2010/10/18

ТУРК ЭЭ ГЭЖ...

БЯЦХАН ОРШИЛ
Манай блог уншигчиддаа зориулан "СУДЛААЧИЙН БУЛАН" хэмээх шинэ булан нээж буй бөгөөд үүнд нийгэм, улс төр, түүх, эдийн засаг болон бусад чиглэлээр судалгаа шинжилгээ хийдэг мэргэжлийн судлаачдын судалгаа шинжилгээ, үзэл бодол, байр суурь, бодлогын шинжилгээг танилцуулж байх зорилгыг агуулж буй билээ. Та бүхнийг ч энэхүү буланд материалаа ирүүлэх бололцоо нээлттэй байгааг сануулахад таатай байна. Ингээд эхний удаад Турк улсад түүхийн ухааны чиглэлээр эрдмийн зэрэг хамгаалахаар судалж, суралцаж буй А.Энхбатын нийтлэлийг оруулж байна.

Сүүлийн жилүүдэд Монгол-Туркийн харилцаа өргөжиж, хоёр орны иргэд харилцан зорчих нь ихсэхийн хэрээр Турк оронтой холбоотой элдэв сайн муу мэдээлэл нэлээд гарах боллоо. Монголын олон нийтийн мэдээллийн хэрэгслээр Туркт ажилд зуучлах, сургах тухай зар нилээд үзэгдэх болсон төдийгүй улмаар Туркт очоод хүний наймаанд өртсөн хүмүүс ч гарах болсон. Мөн Монгол улс Туркээс 20 мянган хүргэн авах гэсэн мэдээ туркийн сонин, зурагтаар цацагдснаас болж Монголын засгийн газрын гишүүн, Байгаль орчны сайдын энэ улсад хийх айлчлал хойшлогдож, хоёр улсын харилцаанд багахан “сэв” суулгаад амжсан.
 
Бидний хувьд “өргөн олон” наймаачдийнхаа зөөж авчирсан алт, мөнгөн эдлэл, нэхий, савхин хувцсаар Турк орныг гадарлах болсон. Туркуудын хувьд ч манай орныг сонирхох хандлага ихэсч, туркийн хөрөнгө оруулалтай кампани, сургууль болон шашны байгууллагуудын үйл ажиллагаа идэвхжих хандлагатай болж байна.
Дээрх үүднээс Турк улсын тухай товч мэдээлэл өгөхийг зорилоо. Албан ёсны тоо баримтаас эхэлье. Манай улс 1969 оны 6 дугаар сарын 24-нд БНТУ-тай дипломат харилцаа тогтоож, 1978 оны 5-р сард  анхлан соёлын хэлэлцээр байгуулжээ. 
 
Турк улс газар зүйн маш таатай байрлалтай, Ази, Европыг дамнан оршдог. Европ тив дэх хэсгийг Тракя гэдэг бол Ази тивийн хэсгийг Анатолийн хойг гэх ба нутгийн ихэнх хэсэг энэ хойгт хамаарна. Гурван талаараа үзэсгэлэнт тэнгисүүдээр хүрээлэгдэх ба хойд хэсэгт Хар тэнгис, баруун талт Мармарын тэнгис, урд талд нь Эгийн тэнгис болон Ак буюу Цагаан тэнгис хүрээлдэг. Хуурай газраар баруун талдаа Болгар, Грек, зүүн талдаа Гүрж, Армен, Иран, Ирак, Сири улсуутай хил залгадаг.
 
Хэдийгээр газар нутгийн ихэнх хэсэг Ази тивд харьялагддаг ч Европын оронд тооцогдож эдийн засаг, улс төр, соёл, спортын хувьд Европын олон эвсэл, байгууллага, холбоодын гишүүн бөгөөд сүүлийн жилүүдэд Европын холбоонд элсэхээр хөөцөлдөж, баруун талын зарим нэг мужийг туршилтын маягаар уг холбоонд багтааж үзсэн удаатай. 
 
Албан ёсны хэл нь Турк. Парламентийн засаглалтай бүгд найрамдах улс, бүгд найрамдах засаглалыг 1923 оны 10 сарын 29 зарласан бөгөөд энэ өдөр үндэсний баярт тооцогдог. Туркийн анхны ерөнхийлөгч нь төрийн ба цэргийн нэрт зүтгэлтэн, улс орныхоо тусгаар тогтнолын төлөө тэмцэгч М.К. Ататюрк  юм. Туркууд энэ хүнд бид Чингис хаандаа хэрхэн ханддаг шиг хүндэтгэл үзүүлэх ба зарим талаараа илүү ч байж мэднэ. Төрийн болон хувийн хэвшлийн бүхий л албан байгууллагын өрөөнд түүний зураг өлгөөтэй байх ба миний бие нэгэн удаа 4 албан хаагч суудаг нэг өрөөний зургуудыг тоолоход зургаан ширхэг байж билээ.
 
Бүгд Найрамдах Турк улс нь 783,562 км² хавтгай дөрвөлжин нутаг дэвсгэртэй бөгөөд газар нутаг нь Ак буюу Цагаан тэнгисийн, Зүүн Анатолийн, Эгэ-ийн, Зүүн өмнөд Анатолийн, Дотоод Анатолийн, Мармарын, Хар тэнгисийн гэсэн 7 том бүсэд хуваагдах ба эдгээр нь 21 жижиг хэсэгт хуваагддаг. Хүн амын хамгийн нягтаршил ихтэй бүс нь Мармарын бүс бөгөөд хамгийн сийрэг хүн ам суурьшсан бүс нь зүүн Анатолийн бүс юм. Мөн засаг захиргаан нь 81 муж, 923 сум, 35000–аас илүү тосгоноос бүрдэнэ. Хамгийн сүүлийн мэдээгээр энэ улс 73. 912.260 хүн амтай.
 
Турк болон олон үндэстний өлгий нутаг. Хүн амын олонхи нь туркчууд ч мөн курд, араб, перс, грек, черкес, киргиз, үзбек, казак, армян зэрэг олон үндэстэн аж төрдөг. 1460 оны сүүлээр Анатолид 2600 гаруй туркмэн овог нүүж ирсний дотор 60 гаруй нь монгол овог байсныг туркийн зарим эрдэмтэд тогтоосон байдаг. Гэхдээ одоогоор монгол төрхтөн тун цөөн.
 
Хамгийн том хот нь мэдээж Станбул. 2009 оны байдлаар 12 сая 780 гаруй мянган хүн ам тоолуулжээ. Гэхдээ үүн дээр 2 сая гаруй хүн  нь орж гарч байдгийг бодолцох ёстой. Эртний Византийн нийслэл Константинополь хот Османы эзэнт гүрэн эзлэгдэн Станбул гэгдэх болсон энэ хот олон зуун жилийн түүхтэй. Туркийн аялал жуулчлал, худалдаа эдийн засаг соёлын томоохон төв бөгөөд энэ жил Истанбул хот Европын соёлын нийслэл хотоор тодроод байгаа. Ази Европыг заагладаг хийгээд Хар тэнгис Мармарын тэнгисийг холбож байдаг хоолой энэ хотыг ч хоёр хуваадаг. Өөрөөр хэлбэл Хар тэнгисээс задгай далайд гарахын тулд заавал Истанбул хотоор дайрна гэсэн үг.
 
Дараагийн том хот нийслэл Анкара, БНТУ-ын нийслэл болсныхоо 87 жилийн ойг тэмдэглэж буй хот. Улс төр, соёл шинжлэх ухааны төв. Анкара 4 сая 300 гаруй мянган хүн амтай, төрийн албан хаагчид, оюун залуусын хот гэж нэрийдэж болно. Учир нь Туркын томоохон их сургуулиуд энд төвлөрдөг. Эдгээр хотуудын дараагаар аялал жуулчлалын гол төвүүд болох Анталя, Измир зэрэг хотууд орно. 
 
Нийгэм, шашин шүтлэг
Туркийн нийгэмд шашин болоод улс төрийн байр суурь, хөл бөмбөгийн ямар баг дэмждэг зэрэг ихээхэн чухал үүрэгтэй. Хэдийгээр Туркийн хүн амын 90 гаруй хувь нь исламын шашинтай ч цөөн тооны христосын шүтлэгтэн байх бөгөөд Станбул зэрэг томоохон хотуудад залгалмайн шашны сүмүүд мэр сэр үйл ажиллагаа явуулдаг төдийгүй хүзүүндээ загалмай зүүсэн турк залуустай ч тааралдана. Исламын шашинт орнуудаас хамгийн зөөлөн аядуу шашны бодлоготой орон. Тэд ислам шашны армазан, курбан зэрэг баяруудыг маш өргөн тэмдэглэх бөгөөд эдгээр баярын өдрүүдэд бүх нийтээр амардаг. Мөн энд өөр хаана ч байддаггүй аливи хэмээх ислам шашны урсгал бий бөгөөд энэ нь нүүдэлчин бөө мөргөлт түрэг аймгуудын зан заншилтай холилдсноос үүссэн гэж үздэг.
 
Ер нь Туркийн зүүн талын нутаг Анатолид эртний бөө мөргөлийн ул мөртэй ч тааралдаж болно. Жишээ нь сахиус зүүх, бороо гуйх мөргөл, мод чимэглэх гэх мэт. Аливичууд Туркийн ихэнх иргэдийн шүтдэг Исламын ханипи бусад дөрвөн урсгалтан шиг өдрийн тав удаа тогтсон цагт мөргөл үйлдэггүй бөгөөд харин сүмийг гороолодог байна. Энэ нь нүүдэлчдэд тааруулсан шинэчлэл бололтой юм билээ. Харин бусад урсгалыг шүтэгчид өдрийн таван удаа мөргөл үйлдэх ба сүмд очсон тохиолдолд имамаар удирдуулан мөргөл хийнэ. Имам бол мөргөлийн зан үйлийг удирдан хийлгэгч номлогч юм. Туркийн хотууд ч шашин шүтэх, түүнд хандах байдлаараа ихээхэн ялгаатай. Бидний хэсэг нөхөд Коняа хэмээх шашны төв болсон хотоор явж байхад богино банзалтай нэгэн охиныг гудманд задгай хувцасласных нь төлөө залуучууд цохиод авч байхыг харсан. Харин Измир зэрэг далайн эргийн баруунжсан хотуудад ислам шашны дагуу хувцаслаж толгойдоо алчуур боосон бүсгүй рүү нутгийн залуус ус цацаж гадуурхаж байх жишээтэй. Туркийн зүүн зүг рүү явах тусам ийм алчууртай бүсгүйчүүд олшрох ба баруун тийшлэх цөөрнө. Ялангуяа Измир, Анталяад бол олж харахгүй. Гэхдээ Туркт Арабын орнууд шиг нүүрээ хаасан эмэгтэйчүүд маш бага байдгийг дурдах хэрэгтэй.
 
Энэхүү алчуур нь улс төрчид болон иргэдийн дундах хурц асуудлуудын нэгэн юм. Туркийн барууны үзэлтэй улс төрчид, нийгмийн тодорхой хэсэг энэ алчуурыг эсэргүүцдэг бол уламжлалт, шашны талыг баримтлагч хэсэг шашин шүтэх эрхийг хүндлэх хэрэгтэй хэмээн дэмждэг. Одоогийн төр эрх барьж буй нам бол уламжлалт нам бөгөөд тиймээс ч төрийн тэргүүн хатагтай болон ерөнхий сайдын гэргий нар ийм алчууртай.
 
Харин төрийн албан байгууллага болон их сургуулиудад ийм алчуур зүүсэн эмэгтэйчүүдийг оруулдаггүй байсан одоо ч хэвээрээ. Алчууртай оюутан охид сургуулийнхаа өмнө ирээд нэг бол алчуураа авдаг эсвэл алчуур дээрээ хиймэл үс зүүдэг. Харин сүүлийн үед асуудал нэлээн зөөлөрч зарим их сургуулиуд алчууртай нэвтрэхийг зөвшөөрч эхлээд байгаа.
 
Улс төр, гадаад бодлого
Турк бол дэлхийд улс төр, эдийн засгийн байр сууриараа өсч буй орон. Ялангуяа сүүлийн хэдэн жил маш хурдацтай хөгжиж, амжилттай гадаад бодлого явуулж лалын орнууд болон европ, америкийн хооронд гол гүүр нь болж байгаа төдийгүй Африкийн лалийн шашинт орнуудад ч гэсэн идэвхтэй байр сууриа тэлж буй орон. Мөн дундад Азийн түрэг гаралтай улс орон, ард түмнүүдийг тэргүүлэн Түрэгийн ертөнц гэсэн тусгай нэгдмэл орон зай бий болгохыг зорьж байна.
 
Гадаад бодлого нь ч гэсэн нэлээд хүчтэй өргөжин тэлж Орос, Хятадтай улам ойртож, стратегийн түншлэлийн гэрээнд гарын үзэг зурсан. Энэ нь Европын холбоог нэлээд түгшээж буй. Ер нь Турк нь Орос, Казахстан болон Дундад Азийн орнууд, лалийн шашинт улсууд, Хятадыг оролцуулсан улс төр, эдийн засгийн томоохон эвсэл бий болгож чадвал тэдэнд Европын холбоог царайчлах хэрэггүй болох нь тодорхой. Европын холбоонд оруулахад цаараглаж буй нэг шалтгаан бол хүн амаараа тэргүүлэхиййн зэрэгцээ Европын холбоо шууд Иран, Ирак зэрэг оронтой хиллэхэд хүрнэ.
 
БНТУ бол НАТО-ын хамгийн нөлөөтэй гишүүдийн нэг ба цэрэг арми нь дэлхийд дээгүүрт тооцогддог. Туркийн иргэн эр хүйстэн бүр цэргийн алба хаах үүрэгтэй. Манайх шиг бултах, зугтах, аргалах, мөнгөөр хаах гэсэн ойлголт байхгүй. Харин их дээд сургууль сурч байгаа бол хойшлуулж болно. Хугацаа нь харьцангуй богино 6 сар цэргийн алба хаагчид манайхаар 600 гаруй мянган төгрөгийн цалин авдаг. Туркийн цэрэг арми нь засгийн газраасаа тусдаа бие даасан бүтэц зохион байгуулалттай байдаг. Энэ улсад зарагдаж буй бүх бараа болон үйлчилгээнээс цэргийнхэн өөрийн татвараа авч түүгээрээ санхүүждэг. Батлан хамгаалахын сайд засгийн газрын бүтцэд байдаг боловч бүх армийг Цэргийн ерөнхий байгууллагын тэргүүн захирах ба тэр хүн төрийн 3 өндөрлөгтэй зэрэгцэхүйц эрх дарх эдэлдэг.
 
Турк АНУ цэрэг стратегийн гол түншүүдийг нэг. Гэхдээ ард олны дунд АНУ эсрэг таагүй уур амьсгал байдаг. Нэн ялангуяа өсвөрийн залуус жагсаж цуглахаас гадна коко-коло уухгүй, yahoo зэрэг сайтыг хэрэглэхгүй зэргээр үүнийгээ илэрхийлдэг. Саяхан Английн ВВС телевизийн “Record Europe” нэвтрүүлэгт зочноор оролцсон АНУ төрийн нарийн бичгийн дарга хатагтай Хиллари Клинтон “Туркийн олон улсын нөлөө улам бүр нэмэгдэж, эдийн засаг нь хурдацтай өсөн хүчирхэгжиж байгааг тэмдэглээд АНУ болон БНТУ-ын харилцааг улам бүр хөгжүүлж өргөжүүлэх саналтай байгаа. Тус улсыг Европын холбоонд элсэхэд АНУ-ын зүгнээс идэвхтэйгээр дэмжиж буйг илэрхийлэхийн ялдамд Турк НАТО-гийн хүчтэй гишүүдийн нэг болох хийгээд АНУ, Турк нь эдийн засгийн гүнзгий харилцаатайг дурьдсан байна. Улмаар Турк хурдацтайгаар бүс нутгийн төдийгүй дэлхийн эдийн засгийн томоохон хүч болон өсөж байгааг хэлж, Турк нь өөрөөсөө алс орших орнуудад бие даасан болон бидэнтэй хамтран, тэдгээр орнуудын улс төрийн бодлогод нөлөөлөхөөр ажиллаж буйг дурджээ.
 
Зарим судлаачид Туркийг Османий эзэнт гүрний бодлогыг дахин сэргээхийг санаархаж байна гэж хэмээн үздэг. Өөрөөр хэлбэл, Туркийн гадаад бодлого их гүрний шинжтэй болж байна гэсэн үг юм. Үүнийг Израиль, Палестиний асуудлаар бие даасан бодлого явуулж буйгаас нь харж болно. Хоёр жилийн өмнөх Давосын чуулган дээр Туркийн ерөнхий сайд Израилийн ерөнхийлөгчийг хурцаар шүүмжлэн чуулганыг хаяж явж байсныг бид санаж байгаа. Мөн энэ онд Туркийн мэдлийн  Цэнхэр мармара нэртэй усан онгоц олон улсын сайн дурынхны хамт Палестинд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр явж байгаад Израилийн хилийн цэргийнхэнд сайтуулж шуугиан тарьж байсан. Үүнээс үүдэн Израиль, Туркийн харилцаа нэлээд хурцадсан. Гэхдээ лалын шашинт орнуудаас Израильтай хамгийн сайн харилцаатай орон хийгээд худалдаа, эдийн засаг, батлан хамгаалах салбарт өргөн харилцаатай тул хоёр орны асуудал мухардалд ороогүй юм.  
 
Туркийн гадаад бодлогын нэгэн хэсгийг сайн санааны тусламж болон сайн дурынхны үйл ажиллагаа бүрдүүлэх ба ялангуяа Африкийн буурай орнууд болон Дундад Азийн орнуудад идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг. Манайд ч гэсэн сүүлийн жилүүдэд буцалтгүй тусламж үзүүлэх нь нэмэгдэж буйг тэмдэглэх хэрэгтэй.  Үүний хамгийн тод илрэл нь Турк сургуулиуд юм. Тэдгээр нь өндөр төлбөртэй хувийн сургуулийн жишгээр сургалт явуулдаг бөгөөд сургалтын чанар ч харьцангуй сайн байдаг.
 
Мөн бас нэг орхиж болохгүй сэдэв бол Европ дахь Туркийн нөлөөний тухай асуудал. Албан ёсны мэдээгээр Германд гэхэд 3 сая орчим Турк иргэд амьдардаг. Энэ тоог албан бусаар 6 сая гэх нь ч бий. Ер нь Европын бүхий л улсад Турк соёлын болон бусад нөлөөг харж болно. Османы эзэнт гүрний үед тэдний хил одоогийн Испани хүрч байлаа. Бельги, Голланд зэрэг улсын парламентэд турк гаралтай иргэд сонгогдож, Европын олон байгууллага, хүрээлэнг туркууд удирдаж байна. Тэдний Европ дах нөлөө хийгээд хүн амын эзлэх жинг жил бүр зохиогдох “Евро-вишн” хэмээх олон улсын эстрадын шоунаас харж болно. Энд оролцож буй дуучдад өөрийн нь орноос бусад оролцсон орон бүр санал өгдөг бөгөөд Турк дуучид, хамтлаг авсан саналаараа найдвартай эхний тавд ордог. Харин англи зэрэг хөгшин Европын орнууд сүүлийн байр мушгидаг аж. Өөрөөр хэлбэл, Европт буй Турк цагаачдын тоо хэр их байгааг харуулах нэг үзүүлэлт юм.
Үргэлжлэл бий . . .
 А. Энхбат.  Aнкара 2010

6 comments:

  1. Yahavaa taniltsuulga gej helj bolohoor l bichleg bna.Medeej Turked 2 hon jil amidarch bgaa hun 2 ulsiin hariltsaa bolon yag Turk ulsiin tuuhiin talaar nariin sudalgaanii ajil bichih esvel asuudal devshuulsen niitlel bicihed hangalttai hugatsaa bish bj bolno.Uuruu yum hiigeegui bj shuumjillee gej bitgii bodooroi.Niitlel esvel sudalgaanii ajil arai iim taniltsuulga mayagiin yum bdagguii gedgiig koskoca Ankara Universitesinde dr yapan adam iyi bilecektir. Basarilar

    ReplyDelete
  2. Hey hongor mini saihan l bolson bna. Het ih mergejliin ug hellegtei bol unshsan nuhdud n sonirholgui buguud oilgoj chadahgui shuu dee.

    ReplyDelete
  3. hi. saihan niitlel boljee hoo. urgeljleliig ni hezee gargah gej baian daa tegeed. darhadaas

    ReplyDelete
  4. hi. Minii ih surguuliin and ene bolj bnoo ho, medeej ehleed tuhai ulsiinhaa tovch taniltsuulgiig durdana bas uuriinhuu uzel bodol, sonirhson sedeb, mun tend bh hugatsaandaa ajilgalsan sonin hachin zuils gd yu es bh be dee. urgeljleliig ni udahgui gargana gj naidaj bna.Yabaandaa uuriinhuu mergejleer tuuhiin talaas ni sain sudalj sonirholtoi niitleluud olniig gargaarai amjilt husie.

    ReplyDelete
  5. sain uu and min !!! saihan engiin boljee ...oilgomjtoi ...oshoo olon saihan zvils hvleej suuya ...Amjilt!!!

    ReplyDelete
  6. mash sn niitlel bolson bn turkin talaar iluu delgerengui oilgoljtoi bailgaj hund enehuu medeelle hurgeh gsn shn chin setgeltei yumaa mash ih bayrlalaa

    ReplyDelete

Сэтгэгдэл

Хулгана дагадаг оцон шувууд :-)