2011/04/12

ХАРИЛГҮЙ ЯАХАВ... ЮУНЫ ТӨЛӨӨ ЭНЭ ОЛОН ЖИЛ ЯВАВ.

"Цахим ярилцлага" булангийн маань 3 дахь зочноор Дани улсад ажиллаж амьдарч, Монгол хүний нэр хүндийг өндөрт өргөж яваа, чадалтай ч, боловсролтой ч нэгэн залууг урьж оролцуулсан болно. Математик, байгалийн ухаанд мөхөс мэдлэгтэй блогчин бээр тэр чиглэлийн асуулт асууж, "сорьж" чадаагүйгээ нуулгүй хэлэе. :-) Харин мэргэжил боловсролыг нь хариад очиход нь эх орон Монгол маань үнэлж цэгнэнэ гэдэгт итгэж байна аа. 
 
Д.М: Эхлээд өөрийгөө товч танилцуулая. Нэр ус, хаана ямар мэргэжил эзэмшээд одоо хаана ажиллаж байгаа тухайгаа...?
Ү.О: Намайг Үүеэгийн Отгонбаяр гэдэг. Нийслэлийн 11-р сургууль төгсөөд, 1994 онд МУИС-д элссэн. Математикийн тэнхимд суралцаж байгаад, дундаас нь Япон явж Токиогийн Их сургуулиас бакалавр, мастерийн зэрэг хамгаалсан. Үргэлжлүүлээд АНУ-ын Пенсильва́ний их сургуульд “Коммютатив биш геометр” (The local index theorem in noncommutative geometry) сэдвээр Ph.D хамгаалсан. Одоо Дани улсын Копенгагений Их Сургуульд судлаач багш хийдэг. 


Д.М: Копенгагений Их Сургуульд яг ямар сэдвээр хичээл заах уу?
Ү.О: Энэ жил бол "функционал анализ", "коммютатив биш геометр", "K-онол" гэсэн сэдвүүдээр хичээл заасан.
 
Д.М: Надад бас бахархалтай байна л даа, Монгол хүн европын нэг их сургуульд багшладаг гэхээр...
Ү.О: Баярлалаа.
 
Д.М: Эх орондоо очоогүй удаж байгаа юм байна даа?
Ү.О: Монголдоо зун болгон шахуу очно л доо. Гэхдээ удаан хугацаагаар очиж амжаагүй л байна.
 
Д.М: Боловсролын салбар, заах арга зүйг нь харьцуулбал манай давуу тал, сул талын талаар? Гэхдээ одоо монголын боловсролын тогтолцооноос нилээн төсөөрсөн байх аа?
Ү.О: Харин тийм, Монголынхоо боловсролын тогтолцоог сайн мэдэхгүй болж. Багш нарынхаа заах арга зүйд нь анхаарал тавьдаг гэдэг утгаараа эндэхийн заах арга чадвар арай илүү байж магад. Гэхдээ Монгол ч айхтар хол хоцрохгүй байх. Харин мэргэжлийн чадвар гэвэл Монголд дутагдалтай зүйл олон. Ялангуяа зарим нэг чиглэл их хоцрогдмол юм шиг санагддаг. Мэдээж сүүлийн жилүүдэд өөрчлөгдсөн зүйл ч их байгаа байх л даа, түрүүчээсээ гадаад дотоодод төгссөн хүмүүс буцаж очиж байна. Сүүлийн жилүүдэд өөрчлөгдсөн зүйл ч их бий байх.
 
Д.М: Өөрийн чинь мэргэжлээр өөр гадаадад ажиллаж буй монгол эрдэмтэн судлаачид хэр байдаг вэ?
Ү.О: Яг миний мэргэжлээр ажилладаг хүн гэвэл би сайн гадарлахгүй байна. Гэхдээ Лондонд байдаг Алтаннарыг танина. Канадын МкГиллдийн их сургуулийн Гантөмөрийг эчнээ танина. Тэд мөн математикийн мэргэжлээр багшилж, судалгаа хийдэг.
 
Д.М: Нэг уламжлалт асуулт байдаг даа, гадаад дахь монголчуудаас асуудаг: монгол хүний давуу тал юу вэ? гэдэг.
Ү.О: Монголчуудын давуу тал..., бүх хүнд хамаарах тийм зүйл гэхээр сайн мэдэхгүй юм, гэхдээ Японд байхдаа анзаарч байхад, Монголчууд амархан орчиндоо дасдаг, хэлний авъяастай юм шиг санагдсан.
 
Д.М: Хүний газар яваа монголчууд “За, энэ улсаас үүнийг нь л Монголдоо нэвтрүүлчих юмсан гэж...” боддог ш дээ?
Ү.О: Одоо амьдарч байгаа Копенгагенаас Улаанбаатартаа нэвтрүүлэх зүйл гэвэл парк, цэцэрлэгт хүрээлэн. Копенгагены нийт талбайн 50% нь ногоон байгууламж эзэлдэг гэдэг юм билээ. Бас нийтийн тээвэр маш сайн ажилладаг. Тэгэхээр хотын төвд шавааралдах шаардлага гарахгүй. Өөрөөр хэлбэл, машинтай байх шаардлага бараг үгүй гэсэн үг. Автобус, метро, галт тэрэг нь нийт талбайгаа хамарч, тогтмол явдаг. Улаанбаатарын ногоон байгууламж, нийтийн тээвэр хоёрыг сайжруулахад хүмүүсийн амьдралын чанар эрс дээшлэх юм шиг санагддаг шүү.
 
Д.М: Монгол руугаа ер нь харина биз дээ? Хэзээ гэж төлөвлөж байна? 
Ү.О: Харина харина, харилгүй яахав. 3 жилийн дараа болов уу, буцахаасаа өмнө гэр бүлийн маань хүн мастераа хамгаалж амжуулах ёстой байгаа юм.
 
Д.М: Монголдоо очоод мэргэжлээрээ ажиллах ирээдүй бололцоо хэр байгаа гэж төсөөлөл байна? 
Ү.О: Ер нь бол мэргэжлээрээ ажиллах сонирхолтой байгаа. Юуны төлөө энэ олон жил явав. Харин тэр бололцоо нь хэр байгааг үнэндээ сайн мэдэхгүй байна, ямар ч байсан оччихсон байхад яаж ийгээд болох байлгүй дээ гэж бодож байна.
 
Д.М: Монголын ЗГ-аас гадаад дахь монголчуудтайгаа хамтран ажиллах талаар үйл ажиллагаа явуулаад л байдаг болтой. Тэр талар мэдээлэл авч байв уу? 
Ү.О: Саяхан “Монгол-германы гүүр” ТББ-аас нэг анкет бөглөөч гэсэн э-мэйл ирсэн байсан. Тэднийх тэр "зөгийн үүр"-ийг хэрэгжүүлэхэд оролцож байгаа гэж сонссон. Өнгөрсөн жилийн зун харихдаа "Гадаадад сурч амьдардаг Монголчуудын чуулга уулзалт"-ад оролцож мэдээлэл авсан.
 
Д.М: Данид монголчууд ямар чиглэлээр гол төлөв суралцаж, ажилладаг вэ? 
Ү.О: Данид монголчууд их цөөхүүлээ, нийтдээ 20-30 л байгаа. Янз бүрийн чиглэлээр л сурдаг, ажиллаж амьдардаг. Ноолууран эдлэлийн дэлгүүртэй хүн байхад эдийн засгаар, бүр үс засалтаар ч сурдаг хүн байдаг. Айлын хүүхэд хардаг хүн ч бий.
 
Д.М: Монголчуудын нэр хүнд Данид хэр вэ?  
Ү.О: Гайгүй шүү энд. Ер нь л Монгол гэхээр, анх удаа “Монгол хүнтэй тааралдаж байна” гэх хүн олон.
 
Д.М: Би харин европт монголчууд нэр хүндээ их алдаад байх шиг байна гэж бодоод байдаг л даа. 
Ү.О: Тийм үү, би сайн мэдэхгүй байна. Гэхдээ энд тэнд хулгай хийгээд явж байна гэсэн сураг бол сонсогддог л юм.
 
Д.М: Европын бусад орноор явах боломж гарч байв уу? 
Ү.О: Явж байсан, гэхдээ Монгол хүмүүстэй айхтар уулзаж, тааралдаж байгаагүй.
 
Д.М: Дани дахь Монголчууд хэр эв нэгдэлтэй, ойр дотно байдаг вэ? 
Ү.О: Энд Монголчууд эвтэй. Байнга уулзаж, хамтдаа хоол унд хийж иднэ. Мэдээж бүгдээрээ уулзалдахгүй л дээ. Боломж боломжоороо л...
 
Д.М: Харин манайхан хаа явсан газраа эв түнжин муутай гээд байдаг гэдэг ойлголт их түгээмэл болчихож. Тэгээд л асуусан юм. Монголчууд олшроод ирэхээрээ л эвдрээд байдаг болтой. 
Ү.О: 20, 30-хан хүн муудалцаад юу шалихав. Мэдээж дотор нь таарах таарахгүй хүн байлгүй яахав, гэхдээ ямар ч гучин хүнд байх асуудал.
 
Д.М: Данид Монголоос очиж, суралцаж ажиллах боломж хэр вэ? 
Ү.О: Суралцах боломж их тааруу, өндөр үнэтэй, дээр нь дани хэл сурах шаардлагатай гэдэг. Европын холбооны иргэндээ бол үнэгүй. Ажлын хувьд нарийн мэргэжлийнх бол гайгүй байж магад. Сүүлийн 2-3-н жилд хаа сайгүй "эх оронч" үзэл тархаад гэх юм уу даа, Дани атлаа гадаад нэртэй хүмүүст ажил олдох нь хэцүү болох хандлагатай болсон.
 
Д.М: Яагаад тэр үү?
Ү.О: Араб, ойрхи дорнодын орнуудаас ирж байгаа цагаачдын тоо хэтэрхий их боллоо гээд. Энэ бол зөвхөн Дани биш Швед, Англи, Австри гээд олон оронд ажиглагдаж байх шиг байна, тодорхой хэмжээгээр. Ази хүмүүст харьцангүй гайгүй, тоо нь их биш болохоор. Тэрнээс биш Мухамед гэдэг нэртэй бол ажилд ороход амаргүй байж магад хэхэ.
 
Д.М: За эх орондоо очоод мэргэжлээрээ нэг ийм л юм бүтээчих юмсан гэх бодол байдаг уу? 
Ү.О: Ямар ч байсан математик, арай ерөнхийлөөд хэлбэл, боловсролын салбарт л чадах чинээгээрээ зүтгэх санаатай байна.
 
Д.М: Гэр бүлтэйгээ байдаг гэсэн. Гэр бүлийн хүн нь ямар мэргэжлээр суралцдаг уу?
Ү.О: Манай хүн зураач, график дизайнер мэргэжилтэй. Энхбатын Халиун гэдэг. ШУТИС төгсөөд одоо энд үргэжлүүлэн суралцахын зэрэгцээ хувиараа ажилладаг.
 
Д.М: Уран бүтээлийн олз омог?
Ү.О: Өнгөрсөн жилийн арван сард Копенгагенд соло үзэсгэлэнгээ гаргасан. Одоо тэр үзэсгэлэн нь өөр газар үргэлжилж байгаа. Энэ зун шинэ үзэсгэлэн гаргах санаатай байгаа.
 
Д.М: Даничууд хэр хүлээж авч байна вэ? Ямар чиглэлээр зурах уу? 
Ү.О: Их дуртай хүлээж авдаг. Ер нь симболист зураг зурдаг, гэхдээ нилээн зураг нь Монгол аястай. Тэр нь их содон байдаг юм шиг байгаа юм.
 
Д.М: Монголд маань эрдэмтэн судлаачид нь бөх миссээсээ доогуур үнэлэгдээд байдаг гэсэн гомдол их сонсогддог. Энэ талаар таны бодол? 
Ү.О: Сайн мэдэхгүй юм байнаа, гэхдээ хаа газар тийм биш үү? Нийтийн хандлагыг авч үзвэл спортын тамирчид илүү популяр, олонд танигдсан байдаг санагддаг ш дээ. Харин засгийн газрын бодлого гэвэл өөр л дөө.
 
Д.М: Бид нийгмийн ямар салбартаа илүү анхаарал хандуулах шаардлагатай гэж анзаарагдаж байна вэ?
Ү.О: Энд боловсролдоо үнэхээр их анхаарал тавина. Бараг бүх хөгжингүй орон тийм хандлагатай. Их сургуулийн ажиллах орчноос авахуулаад бусад хангамж бололцоо сайн болохоор судалгаа хийх боломж ихтэй. Тэр хэмжээгээрээ сайн оюутан бэлтгэн төгсгөнө. Монгол ч гэсэн уг нь боловсролд их анхаарал тавьдаг санагддаг. Ялангуяа хувь хүмүүс их чухалчилж үздэг нь их олзуурхууштай. Харин төр засаг нь хэр анхаардгийг сайн  гадарлахгүй байна.
 
Д.М: Өөрөө Улаанбаатарын уугуул иргэн. Нийслэл маань хөдөөшиж байгаа гээд яриа их гардаг ш дээ.
Ү.О: Тэр нь юу гэсэн үг юм бол?
 
Д.М: Одоо хөдөөнөөс хүмүүс ихээр шилжин ирээд, хотын соёл алга болж байна, хот хөдөөрхүү болж байна гэсэн утгаар... 
Ү.О: Аан, сонсож байгаагүй юм байна.
 
Д.М: За за тэгүүл энэ тухай ярихаа больё, хэхэ 
Ү.О: Утгагүй маргаан шиг сонсогдож байна.
 
Д.М: За сүүлийн асуулт тавья. Математикч хүн гэргийнхээ симболист зургийг хэр ойлгож, уншиж чадаж байна? Харин ч дөхөм юм уу ойлгоход..?
Ү.О: Маруухан маруухан, мэдээж зурж байгаа явцыг нь харж байгаа болохоор шууд эцсийн зургийг нь харсанаас илүү "ойлгож" байж магад. Уран зураг үзэх бол дуртай, тэрнээс гавихгүй.
 
Д.М: За баярлалаа. Отгоо, ярилцага өгсөнд. Тэгээд судалгааны ажилд чинь өндөр амжилт хүсэе! 
Ү.О: Баярлалаа. Чамд ч гэсэн ажил амьдрал, блогт чинь амжилт хүсэе.

Москва – Копенгаген. 2011 04 09.

12 comments:

  1. сонирхолтой юм. Алтаннарыг мэдэх юм байна. Бас л мундаг залуу байдаг. эх орондоо сурсан мэдсэнээ зориулаарай л гэж хүсэе дээ.

    ReplyDelete
  2. Otgonbayaraas ih yum huleedeg dee. Mongoliin hamgiin mundag matematikch baih yostoi l hun...

    ReplyDelete
  3. Minii 2 naiz ch mundag shvv! Ta xoyortoo az jargal sain saixan bvxniig xvsie!!

    ReplyDelete
  4. za irehdee joohon beltgeltei ireh heregtei shuu. Tsev huiten, holgyi us ruu usruu usreh gej baigaa l gej bodoh heregtei. Gehdee manai uls yamar Afgan ch yumuu Afrikiin neg uls bish. Ta nar shig zaluus olnooroo ireed hiiye gesen hiih ni chuhal baigaam. Yamar neg ersdel garch l taaraa. Gantsaaraa bol hurdan yavna, Oluulaa bol hol yavna gedeg dee. Teriig l ireed sanah heregtei. Amjilt hsuye!

    ReplyDelete
  5. erdemtei xvn daruu ex murun dulguuun gej my nz ix mundag murtluu daruuxan shvv!

    ReplyDelete
  6. Manai Otgoo ch mundag matematikch bas huvi hun ni ih zov hun l de. Udahgui eh orondoo ireel shijignuuleed ogoh bailgui de. Ger bultei bolsoniig ni harin medeegui yavj bayar hurgie.

    ReplyDelete
  7. Д.М: За сүүлийн асуулт тавья. Математикч хүн гэргийнхээ симболист зургийг хэр ойлгож, уншиж чадаж байна? Харин ч дөхөм юм уу ойлгоход..?
    --> Goyo asuult goyo xariult baina...

    Ta shuu, unexeer xarj dagaj suruushtai senpai gej boddog .
    Erdembat

    ReplyDelete
  8. Их мѳрѳн дѳлгѳѳн эрдэмтэй хүн даруу гэж.
    Хайртай 2 найз даа. Ажил амьдралын амжилт хүсье! Монгол бахархал.

    ReplyDelete
  9. huurhun aashtai, tsoglog erch huchtei, saihan zaluu ger bul,..danid bdag erch hucheeree dandaa tsoglog uudrug mundag bgaarai ta 2 min!

    ReplyDelete
  10. Мундаг залуучууд бүгдээрээ Монголдоо ирж, сурсан мэдсэнийхээ хэргийг гаргаасай, энэ залуус шиг.

    ReplyDelete
  11. Монголдоо ирээрэй л гэмээр...гэхдээ манайх чинь энэ эрдэмтэй сайхан хүмүүсийн боловсролыг үнэлээд хангалттай цалин мөнгө өгөөд, зохих мест дээр нь тавиад ажиллуулж чаддаг ч бишдэ. Ннэ хүний хийх ажлыг энэнээс дор юу ч мэдэхгүй арын хаалганы 1 нөхөр хийгээд л удирдаад явна гэхээр утгагүй биздээ. Үнэн байдал яг л ийм байгаа, тийм учраас гадаадад өндөр боловсрол эзэмшсэн хүмүүс ирэх дуртай биш, ирсэн ч буцаад л явчихдаг нь тэдний буруу бишдээ.

    ReplyDelete
  12. Myagmarsuren bagshaa ta ZAluuchuudiin xolbooni darga Мөнхбаттай ямар адилхан юм бээ

    ReplyDelete

Сэтгэгдэл

Хулгана дагадаг оцон шувууд :-)