2010/10/09

БИЧИГ ҮСЭГ ЗАСАГЛАЛЫН ХЭРЭГСЭЛ БОЛОХ НЬ

Засаглалын механизмд бичиг үсгийн гүйцэтгэх үүрэг ролийн асуудлыг авч үзэхээс өмнө улс төрийн засаглалын асуудлыг тодруулах шаардлагатай гэж үзэж байна.
Нийгмийн тулгуур шинжтэй харилцаа, үзэгдэл, үйл явцын нэг нь засаглал, засаглалын харилцаа юм. Нийгэмд захирах-захирагдах, удирдах-удирдуулах гэсэн тэгш бус харилцаа ямагт байдаг. Иймээс нийгэм дэх засаглалыг гэр бүлийн, эдийн засгийн, хамт олны, шашны, улс төрийн, мэдээллийн гэж ангилж болно. Улс төрийн амьдрал, улс төрийн хүрээний бүхий үйл ажиллагаа, бодлого, шийдвэр засаглалтай холбогдож байдаг. Угаас улс төрийн үндсэн агуулга нь төрийн засаглалыг хэрэгжүүлэх хийгээд олж авах явдал байдаг. 

Засаглал гэдэг нь нэр хүнд, хүч, албадлага, уламжлалын засаглалын эх сурвалж тусламжтайгаар зохион байгуулалт-эрх зүйн болон эдийн засаг, үзэл суртлын нөлөөллийн механизмыг ашиглан хүмүүсийн үйл ажиллагаа болон зан төлөв, зорилго чиглэлд нь нөлөөлөл үзүүлэх өвөрмөц чадвар, боломж нөхцөл юм. Улс төрийн засаглал гэдэг нь улс төрийн харилцааны субъектүүд  болох хувь хүн, бүлэг, нам, төрийн зүгээс эрх мэдэл, нэр хүнд, албадлага зэрэг хүчирхийллийн болон хүчирхийллийн бус арга хэрэгслээр санаа зоригоо бусдад тулгах, тэдний үйл ажиллагааг удирдах чадвар юм.
Улс төрийн засаглал өөрийн зорилго, зорилтод хүрэхийн тулд олон янзын арга хэрэгсэл нөөц ашигладаг. Тэрхүү арга хэрэгсэлд бичиг үсэг тодорхой байр суурь эзэлдэг болох тухай санааг хөндөх нь уг сэдвийн зорилго юм.
    Францын антропологч, угсаатан зүйч, социологич, философич Строс Клод Леви “Гунигт Тропикийн бүс” /1959 он/ бүтээлдээ бразилийн шугуйд Намбиквара хэмээх индейн овгийг судлах экспедици хийхдээ /1936/ бичиг үсгийн талаар дэвшүүлсэн үзэл санаагаа тусгасан байна.
Экспедицийн зорьж очсон тухайн овогт 17 гэр бүлийн 75 индейн  байсан бөгөөд эхэндээ судалгаагаар ирсэн харийн хүмүүст уг овгийхон таагүй хандсан байна. Леви Стросс тэдэнд таалагдах гэж бэлэг солилцохоор шийдсэн байна. Тэрээр индейнчүүдэд тус бүрт нь хуудас цаас, харандаа тараасан. Эрдэмтний тэмдэглэлийн дэвтэрт бичсэн зүйлийг тэд дууриан хэвтээ долгион шугам зурж эхэлжээ. Гэтэл овгийн тэргүүн одоо л Леви Стросстой амаар бус бичгийн мэдээг сонирхож буйгаа мэдэгджээ. Цаасан дээр муруй сарий зураас зураад, бичсэнээ түүнд өгөөд юуг илэрхийлж буйг хэлж өгөхийг эрдэмтнээс хүсэв. Леви Стросс өөрийн заль мэхээ үргэлжлүүлэн уг утга учиргүй зүйлдээ юу бичснээ амаар тайлбарласан байна. Овгийнхныг хуурснаар овгийн тэргүүн өөрийн чухал зорилгоо хангасан байна. Овгийн тэргүүн бүлгийн бүх гишүүдийг цуглуулаад муруй сарий, учир битүүлэг зураас бүхий цаасаа тэдэнд уншсан байна. Бичгийн илэрхий заль мэх нь овгийнхонд “овгийн тэргүүн цагаан хүмүүстэй холбоо тогтоож, хүлээн зөвшөөрсөн” гэдгийг бататгахад оршиж байлаа.
    Дараа нь судлаач намбикварачуудад бичиг үсэг ямар сэтгэгдэл төрүүлсэн болохыг эргэцүүлсэн байна. Бичиг үсэг нь энэ тохиолдолд мэдлэг бус (овгийн тэргүүн бичиж сараачиж байсан хэдий ч бичиг үсэг мэддэггүй), оюуны үүрэг гүйцэтгээгүй, харин социаль зорилгыг л хангасан байна. Леви Стросс Намбикварачуудын хувьд тухайн “хуурмаг бичиг үсэг” - нэр хүнд, эрх мэдлийг өсгөх хэрэглэгдэхүүн болж байгааг олж харсан байна. Овгийн тэргүүний хийсэн үйлдэл нь тухайн нууцыг эзэмшигчийн нэр хүнд, эрх мэдлийг бусдад нь өргөж өгөхөд оршиж байв.
    Бичиг үсэг бусад нийгмийн хувьд ч тус үүргийг гүйцэтгэдэг байна. Тухайлбал, Дорнод Пакистаны (Бангладеш) Читтангонгд хүн амын ихэнхи нь бичиг үсэг мэддэггүй байна. Бичиг үсэгтэй хүн зөвхөн бичээч байх төдийгүй, “мэдлэг нь хүч агуулж байдаг” байна. Тухайн бичээч нэгэн зэрэг мөнгө хүүлэгч байдаг. Иймээс бичиг үсэг хэмээх нь техницист ба соёл иргэншлийн хөгжил дэвшил байхаас гадна бичиг үсэг улс төрийн үүрэг ролийг гүйцэтгэдэг байна гэж үзжээ.
Бичиг үсэг Энтэхэгийн Брахманууд, Төвдийн лам хуврагууд, Монголын төрийн түшмэд, албан хаагчид, лам нар төдийгүй дундад зууны Европын сүм хийдийнхний хувьд өөрсдийн ноёрхлыг бэхжүүлэх, хадгалах чухал буюу бараг гол хэрэгсэл болж байсан гэж үзэж болно.
    Бичиг үсгийн соёл, оюун ухааны  үүрэг мэдээж бий. Энэ утгаар ард түмэн, үндэстнийг бичиг үсэгтэй ба бичиг үсэггүйгээр нь соёлтой, бүдүүлэг гэж хуваан улмаар нэг хэсэг улс орон ард түмэн өөрсдийн соёл, уламжлал, үнэт зүйлс, шашин сургаалиа бусдад тулган хүлээлгэх, бусад ард түмнийг дорд үзэх, доогуур үнэлэх, дарлах үндэс болж байсан болохыг түүхээс харж болох юм.
    “Бичиг үсгийн байнга дагалдан илэрдэг нэг үзэгдэл бол үлэмж олон хувь хүмүүс, тэдгээрийн каст, ангийн шатлан захирсан тогтолцоо бүхий УТ-ийн системийг агуулсан хот, гүрэн улс байгуулагддаг явдал юм. Египетээс Хятад хүртэлх улс гүрнүүдийн хувьд бичиг үсэг нэн тэргүүнд хүмүүсийг гэгээрүүлэхэд бус тэднийг харин мөлжих, дарлахад чиглэж байв. Мянга мянган ажиллах хүчийг цуглуулж, хүнд бэрх ажил хөдөлмөр хийлгэн, асан том байгууламж байгуулахад уг мөлжлөгийн мөн чанар оршиж байв. Хэрэв миний таамаг /гипотез/ үнэн бол бичиг үсгийн харилцааны /коммуникаци/ анхны үүрэг бол боолчлолыг хөнгөвчлөх явдал юм. Амин хувийн зорилгоор бус бичиг үсгийг ашиглах нь оюуны хийгээд гоо зүйн хэрэгцээг явдал хэдий ч чухамдаа анхдагч үүргийг нуух, зөвтгөх, хүчирхэгжүүлэх боломж олгоход чиглэсэн далдлагдсан үр дагавар юм.” 
    Дээрх индейнчүүдийн хуурамч бичиг үсгийг хэрэглэсэн үйлдэл нь танин мэдэхүйн үнэт зүйл гэхээсээ өөрийн нэр хүнд, эрх мэдлийг бэхжүүлэх хэрэгсэл, бичиг үсгийн социаль үүргийн бодит загвар юм. Леви Строссын уг үзэл санааны үндэс нь шууд хэлбэл бичиг үсгийн үнэн байдал  – засаглал юм. Хуурамч бичиг үсгийн муу заль мэхийн тусламжтайгаар бичиг үсгийн жинхэнэ үнэн - боолчлолын зэвсэг болох явдал тодрон гарч байна. Леви Строссын хатуу томъёолсноор бичиг үсэг эрх мэдэлгүй хүмүүс буюу боолчуудыг төрүүлдэг, бүхий л тохиолдолд эрх чөлөөний зэвсэг гэхээсээ ноёрхлыг бэхжүүлэх хэрэгсэл мөн.
    Дээрх жишээнд үндэслэн Африк тивд бат бэх, хүчтэй төр улс байгаагүй нь тэдний бичиг үсэггүй байсантай холбогдож болох уу? Нөгөө талаас Европ дахинд бүх нийтийг бичиг үсэгтэй болгох зорилгыг хангах сургууль бий болсон нь олон нийтийн ардчиллыг хангахад орших бөгөөд “бичиг үсэггүй байдалтай тэмцэх нь иргэний зүгээс төрийн хянах хяналтыг сайжруулахтай нөхцөлдөж байв”. Учир нь бүх нийтийн бичиг үсэгт сургах нь хэн ч хуулийн мэдлэггүйгээр гэдгээр шалтаглах боломжгүй болгосон засаглалыг тунхагласан байна.
Бичиг үсэг – удирдагчийн хувьд засаглалын нөөц болж байдаг.
    Харьцангуй олон тооны нийгэм өөрийн оршин тогтнолыг хангахын тулд хөдөлмөрийн их хэмжээний зардал шаардах, ажлын байнгын циклтэй байх шаардлага гардаг байв.  Тухайлбал, байнга давтагдах үер ус, гангийн хохирлыг багасгахын тулд далан босгох, суваг татах, нөхөн сэргээх болон ХАА-н үйлдэрлэлийн хэрэгцээнд зориулан нөөц усыг хуваарилах гэх мэт. Деспотист төр сегментчлэсэн хэв маяг бүхий нийгэм гэхээсээ экологийн тулгамдсан асуудлыг янз бүрээр шийдвэрлэхэд чиглэсэн бололцоо байв. Деспотизмын зорилго төвлөрлийн тусламжтайгаар нөөцийг дайчлан байгалийн хүчийг захирах явдал юм. Тухайн төр улс хувь хүмүүсийн хамт нь ажиллуулахыг албадаж чадахуйц жирийн иргэдийг орлох цэргийн хүчинтэй байх, тэдний алба хаах явдлыг дансаар хөтлөх шаардлага гарна. Деспотист төр бичиг үсэггүйгээр үүргээ гүйцэтгэж чадахгүй байв. Ялангуяа Эртний Хятад, Эртний Египет, Вавилонд бичээчийн үүрэг цэргийн албанаас ч чухал байлаа. Леви Стросс мөлжлөгийг устгахын тулд бичиг үсэггүй байдалтай тэмцэх хэрэгтэй гэж үзсэн байна.
Платон  философичид буюу эрдэмд боловсорсон хүмүүс төрийн эрхийг барьсан засаглалын хэлбэр хамгийн оновчтой болох санаагаа дэвшүүлсэн явдал ч бичиг үсэгтэн засаглагч байх санааг илэрхийлсэн хэрэг юм.  
Дундад зууны шашны ноёрхлыг европт хэвлэлийн машин дэлгэрснээр европын бүхий л ард түмэн үндэстний хувьд шашны ноёрхлоос гарах, соён гэгээрэх бололцоо нээж өгсөн төдийгүй үүн дээр тулгуурлан нийтийн боловсрол олгох тогтолцоо бүрэлдсэн явдал ардчилсан төр засаг бий болох чухал суурь үндэс болсон гэж хэлж болох талтай.
Мөн эсрэгээр XX зуунд Зөвлөлт Орос оронд хэвлэн нийтлэх эрх чөлөөг бүрэн хориглосон нь тоталитар дэглэмийг бэхжүүлэх чухал алхам байсан бөгөөд анхнаасаа намжсан төрийн зүгээс сөрөг хүчний хэвлэлийг бүрэн хааж, өөрсдийн суртал ухуулгын хэвлэл “Правда” сониныг албан ёсны хэвлэл болгосноор идеократ /үзэл суртлын засаглал/ тогтоож чадсан байна. Энэ нь бичиг үсэг намын  монопольчлолыг хангах хэрэгсэл болгоход чиглэгдсэнд оршино.
Монгол үндэстэн ба бичиг үсэг
 Монгол угсаатан эртнээс өөрийн бичиг үсэг зохион хэрэглэж байсан явдал тухайн төр улсууд өөрийн ноёрхол, эрх мэдлээ хүчирхэгжүүлж, ард түмнээ дарлах хэрэгсэл болгох гэхээсээ илүү хүчирхэг соёл иргэншилтэй улсуудтай хөрш оршдогоос шалтгаалан төр улсын тусгаар байдлыг хангах чухал хэрэгсэл болох үүднээс чухал үүрэг рольтой байсны илэрхийлэл гэж үзэж байна. Монголын төр улс үүссэн үеэс өөрийн бичиг үсэгтэй байсан бөгөөд анхны төр улс Хүн нар бичиг үсэгтэй байсан хэмээн судлаачид тогтоосон юм байна. Сүмбэ, Нирунчүүд өөрсдийн бичиг үсэгтэй байсан болно.
1206 онд Их Монгол улс гүрэн уйгаржин үсгийг төрийн албан ёсны бичиг болгосон явдал түүний оршин тогтнол, соёлын хувьд тусгаар байх чадамжийг урт удаан хугацаанд хангаж өгсөн байсан. Төрийн хэргийг хөтлөх, бичмэл хууль-эрх зүйн баримт бичигтэй болох, гадаад харилцааг хөгжүүлэх зэрэгт өөрсдийн бичиг үсэгтэй байх нь тусгаар улсын бүрэн эрхт байдлыг хангах чухал нөхцөл байсан. 
1269 онд Хубилай хааны зарлигаар Пагва лам Лодойжанцангаар Дөрвөлжин бичиг зохиолгон төрийн албаны бичиг болгон зарласан нь Хятад болон бусад үндэстнийг өөрийн харъяанд байлгах оюун санаа соёлын чухал арга хэрэгсэл болж байлаа.
1648 онд Ойрадуудад зориулан Зая Бандид Намхайжамц тод бичиг зохиосон. Мөн 1686 онд улс төр хийгээд шашны зорилгоор өндөр гэгээн Занабазар Соёмбо үсэг зохиосон. “Улс төрийн зорилго нь манж нарын түрэмгийллийг сөргүүлэн Монгол улсын тусгаар тогтнолын бэлэгдэл …”  болгох зорилготой хэдий ч чухамдаа бутарлын үе бие биеэсээ тусдаа болох эрмэлзлийн илэрхийлэл байсан гэж үзэж болох талтай.  Тодруулан хэлбэл Монгол угсаатны хувьд Тод бичиг, Соёмбо бичиг бараг нэгэн зэрэг зохиогдсон нь тухайн ард түмний хувьд хэл соёлын үүрэг ролиос гадна өөр өөрсдийн тусгаар байдал, бие даасан засаглалыг тунхагласан хэрэг гэж үзэж байна.
1920-оод оноос хойш Монголын удирдагчдын эсрэг хийсэн улс төрийн хэлмэгдүүлэлтийн нэг зорилго нь монголын уламжлал, үнэт зүйл, бодлогыг агуулагч субъектүүд язгууртнууд, сэхээтнүүд (лам хуврага) нарыг устгах явдал байсан. Күнзийн “улс үндэстнийг аажмаар эзэгнэн авахыг хүсвэл соёл, уламжлал, үнэт зүйлсийг нь мартуул. Соёлыг нь мартуулахын тулд бичиг үсгийг нь мартуул (устга)” гэсэн улс төрийн бодлогыг Зөвлөлт гүрэн хэрэгжүүлэх хөрс сууриа бэлтгэсэн хэрэг юм. 1940-өөд он хүртэлх Латин бичиг үсэг хэрэглэх гэж оролдсон манай төрийн зүтгэлтнүүдийн хүчин чармайлт Оросоос хараат бус оршихын төлөө тэмцэл, өрнөдийн нийгмийн загварыг авах оролдлого байсан болно. XX зууны дунд үеэс Монголд кирилл үсэг албан ёсны бичиг болсон нь ЗХУ-ын улс төр, эдийн засаг, соёлын ноёрхол тогтоох зорилгын биелэл, тогтоосны илэрхийлэл байсан юм. Иймээс ч 1990 оны Монгол даяар өрнөсөн Монгол бичиг сурах хөдөлгөөн, ЗХУ тарсны дараах тусгаар орнууд өөрсдийн бичиг үсэг, хэлээ сэргээх, өөр болгох сонирхол нь үүнтэй холбоотой юм.
Социализмын үеийн албан бичгийн суртал, дарамт гэж хэлж болох зүйл өдгөө ч уламжлагдсаар байна. Гурван үеийн намтар, хөдөө явах томилолт, цохолт, акт, гарын үсэг, лизенз, зөвшөөрөл нь жирийн иргэдийн хувьд төрөөс хараат хамааралтай байх нэг нөхцөл болж байна.
    Орчин үед ямар улс үндэстэн дэлхийд ноёрхож байна түүний хэл, бичиг үсэг мөн дэлхийд зонхилох хэл бичиг болж байна. Глобалчлал гэдэгт улс төр, эдийн засгийн, соёлын харилцан хамаарал байхаас гадна бичиг үсгийн ижилсэл /идентификаци/ давхар өргөжиж байна. TOEFL-ийн оноо, ажилд авахад англи хэлний мэдлэгийг шаардах, орчин үеийн техник хэрэгслийн /компъютер, интернет, гар утас/ зэрэг бол томоохон соёл иргэншил өөрийн албадлага засаглалаа тогтоосны том илрэл гэж үзэж болох байна.
Эцэст дүгнэхэд бичиг үсэг нь улс төрийн засаглалын чухал арга хэрэгсэл төдийгүй аливаа улс орны соёл иргэншлийн цаашлаад үндэсний тусгаар эсвэл тусгаар бус байдлыг нөхцөлдүүлж, улс төрийн бодлого, үйл ажиллагаандаа анхаарч, баримтлаж байвал зохих үнэт зүйл болж байдаг бөгөөд төр улсын ардчилсан нээлттэй эсвэл хаалттай дарангуйлалт дэглэм тогтох нэг үндэс байдаг гэж үзэж болно. 2005 он

No comments:

Post a Comment

Сэтгэгдэл

Хулгана дагадаг оцон шувууд :-)