыг нэгэнт дэлхий таньдаг болж. Хэрэв хоёр ахынхаа адил Швейцарын Бернд боловсрол эзэмшсэн энэ залуутай өчигдрийн мөргөлдөөн холбоотой бол базаахгүй л хэрэг. Үнэхээр энэ залуу засгийн эрхийг гартаа аваад иймэрхүү үйлдэл дахин гарвал түүний ирээдүй Саддам Хусейн шиг болдоггүй юм аа гэхэд түүнийхээс төдий л хол зөрөхгүй байж мэднэ. 
 
Гэхдээ одооны энэ мөргөлдөөнд дэлхий нийт цэрэг дайны хүчээр хандахгүй нь мэдээж. Аль болох энхийн гэрээ хэлэлцээрийн аргыг сонгож, ширээний ард суух нь ойлгомжтой. Эндээс л хоёр Солонгосын асуудалд зуучлах үүргийн Монгол улс гүйцэтгэж болох юм гэсэн бодол төрөөд байна. Яагаад Улаанбаатарын тунхаг ч юм уу уулзалт гэсэн түүхэн үйл явдал байж болохгүй гэж. Ийм санааг өмнө нь Баабар гаргаж Зүүн хойд Азийн нийгэмлэгийнхээ хүрээнд нилээд идэвхтэй ярьж ажил хэрэг болгохоор хөөцөлдөж байсан санагдана. Манай улсын хувьд энэ асуудалд оролцсноор олон улсын нэр хүндээ өсгөх сайхан боломж гарах юм. Үүний дагаад эдийн засгийн боломжууд ч гарч ирнэ.
 

Монгол XX зуунд Япон шиг Солонгосыг түрэмгийлж байгаагүй, АНУ, Хятад, Орос зэрэг гүрнүүд шиг энэ бүс нутагт өөрийн тусгайлсан том эрх ашиггүй. Тэгээд ч өнөөгийн байдлаар Өмнөд, Умард хоёр Солонгостой найрамдалт харилцаатай ба аль алинтай нь маргаантай асуудал үгүй. Ганцаардаж хань хамсаатан хайх Умард Солонгостой эртний ах дүүгийн найрамдалт харилцаатай. Монгол улс энэ асуудалд оролцож олон улсын тоглолт хийхэд Орос, Хятадын зүгээс илт дүргүйцэхгүй нь лавтай. Харин Япон, Европын холбоо, АНУ хувьд биднийг дэмжих магадлал ихээхэн өндөр. 

Тэгэхээр бидэнд одоо санаачлага л хэрэгтэй байна.
 
А. Энхбат. Анкара 2010. 11. 24

4 comments:

  1. Ene nuhur mun ulger yrij bna daa. Ochij ochij 3 say hurehgui hun amtai, yduurliin tuulid uragshguigeer mulhuj yvaa Mongoloor ene 2 uls zuuchluulj haradaach ee. Dund surgluuliin huuhdiin muduudul bichij baihiin orond ul suuritai, unenii ortoi yum bicheech ee.

    ReplyDelete
  2. Манай улсад байдаг олон сайхан боломжийн нэг нь 5 талт хэлэлцээрийг өөрийн улсдаа хийх явдал. 2 Солонгосын ЭСЯ-дууд байдаг цөөхөн улсын нэр нь. Хятад улс дангаараа Монгол улсын байр суурийгэзлээд байгаам. Гэхдээ бид ядаж агаарын бохирдлоо шийдчихээд ярих асуудал л даа.

    ReplyDelete
  3. bolishde. yu ni bolojku gej. gol ni odoo tsag ni bish bolovuu. ulger lav bish!!!!!!!

    ReplyDelete
  4. Solongosiin hoigiin asuudlaas umnu Mongoliin niigmee jaahan uragsh hugjuuleh ni Mongolchuud bidend chuhal. On gargaj Suriye-gees ochood yariya. he he. Bicheed baigaarai hu. Amjilt

    ReplyDelete

Сэтгэгдэл

Хулгана дагадаг оцон шувууд :-)