21-р зуун - мэдээллийн зуун. Энэ зуунд хэн мэдээллийг бусдаасаа түрүүлж олсон, үнэн бодит дүгнэлт хийж, оновчтой шийдвэр гаргаж чадсан нь бусдыгаа хяналтандаа оруулан захирч чадна. Хувь хүний түвшинд ч, дэлхийн нийтийн түвшинд ч тэр. Иймээс монголчууд бид глобал өрсөлдөөнд тэсч үлдэх, урд гарч тэргүүлдэггүй юмаа гэхэд ард хоцорч үлдэхгүйн тулд мэдээлэлтэй харьцах өндөр ур чадвар, мэдлэг дадалтай байхыг шинэ ертөнц шаардаж байна.
Дээрх зорилгоор мэдээлэлтэй хэрхэн харилцах, хандах талаар зарим арга зүйг та бүхэнд цувралаар хүргэх болно.
Аливаа асуудлыг шийдвэрлэхийн тулд холбогдох мэдээллийг олж цуглуулах шаардлага байнга гардаг. Хэрэв гаргаж буй шийдвэрээ зохих мэдээлэлд үндэслээгүй эсвэл мэдээллийг огт хайхраагүй гаргавал үр дүн эсрэгээр эргэх магадлалын хувь өсөх нь тодорхой. Ялангуяа нийгэм, хувь хүний амьдрал хувь заяаг шийдвэрлэх шаардлагатай үед зохих мэдээлэлд үндэслэх нь гол шаардлага бөгөөд үүнд хувь хүний өдөр тутмын жижиг шийдвэрүүдийг онцлоогүй болохыг хэлэх нь зүйтэй.
Мэдээллийг ангилах нь:
Мэдээлэл хэн нэгэнд чухалд тооцогдож байхад нөгөөд жирийн эсвэл бүр огт хэрэггүй цуурхал мэт төсөөлөгдөж болно. Мэдээллийн үнэ цэнэ, ашиг тусыг түүний бүрэн дүүрэн, нарийн нягт, цаг үеэ олсон шинж чанараар үнэлэх учиртай. Үүний тулд бид эхлээд баримт сэлт /факт/, санаа бодол /хувь хүний бодол/, мэдээлэл /аналитик боловсруулалт хийгдсэн баримт сэлт/ зэргийг ялган танихаас ажлаа эхлэнэ.
Мэдээлэл:
* Нөхцөлд байдалд хандаж чиглэсэн;
* Өөрийн үйлдлийг нарийн чанд төлөвлөх
* Хэрэгжүүлж буй үйл ажиллагааны үр дүнг тодорхойлох;
* Санамсаргүй тохиолдлоос зайлсхийх;
* Тодорхой хувь хүмүүс, бүлэглэлийг аргалж мэхлэхэд чиглэсэн байж болно.
Мөн мэдээллийг дараах байдлаар ангилж болно. Үүнд:
1. Түгээмэл буюу сонирхол татаж буй асуудал, хувь хүн, байгууллага, хэрэгжүүлж буй тоглолт буюу арга хэмжээний талаар ерөнхий тойм төсөөлөл өгдөг мэдээлэл;
2. Цаг үеийн буюу оператив – өөрчлөгдөн буй үйл явдлын чиглэлийг харуулдаг мэдээлэл;
3. Бодит буюу холбогдох асуудалд хариулт өгч, баримт сэлтэд дутагдаж буй зайг нөхдөг мэдээлэл;
4. Дам буюу холбогдох этгээдэд шууд бусаар дамжин ирсэн, аль нэг төсөөлөл, таамаглалыг батлах хийгээд няцаах боломжтой мэдээлэл;
5. Үнэлэгдсэн буюу үйл явдлыг тайлбарлах, түүний ирээдүйн өрнөлийг талаар прогноз, таамаглал хийгдсэн мэдээлэл. Нэг үгээр боловсрогдсон баримт сэлт юм.
Танд тодорхой мэдээлэл шаардлагатай байгааг ухамсарласан нөхцөлд өөртөө дараах асуултыг тавьж тодруулахаас ажлаа эхлэнэ.
* Юуг мэдэх хэрэгтэй?
* Хүсч байгаа мэдээлэл хаана ямар хэлбэрээр байж болох вэ?
* Хэн мэдээллийг мэдэх буюу олж авч чадах вэ?
* Хэрхэн, яаж мэдээллийг өөртөө олж авах вэ?
Дээрх асуултын нарийн тодорхой хариулт нэгдүгээрт гадаад нөхцөл байдал болон таны мэдлэг, хүсэл зориг, туршлага, бололцоо, бүтээлч сэтгэлгээ гэсэн хоёр гол хүчин зүйлээс хамаарч байдаг.
Ингээд тодорхой мэдээлэл олж авсан бол:
* Үнэлэх /мэдээллийг ашиглах бололцоо, найдвартай эсэх, уялдаа холбоо, ач холбогдлын түвшинг тооцох/;
* Тайлбарлах буюу баримт фактыг нэгтгэн, уялдаа холбоог илрүүлж утга санааг нь тодруулах /бусад баримт сэлтээр нотлох, зөн совингоо ашиглах/;
* Тодруулах /хэрэгтэй нэмэлт мэдээллээр баяжуулах/;
* Үр дүнтэй ашиглах /өөрийн үйл ажиллагаа, төлөвлөгөөнд тооцож оруулах, шаардлагатай нөхцөл хүртэл нөөж хадгалах, бусдад дамжуулах/ гэсэн дараагийн алхамд шилжинэ.
No comments:
Post a Comment
Сэтгэгдэл