2011/06/28

ЗУРГААДУГААР САРЫН ХОРИН ДӨРВӨН

Зургаадугаар сарын 24. Хуанлийн тооллын нэгэн жирийн өдөр. Харин монголын улс төрийн амьдралд олон олон шинэлэг үр дүн дагуулах жинтэй үйл явдлуудаар дүүрэн энэ оны зургаа дугаар сарын 24. Энэ жирийн нэгэн өдрийн өрнөл улс төрийн хүрээнд шинэлэгээс гадна цөөнгүй огцом үйл явдлуудаар дүүрэн басхүү түүний тусгал нь ойр болон алсдаа үл тасалдан хөврөх мэт санагдаж, энэ талаарх бодлоо судлаачийн хувьд тэмдэглэж сууна.

HAPPY BIRTHDAY
Энэ өдөр Монгол Улсын 26 дахь Ерөнхий сайд, Монгол Ардын Намын дарга Сүхбаатарын Батболдын 48 насны ой тохиов. Ерөнхий сайддаа, намын даргадаа, журмын нөхөртөө төрсөн өдрийн баяр хүргэсэн ил захидал, мэйл, мэндчилгээнүүд хэвлэл мэдээллийн хэрэгсэл, түүний дотор сүүлийн үед ихээхэн хүчээ авсаар буй фэйсбүүк, твиттерээр нэг хэсэгтээ явлаа.
 
“...Дөч гарсан эр” гэдэгчлэн улс төрийн нас, хүч чадал нь ид жигдрэн буй төрсөн өдрийн баяр уян яруу мэндчилгээ, өнгө өнгийн бэлгээр дүүрэн өнгөрсөн байх.

ХАЙРТАЙ ШҮҮ НАМЫН ДАРГАА
Ардын намын бүсгүйчүүд аргагүй л эмэгтэй хүний торгон ухаан сийлж намын даргынхаа насны ойтой давхцуулан Их чуулганаа хуралдуулав. Намын дэргэдэх эмэгтэйчүүдийн холбоо хурлаа хийх, хийхгүй нь тодорхой бусаар багагүй явсан. Учир нь нам уугуул нэрээ сэргээн авсан түүхт XXVI их хурлын дараахан нэгэнтээ хуралдан холбооныхоо нэрийг “Нийгмийн ардчилал” Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо хэмээн өөрчилсөнөөс өөр гавьтай салхи оруулаагүй юм.
 
Харин энэ өдрийн хурлаараа 12 жил тус холбоог удирдан “Мубарекмаа” болохоо шахсан тэргүүнээ сольж, УИХ-ын гишүүн Д.Оюунхоролыг Ерөнхийлөгч /шинэ дүрмээр ингэж нэрлэх болж/-ийнхөө өндөр сэнтийд залав. Шинэ ерөнхийлөгч, түүний шинэхэн хамтрагчдыг нам нь төдийгүй монголын улс төрийн орон зай хүлээлтээр угтаж буй. Хууль яаж батлагддаг ч бай 30 хувьд нэрээ зоохоос эхлээд ажил ч ундарч байгаа байх даа. Юутай ч сүйхээлэг бүсгүйчүүд намын даргынхаа төрсөн өдрийг тааруулан холбоондоо салхи оруулж, жендэрийн 23-т “би багтчихсан” гэх хүслээ дотроо шившицгээн баярын бялуугаа зүсэв бололтой.

BOMB-ТАЙ БЭЛЭГ
Энэ өдрийн нэгэн жигтэй явдал нь хагас жил илүү өрнөсөн ээдрээтэй асуудалд цэг тавьсан огцом шийдвэр байлаа. Өнгөрсөн оны 11 дүгээр сарын эхээр ээлжит Их хурлаа сүртэйхэн хуралдуулж, уугуул нэрээ сэргээн авсан Монгол Ардын Нам /МАН/-аас хэдэн хүн хаалга саван гарч одсон.
 
МАХН-ын түр штаб гэгчээр овоглож Н.Энхбаяраар удирдуулсан тэдгээр үзэл бодлын зөрүүтнүүд Ардын намын хуучин нэр болох “МАХН”-ыг сэргээн авах ажилд ханцуй шамлан орсноор тус нэрийг авч болно, үгүй өгөх ёсгүй, авна, өгөхгүй гэсэн маргаан зогсолтгүй өрнөсөн. Энэ хугацаанд дээд шүүх нэгэнтээ хуралдаж “no, ёстой өгч болохгүй юм байнаа” гэх тогтоол, Үндсэн хуулийн цэц дунд суудлын хуралдаанаараа Улс төрийн намын тухай хуулийн 15.6 дахь заалт нь “хууль зөрчөөгүй болноо” гэсэн тайлбарыг тус тус үйлдээд амжсан. Гэтэл эдгээр шийдвэрийн тайлал ч олигтойхон хийгдэж амжаагүй байхад дараагийн шийдвэр тас буулаа.
 
Хуулийн байгууллагын өмнөх зан, гаргасан шийдтэй харьцуулахад үнэхээрийн “огцом” гэж нэрлэхээс өөрцгүй шийдэл болсон юм. Түүнээс гадна “Яагаад заавал энэ өдөр гэж..?” хэмээх бодол хэн хүний тархинд урган гарна. Хариулт нь маш амархан ч юм шиг. Учир нь 6 дугаар сарын 24. Энэ нэрээр 85 жил нэрлэсэн намынх нь даргын төрсөн өдөр. Урд өдөр нь эсвэл даваа гарагт, магадгүй нэг үсэг бүү хэл үг өөрчлөөд шийдэж болох асуудлыг яг тэр нэрээр нь бас энэ өдөр шийдэхэд учир байсан л байж таараа. 90 жилийн түүхтэй эрх баригч намын даргын төрсөн өдөрт bomb-тэй бэлгийг хэн нэгэн илгээж, харин тэрхүү bomb дэлбэрдэг эсэх, дэлбэрвэл хэзээ, хэр хөнөөлтэй гэдгийг цаашдын өрнөл харуулах буй за.

“ЕРӨНХИЙ” УЛС ТӨРЧИЙН АЖИГЛАЛТ
Ц.Элбэгдорж. Энэ хүнгүйгээр одоогийн болон ойрын хэдэн жилийн улс төрийн өрнөлийг зохиох, таамаглах боломжгүй. Учир нь бие хүнийхээ төдийгүй улс төрчийн хувьд өөрийн орон зайг монголын улс төрийн талбарт нэгэнтээ бий болгож чадсаныг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Монгол төрийн тэргүүний хувиар хүндэтгэх учиртай ч байх. Харин энэ өдөр улс төрчийн дүрээр гаргаж харуулах нэгэн үйл явдалд оролцсон нь судлаачийн бичвэрт оруулахуйц анхаарал татсан юм.
 
Төрийн тэргүүний эрх, үүргийн хүрээнд УИХ-д суудалтай намуудын бүлгийн дарга нарыг хүлээх авах нь зүйн хэрэг. Харин уулзалтаас олигтой шийд гаралгүй, ийм нөхцөлд Ерөнхийлөгчөөс өгдөг “төрийн ажлыг гацаалгүйлгээр яаралтай үргэлжлүүлэх” хэмээх энгийн бөгөөд хэвшмэл албан даалгавар л гарснаар уулзалт өндөрлөв.
Улс төрчийнхөө хувьд “нууцхан хөзөр”-үүдээ хэзээ, яаж дэлгэхээ бодсоор хуулийн дагуу намаас түтгэлзсэн монгол төрийн тэргүүн хэмээх сэнтийгээс Ерөнхийлөгч ихэд анхааралтай ажиглан сууна.

ГЕНСЕКИЙН МЭДЭГДЭЛ
Сонгуулийн хуулийн асуудал хүндэрч УИХ-ыг гацаалаа. 50:26 эсвэл 52:24 гэсэн тооны маргаан юм шиг хэрнээ цаанаа сонгуулийн тогтолцоо, намын эрх ашиг, УИХ-д суух суудлын хуваарь, цаашид эрх барих эсэх, улс төрийн амьдралд хэр хүчтэй, удаан оршин тогтнох гээд олон асуудлыг ардаа хадгалж байгаа. Иймээс ч улс төрийн намууд өөр өөрийн хувилбарыг гаргаж, түүнийгээ зүтгүүлж байна.
 
Өрнөлийн дунд Ардын намын бүлгийн дарга, дэд дарга нар албан тушаалаасаа татгалзаж, шинэ хүмүүсээ томилж амжлаа. Харин түүнээс ганцхан хоногийн дараа буюу маргааш нь дээд шүүхийн шийдвэрээр монголд улс төрийн 19 дэх нам албан ёсоор байгуулагдаж, батламжаа гардан авлаа. Энэ намын талаар өмнө бичсэн. Уг шийдвэр нь бүлгийн шинэхэн дарга нараа томилоод сонгуулийн хуульдаа анхаарал хандуулж байсан Ардын намд бөмбөг адил тусах нь маргаангүй.
 
Аль ч намын гал тогооны ажлыг “генсек” л хариуцдаг. Буруу, муутай тэмцэлдэж, зөв, сайныг хөгжүүлэх, намаа өөд татах үүрэг тэдэнд л ногддог. Тэр ч утгаараа болж байгаа асуудалд “Улс төрийн зорилготойгоор хийсэн гэж үзэж байгаа” хэмээн хатуухан дүгнэлт хийсэн Ардын намын генсекийн байр суурийг мөн өдөр хуралдсан Удирдах зөвлөлийн хурлын байр суурь болгон харах боломжтой мэт. Магадгүй үгүйсгэлтгүй байх. Гэхдээ түүний тайлал нь ирж буй долоо хоногийн улс төрийн өрнөлөөс илт харагдчихна.

ТАЙЛАЛЫН ОРОНД
Улс төр халуурч байна. Зуны аагим халуун, гэнэт орох усан борооны цугласан ус шиг улс төр халуун бөгөөд эрчтэй басхүү хоржоонтой үргэлжилэх нь. Энэ өдөр санаандгүй атлаа учир холбоотой ч юм шиг, зарим талаас шинэчлэлийн өнгө аястай, зарим талаас улс төрчдийн янз ёоз, ухаан тэвчээр сорьсон агуулгатай, үр дагавар нь урхаг мэт хэд хэдэн жигтэй үйл явдлууд болов. Монголын улс төрийн орчныг донсолгож мэдэх огцом шийдлээр дүүрэн нэгэн баасан гараг, нэгэн 6 сарын 24 хэмээх хуанлийн жирийн л нэгэн өдөр ийн өнгөрчээ.
Судлаач Н.Батсүмбэрэл
Твит ID: batsumberel304
2011.06.27

No comments:

Post a Comment

Сэтгэгдэл

Хулгана дагадаг оцон шувууд :-)