2010/10/25

III ТУРК ЭЭ ГЭЖ...

Хаа газрын хүүхдүүд өхөөрдөм байдгийн адил Турк жаалууд их хөөрхөн нүд хөмсөг болсон, сормуус нь уртаа гэгч нь эргээд яг л хүүхэлдэй шиг. Манайхны хүүхдүүдийг бодвол нэлээд томоотой, гэхдээ олуулаа нийлвэл их нүүрэмгий. Ази царайтай биднээс элдэв юм асууж, хамт зургаа авахуулахыг хүсэх тохиолдол бишгүй. Өсвөр насныхан хажуугаар зөрөхдөө хятад, хятад, япон, эсвэл коничива гэх зэргээр хашгирч өднө.
 
Харин одоо насанд хүрэгчдийг нь дүрслэх гээд үзье. Туркууд бол ерөнхийдөө ихээхэн царайлаг гэдгийг хэлэх хэрэгтэй. Эрчүүдийн ихэнх нь бүгд л фото модель шиг цэвэрхэн царай нүд хөмсөг, сахал үс болсон улс. Сахал нь их ургадаг болоод тэрүү жаахан хүйтэн царайтай харагдаж магадгүй ч үс нь бууралтаад ирэхээрээ их төлөв, намбалаг төрхтэй болно. Хүүхнүүдийн хувьд ч ялгаагүй царай сайнтай. Гэхдээ биеийн галбир Европ талдаа гэхээсээ Энэтхэг, Пакистан, Араба Персүүдтэй илүү төсөөтэй мэт. Нурууны хувьд бол тийм ч их өндөр биш дундаж талдаа. Мэдээж бас царай муутай хүмүүс байдгийг дурдах нь илүү биз. 

Ер нь газар орныхоо байдлаас шалтгаалан гаднах төрх нь өөрчлөгдөн Измир, Анталья зэрэг Гректэй ойрхон эргийн хотуудад шар үстэй, цэнхэр нүдтэй цагаан арьстан хүмүүс олноор тааралдах бол нутгийн зүүн тал руу бор хүрэндүү царайтай болж ирнэ. Энэ хэсэгт хүн амын багагүй хэсгийг эзлэх курд үндэстэн олноор оршин суудаг. Тэдний хэл, соёл бол Персүүдтэй тун төстэй. Харин Хар тэнгисийн уулархаг бүсүүдээр өндөр хамартай Орос, Кавказ төрхтөнтэй илүү их учрах ба энд Чиркес, Лаз зэрэг угсаатнаас гадна Оросууд ч бий. Ер нь Турк хүн яг тийм царай зүстэй байдаг гэж хэлэхэд ихээхэн бэрхтэй. Заримдаа Итали, латин америкчуудтай ч ижилхэн юм шиг. Бас Османы эзэнт гүрний үед авчирсан хар арьст боолуудын удмаас гадна тэр үед нүүдэлж ирсэн ба хожим коммунизмаас зугтсан киргиз, узбекүүдийн бүхэл бүтэн тосгодууд ч бий. 

 
 Тэд гадныхныг ялангуяа онгир нүдтэй биднийг ихээхэн сонирхоно. Эрчүүдийн хувьд Ази төрхийн хүүхнүүд ихээхэн таалагддаг бололтой байдаг. Турк бол угсаатны хувьд эр угсаатан, өөрөөр хэлбэл тэд гаднаас бэр авдаг, харин өгдөггүй улс. Энэ нь шашин шүтлэгтэйн холбоотой. Мусулман турк эр өөр шүтлэгтэй эмэгтэйг эхнэрээ болгож болдог ба турк хэлний курсын монгол оюутнууд маань тэдний бэр болсон украйн, молдов, орос зэрэг хүүхнүүдтэй нэг ангид сурах нь ихээхэн түгээмэл. Харин ислам шүтлэгт эмэгтэй өөр шашинтай эртэй гэр бүл болох нь хориотой бөгөөд хэрэв суух бол хүргэн заавал исламын шашинтан болох ёстой. Ер нь турк хүүхнүүд гадаад хүнтэй суух нь нилээд ховор. Гэхдээ метронд япон хүргэнтэй нэг авгай намайг наран улсын иргэн хэмээн андууран нэлээд зүйл шалгааж билээ. Станбул, Измир, Анталья зэрэг бусад хотуудад гудманд таарсан зарим нэгэн элдэв юм асуух нь түгээмэл. Голдуу аль улсаас ирсэн, энд юу хийдэг зэргийг асуух ба Монгол гэхээр бүр их сонирхож Чингис хаан Турк уу, Монголынх уу гэх зэргээр явж өгнө. Заримдаа та нар онгир нүдтэй юм чинь аливаа зүйлийг харахдаа багасгаж хардаг уу нэг бол талалж хардаг уу гэж хөөрхөн хөөрхөн асуулт тавих нь энүүхэнд. 
 
Уулын мод уртай богинотой, хүний олон сайнтай муутайн үлгэрээр энэ улс ч ялгаагүй тийм. Зан аашийн хувьд харилцан адилгүй ч эрчүүдийн хувьд нилээд ямаан омогтой жижигхэн зүйлээс болж хоорондоо марган юу юугүй хутга шовог, буу зэвсэгдээ тулан хувцсаа тайлан их дуугаар хэрүүл маргаан дэгдээнэ. Гэвч зодолдох бол ховор. Манайхан шиг дуугүй байж байгаад пижигнээд явчихгүй. Гэхдээ хуучин ёс заншил хүчтэй зарим хөдөө тосгонд цусан өшөө авах, өрх гэр бүлийн нэрийг гутаагчдийг хатуу цээрлүүлэх явдал гарах нь цөөнгүй. Үүний эсрэг орчин цагийн хууль ёс, цэрэг цагдаа хамтын хүчээр тэмцэж л байна. Мөн галт зэвсгийн хяналт ихээхэн сул талдаа. Цагдаа, эргүүл, хамгаалалтын албаныхан бүгд буу ил зүүж явна. Ангийн болон хийн буунуудыг ч чөлөөтэй худалдаалдаг. Үнэ нь ч боломжийн санагдсан. Анкарагаас холгүй орших Кирккалэ гэх зэвсэг үйлдвэрлэдэг жижиг хотод америк цэргийн лазерийн тусгалтай М-16 бууг наймаалцаж үзэхэд 1000 долларт авч болно, 7 хоногийн дотор бичиг баримтыг бүрдүүлж өгнө гэж байлаа. Мөн Станбулын авто вокзал дээр хүртэл янз бүрийн хийн гар буунуудыг өргөнөөр худалдаална.
 
Тэд машин барихдаа галзуу юм шиг давхих нь гэм биш зан. Ер нь хаазнаас хөлөө авдаг юм уу бүү мэд гэмээр. Саяхан монголоос ирээд Станбулын Ататурк онгоцны буудлаас авто вокзал хүртэл таксинд суутал ёстой нисэж өгсөн. Уг нь би чинь гурван онгоц солиод нисэж нисэж ирсэн хүн. Буухад жолооч ихэд бахархалтайгаар айсан уу гэж байна. Тийм, тэгээд дуу гарсангүй гэхэд “чи өөрөө нэг цагийн автобусанд амжих уу” гээ биз хэмээн инээмсэглээд үлдэж билээ. Авто ослын тоогоор бол дэлхийд нилээд дээгүүр орох байх. Хаяа мэдээ үзэхээр ихэнх нь аваар ослын тухай байдаг. 
 
Турк хүний сайн талын нэг бол тусархуу байдал, ялангуяа хөдөө тосгоныхон энгийн цайлган улс. Томоохон хотуудад ч тийм хүмүүсийн тоо цөөхөн бус. Нэг удаа Анкарад хоёр Монгол оюутан автобусанд суух гэтэл мөнгө нь хүрэлгүй буутал үүнийг харсан нэг ахимаг насны эр нэгнийх нь энгэрийн халаасанд 30 лира хийгээд тусалж буйгаа хэлж, мань хоёр ч авахгүй гэтэл нөгөө хүн гүйгээд явсан гэж байгаа. Бас Станбулд үсээ засуулж байхдаа хажуу талынхаа турк эртэй элдвийг хөөрөлдөөд дараа нь мөнгөө өгтөл шинэ танил нь төлөөд явсан байх жишээтэй. Иймэрхүү тохиолдлуудыг энд сурч буй Монгол оюутнууд зөндөө ярина. 

Турк дэх Монгол оюутан залуус

 
БНТУ-д манай орноос ойролцоогоор 1000 гаруй оюутан суралцдаг ажээ. Тэдний ихэнх нь Станбул, Анкара, Измир хотуудад бусад нь янз бүрийн хотуудад эрдэм номонд шамдана. Монгол оюутнууд бүгд шахуу төрийн их дээд сургуульд сурна. Хувийн сайн сургуулиуд байх ч төлбөр нь дэлхийн жишгээр. Энд сурч буй оюутнуудыг гурав ангилж болох юм.
1. Засгийн газар хоорондын гэрээгээр тэтгэлгээр сурч буй хэсэг. Тэдний сургалтын зардал болон дотуур байр, (энд өглөөний цай болон оройн хоолонд тодорхой хөнгөлт үзүүлдэг) эрүүл мэндийн даатгалыг Туркийн засгийн газраас хариуцахаас гадна сар бүр 200 гаруй лирагийн тэтгэлэг мөн жилдээ нэг удаа хувцас, номны мөнгө гэж ойролцоогоор 300 гаруй лира өгдөг.
 
2. Хувийн зардлаар сурч буй оюутнууд. Тэдэнд эндхийн бүхий л зүйл үнэтэй тусч мөн дээр дурдсан хөнгөлтүүд байхгүй. Эрүүл мэндийн даатгалд жилдээ 300 орчим лира төлнө. Ийнхүү хувиараа сурдаг оюутны тоо харьцангуй цөөн, тэд ар гэрээсээ мөнгө авахаас гадна олон жил болсон цөөн хэд нь амралт, чөлөөт цагаараа ажил хийнэ. Энэ улсад ингэж ажиллах нь чухамдаа хуулиар хориотой. Гэвч нэгэнт оршин суух эрхтэй тул айх аюулгүй. Сургалтын төлбөрийн хувьд манайтай харьцуулахад өндөр. Ингэж хэлэхийн учир нь энэ жилээс эхлэн Туркийн зарим улсын их сургуулиудын төлбөр огцом нэмэгдсэн бөгөөд хойтон жилээс бол бараг бүгд нэмэгдэх хандлагатай. Анкарагийн их сургуулийн бэлтгэл анги гэхэд л 1500 лира болсон байх жишээтэй. Үндсэн ангийн төлбөр ямар ангид сурахаасаа шалтгаалж 2500 лирагаас эхлэж байгаа бөгөөд зарим ангиудийн төлбөр 13000 лира болжээ. Тэгэхээр хувиараа сурч буй оюутнууд болон сурах гэж ирсэн залууст ихээхэн хүнд тусах нь ойлгомжтой.
 
3. Энэ ангилалт шашны шугамаар ирсэн оюутнуудыг хамруулж болно. Тэд голдуу манай казак үндэстэн байх нь элбэг. Монголоос ирсэн тэднийг анхлан шашны байгуулагын мэдлийн оюутны байр эсвэл гэрүүдэд байрлуулж (эндэхийн ердийн орон сууцийг хэлж байна. Оюутны байрнаас ялгаатай нь өөрсдөө хоол ундаа хийдэг.) Ислам шашны ариун судар Кораныг эхлэн үзэх ба хажуугаар нь турк хэл болон мэргэжлийн бусад хичээлийг заана. Тэдний хувьд эхний жилээ чөлөөтэй гадуур гарах нь цөөн, харин их сургууль орсны дараагаас оршин суух хот оронтойгоо танилцана. Сургалтын төлбөр, байр хоол зэрэг нь голдуу үнэгүй эсвэл багахан төлбөртэй байх ба ихэнхдээ жилдээ нэг удаа монгол руу ирж очиж онгоцны тийзийг нь ч авч өгөх нь бий.
 
Дэлхийн аль оронд очсон манай оюутан залуус сэргэлэн цовоо, тухайн оронтойгоо хурдан танилцаж дасан зохицдог. Энд ч ялгаагүй хүнээс дор орохгүй. Гэхдээ эцэг эхээсээ хол байгаа залуусын маань дунд цагийг дэмий өнгөрөөн суух нэг хэсэг байхад сургуулиа орхиод Англи зэрэг барууны орнууд руу одогсод ч бий. Монголоос жилдээ хоёр гурван зуун оюутан дээрхи гурван байдлаар ирэх боловч төгсч буй оюутны тоо даанч цөөн. Ер нь гарын арван хуруунаас илүү гарч байна уу гэмээр. Энэ нь Туркийн сургалтын системийн хатуу чанга, чанар зэрэгтэй холбоотой байж болох юм. Манайхан шиг багшаа аргалах, дүн гуйх гэсэн ойлголт энд байхгүй. Үнэлгээний систем ч манай 100 онооныхоос ялгаатай, голдуу ангийн голч дүнгээр шалгалтанд тэнцүүлдэг. Ер нь манай оюутнууд гэлтгүй Туркууд ч өөрсдөө сургуулиа төгсөх гэж нэг их яардаггүй. Учир нь нийгэмд эзлэх оюутны байр суурь өндөр, янз бүрийн хөнгөлөлт, тэтгэлэгт хамрах боломж зэргээс ч шалтгаалдаг байж ч магад.  
 
Манай оюутан залуус сул цагаараа ажил хийхийг чухалд үзнэ. Хот хотоороо ажлын байр нь ч ялгаатай. Москва, Бээжин хотод онгоцоо сольсон монголчууд бүгд л шахуу Станбулд буудаг. Тиймдээ ч энэ хотын хуучин, архаг оюутнууд монгол наймаачиддаа газарчлах нь элбэг. Өдрийн 20 ногооноор тохирч явах ба дээр нь танил туркүүдийнхээ зарсан бараанаас ч хувь хүртэнэ. Измир, Анталья зэрэг хотуудад бол голчлон зочид буудал, цайны газар ажиллах нь цөөнгүй. Анкарагийн хувьд бол төрөл бүрийн зоогийн газарт зөөгч, тогоочийн туслахаас гадна, жижиг үйлдвэрүүдэд ачигч, тоологч хийх нь түлхүү. Зундаа хэл устай овсгоотой хэсэг нь англи, америк явж ажиллах ба овоо хөөрхөн мөнгөтэй ирдэг нэг байхад бас казино, зугаа цэнгээнд олсон хэдээ үрээд дууссан гэх нөхөд ч мэр сэр таарна. Уг нь оюутнуудад тэр бүр ажил хийгээд байх цаг зав хомс, сургуулийн зүгээс ч тийм боломж төдий л олгохгүй. Бас нэг тэмдэглэх гэгээтэй зүйл бол туркэд сурч буй оюутнууд архи дарс хэрэглэх нь ихээхэн ховор. Улс тунхагласны өдөр, шинэ жил, цагаан сар, наадам зэрэг хэдэн баяраараа ямар нэгэн баар, зоогийн газар, усан онгоц түрээслэн уулзалдах ба ингэхдээ ч учиргүй тасраад хэрэг төвөгт орох нь бараг үгүй. Анкарагийн оюутнуудын хувьд ийм баяруудаар элчин сайд, тус яаманд ажиллагсдаа заавал урьдаг уламжлалтай. 
 
Дашрамд хэлэхэд Турк улсад хувийн зардлаар сурах хүсэлтэй бол эхлээд Анкара, Станбулын их сургуулиудын хэлний курсын албан ёсны урилгыг авах хэрэгтэй. Анкара Их Сургуулийн ийм урилга 250 долларын үнэтэй, үүндээ эхний нэг сарын сургалтын төлбөр багтсан байдаг. Энэ урилга болон бусад зохих бичиг баримтын хамт Улаанбаатар дахь БНТУ-ын элчин сайдын яаманд сургалтын виз мэдүүлэх ёстой. Хэрэв ийм виз аваагүй бол энд сурах ямар ч боломжгүй, үүнээс өөрөөр сургалтын виз авах арга байхгүй. Сургалтын визтэй ирээд урилга авсан хэлний курстэй бүртгүүлсний дараагаар оршин суух эрх авдаг. Ийм эрхтэйгээр та их сургуулиудын элсэлтийн шалгалтанд орох, сурах, энэ улсад хууль ёсоор амьдрах боломжтой болно. Уг нь Монгол улсын иргэн Туркэд нэг сарын хугацаанд визгүй зорчих эрхтэй байдаг ч сурахаар ирж буй бол заавал виз авна. Ийнхүү дахин нуршихийн учир нь Монголоос ирэх бүрдээ сургалтын виз авахаар явж байна гэх тохиолдолтой таарч байдагтай холбоотой юм шүү. 
 
Ингээд нийтлэлийн маань гурав дах хэсэг өндөрлөж байна. Бид дараагийн дугаартаа энэ орны эрээн бараан амьдралаас гадна харласан гэх тодотголтой ажил хийдэг иргэдийнхээ тухай чадах чинээгээрээ өгүүлэх болно.
А.Энхбат Анкара хот. 2010 10 сар

11 comments:

  1. Huuhduud maani tend ochood ydaj arhi uudaggui n yamai daa.

    Unen ch yaridag yumuu hudlaa ch heldeg yumuu gej bodoj l suulaa.

    ReplyDelete
  2. Sonirkholtoi medee,medeelel ugsund tani bayarlalaa.Zarim neg gazar ni tesgelgui pishiitel ineelee,nudend haragtal bichsen bna shuu.Amjilt husie andaa!

    ReplyDelete
  3. Sain bichsen bn, amjilt huise! Osmanli ezent gurnii uyeer bool bolj irsen har aristan humuusiin udam ihenhdee haana amdirdagiin? Turked er ni ene har arist boolin udam bn gej helj bolhoor humuus bn uu?

    ReplyDelete
  4. Yaahav engiin taniltsuulga bolj. Turkyin ih surguuliudyin talaar bicheech. Chi butsaad irehed ShUTIS oorchlogdson, hogjson baigaa. Gehdee TURK-yin surguulias shineleg, davuu taluudaas yuug ni ashiglaj boloh ve? gedeg talaar bichvel iluu sonirholtoi baihaa.

    ReplyDelete
  5. Svvliin 4jil hagas gadaad ornuudiin tuhai bichsen hvmvvsiin blog,niitlelvvdiig vzej sonirhoj bna , gehdee iim sainiig ni urid harj bgagvi yum bna aa, vneheer hvnd heregtei ,ih medeeleltei, saihan niitlel boljee... :-) tnx

    ReplyDelete
  6. ih goyo bichsen bna. deer n yag l uneniig helj, turkuudiin tuhai.

    ReplyDelete
  7. Yag uneneer bichjee. Hamgiin suuliin ueiin medeelel bn. Yamaidaa gants 1 ch gsn unen medeedel taviad bval. Mongold turkiin tuhai hamgiin muug ni bichsen bdiin gagushdee..

    ReplyDelete
  8. ben turkce cok biliyorum

    ReplyDelete
  9. Би турк залуутай найз турк хэл сурч түүнийг баярлуулмаар байх юм бас намайг турк руу заавал очоорой гэсэн би ер нь гадаадад гарч амьдрах бодолтой байгаа Тэнд амьдарвал хир вэ таньд скайпи байгаа бол skype --> sh.bujin gd add hiicheerei bayrlalaa

    ReplyDelete

Сэтгэгдэл

Хулгана дагадаг оцон шувууд :-)