2014/12/20

ШИНЭЧЛЭЛИЙН ЗАСГИЙН ГАЗРЫН ПОПУЛИЗМ БА ШИЙДЛИЙН ЗАСГИЙН ГАЗРЫН ПРАГМАТИЗМ

Эдийн засаг бол улс төр
“Шинэчлэлийн Засгийн газар” шинэчлэгдээд сар гаруйхан болж байна. “Шийдлийн Засгийн газар” ажилдаа ороод удаагүй. Монголчууд өмнөх засгийн паянг мартаж, харин шинэ засгийн өнгө төрхийг шинжлэх, ирээдүйг нь таамаглан оюун бодлоо уралдуулах болов.
Юун түрүүнд олон нийтэд хүлээлт үүсгээд байсан Мэргэжлийн Засгийн газар хийгээд Ерөнхийлөгчийн зүгээс шахамдуулсаар ирсэн “давхар дээлгүй засаг байх” горьдлого талаар боллоо. Жам ёсоороо нам, фракцуудын төлөөллийг тэнцвэртэй хангахад Ерөнхий сайд Ч.Сайханбилэг бүх хүчин чармайлтаа тавилаа. Цаашдаа ч бусад албан тушаалын задаргаан дээр хэрхэх тухайд нарийн тохиргоо хийгдэж буй сурагтай.

Зарим ажиглагчид Ч.Сайханбилэгийн засаг нь Н.Алтанхуягийн засгийн хууль ёсны залгамжлагч гэж үзэж байна. Өмнөх Засгийн газрын ХЭГ-ын дарга нь Ерөнхий сайдаар томилогдож, өмнөх засгийн алдаа дутагдлыг шүүмжлэх, хянахгүй байх тохироотой, томилогдсон зарим албан тушаалтнуудыг оролдохгүй байх үүрэг хүлээсэн гэсэн дам яриагаар бол залгамжлагч засаг мөн гэж хэлж болно. Ялангуяа бондын зарцуулалт юу болсныг олон нийтэд зарлах алхмыг цаашдаа хийхгүй бол тусгай даалгавар авсан нь батлагдах болно. Ямартай ч нам хүчний төлөөлөл, засгийн бүтэц бүрэлдэхүүн, дэвшүүлж буй зорилго, зорилтоороо бол Ч.Сайханбилэгийн танхим шинэ засаг мөн.
Өмнөх засагтай харьцуулахад “Шийдлийн” Засгийн газарт улс төрийн хэд хэдэн давуу нөхцөл бүрэлдсэн. Байнга шүүмжилж, талцуулан хувааж ирсэн гол сөрөг хүчнийг өөртөө уусгаж чадлаа. Ерөнхийлөгчийн зүгээс засаг бүрдүүлэхэд гар бие оролцож буй учраас хүүгээ бэрс болгоход анхаарна уу гэхээс золионд тавьчихгүй гэдэгт найдаж болно. Мөн амьдрал ахуй нь хэцүүдэж буй хэдий ч эдийн засаг сайжрахыг тэвчээртэй хүлээх ард иргэдийн итгэл найдлага байна. “Стратегийн” хэмээгдэх ордуудад хөршүүдийнхээ оролцоог хангана гээд бултаж бухимдуулсан явдал ард хоцорч, хөрш гүрнүүдтэй харилцаагаа бүлээсгэж амжсан. Өөрөөр хэлбэл, улс төрийн гадаад, дотоод нөхцөл талаасаа харьцангуй дарамт шахалт багатай байх нь. Тийм ч учраас Ч.Сайханбилэг УИХ-ын индэр дээр “Дэмжлэгтэй Засгийн газар” байна гэж бардам дуугарсан биз.
Ингэхээр шинэ Засгийн газрын улс төрийн зорилгод эдийн засгийн хямралыг даван туулах, чадвал сэргээн тэнхрүүлэх чухал сорилт бэрхшээл тулгарч байна. Тийм ч учраас Монголын эдийн засагт асуудал тулгарсныг хүлээн зөвшөөрч, түүнийг хэрхэх талаар өөрийн санал, арга замыг дэвшүүлж хэрэгжүүлнэ гэсэн утгаар “Шийдлийн Засгийн газар” гэж нэрлэсэн байж таарна.
Үүнээс үлдсэн хугацаанд Шийдлийн Засгийн газар юу хийж амжих ёстой вэ гэдэг асуулт тавьж болох юм. Үлдсэн хугацаа гэдэгт 2016 оны УИХ-ын ээлжит сонгууль хүртэлх хугацааг баримжаалж байна. Өмнө нь огцорно хэмээн ёрлоод яахав. Тэртээ тэргүй унагах дээрээ хүрвэл алга урвуулахын төдий ажиллагаа хийхэд хангалттай байдаг улс төрийн тогтолцоотой улс орон юм хойно...

Эдийн засгийг засан тохинуулахуй
Санаагаар болдог бол 2012 онд байгуулагдсан нь “Шийдлийн” Засгийн газар байгаад учирч буй хямралыг даван туулах, бүсээ чангалах арга хэмжээг авч, үлдсэн хугацаанд нь аж үйлдвэр, бүтээн байгуулалтын алхмуудыг хэрэгжүүлэх “Шинэчлэлийн засаг” байсан бол илүү үр дүнтэй байлаа. Эхэн үед нь бүр “Хямралын эсрэг яам”-ыг байгуулаад, одооноос “Эдийн засгийн хөгжлийн яам” байгуулсан бол болохгүй гэх газаргүй байв. Шийдлийн Засгийн газрын “Эдийн засгаа системээр нь оношилж, хөрөнгийн хангалттай нөөцтэй, менежментийн зөв тогтолцоотой, эрсдэлийн шуурхай удирдлагатай эдийн засгийг бий болгох” зорилтыг хоёр жилийн өмнө дэвшүүлсэн бол гэж харамсаж сууна. Гэвч манайд улс төрийн бодлого, үйл ажиллагаа алдаанаас урьтаж биш, алдаагаа засах гэсэн урвуу дараалалтай явдаг нь жишиг болж дээ.
Ч.Сайханбилэг Ерөнхий сайдаар томилогдсон даруйдаа Засгийн газрынхаа баримтлах тэргүүлэх чиглэлийг “Эдийн засаг” болохыг УИХ-ын чуулган дээр онцлон дурдсан. Үүний тулд хэд хэдэн үе шаттай бодлого хэрэгжүүлэх шаардлага тулгарч байна.
Юуны өмнө тэлсэн эдийн засгийн хэрэглээг танаж бууруулах ажил орно. Үр ашиггүй төрийн өмчийн компаниудыг хувьчлах, татан буулгах, нэг даргад оногдох зөвлөх, орлогч, туслахын орон тоог цөөлөх гээд төрийн зардалтай холбоотой ажил байна. Үрэлгэн төсвийг танахын тулд нийгмийн халамжийн зарим арга хэмжээг ч хязгаарлах шаардлага бийг хэлэх хэрэгтэй. Гэхдээ энэ нь шооны зөвхөн нэг тал нь. Цаана нь хоёр орон тоогоор хэмжигдэх инфляцыг тогтоон барих, гадаад худалдааны алдагдлыг тэнцвэржүүлэх зэрэг эдийн засгийн хасах балансыг ядаж тавиад туучихгүй байх зорилго тавигдаж байна.
Улмаар жилээс жилд 40-50 хувиар буурч байгаа гадаадын хөрөнгө оруулалтыг өсгөх, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, хэдэн жил хий хоосон ярьсан аж үйлдвэржүүлэх төслүүдийг ахиулах, “Чингис” бондын эхний ээлжийг төлөх хөрөнгийг босгох, нэлээд эвгүй байдалтай гэгдэх зарим арилжааны банкуудын санхүүгийн байдлыг тогтворжуулахад дэмжлэг үзүүлэх зэрэг цаг хугацаа, хөрөнгө, хүч чармайлт шаардсан олон ажил хүлээж байна.
Гэтэл нөгөө талаас үлдсэн хугацаанд юу хийж амжих вэ гэдэг асуулт тавигдаж байна. Хүсэл байвч чадал үгүйн зовлон тойрч биш, дайрч ирдэг нь жижиг улсын зовлон хойно...

Популист бодлогоос прагматик хөтөлбөр лүү
Хоёр жил гэдэг эдийн засгийг хямрааж, нураахад хангалттай хугацаа. Харин сэргээн босгож, хөгжүүлэн цэцэглүүлэхэд хүрэлцэхгүй шахуу хугацаа. Ер нь эдийн засгийг хөл дээр нь босгоод, олсон амжилт ололтоо хадгална гэдэг амаргүй асуудал.
“Сэлфи хийж чадах уу, яаж хийдгийг харах уу?
Гэдий, төмбий, хотой, оцой” хэмээх дууны бадаг шиг эдийн засгийг “ингэ тэг” гэсэн хялбар зааварчилгаа, “ингэвэл болчихно, тэгвэл бүтнэ” хэмээх шулуун амлалт, санаачилгаар хөгжүүлж болдоггүй нарийн төвөгтэй салбар.
Хямралыг даван туулах, эдийн засгийн өсөлтийг хангахын тулд нөхцөл байдалд оновчтой дүн шинжилгээ, тохирох бодлого хөтөлбөр боловсруулах шаардлага тулгарна. Энэ нь аль нэг мэдэмхий улстөрч, нам хүчний цээжний бангаар хийсэн мэдэгдэл, хэн нэг судлаач шинжээчийн сайн дурын таамаглал, заавар зөвлөгөөгөөр бүтчих үйл хэрэг биш. Хөгжингүй орны жишгээр энэ нь олон салбарын мэргэжилтнүүдийн хамтын ажиллагаа, судалгаа, шинжлэх ухааны нарийн арга зүйд суурилсан үйл ажиллагаа байдаг. Мэдээж улс төр, эдийн засгийн нөөц бололцоог хэзээ, хэрхэн, яаж хуваарилж дайчлах арга хэлбэр, төлөвлөсөн зорилтыг хэрэгжүүлэх улс төрийн институцийн бодлого, тактик, цаашлаад дэлхий дахин, бүс нутгийн нөхцөл байдлаас ихээхэн шалтгаалдаг.
Хөндлөнгийн ажиглагчийн хувьд өнгөрсөн хугацаан дахь төрийн бодлого, үйл ажиллагаа, өнөөгийн гадаад, дотоод нөхцөл байдлыг товч дүгнэх үндсэн дээр дараах таамаглалыг дэвшүүлж байна.
Томоохон бүтээн байгуулалтад чиглэсэн бонд босгох, зээл авах бололцоо нөхцөл үндсэндээ хязгаарлагдсан. Нэг талаас бусад улс орнуудын хувьд Монгол Улсын өр зээлээ төлөх чадвар эргэлзээтэй байдалд орсон хийгээд нөгөө талаас гадаад өрийн хэмжээ хэтэрхий нэмэгдсэн шалтгаанаар дээрх арга хэмжээг хэрэгжүүлэх боломжгүй болсон гэж үзэж байна. “Чингис”, “Самурай” бондын зарцуулалтын тайлагнал, хариуцлага тодорхойгүй үлдэж байгаа нь “дайран дээр давс” болов.
Гаднын хөрөнгө оруулалт ойрын хугацаанд бүү хэл, хэдэн жилдээ эрс өсөхөд төвөгтэй нөхцөлд орсон. Гаднын хөрөнгө оруулалт хумигдсан нь эрдэс баялгийн үндсэрхэг бодлого (resource nationalism)-оос гадна Монголын түүхий эдийн гол хэрэглэгч Хятадын хэрэгцээ буурсантай шууд хамааралтай. Цаашлаад Өрнөдийн үндэстэн дамнасан корпорацуудын хувьд Орос, Хятадын нягт хамтын ажиллагаа, геополитикийн хоршил тоглолт нь Монголд хөрөнгө оруулахаас болгоомжлох хандлагыг төрүүлэх магадлал өндөр. Өөрөөр хэлбэл, Монголын төр засгаас ямар ч хөнгөлөлттэй нөхцөл олгосон хөрөнгө оруулагчид уухайн тас орж ирэхгүй гэдгийг хэлэх байна.
Мөн өнгөрсөн хугацаанд төсвийн гол орлого болж байсан нүүрсний үнэ ханш ирэх хоёр жилийн хугацаанд өсч, экспортын хэмжээ нэмэгдэнэ гэхэд эргэлзэж байна. Дэлхийн зах зээлээс Хятад хамаарч, Хятадын эдийн засгаас Монгол Улс хамаардаг. Харин Монголын шаардлагатай дэд бүтэц, бодлого, менежментийн дутагдал нь эдийн засгийг хойш нь татах гол шалтгаан болж ирсэн. Цаашдаа ч үргэлжилсэн хэвээр байх төлөвтэй.
Нэгэнт хөгжиж буй улсын зэрэглэлд шилжсэн, хөрөнгө оруулалтаас хамааралтай эдийн засагтай Монгол Улс дахин хандивлагчдыг цуглуулан тусламж эрэх бололцоо байхгүй. Яахав, одоогийн эдийн засгийн төлөв байдал улам муудаж, өр зээлээ хүчрэхээ больж дампуурах үед донор орнууд тусламжийн гараа дахин сунгахыг үгүйсгэхгүй. Гэхдээ арай ч үүн дээрээ тулчихна гэж бодохгүй байна.
Ямартай ч үүлэн завсраар туссан нарны гэрэл адил хөрөнгө оруулалт, аж үйлдвэржилт, экспортын дэд бүтцийн бүтээн байгуулалтын том бололцоогоо алдсан Монголын Засгийн газар өөр гарц гаргалгаа хайж байна. Шаардлагатай хөрөнгө санхүүг босгохын тулд “Шийдлийн Засгийн газар” хэд хэдэн зорилт дэвшүүлжээ. Тухайлбал, Хөрөнгө оруулалтын сан байгуулж, тэдгээрт Хятад, Орос, Ойрхи Дорнодоос хөрөнгө мөнгө босгох зорилго дэвшүүлсэн сурагтай. Мөн Японтой байгуулсан эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг ажил хэрэг болгох, хоёр хөрштэй холбогдсон эрчим хүч, төмөр замын томоохон төслүүд нь эдийн засгийн тогтворжуулалтад чухал үр нөлөөтэй гэж шинэ Ерөнхий сайд тооцож байна. “Уулын буга хараад унасан морио голдог” монгол зангаараа уул уурхайн гэнэтийн орлогодоо бялуураад урьд нь эдийн засагт чухал байр суурь эзэлж ирсэн ХАА, аялал жуулчлалын салбарыг орхигдуулсан бодлогоо эргэж авч үзэхээ мөн амласан. Эцэст нь “Оюутолгой”, “Таван толгой”-н төслүүдийг үйл ажиллагаанд оруулахад гол найдлага тавьж байна. Эдгээр ажил хэргүүдийг уялдуулж зохицуулах зорилгоор туршлагатай эдийн засагч М.Энхсайханыг сайдаар томилсон нь санамсаргүй хэрэг биш.
Бүхэлдээ Шинэчлэлийн Засгийн газрын популист бодлогын алдааг Шийдлийн Засгийн газар прагматик хөтөлбөрөөрөө өөрчилж засварлах ажлын үр дүн хоёр жилдээ гарахгүй л болов уу. Ялангуяа 2015 онд эдийн засгийн нөхцөл байдал одоогийнхоос дээрдэхгүй гэсэн таамаглал давамгайлж байхад ихийг хийнэ гэдэг хэцүү. Н.Алтанхуягийн Засгийн газар огцрохоосоо өмнө төрийн албан хаагчдын цалинг 10 хувь “нууц”-аар нэмчихсэн тул ирэх жилдээ энэ талаар горьдолтгүй болсон. Харин 2016 он гарч, сонгууль ойртохоор инфляцын түвшинтэй уялдуулан цалин, тэтгэврийг жаахан нэмэх байх. Гэхдээ энэ бол эдийн засгийн хямралыг даван туулахтай ямар ч хамааралгүй улс төрийн арга хэмжээ.
Эцэст нь хэлэхэд их найдлага нь их итгэл алдралтыг дагуулдаг. Тиймээс ирэх хоёр жилийн хугацаанд Шийдлийн Засгийн газарт хэтэрхий их найдлага тавих нь илүүц, их зүйл хүлээх нь бүр ч хэрэггүй. 2016 оны сонгуулийн дараагаас зарим эерэг үр нөлөө нь тусч байвал их юм. Таамаглаж байгаагаас илүү амжилт олж, эдийн засгийг сэвхийтэл босгож чадвал дараагийн удаад үргэлжлүүлэн ажиллахад нь нэг ч болтугай саналаар дэмжинэ гэдгээ иргэн хүний хувьд амлая.
Судлаачид бодит байдлыг шүүмжлэлт байр сууринаас хэлж, харин улстөрчид хийж, амжуулж чадаагүйгээ сэтгэл татам тайлбарлах чадвартай хойно гутранги таамаглал дэвшүүлснийгээ өөрийн үүрэг гэж ойлгож байна.



1 comment:

  1. Nhìn thấy điểm này, Từ Du Mạn càng thêm yên tâm, cười nói với Âu Dương Nhất Phàm:
    “Anh Âu Dương, anh có phải ghét bỏ chỗ em có mùi, cho nên cũng không muốn đi vào hay không?” Tiếng anh cho người đi làm
    Tiếng anh cấp tốc
    Luyện thi toeic tại hà nội
    Tiếng anh cho người lớn tuổi
    Tiếng anh cho người mới bắt đầu
    Học tiếng anh tại hà nội
    dạy tiếng anh cho doanh nghiệp
    “Không phải, dĩ nhiên không phải.” Âu Dương Nhất Phàm vội vàng phủ nhận nói. Anh làm sao có thể

    ReplyDelete

Сэтгэгдэл

Хулгана дагадаг оцон шувууд :-)