2010/10/22

АУГАА ЭХЛЭЛ, ГУТАМШИГТ ТӨГСГӨЛ БА ДӨРВӨН УДААГИЙН БААТАР Н.ЧАУШЕСКУ


Хэдий чинээ өндөр авирна төдий хэрээр чанга унана гэдгийг өөрийн биеэр харуулсан хүн бол Чаушеску. Тэр их өндөр авирсан, бас чанга унасан. Цаазлуулах хүртлээ чанга унасан. Эрх мэдэл гэдэг бол  амттай бас ч яггүй хүчтэй мансууруулах бодис гэдгийг энд мэдрүүлнэ. Румын өөдлөхгүй байгааг түүнийг цаазласны хараал идсэн гэж хэлэгсэд ч бий.  Өөрсдөө харцгаая.

Товч намтар
1918 онд Румынд төрсөн.
1935 оноос Коммунист намын гишүүн.
1940-1944 оны хооронд коммунист үзлийг баримтлагч хэмээн шоронд суусан.
1944 оноос Намын янз бүрийн удирдах ажил хашиж байгаад 1948 онд хөдөө аж ахуйн сайд, 1951 онд Зэвсэгт хүчний улс төрийн удирдлагын тэргүүн.
1955 оноос Улс төрийн товчооны гишүүн, Румыны Коммунист нам /РКН/-ын нарийн бичгээр сонгогдсон.
1965-1989 онд РКН-ын Төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга.
1989 онд Цэргийн шүүхээр цаазын ял авч, эхнэр Еленагийн хамт тэр дороо цаазлагдсан.
Гавъяа шагнал - Улсын дөрвөн удаагийн баатар, Румыны социалист хөдөлмөрийн баатар, 

Засгийн эрхийг авсан нь   
Тухайн үед ЗХУКН-ын ЕНБД Л.Бережневтэй бараг нэг зэрэг албан тушаалдаа томилогдсон бөгөөд Бережнев румыны шинэ “Генсек”-ийг нам төрийн удирдлага дахь янз бүрийн бүлэглэлүүдийн хуйвалдаанаар гарч ирсэн “цаг зуурын этгээд” хэмээн нэрийдэж байлаа. Гэвч Брежнев засгийн эрхэнд 18 жил болсон бол Чаушеску 24 жил болсон юм.
Тэр хувь заяагаар олдсон эрх мэдэл, боломжоо бүрэн хэмжээгээр ашиглав. Засгийн эрхэнд байх эхний жилүүдэд харьцангуй зөөлөн бодлого хэрэгжүүлж, румыны сэхээтнүүдийн нилээд хэсгийг өөртөө татаж чадсан байна. Дотоод бодлогын хувьд өмнөх төрийн удирдлагатай харьцуулахад нилээд уян хатах байж, гадаадын сонин хэвлэл, ном чөлөөтэй худалдаалах, гадаад иргэдтэй чөлөөтэй харьцах бололцоог иргэдэд олгов. Тухайн үед коммунист орнуудад нийтлэг байсан гадаадын радио станциудыг хязгаарлах оролдлогыг Чаушеску хийсэнгүй. Тэр урлаг, уран сайхны төрөл бүрийн хэлбэр, хэв маягийг дэмжиж, бүтээлч сэтгэлгээг хязгаарлахгүй гэдгээ илэрхийлэв.
 

Хүн амын боловсролтой давхрагад “бүрэн бие даасан тусгаар улс”, “үндэсний үзлийг дэмжигч” мэтээр харагдах болжээ. Шинэ удирдагч улс төрийн хөтөлбөртөө аугаа бас тусгаар тогтносон улс тэр тусмаа социализмтай улс орнуудаас ч хараат бус байх тухайгаа олон илтгэлдээ тусгасан байна.
Үүнээс болж, Москва ба Бухарест, ЗХУКН ба РКН-ын хооронд нарийн төвөгтэй харилцаа үүсэв. Варшавын гэрээний үйл ажиллагаанд Румын ёс төдий оролцох болжээ. Улмаар тухайн үед ЗХУ-тай эв түнжин тасарсан маоист Хятадтай ойртон нөхөрлөх болсон нь Зөвлөлтийн удирдлагуудын дургүйцлийг ихэд хөдөлгөх болсон байна.
 

   Гэвч Чаушеску нэгэн зэрэг дотооддоо өөрийн эрх мэдлээ бэхжүүлэхэд бүхий л анхаарлаа хандуулж эхэлсэн аж. Илие Вердеца, Паула Никулеску-Мизила, Вирджила Трофина, Ион Илиеску зэрэг өөрийн тойрон хүрээлэгчдийг идэвхтэй дэмжиж, нам удирдлагын зохион байгуулалтад оролцуулах боллоо. Нэгэн өөрийн урьдын өрсөлдөгчдийг замаасаа зайлуулах арга хэмжээ авахын зэрэгцээ өрсөлдөх магадлалтай залуу улс төрчдийг мөрдөн мөшгих ажлыг зохион байгуулж байв.  Тэдгээр хүмүүсээс зарим нь амиа хорлож, бусад нь учир битүүлэг шалтгаанаар өнгөрөх болсон байна.
    Тэр өөрийн эрх мэдлийн амбицаа дэндүү итгэлтэй, чангаар илэрхийлэх болов. 1968 оны Чехославк дахь эсэргүүцлийн хөдөлгөөнийг дарахаар түрэмгийлэн орсон социалист орнуудын цэргийн хүчинг тэрээр буруутгасан мэдэгдэл хийснээр хэний ч ялангуяа ЗХУ-ын удирагчдын оролцоог бүрмөсөн хязгаарлсан дангаар засаглах бас өөрийн ирээдүйн үхлээ дуудах замаа бүрэн засчээ. Тэрээр “Ах дүү социалист орнуудын дотоод хэрэгт цэргийн хүчээр оролцоно гэдэг байж боломгүй хэрэг, хэн ч тусгаар орны социалист бүтээн байгуулалтын зам ямар байхыг заах эрхгүй” хэмээн мэдэгдсэн байна.

Тахин шүтүүлэхүй
    Ард түмэн түүнийг дэмжиж байв. 1969 оны Коммунист намын ээлжит Х их хурлын төлөөлөгчид түүнийг үг хэлсний дараа чангаар алга ташиж, “Чаушеску бол ард түмэн”, “Чаушеску бол нам” хэмээн хашгиралдаж байлаа. Нөхөр ч өөрөө үүнийг зүй ёсны хэрэг гэж ойлгож байв. Гэхдээ тэд нэг хүний дангаар засаглах дэглэмийг дэмжиж буйгаа хараахан анзаараагүй юм.  Хурлаар түүнийг РКН-ын тэргүүн хийгээд улс төр, олон нийтийн бүх хүчнүүдийг нэгтгэсэн социалист, ардчилсан фронтын тэргүүн, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч, батлан хамгаалах зөвлөлийн даргаар өргөмжлөв. Уг Фронт нь румыны олон нийтийн 29 байгууллагыг өөртөө нэгтгэж байлаа. Ард түмний хайхрамжгүй байдал нэг хүнийг тахин шүтэх эрмэлзлийг бий болгоод зогсохгүй, аугаа том Дарангуйлагч болгон хувиргаж байжээ.
 
    Сэтгүүл зүй, улс төрийн нэр томъёогоор энэ үеийн  үүнийг “чаушизм” гэж нэрлэдэг бөгөөд тэр үед улс орны томоохон бүхий л арга хэмжээг түүний нэрээр “адислах” нь жирийн үзэгдэл болсон байна. Үзэл суртлын аварга том машин ажиллаж эхлэв. “Скынтейя” сонинд түүний найруулгаар Кондукаторын (Фюрер, Дуче гэдэгтэй адил Румыны удирдагчийг өргөжилсөн нэр) амьдралыг нэг бүрчлэн хэвлэн түгээж байв. Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл удирагчийн имижийн талаар санаа тавих үүрэг хүлээнэ. Телевизэд үүнийг хариуцсан төрийн тусгай албаны тасаг ажиллаж байлаа. Чаушескугийн хэлсэн үеийн гацалт, түгдрэл, санамсаргүй алдаа бүрийг зассаны дараа л эфирт цацах ёстой. Телевизийн бичлэгт түүний намхан байдлыг /167см/ гаргахгүйн тулд тусгай заавар мөрддөг байж. Хэрэв төрийн зүтгэлтнүүдтэй уулзах уулзалтын бичлэг авахдаа өндрийн ялгааг нь мэдэгдүүлэхгүйгээр авах арга хэмжээг заавал авна. 
 
Угаас Румыны ард түмнийг нэг хүнийг тахин шүтэх тал дээр урт хугацааны уламжлалтай гэж судлаачид үздэг. Тэд 500 жилийн тэртээгээс л хаад, удирагчид, түүний бүлэглэл, удам угсааг дээдлэн залж, хир халдаадаггүй байсан гэдэг бөгөөд “Хүчтэй эцэг”-ийн архетиптай ард түмэн гэгддэг. 

Жирийн хүмүүсийн амьдрал хэдий чинээ дорой байна төдий хэрээр мэдээллийн хэрэгсэлд намын хяналт чангарч, Удирдагчийг магтан дуулахад мэргэшиж байлаа. Тойрон хүрээлэгчдийн хуурамч жүжиглэл, бодит амьдралыг нуух хүчин чармалтын үр дүнд Чаушеску, түүний эхнэр Елена нар ард түмний амьдралаас улам бүр төсөөрөн холдож, тэдний өмнө зөвхөн жаргал бэлэглэсний төлөө тэдэн рүү баяртайгаар инээмсэглэж буй ард түмний хуурамч дүр улам бүр тодрох болсон байна.
 

1974 онд намын XI их хурал хуралдан намын шинэ хөтөлбөр батлагдаж хөгжингүй социалист нийгэм, коммунизмыг бүх талаар цэцэглүүлэн, бүтээн байгуулах зорилтыг тавьж Чаушескуг улс орны ерөнхийлөгчөөр сонгох үндсэн хуулийн өөрчлөлтийг хийсэн байна. Румыны коммунист нам дарангуйлагчийн гарын зэвсэг, хуурамч, сүржин байдлын хэрэгсэл болж хувирсан юм. Жишээ нь РКН-ын XXIV их хурал дээр 1989 онд 60 сая тонн үр тариа хурааж авсан гэж мэдээлж байсан бол үнэн хэрэгтээ гуравны нэг буюу 18,9 сая тонныг авсан байжээ. Намын гишүүд системтэй үг дуугүй эвлэрэн, тайван байхыг эрмэлзэх болов. Нэг хүний эрх мэдэлтэй зөрчилдсөн хэн болов ч намаас тэр дороо хасагдаж, ажил амьдралаараа хохирдог байжээ.
 

Нийгмийн үзэл сурталжсан шинжлэх ухаанууд улс оронд дотоод ардчилалтай, хөдөлмөрчин олонтой нягт хэлхээ холбоотой РКН-ын амжилттай хөгжлийн талаар хэвшсэн сэтгэлгээ, домог зохиоход бүхий л хүч чармайлтаа тавих болсон байна.
1978 онд Николае Чаушескугийн 60 насны ойг улс орон даяар тэмдэглэхээр нүсэр бэлтгэл ажил өрнөв. Аж үйлдвэрийн шинэ цогцолбор байгуулж, хөшөө дурсгал босгон, түүнд зориулсан шүлэг яруу найраг зохиож байв. Номын дэлгүүрүүд удирдагчийн “мэргэн бодлогыг” магтан дуулсан номоор хахаж байлаа. Думитру Попескугаар ахлуулсан тусгай бүлэг Аугаа Кондукаторын гавъяа зүтгэлийг үнэлсэн 664 хуудастай “Омаджиу” (Танилцуулга)  хүндэтгэлийн боть хэвлэх ажлыг гүйцэтгэсэн байна. 70-аад оны эхээр тэр нэг удаа эрүүл мэндийн сайддаа “над шиг хүн хорвоод 500 жилд нэг удаа төрдөг юм” гэж хэлсэн гэдэг. Мөн үеэс “Суут Карпат”,  “Манай ертөнцийн эх ундрага”, “оюун ухааны дүүрэн уст Дунай”, “Гайхалтай шинэтгэлийн эрин үеийг бүтээгч” гэх зэргээр нэрлэх явдал ердийн үзэгдэл болов.
 
Жолоодогчийн гэр бүл, төрөл төрөгсөд
Түүний гол зөвлөх, улс төрийн “анд” нь эхнэр Елена байлаа. Олон хүмүүс Кондукаторыг зориг зүрх муутай, дотуур тамиртай нэгэн байсан бөгөөд эхнэрийнхээ бүрэн нөлөөнд байсан гэж тооцдог. Еленаг хятадын удирдагч Мао Цзэдуны эхнэр Цзян Цин, Аргентиний төрийн тэргүүн Пероны эхнэр Ева нартай адилтган үзэх нь ч бий. Тэд бүгд чанга хатуу, боловсролгүй, өөрийнхөөрөө зүтгэдэг, болхи ухаантай, хурдан үр дүн үзэхийг хүсэгчид бөгөөд нөхрүүддээ ихээр нөлөөлдөг, эрх мэдэлд нь гар хөлөө дүрэгчид байсан гэж тооцох нь бий.
 

1972 онд Елена Намын төв хорооны гишүүн, дараа жил нь Намын УТ-ы товчооны гишүүн, 1980 оноос ерөнхий сайдын нэгдүгээр орлогчоор томилогдож, төрд Чаушескугийн дараа орох эрх мэдэлтэй нэгэн болжээ. Түүнийг “Румыны ялгуусан замыг гэрэлтүүлэгч оч, Аугаа нөхөртэйгөө цуг үхэшгүй мөнхийн хос од ” гэх зэргээр магтан дуулж байв. Түүнд өгсөн цол гуншин үнэхээр урт бөгөөд румыны ард түмэнд үлгэр жишээ ч агуу хүн болохыг бүхий л талаас нь харуулахыг хичээж байсан аж. Елена гадаадад хийх айлчлал болгоны өмнө өөртөө хар сувдан зүүлт ч юм уу, эсвэл усны завь, үгүйвээс алт... гэх зэргээр «бяцхан бэлэг» заавал авдаг байв. 

Гэвч румыны ард түмэн ялангуяа хотын оршин суугчид Чаушескугийн гэр бүлийн хэрүүл маргааныг сайн мэддэг байв. Том хүү Валентин хувийн амьдралд нь байнга оролцдог эхийгээ үзэн ядаж улмаар эцэг эхтэйгээ харилцаагаа тасалсан байна. Оксфордод боловсрол эзэмшсэн тэрээр эх орондоо эргэн ирээд эцэг эхийн үг зөрчин, румыны еврей хүүхэнтэй гэрлэсэн аж. Охин Зое залуугаасаа архинд донтож, 1974 онд гэр бүлдээ аймшигтай шуугиан тарьсан тул гэрээсээ зугтсан байна. Бага хүү Нику нь ээж аавтайгаа сайн харилцаатай байсан тул түүнийг Кондукаторыг албан ёсоор залгамжлагч гэж тооцож байжээ. 
 

Чаушеску ойрын тойрон хүрээлэгчдийг эс тооцвол зөвхөн ойр төрөл садангууддаа бүрэн итгэдэг байжээ. Тэдгээрийн нэг нь армийг хянаж, нөгөө нь дотоод хэрэг, үйлдвэрчний эвлэл, Улсын төлөвлөгөөний газрыг тус тус хянаж байлаа. Хүү Нику нь РКН-ын Сибиу мужын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, төв хорооны улс төрийн товчооны гишүүн, ах Илие нь Армийн улс төрийн дээд зөвлөлийн дарга, батлан хамгаалах яамны орлогч, бас нэг ах Ион Улсын төлөвлөгөөний газрын нэгдүгээр орлогч дарга, ах Андруцэ-Николае Дотоод хэргийн яаманд, эгчийн нөхөр нь намын төв хороонд нэгдүгээр нарийн бичиг, эхнэрийнх нь ах Барбу Петреску РКН-ын нийслэлийн хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга болон 1989 оны байдлаар нам төрийн өндөр албан тушаалд төрөл төрөгсдөөс нь нийт 324 хүн ажиллаж байжээ.
 
Цаазлагдсан нь
1989.12.21-ний өглөө Иракаас айлчлалаа ирсэн даруйдаа Чаушеску уламжлал ёсоороо Бухарест дах Коммунист намын төв штабын байрны гадаа цуглаан зохион байгуулав.  боловч цугласан олон түүнийг эсэргүүцэн хашгирахад тэрбээр машид гайхсан гэнэлээ. Чаушеску эсэргүүцэгчдийг галлахыг тушаасан авч 12-р сарын 22-нд цэргүүд эсэргүүцэгчдийн эгнээнд нэгдэн орсноор Чаушеску эхнэрийн хамт нисдэг тэргээр Бухарестаас зугтаахад хүрэв. Тэд бослого дарагдахаар буцаж ирнэ гэж найдаж байжээ.
Гэвч тэднийг баривчилж, 25-ны өглөө цэргийн шүүхэд аваачин, ард түмнээ хоморголон хядах ажиллагаа явуулсан гэж яллаад, тэр өдрөө хэрэгжүүлж буудан хороолоо. Тэд хөл дээрээ тогтож чадахгүй байсан болохоор бие засах газрын хана руу чирж аваачсан байна. Чаушеску буудуулахынхаа өмнө “Бид та бүхнийг өсгөж торниулсан юмсан. Одоо тэгтэл биднийг нохой шиг үзэж буудах нь ээ” гэж салааны захирагч хошууч Дорин Карланд хэлжээ. Мөн Чаушеску “Урвагчид сөнөтүгэй. Миний өшөөг түүх та нараас авах болно. Тусгаар тогтносон социалист Румын улс мандтугай” гэж хашгирчээ. Тэгснээ “Интернационал” хэмээх дууг аялжээ. Елена буудуулахын өмнө гарынх нь хүлээсийг тайлахыг шаардсан аж. Цэргийн “шүүхийн” шийдвэрийг агаарын цэргийн 64 дүгээр хорооны дайчид гүйцэтгэсэн бөгөөд тус хороо төрийн томчуудын аюулгүй байдлыг хангах үүрэгтэй байдаг байж. Бууны дуу намдахад газарт хэвтээ Чаушескугийн царайд гайхсан байдал тодорсон байсан гэдэг. Үхэгсдийн шарилын дүрсийг телевизийн оператор авч, тэр өдрөө дэлхий дахинд цацав. /бичлэг нь интернетээр дүүрэн бий./
    Тэднийг хорооход оролцсон хүмүүс дараа нь учир битүүлэг шалтгаанаар үхэж эхэлсэн гэдэг. Дарангуйлагчийг яллах цэргийн шүүхийн хуралдааныг даргалсан хошууч генерал Жика Попа 1990 онд өрөөндөө амиа хорлосон юм.
    1989 онд Румынд болсон хэрэг явдалд Америк, Орос, Англи, Герман, Австрали, Унгарын тусгай болон аюулгүй байдлын албад хамтарч оролцсон гэдэг. Түүний цаазлах арга хэмжээтэй холбоотой бүхий л үйл явдлын өрнөлийг тухайлбал, жагсаал цуглаан хийх, Чаушескуг олон нийтийн дундаас эсэргүүцэх, нисдэг тэргээр зугтаалган, байгаа газраас нь баривчлах, цаазлах явцыг харуулсан бичлэг авч, дэлхий нийтэд цацах, шарилыг нь өөр хүний нэрээр булах зэрэг нь урьдаас төлөвлөсөн байлаа.  1989 оны арванхоёрдугаар сарын эхээр эцэг Буш, М.Горбачев хоёр Мальтад уулзахдаа “Румыны асуудал” буюу “Чаушескуг зохицуулах” асуудлын үндсийг тавьсан гэх байр суурь ч байдаг.

Чаушескугийн зарим бодлогоос...
...Хүн амын 7 хувийг эзлэх Трансильваний унгар угсаатнуудын салан тусгаарлах эрмэлзлийг таслан зогсоох зорилгоор Чаушеску унгар сургуулиудыг хааж, бүрэн эрхт мужийг үгүй хийв. Олон мажар тосгоныг бульдозер ашиглан газрын хөрснөөс арчиж, оршин суугчдыг нь румынчуудтай хамт суурьшуулав. Унгартай хиллэдэг дүүргүүдэд румынчуудыг шилжүүлэн суулгажээ. Румын, Унгарын харилцаа муудсан нь тодорхой. Улмаар 1989 онд Румыны унгарчууд Чаушескуг түлхэн унагаах хөдөлгөөний гол хүчин болсонд гайхах зүйл бий гэж үү?
    ...Чаушескугийн дэглэмийн нүд чих, гар хөл болсон Румыны тусгай байгууллага болох Секуритатед "Ялалтын гудамжны хүүхдүүд буюу Чаушескугийн баньд нар” гэгч 70 мянган мэдээлэгч, тагнуул бүхий хүчирхэг нууц цагдаагийн байгууллага ажиллаж байлаа. Түүнээс гадна 1980-аад он гэхэд 10 нас хүртэл оршин суугч бүрийн 1 нь уг байгууллагад хийдэг мэдээлэгч байлаа. Тэдгээрийн зарим хэсэг нь итгэл үнэмшлээрээ хамтарч ажилладаг байсан бол нөгөө хэсэг нь аргагүй дарамт шахалтаас болж мэдээлэл өгдөг байжээ. Иргэдийн гэр орон, албан контор, авто машин, зусланд хүртэл тагнах чагнах хэрэгсэл байрлуулжээ. Үүнчлэн Чаушескугийн хамгаалалтад бараг 40 мянга гаруй хүн ажилладаг байжээ.
    ...Чаушеску хүн амаа огцом өсгөх бодлогыг эрчимтэй дэмжиж улмаар 1966 онд “хүн ам өсгөх” хөтөлбөр батлан хэрэгжүүлэв. Үр хөндөхийг хориглож, хүүхэдгүй гэр бүлээс цалингийнх нь 20 хувийг хүүхэдгүйн татварт суутгадаг байв. Румыны эхчүүл таван хүүхэд гаргаж байж улсаас халамж хүртэх эрхтэй болно. Румынд анх 10 хүүхэдтэй эхэд баатар цол олгох болжээ. Амьдралын боломжгүй айлууд тахир дутуу, оюуны хомсдолтой болон зүгээр хүүхдүүдээ гудамжинд хаяж, хууль бус үр хөндөлт газар авснаар эх, хүүхдийн эндэгдэл өндөр хэмжээнд хүрэв.  Хаягдсан хүүхдүүдийг цуглуулж хүүхэд асрах газар буюу “Сигид” /хожим хүүхдийн гулаг гэж нэрийдэх болсон/ гэгчид өсгөж байлаа. Хүүхэд асрах газрууд ачааллаа дийлэхээ больж, улмаар зүгээр торонд тэдгээрийг хаших болсон байна. Олон мянган хүүхэд өлсгөлөнгөөс болж үхсэн байна.

Өнөөдөр Чаушескугийн тухай...
Өнөөгийн Румыны улс төрчид авлигад идэгдэж, хүн амынх нь олонх үгүйрэн ядуурч байгаа одоо цагт Чаушескугийн дэглэмийн ялзралыг олон хүн мартаж байх шиг. Дарангуйлагч гээд байсан хүний үнэнч, үзэл бодлоосоо үл хазайгч чанар нь домог болж эхэлж байна. Чаушеску гадаадын нэг ч банкинд хадгаламжгүй байсныг Румыны Парламентын комисс хүлээн зөвшөөрлөө. Олон газар орд харштай, ан ав хийхдээ очдог байр савтай байсан нь үнэн ч тэдгээр нь бүгд төрийн мэдэлд, ард түмний өмч байсан гэнэ. Түүнийг цаазалсан явдал улс төрийн том аллага байсан гэж тооцох явдал улам бүр өсөж байна.

3 comments:

  1. interneted bgaa bichlegiig ni uzmeer bna hayagiig ni tavih bolomj bna u

    ReplyDelete
  2. http://www.youtube.com/watch?v=qZoqBUA7eVw энэ дээр байгаа даа нөхөр минь

    ReplyDelete
  3. eoe aimar yuma bichlegiig ni uzlee yasan muhai yum be er ni tegej alj hyadaj yaj bolohiin be yadaj shorond hiij boldgui yum bhadaa

    ReplyDelete

Сэтгэгдэл

Хулгана дагадаг оцон шувууд :-)