2010/10/09

УЛС ТӨРИЙН ДОМОГ БА МОНГОЛ

    Домог зохиохуй
    Сүх гэдэг хүүхэд байжээ
    Сүүлдээ тэгээд баатар болжээ хө
    Хонгор халиун унага байжээ
    Хожмоо тэгээд морь болжээ хө
    Энэ бол 1970-90 оны хооронд өсөж хүмүүжсэн хүүхэд багачуудын дуулдаг байсан дууны нэг юм. Тухайн үедээ ийм дуу зохиох зорилго мөн чанар юу байсан тухай хүүхэд байтугай насанд хүрэгчдэд нь тоймтой үзэл санаа байгаагүй биз. Чухамдаа энэ нь тухайн үеийн олон улсын харилцааг тодорхойлогч хоёр системийн оршин тогтнох хийгээд оршин тогтнож буйн учир шалтгааныг албат иргэддээ ухуулан сурталчлах аварга том машин ажиллаж байсны өчүүхэн илрэл. 
Энэхүү үзэл суртал, ухуулга сурталчилгааны аварга машин жирийн хүний ой ухаанд орохооргүй түмэн янзын арга хэрэгсэл, техник технологи ашиглаж байсны нэг нь домог байлаа.   

Домог – нийгмийн ухамсрын өвөрмөц тусгал, нийгмийн оюун санааны үзэгдэл. Нийгэм хүмүүнлэгийн ном зохиолуудад байгаль, нийгмийн үзэгдэл, үйл явцын талаарх өргөн олонд тархсан үзэл бодол, ид шидийн буюу хийсвэр төсөөллөөр үүссэн бодгалийн тухай уламжлалт түүхэн хүүрнэл гэсэн тодорхойлолт түгээмэл байна.
Улс төр, эдийн засаг, соёл, шашин, оюун санаа зэрэг нийгмийн хүрээ салбар бүр өөрийн өвөрмөц домгийн ертөнцтэй. Нийгэмд болж буй үйл явдлын талаар эсвэл мөрөөдөл зөгнөлийн байдлаар санамсаргүй хийгээд зориудаар ямагт домог зохиогдож байдаг. Тухайлбал, домгийг зорилгодоо хүрэх хэрэгсэл болгон үлэмж өргөнөөр ашигладаг нийгмийн хүрээнд шашин гарцаагүй тооцогдоно. Аливаа шашны хувьд хүн төрөлхтнийг татах гол арга нь хойт насны амьдралын тухай санаанд тулгуурладаг бөгөөд тэдгээр нь там, диваажин гэх мэтийн зэрэгцэн орших билиг тэмдгийн ертөнцийг бүтээн босгох замаар билиг тэмдгийн далд бололцоо руу бодит амжилтгүй байдлыг хөрвүүлдэг.            
Улс төр нийгмийн чухал бүрэлдэхүүн болохын хувьд домгоос хол хөндий биш юм. Улс төрийн үүднээс домог гэдэг нь мэдээллийг олон нийтийн ухамсарт тохируулан дахин боловсруулах технологи юм. Домгийн гол хуулийн нэг бол билиг тэмдэгийг хүчитгэх хууль буюу олон нийтийн ухамсарт бий болгосон билиг тэмдэгийг хүчжүүлэн боловсруулах үйл явц орно. Тухайлбал, дайсан болгон хар муу санаатай, хүн бол хамгийн дэвшилт гэх мэт. Өөрөөр хэлбэл, хувь хүний оюун санааг хамтын ухамсраар “хучих” үйл явц юм. Билэг тэмдэг нь хувь хүн ч байж болно. Тухайлбал, Чингис, Будда, Есүс, Аллах, Ленин, Зориг зэрэг бодгаль хүмүүсийн алдар нь тухай бүртээ нийгмийн сэтгэлгээ болон тогтолцоог илэрхийлэх маш том симбол болж чаддаг.
Улс төрийн домог мэдээллийн шинж чанартай хэдий ч тодорхой зохион байгуулагдсан бичиглэлийн /текст/ хэлбэргүй юм. Үзэл суртлаас ялгаатай нь домог системчлэн бүтэцлэгдээгүй байдаг.
Америк нь домгийн үр дүнд үүсэн бүрэлдээд зогсохгүй улмаар дэлхийн хүчирхэг гүрэн болоход томоохон хүчин зүйл болсон байна. Америк бол колончлогчид анх ирсэн энхжингийн орон мэтээр төсөөлөх явдал анхны домог байлаа. Тэдгээр домгоор Америк нь дэлхий ертөнцийн ер бусын үүрэг тавилангаар нөхцөлдсөн гүрэн хэмээх домгийг үндэслэхэд чиглэдэг.
20-р зуун хүртэл домгийг аман байдлаар зохион тараах явдал зонхилж байсан бол олон нийтийн мэдээллийн хэрэгсэл бий болсноор домгийн арга технологит цоо шинэ эрин үе эхэлсэн юм. Ялангуяа кино-домог зохион өөрийн зорилгоо хангах явдал хамгийн өргөнөөр ашиглагддаг. Ер нь киног нийгэм-улс төрийн үзэл хандлага, үнэт зүйлсээ сурталчлан түгээх, тулгахдаа Америкийн нийгэм нэн гаршсан. Кино домог дахь америк баатар (ихэнхдээ ганцаараа) нь өөрийн баатарлаг зоригийн тусламжтайгаар зовлон бэрхшээлээс ямар нэгэн нийгэм бүлгийг авардаг тухай гарах нь түгээмэл. Монголчуудын мэдэх “Рэмбо”,”Терминатор”, “Эх оронч” “Хатуу самар” зэрэг холливудын кинонуудад манай талын баатар олон хорон муу санаатны эсрэг ганцаараа тэмцэж улмаар ялан дийлж буй тухай гардаг. Ер нь тэдний хэлж буй санаагаар Английн колончлолын эсрэг дайн, Америк Вьетнамын дайн, Зөвлөлт Америкийн далд дайн тэмцэлд нэг нэг баатраа л явуулсан бололтой юм шиг байна лээ.
Манайхан ч социализмын үед түүнийг үзэл суртал, суртал ухуулгын чухал хэрэгслээ болгон ашиглаж байснаараа америкчуудаас дутахгүй. Миний л санахын 1990 оноос өмнөх ихэнх кино /50%-иас илүү/ төв рүү тэмүүлэх хөдөлгөөнийг зогсоох үүднээс “илгээлтийн эзэн-ирээдүй” загварын домгийг бий болгох зорилгоор киног үйлдвэрлэж өгчээ. Хөдөөгийн баясгалан, Моторын дуу, Нийслэл хүү, Ховор хүмүүс, Гул Аранжин, Хөхөө гэрлэх дөхлөө,
 
Домогжсон улс төр
Аливаа төр нийгэм өөрийн статус квог хадгалах, оршин тогтнохын тулд тухайн нийгэм, төрийн оршин буй учир шалтгааныг учирлан гаргасан ард түмний оюун санааг эзэмдсэн үзэл суртал, сэтгэлгээний хэв маягийг бүрдүүлэх шаардлага тулгардаг. Мэдээж энэ нь тодорхой онол, үзэл баримтлал, үзэл суртал номлолоор дамжин хэрэгждэг ч массын ухамсарт нийцүүлэн тохируулж, энгийн сэтгэлгээнд хялбарчлан буулгасан хэлбэрээр дамжуулан хүргэх нь тохиромжтой. Энэ зорилгод нилээд нийцтэй арга хэрэгсэл бол домог юм. Төр нийгмийн тогтолцоо бүр өөрт тохирсон домог, сэтгэлгээг бий болгодог. Чухамдаа домог нь эрх баригчид албат иргэдээ эзэрхэн захирахдаа ашиглаж ирсэн хамгийн эртний улс төрийн арга технологи байсан юм. Эзэн хаан бол тэнгэрийн хүү, бурхны элч, тэнгэр заяат болохыг “нотлон” замаар эртний хийгээд дундад зууны бүхий л төр улсын хаад язгууртнууд засаглалын легитим байдлаа хангаж байв. Монголын нууц товчоонд эзэн Чигнис хааны язгуур гарвал, эзэн хаанаар суух “Шар нохой шарвалзан орж ирэх”   
Эрт эдүгээгийн ихэнх домог “дайснаа дарж дархан цолоо мандуулсан” тухай өгүүлдэг. Улс төрийн домгийн хувьд ч манай сайн талын баатар хийгээд хорон муу санаат дайсан тэр хоёрын хооронд үүсч буй дайнд улмаар манай талын баатар ялсан байдлаар зохиогддог.  Амжилтгүйн имижийг амжилттай болгон хувиргахад домог чухал технологи болдог. Ялагдагч ялагч болон хувирна.
Аливаа тогтолцоо өөрийгөө хадгалахын тулд янз бүрийн домог зохион “золиос этгээд”-дээ тараадаг. Домгийн бас нэг утга нь өргөн олонд тархсан хуурмаг үзэл төсөөллийг хэлдэг. Бидний сайн мэдэх улс төрийн домгуудад “Жанжин Сүхбаатар хорлогдон үхсэн нь”, “П.Гэндэн Сталинг алагдсан нь”, “Чойбалсан Дэжидэд уйлан учирласан тухай”, “Сэхээтний төөрөгдөл”, “Цэдэнбалыг огцруулах хуйвалдаан”, “Сэргээн босголт банкны хэрэг”, “Оросын өрийг дарсан үйл явдал”
    Улс төржсөн домог
Улс төрийн сонгуулийн технологит ч домгийг өргөнөөр /мифологем/ ашигладаг. Улс төрийн сонгуулиар улс төрийн нам хүчнүүд нийгмийн захиалгыг өөртөө чиглүүлэх зорилгоор тодорхой домог зохион олон нийтэд цацдаг. Сонгуулийн өрсөлдөөний үед тухайн улс төрийн намыг олон нийтийн ухамсарт  идэвхжүүлэн таниулахын тулд 2 үндсэн домгийн хэлбэрийг ашигладаг. Өөрөөр хэлбэл, улс төрийн нам өнгөрснийг санагалзуулсан “нам бол дурсамж”, ирээдүйд итгүүлсэн “нам бол итгэл найдвар” гэсэн 2 дүр байдлыг бүтээхийг оролддог.
Хүн төрөлхтөн алтан мөнгөн үеийг өнгөрсөн хийгээд ирээдүй үеийн алинд нь оноож буйгаар асуудалд хэрхэн хандаж буйг тодорхойлох боломжтой бөгөөд үүгээр нь эрх баригчид тоглолт хийдэг.
Баатрын дүрд хэн тохирох талаар өөр өөрийн үзэл хандлагаа олон нийтийн санаа бодолтой наалдуулах үүднээс “Нийгэм эрч хүчтэй, залуу, шинэ үеийг хүсч байна”, “Нийгэм тогтвортой байдал, уламжлал” зэргээр өөрийн баатрын дүр төрхийг тодотгохыг эрмэлздэг.
Нийгэм баатарт дуртай байдаг. Нэгэнт манай талын баатрыг бүтээсэн бол тулалдах дайсныг ч давхар тооцох хэрэгтэй. Эсрэг баатар буюу дайсныхаа аль муу шинжийг тодотгох шаардлагатай. Дайсан хийгээд баатар нь харилцан нэгийгээ нөхсөн систем юм. Дайсангүйгээр баатар өөрийгөө хэээ ч илэрхийлж чадахгүй.
Социалист тогтолцооны орнуудын хувьд аль болохгүй байгаа зүйлийн цаана дайсан этгээд байж таардаг байсан бөгөөд “хорлон сүйтгэгч”, “ардын дайсан”, “капиталист нийгмийн тагнуул”, “төөрөгдсөн сэхээтэн”, “империалист хүчнүүд” байсны жишээ өдгөө ч посткоммунист орнуудад үйлчилсээр байна. Энэ нь нэг талаас өөрсдийн хийж буй зүйлд гарч буй саад бэрхшээлд буруутанг олох хамгийн хялбар арга байхаас гадна нөгөө талаас нийгмийг ашиггүй мэдээллээр бөмбөгдөн анхаарал сарниулах технологи байсан юм. Үр дүнд нь өдгөө ч гэсэн Баабарын “Өнөө Хелмер яасан хөөрхий” өгүүллийн баатар мэт хүн сүрэг үүссэн юм. Тэдний буруу биш тухайн үеийн үзэл суртал, ухуулга сурталчилгааны аварга том машинд хэрчүүлсний үр дүнд ийм хүн сүрэг үүссэн юм. 
2004 он хүртэл манай улс төрийн намуудын хувьд өрсөлдөгч нам хүчин нь дайснуудын дүрд хувирдаг байсан бол 2004 онд Ц.Элбэгдорж ерөнхий сайд болмогцоо шинэ дайсныг олж нээсэн юм. “Ядуурал бол дайсан” – энэ нилээд шинэлэг дайсны загвар байсан буюу субъект рүү бус үйл явцад хийсэн дайралт байснаараа олон түмэнд хүчтэй сэтгэгдэл төрүүлж ч чадсан хийгээд шүүмжлэлийн ч бай хангалттай болсон юм. Хойшид ч энэ нь монголд дайсныг олж тодорхойлох өвөрмөц жишиг болж шинэ хандлага болох биз.  
1997 оны сонгуулиар “Хээгүй”, “Хийгүй” хоёр фигураар сонгогчид саналаа өгснийг энд дурьдаж болно. Тухайлбал монголчуудын ойрх үеийн түүхэн ухамсрыг ашиглан “оюутнуудад тэтгэмж /стипент/, хүн бүрт орон сууц, ажлын байр” зэрэг уриа лоозон дэвшүүлж байсан жишээ хангалттай бий.
    Домогт дуртай ард түмэн
Өнгөрсөн үеийн домогжсон бүдүүвч ч одоо үетэй харьцуулбал илүү амьд бөгөөд гайхалтай сэтгэл татам байх нь олонтоо. Учир нь энэ нь түүхэн үйл явдалд хандах олон нийтийн ухамсрын сэтгэл хөдлөлийн харьцаагаар тайлбарлагдана.
Монголчуудын хувьд домог үлгэрийн сэтгэлгээ өндөр хөгжсөн ард түмэн болохоор тухайн сэтгэлгээн дээр нь тоглох боломж өндөр байдгийг нүүдлийн соёл, мэдээллин гол суваг нь сураг ажиг, аман цуурхлын хэлбэрээр явагдаж заншсантай холбоотой юм.
Тухайлан УИХ дахь хоёр гол намын домогжуулсан хандлагыг харцгаая.
МАХН
Гараа - тусгаар тогтнолын хөдөлгөөн, үндэсний сэргэн мандлын үзэл. МАХН – 500 мянга гаруй хүн амтай, ядуурал өвчин хуучиндаа баригдсан, хүн амын тал хувь нь лам бөгөөд бүх нийтээр шашний мухар сүсэгт автсан ард түмнийг аварч улмаар шинэ монголыг тусгаар тогтнуулж, цэцэглүүлэн хөгжүүлж, хүн төрөлхтний соёл иргэншлийн зам руу хөтөлсөн ууган бөгөөд урт туршлагатай  “бидний эмээ өвөө, эцэг эхийн нам” гэсэн домогт тулгуурладаг.
Нөгөө талаас өрсөлдөгч хүчин нь 20.000 монголын шилдэг элитүүдийг устган, хүний эрх, эрх чөлөөг хумиж, хүн төрөлхтний жам ёсны хөгжлийн замаас гажуудуулж, нэг нам , нэг хүнийг тойрон хүрээлүүлсэн авторитар тоталитар төр засгийг толгойлсон нам гэж цоллох, хөгширч өтөлсөн, хоцрогдсон, хүнд сурталтай гэсэн сөрөг домгийг ашигладаг. 
Домогт фигурууд “Анхны долоо”, Сүхбаатар, Цэдэнбал, Багабанди, Энэбиш, Нямдорж, Энхбаяр, Баяр.
Иймээс ч МАХН гэсэн нэр өөрөө домог болчихсон тул нэрээ өөрчлөхөөс халгаад байгаа нь ч учиртай.
 
АН
Гараа – цагаан морин жил, үндэсний үзэл сэргэх эргэлтийн үе.
Ардчилсан нам – монгол оронд ардчиллын салхийг нэвтрүүлж, хүмүүнлэг энэрэнгүй ардчилсан улс орныг байгуулах зам руу хөтөлсөн, хүн төрөлхтний жам ёсны хөгжил рүү удирдсан. Эрс шулуун, шийдэмгий, залуу хүчин.
Сөрөг домог нь туршлагагүй, тогтворгүй, сэргээн босголт банкны хэрэг, эв түнжингүй.
Домогт фигур “ардчиллын алтан хараацай” “анхны 13” Зориг, Элбэгдорж, Гончигдорж, Да.Ганболд, Очирбат.
Хүн төрөлхтөн нөгөө ертөнцөд одсон хүнээ сайнаар дурсах дуртай. Энэ нь ч домог төрөх нийгэм-сэтгэл зүйн өвөрмөц үндэс суурь болдог. Д.Сүхбаатар, Д.Төмөр-Очир, С.Зориг, О.Энэбиш, Д.Отгонбилэг, Дашбалбар, О.Энхсайхан энэ хүмүүсийн нэр алдрыг дурсахад монголчуудад хувь хүн төдийгүй нийгэм-улс төрийн үе шат, тэмцэл өрнөл эргэн дурсагддаг. 
Хувь хүмүүс, улс төрчид өөрийн нэр хүндийг өргөх зорилгоор домог зохиох нь бий. Орос, Америкийн үе үеийн төрийн тэргүүнүүд өөрийн намтраа зохиох нь тогтсон хандлага. Манай хувьд ч гэсэн сонин хэвлэлд нийтлэгдсэн ярилцлага нийтлэлээ цуглуулан ном болгон энд тэнд шахахаас авахуулаад Хувилгааны хойд дүр, цагаан ястан, далдыг харагч, сум, хэлмэгдэгсдийн үр хүүхэд, зоригийн хэргийг илрүүлэхээр тэнгэрээс сонгогдсон, фашист зэрэг зохиомол хийгээд зориудын алдарт домгууд хангалттай бий.
Уламжлалт домог “Төр төмөр нүүртэй”, “Төр түмэн нүдтэй”, “Төрийн сүлд өршөө” хийсвэр бөгөөд түгээмэл шинжт чанартай. Төрийн халамж, Нам засгийн буян, төр, олон түмний хайр ивээл – бэлэнчилсэн төрийн халамж үйлчилгээг дээдэлсэн домог зонхилж байсан бол одоо шудрага ёс, ардчилсан нээлттэй төр, гэх гэгээн ойлголтыг бүрдүүлэхийг хичээж буй ч одоо буй бодит дүр төрх авилгал хүнд сурталд автагдсан төр засаг болчихсон байгаа нь харамсалтай.
Улс үндэсний хувьд домог нь тухайн ард түмнийг нэгтгэх, үндэсний ухамсрыг төлөвшүүлэх чухал хүчин зүйл, төр нийгмийн хувьд олон түмний санаа бодлыг татах, дайчлах арга технологи болохоос гадна улс төрийн нам хүчнүүдийн хувьд тавьсан зорилгодоо хүрэхийн улс манипуляци хэрэгсэл техник болох нь ч бий.   Хувь хүний хувьд нэр хүнд, алдар гавъяаг өргөх зорилгоор ашиглах нь бий.
Домог зохиох нийгмийн хэрэгцээ шаардлага гэж бас бий бөгөөд энэ нь тухайн ард түмний сэтгэлгээний хэв шинжийг бүрдүүлэн, ирээдүй, хөгжил дэвшилд өөрсдийн хувь оролцоог эерэг өөдрөгөөр, эсвэл сөрөг гутрангиар хандах хандлагыг тодорхойлоход өвөрмөц хүчин зүйл болдгоор нөхцөлдөнө.
Улс үндэстэн бүр өөрийн уламжлалт домгийн сэтгэлгээний хүрээнд оршиж байдаг. Монголчуудын хувьд “эрт үеийн төр ёсны уламжлалтай бөгөөд нэгэн үе эзэн Чингис хаанаар тэргүүлэн дэлхийг эзэрхэгч их гүрэн болж байсан” тухай түүхэн домогтойгоос гадна  Нэгэнт л домгийг мэдрэмжтой хүлээж авдаг ард түмэнд тэр л замаар нь эерэг үр дүн үзүүлэхүйц домог зохион оюун санаандаа шингээвэл . Монголчуудын хувьд “алтан дээр суусан гуйлагчин”, “Монгол 500 жил оршин тогтнох жамтай”, “Монголчуудын тамын тогооны үлгэр” гэх мэт гутранги домгийг халж “XXI зуун бол Монголчуудын сэргэн мандлын зуун”, “Бид - оюуны онцгой чадавхитай үндэстэн” гэх маягийн  домгийг хэвшүүлмээр санагдана.  
2008 он

No comments:

Post a Comment

Сэтгэгдэл

Хулгана дагадаг оцон шувууд :-)