2010/11/13

ЦАГ ҮЕ, ҮЙЛ ЯВДАЛ: 2010 оны 11 сарын 08-13

Энэ долоо хоногийн тоймоор "цэвэр" Засгийн газрын эрх хэмжээний хүрээнд яригдаж шийдвэрлэгдсэн 3 асуудлыг авч үзэв. 
 
17 бүтээгдэхүүнийг НӨАТ-аас чөлөөлөв. 
Монгол улсын “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай” хуульд  Монгол Улсаас экспортод гаргаж буй бүтээгдэхүүний НӨАТ хувь, хэмжээ тэг (“0”)-хувьтай тэнцүү байна”  гэж заасан байдаг юм байна.  2009 онд УИХ-ын гишүүн З.Энхболд, Б.Чойжилсүрэн нарын нэр бүхий 10  гишүүд экпортод гаргаж байгаа уул уурхайн эцсийн бүтээгдэхүүний НӨАТ-ын хувь, хэмжээг тэг (“0”)-хувьтай тэнцүү байхаар тогтоох өөрчлөлтийг хуулинд оруулсан аж.

Харин өнгөрч буй 7 хоногт тэрхүү хуулийн заалтын дагуу Засгийн газар НӨАТ-аас чөлөөлөгдөх уул уурхайн салбарын эцсийн бүтээгдэхүүний жагсаалтыг баталсан байна. Үүнд цэвэр зэс, цайр, мөнгө, хар тугалга болон баяжуулсан нүүрс, нүүрснээс гаргаж авсан кокс, хагас кокс зэрэг 17 бүтээгдэхүүнийг хамруулжээ.
 
Манай улсын эдийн засагт уул уурхайн салбарын оруулж буй хувь нэмэр  жилээс жилд өсч болсон. Энэ салбар өдгөө аж үйлд­вэрийн нийт бүтээгдэхүүний 60 гаруй хувь, мөн улсын нийт экс­портын 80 шахам хувийг дангаараа эзлэх болж.
 
Гэхдээ нэг дутагдалтай. Экспортод гаргаж буй тэрхүү бүтээгдэхүүнүүд голчлон “шууд ухаад, зөөгөөд” өөрөөр хэлбэл ямар нэг нэмүү өртөг бий болгохгүйгээр түүхийгээр нь л гаргаад байдаг талтай.  

Дээрх хуулийн заалт болон засгийн газрын шийдвэр нь олон улсын жишгийн дагуу асуудалд хандаж буйгаас гадна уул уурхайн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжихэд нэг хөшүүрэг болоход чиглэсэн нь дамжиггүй. Харин жагсаалтад орсон бүтээгдэхүүний нэр төрөл нь бас л уул уурхайгаас түүхийгээрээ гардаг шахуу бүтээгдэхүүнүүд л харагдаад байна. Эсвэл уул уурхайгаас гарах хамгийн эцсийн бүтээгдэхүүн нь эдгээр юм байна, эсвэл бид үүнээс цааш боловсруулж үйлдвэрлэж чаддаггүй гэсэн анхны дүгнэлт бууж байна. Мэдээж хууль санаачлагчид нэг юм бодож санаж л хийсэн биз. Эцсийн дүндээ монголд хохиролгүй, бусдад халгүй л зүйл хийж байвал болох нь тэр.

Үндсэн чиглэлийн хэрэгжилт 61 хувьтай байна. 
“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2010 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх төлөвлөгөө”-г Засгийн газрын тогтоолоор Макро эдийн засгийн, Бодит салбарын хөгжлийн, Байгаль орчин, бүс нутаг, хөдөөгийн хөгжлийн, Ядуурлыг бууруулах, хүний хөгжлийг хангах, Гадаад бодлого, батлан хамгаалах, Засаглал, эрх зүйн шинэчлэлийн бодлого гэсэн 6 бүлэг, 35 зорилт, 474 арга хэмжээтэйгээр баталсан юм байна. Дээрх арга хэмжээний хэрэгжилтийн явц 2010 оны эхний 3 улирлын байдлаар 64.1 хувьтай байгаа тухай Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар Засгийн газрын гишүүдэд танилцуулжээ.
 
Нэгдүгээрт, энэ жилийн Засгийн газрын үндсэн чиглэлийн төлөвлөгөө бүрэн хэрэгжих боломжгүй гэсэн дүгнэлт хийж болж байна. Үнэхээр аливаа төлөвлөгөө 100% биелэгдэнэ гэдэг ихэд төвөгтэй хэрэг. Тэр тусмаа нэг хүний биш, бүхэл бүтэн улс орны асуудал ярьж буй үед. 

Хоёрдугаарт, ийнхүү хэрэгжүүлсэн гэдгээ ямар шалгуураар, ямар арга зүйгээр гаргаад байдаг нь нэн сонирхолтой. Миний ойлгосноор улирал бүрийн эцэст төсвийн байгууллагын ажилчид тайлан тооцоо гаргаж ачаалал ихэслээ хэмээн бухимдангуй бас тэр зуураа мессенжердэж, компьютер тоглоом тоглож амждаг сүрхий ажил өрнөдөг. Үүнийг л базаж аваад засгийн газарт нэг хоёр нөхөр тайлан бэлтгэдэг гэсэн схем харагдаад байгаа.
 
Гурван асуулт ургаж байна.
1.      Бүх улс орнууд ийм тайлан, төлөвлөгөөний биелэлт гэж юм гаргадаг юм бол уу манайхан хуучин системээс өвөлж авсан эсвэл сонгуулийн жилдээ ард түмэндээ юу хийснээ урьдчилан бэлтгэх зорилгоор хэрэгжилтийн хувь гэж нэг тоо зоогоод байна уу?
2.      Хэрэв үнэхээр төлөвлөгөөний биелэлт гэж аж ахуйн байгууллага шиг бичиг баримт, тооцоо хэрэгтэй байгаа бол хөндлөнгийн судалгаа үнэлгээ хийдэг байгууллагаас тусгай арга зүйгээр боловсруулсан засгийн газарт болон олон нийтэд нээлттэй тайлан боловсруулах боломж хэр байдаг юм бол? Эсвэл хөндлөнгийн байгууллагаар тийн мэдээлэл боловсруулалт хийлгэснээр “төрийн нууц” мэдээлэл нь алдагдчих гээд байдаг юм болов уу?
 
3.      Яг ийм хэрэгжилтийн тайлан нь ямар учир холбогдол, үр ашигтай зүйл вэ? Цаашдын ажлаа төлөвлөхөд, засгийн газар юу хийж чадсан чадахгүй байгааг олон түмэнд тайлагнахад, хэрэгжихгүй ч гэсэн албан хүчээр нэг төлөвлөгөө гаргаад бас тайлан гаргаж буй нэртэй нэг цаас хадгалагдахад. Яг алинд нь чиглэж байна вэ гэж... Сонирхож судлууштай асуудал байна.
 
Европын стандартыг монголд нутагшуулах ажил бодит болов.
Яг ингэж хаягласан мэдээ засгийн газрын албан ёсны сайт дээр тавигдсан байна. (http://www.open-government.mn/?option=com_content&task=view&id=1529)
 
Гарчиг хараад баяр төрлөө. Манай төр европын стандартыг эх орондоо нутагшуулчихлаа гэдэг бол бид хөгжил дэвшлийн зам руу том алхам хийсэн хэрэг болох бөгөөд ерөөс тэмүүлээд байгаа тэр зорилгоо хэрэгжүүлчихлээ гэсэн үг юм. Европууд яаж хүний эрхийг хангадаг, хэрхэн дэд бүтэц, аж үйлдвэрээ хөгжүүлсэн, банз санхүүгийн тогтолцоо нь хэр сайн бэхжсэн, гэмт хэргийг яаж бууруулсан, эрүүл мэндийн тогтолцоогоо ямар түвшинд аваачсан гээд олон асуудал шийдэгдэнэ гэсэн үг. 

Харин мэдээллийн агуулга нь  2011-2013 онд Европын холбооноос хоёр талын хамтын ажиллагааны төсөл хөтөлбөрт зориулж жилд таван сая евро авах санамж бичигт гарын үсэг зурсан болоод одов. Сэтгэл хөдлөл шууд уналаа.

 
Юун сүртэй гарчиг вэ. Ямар шар сонин биш албан ёсны мэдээллийн эх сурвалж нь гарчгаар хуурах оролдлого хийнэ гэдэг үнэхээр болхи ажиллагаа шүү. Бусад хэвлэлүүд нь ч гэсэн яг энэ мэдээг хуулаад тавьсан байна лээ.
 
\За хөөрхий, ямар ч гэсэн ерөөлөөр болог. Манай оронд европ стандарт нутагшиг. (Жаахан хүүхэд худлаа ярихаар ам дагуулж хэлдэг шиг л юм боллоо сүүлдээ хэ хэ.)  

1 comment:

  1. standart gedeg zuil momgold bdimuu?. mongold niitdee 5800 MNS bdgas 11% ni l ISO-d birtgegdsen bdag yum blee. ene nuhdiid standart gedeg zuiliig oilgodog ch yumuu guu ch yumuu.

    ReplyDelete

Сэтгэгдэл

Хулгана дагадаг оцон шувууд :-)