2013/03/04

МОНГОЛЧУУДЫН НЭР НУУЦЛАХ ЁСОН ХИЙГЭЭД ХХ ЗУУНЫ ЭХЭН ҮЕИЙН СЭТГҮҮЛЧДИЙН НУУЦ НЭРИЙН ТУХАЙД


Сонин хэвлэлд зохиогчийг төлөөлөх нууц нэр тавигдах явдал нь дэлхийн аль ч улсад түгээмэл байдаг зүйл. Монголд тогтмол хэвлэл үүсэн бий болсон ХХ зууны эхэн үеэс л нууц нэр хэрэглэх явдал бас дэлгэрчээ. Өөрийн жинхэнэ нэрийг нууцлах нь нийгэм, улс төрийн олон шалтгаантай.   

Манай ард түмэн аливаа хүн, амьтан, юмс үзэгдлийг жинхэнэ нэрээр нь шууд хэлж, бичдэггүй хүндлэх, цээрлэх, өөрөөр нэрлэх, авгайлах зэргээр дуудж бичдэг уламжлалтай. “Ийнхүү өөр үгээр орлуулахыгаа “илт өгүүлэх ёс” (онжад) гэнэ. 


Өөрөөр хэлбэл ил тод хэлэх нэр түүний цаана жинхэнэ нэр нууцлагдсан байх ёс бөгөөд жинхэнэ нэрээ төлөөлөх нэрийг “илт өгүүлэх нэр гэдэг” хэмээн эрдэмтэн зохиолч Л.Түдэв бичжээ. Зарим үед хүний хоч, цол чимэг, албан тушаал нь уул эзнийхээ нэрийг орлох тохиолдол бий. Бас “Дүү хүн ахмад хүн, ах, эгч нараа хүндэтгэн ах, эгч, Ажаа, Амбаа, Бандгай, Дальдаа, Жиижээ, Додоо, Гагаа, Анжаа, Агаа, Адиа гэх мэт авгайлж хүндэтгэн нэрлэж байсны зэрэгцээ эцэг, эхийн нэрийг хэлдэггүй хүндэтгэлийн өөр үгээр, жишээ нь аав, ээж (эцэг, эх), ажаа хэмээн нэрлэдэг заншилтай бөгөөд  эцэг, эхийн нэртэй адил нэрийг дуудах нэрлэхээс цээрлэдэг ёс байжээ.” (“БНМАУ-ын угсаатны зүй” I. УБ., 19878 272-р тал) Тиймээс аав, ээжтэйгээ адил нэртэй хүнийг хэцүү нэрт хэмээх нь ч бий. 

Номын багш, ихэс дээдэс, ариун дагшин шүтлэгтэй уул, ус, дээдлэн шүтээн болсон араатан жигүүртнээ нэрээр нь дуудаж, ярьж бичихийг бас цээрлэнэ. Уул овоог Хайрхан хэмээн хүндлэн нэрлэж усанд ам гарч басдаггүй хэмээлцдэг бол ижил тэнгэртэй хүнд харагдаж, илүү тэнгэртэй хүнд аллагддаг гэх чоныг хангай, хээрийн нохой, боохой, мөн лусын амьтан хэмээн үздэг, могойг урт хорхой, хээрийн хорхой гэх зэргээр нутаг бүр өөр өөрөөр цээрлэн хэлдэг.

Өндөр уулыг үзвэл хайрхан гэж дууд
Өвгөд настантай золговол аав, ээж гэж дууд гэсэн зүйр үг ч бий.   

Шашин шүтлэг, ардын элдэв домын үүднээс бага насны хүүхдийг харуй бүрий, шөнө оройн цагаар далдын хар хүч, лус савдгийн хорлолоос хамгаалан гадагш авч гарахдаа хамрыг нь хөөдөн зүс буруулан хар халзан туулай болгон бэлгэддэг заншилтай бөгөөд нэрийг нь буруулан нууцлан миний хүү, охин гэх зэргээр дуудах. Учир нь харуй бүрэнхий үед элдэв хий, хийсгэвэр биетний хөл хөдөлгөөн ихэсдэг гэж үзнэ. Бас “энхрий <<тогтдоггүй>> хүүхэдтэй айл бүстэй хүүхэддээ <<Хүүхэн>> гэж зориуд нэр өгөхөөс гадна ер нь энхрий хүүхдэд Ухна, Майхант, Овоохойт, Хэнчбиш, Олдохгүй, Гүзээдорж, Бяруухүү, Нохойхүү, Шарнохой, Муунохой гэх мэт нэр” (“БНМАУ-ын угсаатны зүй”  1. УБ., 1987.  290-р тал) өгдөг заншилтай. 

Өвчин зовлон, гай барцад тохиолдсон хүн нэр хүндэдлээ гэж үзэн нэрээ өөрчилдөг. Ингэхдээ эдлэж байсан хувцас, үс, хумснаас хэсэглэн авч оршуулж буй мэт зан үйл хийх ба энэ нь анхлан авсан нэр эзэнтэйгээ насан турш хамт байдаг учраас анхны нэрээ бүрэн үгүй болгож дахин шинэ нэр авч огт өөр хүн болж байгааг бэлгэддэг. 

Бас алс газар хүний нутагт ядруу дорой яваа хүн өөрийн нэр усыг тэр бүр хүнд хэлдэггүй нуудаг. Энэ нь “Нэр хугарахаар яс хугар”,”Хүн нэрээ, тогос өдөө” гэх нэр төрөө эрхэмлэх монгол уламжлалтай холбоотой.  

Манай ардын баатарлаг туульсын гол дүрийн ихэнх баатрууд өөрсдийн нэр болоод зүс царай, унаа морь хувцас хэрэглэлээ нуун хувилган нэрээ нууцлан өөр нэр хэрэглэх нь элбэг тохиолддог нэн сонирхолтой. Үлгэр, туульсын гол дүрийн баатрууд маань ихэвчлэн өөрсдийн хүч чадал, алдар нэр, зорин яваа үйлсээ нуун бусдад Нусгай жур, Таахай бор хүү, Нусгай бор хүү эсвэл хааны  адуучин, тугалчин, тэмээчин хүү байна хэмээн танилцуулдаг. Ийм туульсын тоонд Гэсэр, Алтайн Гургалдай, Живэр хааны Живэр Мижид хүү, Нэгэн зуун тавин таван насыг насалсан хөгшин Луу мэргэн хаан зэрэг туульсыг нэрлэж болно.

Жишээ нь: Алтан Гургалдай туульд “ Алтан гургалдай хаан,
Хамуутайхан бор даагатай
Нусгайхан муу хүү болоод 
Хаагаараа хар эсгий цувуулсан
Шагайгаараа шар эсгий цувуулсан 
Боривоороо бор эсгий цувуулсан
Дэрсэн нумтай, хулсан сумтай
Нусгайхан муу хүү болон” (“Халх ардын тууль” УБ., 1991.  43-р тал) явав. 

Эндээс үзэхэд эртний сэтгэлгээний ул мөр болох туульст голдуу ялан дийлэгч болох зорилготойгоор нэрээ нууцлаж ирсэн нь харагдаж байна. 

Харин хувьсгалчид, тагнуулчид, өөр хоорондоо харилцахдаа түлхүүр үг, нууц нэрсийг түгээмэл хэрэглэдэг нь шууд л улс төрийн зорилготой. Тэгвэл сэтгүүлчид эрхтэн дархтаны дутагдал, нийгмийн элдэв гажигийг шүүмжлэн, илчлэн бичиж олонд ил тод болгосныхоо төлөө дарамт шахалтанд орохоос амь бие, үзэл санаагаа хамгаалах зорилгоор нийтлэл, нэвтрүүлэг, өгүүлэл, мэдээнийхээ төгсгөлд нэрээ нууцлан хэвлэлд өөрийг нь төлөөлөх зохиомол нэр тавьдаг. Тиймээс нууц нэр бол сэтгүүлчдийн өөрт нь ирэх сөрөг үр дагавраас зайлсхийх төдийгүй олонд алдарших нэгэн арга зам болдог талтай.  

Харин өнөө үеийн Баабар, Шаабар хэмээн нэрс бол амидай нараасаа өөрийн нэрийг ялгах гэснээс үүдэлтэй бололтой. Учир эдгээр нэр эзнээ нууцлан хамгаалдагүй Б. Батбаяр, Ша.Батбаяр нарыг төлөөлдөгийг  бүгд мэддэг. Гэхдээ Баабар гэдэг нэр нь эхэн үедээ нууц нэр байгаад хожим уг чанараа гээсэн байж болох юм. Харин Рамзей, Сод гэх зэрэг нэрүүдийн цаана хэн гэдэг сэтгүүлч, хувь хүн байгааг нийт олонх мэдэхгүй тиймээс жинхэнэ нууц нэр.   

Манай албан болон хувийн бичгийн харилцааны уламжлалд өөрийн нэр болон тухайн хандаж байгаа хүнийхээ нэрийг бүтнээр бичилгүй эхний үсэг, үеийг тавьдаг ёсон байв. Энэ бол бурханы шашины хамт монголд нэвтэрсэн төвдийн бичгийн соёлын нөлөө бөгөөд, нөгөө талаас Манж нарын мөрдөж байсан төрийн албан бичгийн дэг жаягаас улбаалсан заншил.   Жишээ: 1914 оны 5 сарын 14 ний Сургуулийн хэргийг гадаад яаманд эрхүүлэх тухай тушаан илгээсэн бичиг хэмээх баримтанд “дэд сайд нягт бэлигт гүн да лам Р” (Монголын автономит үеийн сургууль (1911-1920) УБ., 1966 /баримт бичгийн эмхтгэл / 17-р тал) (уул нэр нь Равдан) хэмээн нэрийн эхний үсгийг бичсэн бол дэд түшмэл Бавуудорж, орчуулагч түшмэл буриад Жамсранов нарыг хэмээн бүтэн нэрээр нь бичжээ. Эндээс үзвэл өндөр албан тушаалын хүний зэрэг цол хэргэмийг нь бичээд улмаар нэрийг нь шууд дурдалгүй эхний үсгийг нь бичдэг байсан ба бага тушаалын хүмүүсийн нэрийг бүтнээр нь бичдэг ёстой аж. Тэгвэл 1912 оны 2 сарын 7-ний өдөр Төрийн сургууль байгуулж язгууртны хөвгүүдийг сургахыг хүсэж Гомбосүрэн, Цэрэндорж нараас Богдод айлтгасан бичиг хэмээх баримтанд “Шавь боол Го, Цэ сөгдөж хичээнгүйлэн айлтгах нь” (Монголын автономит үеийн сургууль (1911-1920) УБ., 1966 /баримт бичгийн эмхтгэл /8-р тал) хэмээн гарч байна. Энд Богд хаанд бичиг илгээгчид өөрсдийн нэрийн эхний үеийг бичсэнийг үзвэл ихэс дээдэст айлтгах бичигт өөрсдийн цол хэргэмийг дурдалгүй зөвхөн нэрийн эхний үеийг бичдэг журмыг бас баримтлна.

Мөн хувийн захидал харилцаанд дээрх ёсыг ч мөрддөг ажээ. Жишээ нь Манлайбаатар Дамдинсүрэнгээс ерөнхий сайд Сайн ноён хан Намнансүрэнд бичсэн нэгэн хувийн захидлын эхэнд “Сайд жанжин Да өргөх нь” (ҮТА , фм-170 д1 хн 538 нугалбар 11) хэмээн 
бичиж байв. 

ХХ зууны эхэн үед Монгол оронд гарч байсан “Монголын сонин бичиг”, “Шинэ толь хэмээх бичиг”, “Нийслэл хүрээний сонин бичиг”, “Монголын Үнэн” зэрэг анхны тогтмол хэвлэлүүд болон ухуулах хуудас, улсын дээд, доод хурал, Богд хаан, Ардын засаг зэрэгт өргөх бичгүүдийн заримд нь нууц нэр хэрэглэсэн, эсвэл огт нэр тавиагүй байх явдал нэлээд бий. Тухайн үед Өвөр Монголын Харчин хошууны Алмас-Очир мээрэн, Хайсан гүн, Буриадын Агын аймгийн Цэдэвийн Цэдэн-Иш, Д. Намсрай, Далхжав, үе улирах гүн Бадрахбаатар, Д.Бодоо, Ж.Цэвээн, Ч.Дандаа, Олноо өргөгдсөн Монгол улсын Шүүх яамны бичээч Жанцансамбуу, Б.Дорж нарын олон сэтгүүлч нийтлэгч нар өөрсдийн өгүүлэл нийтлэл, үзэл санаагаа илэрхийлж байлаа. Дээр дурдсан хүмүүсээс лавтай мэдэгдэж байгаагаар Ж.Цэвээн, Д.Бодоо, Ч.Дандаа нар нууц нэр хэрэглэж байсан нь баттай. 

“Нийслэл хүрээний сонин бичиг”-т нийтлэгдэн нууц нэрээр бичсэн зарим нэг  өгүүллүүдийн зохиогчийг ахмад сэтгүүл эрдэмтэн Г.Дэлэг тухайн үед уг сонинд хэвлэх ажил хийж байсан Н. Намсрай, Д.Ээндэн нараас авсан мэдээг баримтлан Д. Бодоог “Болд-Илд”, Ж. Цэвээнийг “бага түшмэлийн хүү Хардорж” гэсэн нууц нэр хэрэглэснийг тогтоосон байдаг. (Г.Дэлэг “Монгол тогмол хэвлэлийн түүхэн тэмдэглэл” УБ., 1965 138-139-р тал) Мөн дээр нэр гарсан Ж. Цэвээн 1914 онд “Шинэ толь хэмээх бичиг”-т “Мухар огдой” гэсэн нэрээр Богд хаанд хандсан шүүмжлэлт өгүүлэл бичсэн нь бий. Мөн тухайн цаг үед үзэл санаагаа тусгасан өгүүлэл нийтлэлээ “тэр бүрий өөрийн нэрээр бичих боломжгүй байсан учраас “Мухар огдой”, “Уулын өвгөн”, “Аюурзнаев”, “Бегзеев” мэтчилэнгийн нууц нэрээр, бас нэргүйгээр бичдэг байжээ.”(Д.Дашжамц “Нэрт эрдэмтэн, нийгмийн зүтгэлтэн Жамсраны Цэвээн”. “Жамсраны Цэвээн Түүвэр зохиолууд” УБ., 1997. 12-р тал) Тэрбээр нууц нэрүүдээ 1921 онд  Ардын хувьсгал ялсны дараа ч гэсэн хэрэглэж байсан юм. Тухайн үеийн гол хэвлэлүүд болох “Хувьсгалт Залуучуудын эвлэл” сэтгүүл (1927 оны 9 дэх дугаар), ”Үнэн” сонин (1926.5.21 -ний 8 дугаар)-т бичсэн өгүүллүүдийнхээ төгсгөлд “Уулын өвгөн” хэмээн нэрээ тавьсан нь түүнийг улс төрийн нам хүчин болон тэдгээрийн удирдагчидтай зарим талаараа санаа бодол зөрдөг байсны гэрч ажээ. 

Мөн түүнтэй захидлаар харилцаж байсан Оросын хувьсгалч Б. Шумяцкий болон зарим хүмүүс Хүндэт н.Бегзеев (Д.Дашжамц “Нэрт эрдэмтэн, нийгмийн зүтгэлтэн Жамсраны Цэвээн”. Жамсраны Цэвээн Түүвэр зохиолууд УБ 1997 130-р тал) хэмээн бичиж байв. Эндээс үзэхэд уг нэр нь хувьсгалын үйл хэрэгт ашигладаг нэр байсан бололтой. 1914 онд “Шинэ толь” –ын 10 дугаар “Бэгз” гэсэн нэр хэрэглэсэн бол түүний “Аюурзанев, Аюурвасэд” гэх нэрийг нь эрдэмтэн С. Түвшин утга зохиолын нууц нэр хэмээжээ. “1914 онд Ж. Цэвээн Амоснавчиг хэмээх нууц нэр хэрэглэн, Монгол, Орос, Хятад гурван улсын хэлэлцээрт оролцож байлаа.”(С. Түвшин “Ж.Цэвээний гадаад бодлогын үзэл баримтлалын тухайд”  “Түүх” сэтгүүл III  УБ., 2004.  99-р тал) Үүнээс үзэхэд тэрбээр өөрийн үйл хэрэг, тууривал бүтээлийнхээ төрөл зүйл, утга агуулга зэрэгт тохируулан олон нууц нэр хэрэглэдэг аж. 

Монголын шинэ үеийн түүхэнд томоохон үүрэг гүйцэтгэсэн улс төрч, сэтгүүлч Д. Бодоо “Болд-Илд” хэмээх нууц нэрийн дор болон нэргүйгээр өөрийн үзэл бодлыг тусгасан хурц, дайчин өгүүлэл, нийтлэлүүдээ туурвиж байлаа. 

Мөн нэрт эрдэмтэн Дандаа хэмээх Ч. Дэмчигдорж “Гэмээ мэдсэн хөдөөний хүн” гэх зэрэг нууц нэр хэрэглэж байв.  

Одоо жинхэнэ нууц нэрсийг шинжлэн үзье. Тэдгээрийг дотор нь дараах байдлаар ангилан үзэж болмоор. 

1. Төвдийн бичгийн уламжлал болон Манжийн албан бичиг хөтлөх журам зэргээс улбаалсан нэрийн эхний үсэг, үеийг тавьсан нууц нэр. Ийм нэрийг хэвлэлд өгүүлэл, нийтлэлийн ард тавьж байгаагүй ч Ц.Цэвээн <<Нийслэл Хүрээний сонин бичиг>>-ийн 1915 оны нэгдүгээр сарын 23-ны дугаарт тухайн үеийн сургуулийг шүүмжилсэн цуврал өгүүлэлийн дөрөвдүгээрийг бичихдээ өмнөх цувралыг бичсэн Бадрахбаатар, Магсар бээс, Бодоо нарын нэрийг нууцлан “сургуулийн хэрийг шүүмжилсэн нэргүй хэдэн хүнд нэр таамаг өгвөл Ма, Ба, Бо мэт болно” хэмээн өгүүлсэн байдгаас үзвэл тэр үед сэтгүүлчид нэг нь нөгөөгөө нууцлан нэрийн эхний үсгийг тавьж байсныг харуулна. Мөн Улсын дээд, доод хуралд өргөж байсан зарим бичигт уул хүний нэрийн эхний үсэг тавьсан тохиолдол нэлээд бий. Иймээс нэрийн эхний үсэг, үе тавьсныг нууц нэр хэмээн үзэх боломжтой. Харин хожим энэ ёсон ярианы хэлэнд Ши багш (Б.Ширэндэв), Да багш (Ц.Дамдинсүрэн), Ри багш (Б.Ринчин), Лу багш (Ш.Лувсанвандан), Га багш (Ш.Гаадамба) гэх зэргээр багшийнхаа нэрийг бүтэн дууддаггүй хүндэтгэлийн хэлбэрээр уламжлагджээ

2. Ихэс дээдэс, засаг төрд хандсан өгүүлэл, нийтлэл, өргөх бичиг зэрэгт голчлон хэрэглэсэн “мухар огдой”, ”уулын өвгөн” (Ж. Цэвээн энэ үед Богд хан уулын нэгэн аманд жожигдуу амьдарч байжээ.) “гэмээ мэдсэн хөдөөний хүн” зэрэг нэрүүд юм. Эдгээр нь засаг төр, ихэс дээдсээ хүндэтгэн тэдний үйл хэрэгт өөрийн санаа бодлыг нэмэрлэх, зарим нэг алдаа эндүүрлийг ухуулан ойлгуулах гэсэн бичгийн хүний даруу үзлээс үүдэлтэй нэрүүд бололтой.  

3. Өөрийн үзэл бодлыг хатуу чигчээр илэрхийлсэн хурц дайчин өгүүлэл нийтлэлд “Болд-Илд”, ”Тэнгэрийн бошигт түшмэл”,  “Хардорж” (дорж гэдэг нь төвд үг бөгөөд монголоор хатуу бүгдийг огтлогч буюу алмааз гэсэн утгатай), “Бэгз, Бегзеев” Бэгз гэдэг нь бас төвд үг бөгөөд хуяг гэсэн утгатай (эзнээ хуяг мэт хамгаална гэсэн далд утгатай байж болох юм.) “Аюурзнаев” Аюур санкрит үг бөгөөд ангаагч гэсэн утгатай (Ж. Сэржээ “Монгол хүний нэрийн лавлах толь”  УБ., 1991. 16-р тал) (Бусдын алдаа, оноог ангаан, засах гэсэн далд санааг агуулсан байж болох талтай) гэх мэт эрс дайчин хурц агуулагтай нэрс хэмээн гурван хуваан авч үзлээ. 

Харин ХХ зууны 20-30 аад оны үед амьдарч асан сэтгүүлч, эрдэмтэн зохиолч нар дээрх уламжлалд тулгуурлан Д. Навааннамжил “Улаан-нүдэн”, Дамбадорж “Улаан-оторч”, Н. Жадамба “Ойдов”, Буяннэмэх “Цэцэнбилэг”, Д. Нацагдорж “Элдэв-очир” гэсэн нууц нэрүүд хэрэглэдэг байжээ. Эдгээр эрдэмтэн зохиолчид, сэтгүүлчдийн нууц нэрсийг харахад өөрийн хоч болон шууд зохиомол нэр хэрэглэх, нэрээ орчуулж тавих зэрэг аргуудыг ашигладаг нь мэдэгдэж байна.

No comments:

Post a Comment

Сэтгэгдэл

Хулгана дагадаг оцон шувууд :-)