2012/02/02

ГОЙМОН БААТАР


ХХ зууны эхэн үеийн Монголын улс төрийн лидерүүдээс жанжин Д. Сүхбаатарын намтар хамгийн их судлагдсан гэхэд болно. Түүний тухай дуу, шүлэг, уран зураг, кино, хөшөө дурсгал, марк гээд юм бүхэн бий. Нэгэн үе ард түмэн түүнийг бурханчлан шүтэж байлаа. Үүнийг манай үеийнхэн ч гадарлах байх. Миний мэдэхийн эмээгийн минь бурхан шүтээний хажуу жанжин Сүхийн жижигхэн цээж баримал байдаг байлаа. 


Тэрбээр 1893 оны 2 сарын 2-нд Амгаланбаатар хотод мэндэлжээ. Сүхийг төрөх өдөр эцэг нь хээрээс жижигхэн мөнгөн сүх олсон бөгөөд түүнээ билэгдэн шинэ гарсан хүүдээ Сүх нэрийг өгсөн гэдэг. Үүнээс өмнө цагаан дээлт Дамдины гэр бүл нэгэн сонин учрал тохиожээ. “Тэнгэрт бөртийх ч үүлгүй тунгалаг сайхан өдөр эхнэр Ханджавынхан хөлийн өсгийн тусаас солонгын гэрэл өндөрт цацарч ухаан алдсан” аж. Энэ нь Монголын түүхэнд мөнхөрсөн агуу эрчүүдийн эхээс төрсөн олон домгуудтай тун адилхан. Юутай ч Дамдин өөрийн хэдэн хүүхдээс Сүхийг онцлон эрдэм номын мөр хөөлгөх шийдвэр гаргасан байдаг. 

Ингээд Сүхбаатар, гүн Жамьяан, бэйс Цэен, гүн Гүррагчаа зэрэг эрдэм ухаан, удам угсаа сайтай багш нараар монгол бичиг, тоо бодлого, манж хэл бичиг заалгаж тухайн үедээ шаггүй боловсролтой нэгэн болжээ. 

Идэр залуу насандаа өртөөний улаач хийж байсан тэрбээр 1910 онд өөрийн насны хань Янжинтайгаа (Янжмаа) нэг гэрт орсон байна. Удалгүй Хужирбулан дахь цэргийн бага даргын сургуулийг онц үнэлгээтэй төгсөж салаа, сумангийн дарга болжээ. Тэрбээр 1912 онд V зэргийн, 1915 онд IV зэргийн, 1917 онд III зэргийн, 1919 онд дэд зэргийн жинс, тогосын отгоор Богд хааны зарлигаар тус тус шагнагдсан билээ. 

Түүний улс төрийн идэвхтэй үйл ажиллагаа 1914 онд Хужирбулангийн хуаранд болсон 1000 гаруй цэргийг толгойлон боссоноос эхлэлтэй. Олноо “Гоймонбаатар” гэж алдарших болсон Сүхбаатар 1919 он гэхэд Улсын доод хурлын гишүүн болсон байдаг.

Түүний улс төрийн амьдрал, 1921 оны хувьсгалд оролцсон оролцооны талаар бишгүй нэг бичдэг тул дахин нуршихаад яахав. Харин цэргийн авьяаслаг жанжин байсан нь Манхдайн давааны өвөр, Зүүн Бүрхийн амны тулалдаанууд болон Хиагтыг чөлөөлөх цэргийн ажиллагаанд эртний Монголчуудын “гал могойн бүслэлт”, “галзуу барын дайралт”, “эрээн ирвэсийн гэтэлт”, “эрэгчин чонын хөөлт” гэх зэрэг уламжлалт байлдааны тактикийг хэрэглснээс харагддаг. 

Эрдэмтэн О.Пүрэв багш маань “Сүхбаатарын бичсэн бичиг, захидлуудад Богд хаан болон бурхны шашин, хутагт хувилгаад, лам хуврагуудыг муучилсан ганц ч үг байдаггүйн дээр Сүхбаатар хэт хувьсгалч зан гаргаж сүржигнэдэггүй, төрийн уламжлалыг хүндэтгэж явдаг байсан зэргээс хаад, ноёд түүнд өөрөөр хандахад хүрчээ” гэж бичсэн нь бий. 

1921 онд хувьсгал ялсны дараа Д.Сүхбаатар Ардын засгийн газар, бүх цэргийн зөвлөл, намын төв хорооны гишүүн хийгээд дэд тэргүүлэгч, Бүх цэргийн жанжин, Цэргийн яамны тэргүүн сайд болов. Энэ үед тэрбээр ердөө 28 настай байжээ.

Ардын засгийн газар 1922 оны 4 сарын 28-ны хурлаараа хувьсгалын үйл хэрэгт үнэнч зүтгэж гавьяа байгуулсан хэмээн С.Данзан, Д.Сүхбаатар нарыг шагнахад тэд татгалзав. Магадгүй энэ нь Бүх цэргийн зөвлөлийн дарга Э.Ринчино сайд Д. Сүхбаатарыг ажил хийдүүлж унагасан гээд өөчлөх болсон, Намын төв хороо түүний ажлыг шалгаж алдаа мадаггүй ажилласан гэх дүгнэлт гарсан зэрэгтэй холбоотой байж болох юм. Гэсэн ч хэдхэн сарын дараа буюу мөн оны 12 сарын 9-ний Намын төв хорооны хурлаар Цэргийн яамны дэд сайд Магсаржавын тэргүүн сайдаар дэвшүүлж Д.Сүхбаатарыг Бүх цэргийн жанжин гэсэн цолтой ижил тушаалтай үлдээжээ. Уг явдлаас хойш тэрбээр гэртээ суун “архи хэмээгч угаас ёсыг алдагдуулан, ёрыг өрнүүлэхийн үндэс мөн” гэх зэрэг сургуулийн шинжтэй ухуулах хуудас бичих болсон байна. 

Удалгүй гэнэт тэдний гэр бүл адилхан өвчнөөр өвчилжээ. Эмч нар Сүхбаатар, түүний гэргий Янжмаа, хүү Галсан нарыг тус тусд нь тусгаарлан эмчилж эхлэв. Гэвч жанжин маань 1923 оны 2 сарын 20-ны өглөө өөд болсон. Эмч нар түүнийг өвчний улмаас таалал төгссөн гэсэн дүгнэлтийг их хожуу гаргасан байдаг.  Харин О.Пүрэв багш маань жанжинийг Э.Ринчено хор өгч хөнөөсөн гэдэг байв. 

Ер нь багш бидэнд жанжин Сүхийн тухай олон сайхан зүйл ярьсан. Түүнээс нь гуч хүрэлгүй хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн Сүхбаатар үнэхээр л эгэлгүй эр байсан гэсэн төсөөлөл үлдсэн юм. Багш 1970-иад оны эхээр одоогийн Лүн сумын ойролцоо нэгэн айл ороод гэрийн эзэн өвгөнтэй яриа өдөх арга сэдэж суутал бурхны гүнгэрваа дотор нь хонины дунд чөмөг, дал зэргийн яс байхыг харсан гэнэ. Тэгээд та чинь настай хүн байж бурхныхаа дотор хувхай яс хийдэг нь яаж байгаа юм гэжээ. Гэтэл өвгөн юун хувхай гэж жанжины хишиг энэ чинь. Үүний ачаар би ямар ч байсан хоосон хонож үзсэнгүй гээд дараах түүхийг хуучилсан байна. Өвгөнийг залуу байхад нэгэн удаа Хүрээнээс жанжин Сүхбаатар ирнэ. Түүний цэрэгт зуун агт морь яаралтай цуглуул гэсэн даалгавар өгч гэнэ. Нутгийн ноёд, баян айл түүнийг тоож адуу өгсөнгүй гэнэ. Ингээд байж байтал хоёр цэрэг дагуулсан цэргийн залуухан дарга гэрт нь орж ирээд агт цуглуулсан уу гэж гэнэ. Мань эр ч үнэнээ хэлтэл нуруун дундуур нь хоёр ташуурдаад яваад өгч гэнэ. За дарга нар нь ийм догшин юм чинь жанжин ч бол бүр аймаар байх даа гэж бодоод сууж байтал ойрхон жанжин дуудаж байна гээд өнөө хоёр цэрэг хүрээд иржээ. Ингээд л балрах нь тэр гэж бодоод эхнэр хүүхдээ үнсээд дагаад явжээ. Хошууны төв дээр жанжинд зориулж тусгай гэр барьсан, гадаа нь хонь гаргасан бололтой дэлгэсэн нэхий байж. Гэрт яваад ортол нөгөө ууртай залуухан дарга цартай мах идээд сууж байв. Мань хүн ч дотор нь бүр пал хийгээд явчихжээ. За наашаа суу мах ид гээд агтаа өгөхгүй байна уу аан гээд хариу хэлэхийн зуургүй алив хормойгоо тос эхнэр, хүүхэд чинь зун цагт махсаж байгаа гээд цартай махаа бүгдийг хөмөрчихөөд хариад ойрхон хүрээд ир гэжээ. Нэг ч үг дуугарч чадалгүй гэрийн зүг бушуухан яваад гэрийнхэндээ өнөө махаа өгөөд нэг их удалгүй эргэж очсон гэнэ. Тэгээд тэр шөнөдөө нутгийн чинээлэг айлуудаар жанжинтай явж 100 агтыг ядах юмгүй цуглуулсан гэдэг. Жанжин хүмүүст сүрийг үзүүлсээр агт гаргуулж мань эр хурааж тууж авсан гэжээ. Түүнээс хойш жанжиний өгсөн махны ясыг ийнхүү дээдлэж бурхныхаа дэргэд залснаа хэлсэн гэдэг.  

Мөн Ардын засаг тогтоод удаагүй байх үед жанжин хааяа Хүрээнд шөнө эргүүл хийдэг байжээ. Нэгэн удаа хоёр шадар цэргийнхээ хамт үүрээр эргүүл хийж яваад, бээрч даарсан гуйлагчинтай тааржээ. Жанжин мориноосоо бууж бие засаад, дээлээ тайлж, өнөө гуйлагчинд өгчихсөн, үүнээс болоод л өвдсөн юм гэж О. Пүрэв багшид дагалдаж явсан шадар цэрэг нь хуучилсан гэж билээ.  

Гэрээ зараад эхнэр, хүүхдээ айлд үлдээгээд хувьсгалын хэрэгт зүтгэж байсан Сүх жанжин үнэхээр л хүнлэг, эх оронч нэгэн. Заримдаа магтаал хүнийг гутаадаг. Тиймээс жанжинийхаа түүхийг хүн, тэр дундаа алдаж ондог идэр залуухан гэнэн хонгор, хуучин ёсоо сахиж бурхан шүтээнээ дээдлэсэн тэр цаг үеийн халуун эх оронч талаас нь харах нь илүү үнэнд ойр хэмээн боддогоо нуугаад яахав. 

А. Энхбат   

No comments:

Post a Comment

Сэтгэгдэл

Хулгана дагадаг оцон шувууд :-)