2010/11/18

ҮГИЙН ХҮЧ

                     Хагацашгүй сайн найздаа,
                           Марташгүй муу үг бүү хэл.

                                                  (Зүйр үг )


    Үг их хүчтэй, үгээр хүнийг үхүүлж ч болно, амьдруулж ч болно. Хэн нэгэн таараад “чи чинь гялалзаж байх чинь” гэвэл бүтэн өдөр тэр хүний сэтгэл өөдрөг, ажил төрөл нь ч бүтэмжтэй сайхан өнгөрнө. Харин “чиний наад царай зүс нэг л биш ээ, ямар овортой болоо вэ, бүр таргалаад найгүй болжээ” гэвэл тэр өдрөөр зогсохгүй нэлээд хэд хоног энэ үгийг мартахгүй. Ёстой нөгөө муу үг модон улаатай гэгч нь болно.  

Өнөөгийн Монгол хэл, сэтгэхүйд сайн сайхан үгс хэрэглэх явдал ихээхэн багасаж байна. Чи сайхан харагдаж байна шүү, Өнөөдөр ямар хөөрхөн байна аа, Чамд наад цамц чинь их аятайхан зохижээ гэх үгсийг бид зөвхөн орчуулгын кинон дээрээс л сонсдог болжээ. Бодит амьдрал дээр бид, юу байна, юмгүй, юу хийж байна, хийсэн юмгүй, дэмий шахуу, байж л байна, чамаар юутай, юмгүй дээ гэх билэггүй хөндий хоосон үгсийг бие биен лүүгээ чулууддаг. Сэтгэлгээний хувьд ч гэсэн чи өнөөдөр ямар хөөрхөн болоо вэ гэвэл өмнө нь тэгээд царай муутай байсан юм уу, наад цамц чинь их аятайхан зохьсон байна гэвэл ямар атаархуу амьтан бэ, би чамд хайртай гэвэл яг ш дээ гэх зэргээр мушгина. Айлийн хүүхдийг хараад ямар хөөрхөн жаал вэ гэвэл түй түй цагаан хэл ам хүрлээ, эсрэгээр нь ямар муухай хүүхэд вэ гээч гэх жишээтэй. Өөрөөр хэлбэл сайн сайхан үгс хүлээж авч сонсож, эргүүлээд хариулж чадах ухамсар ч үгүй болж буй мэт.  
 
Гэтэл бид угаасаа ийм хөндий хүйтэн харьцаатай байсан юм уу гэвэл үгүй. Нөгөө эрт үеэс уламжлан ирсэн мэндлэх, хүндлэх, ерөөх ёсоо орчин цагт сэтгэж сүйд болдоггүй юм аа гэхэд “Хонх” хамтлагийн “Сайн уу гэвэл сайн гэнээ, Муугийн ёс биш Монголын ёс” гэх дууны бадгаас л суралцая. Тэгээд ч лагшин тунгалаг уу, мал сүрэг тарган тавтай юу, сайхан өвөлжиж байна уу гэх зэрэг нь залуус болон хот хүрээ газрын хүмүүст нэг л чихэнд наалдацгүй сонсогдох нь мэдээж.
 
Монгол хүн амныхаа билгээр гэдэг. Өөрөөр хэлбэл аливаа зүйлийг сайн сайхан үгээр билэгдэж өгүүлдэг гэсэн санаа. Үүнийг ингэж нуршин тайлбарлах шалтгаан маань “Амны билгээс Ашдын билэг” гэх үгтэй холбоотой. Уг нь “Ашдын билгээс Амны билэг” гэх нь зөв. Гэтэл хэвлэл мэдээлэл болон хүмүүсийн дунд эхний хувилбарыг сонгох нь ихээхэн түгээмэл болсон байна. Яагаад Монгол хүн амны билгээр гэж. Үүнийг нэгэн домогтой холбон тайлбарлая. Эрт үед Манжийн хаан Амарбаясгалант хийдийг бариулах болж уг барилгын ажлыг гүйцэтгэх үүргийг манж амбан нарт даалгаж гэнэ. Гэтэл тэрхүү том сүмийг барьж дуусангуут л нурж унаад байж. Манжийн хаан амбан бүрээс л тэр сүм баригдсан уу гэхэд тэд үгүй гэж хэлээд цаазлуулдаг байж. Ингэсээр 7-н амбаны толгой авчээ. Харин 8 дахь амбанаар Монгол хүнийг томилж гэнэ. Удалгүй Манжийн хаан шинэ амбаныг дуудаж өнөө сүм баригдаж дуусав уу гэж асуув. Монгол амбан за үгүй гэсэн ч толгойгүй тийм гэсэн ч толгойгүй юм чинь гэж бодоод тиймээ баригдаж дууссан гэжээ. Манжийн хааны ч элч нараа илгээн шалгахад сүм баригдаж дууссан бөгөөд ахин нураагүй байсан гэнэ. Үүнээс хойш Монгол хүн амныхаа билгээр гэх үг гарчээ. Энд домгийн гол санаа нь долоон амбаны толгой залгисан тэр сүмийг Монгол амбан амныхаа билэг, сайн үгийн хүчээр нураалгүй авч үлдсэнийг илэрхийлнэ. 
 
Үг үнэхээр сайн нөлөөтэй юу гэсэн асуултад Японы эрдэмтэн Масару Эмотогийн судалгаа тийм гэсэн хариу өгчээ. Тэрбээр усанд сайн сайхан, билэг дэмбэрэлтэй үгс шивнэж хөлдөөн мөс болгон, түүнийгээ зүсч, дуран авайгаар харах туршилт хийжээ. Гэтэл гайхалтай үр дүн гарч гэнэ. Сайн, сайхан үг шингээстэй ус мөс болохдоо элдэв гоё, эмх цэгцтэй сайхан талстуудыг үүсгэж байжээ. Харин үүний эсрэг муу, зохимжгүй үг хэлж хөлдөөсөн ус болохдоо хурц үзүүртэй тааламжгүй дүрс бий болгосон байна. Тэрбээр үүнийгээ гэрэл зургаар баримтжуулж, усны мэдээлэл хадгалах чанарын тухай ном бичжээ. Түүний бүтээл Монголд орчуулагдан хэвлэгдсэн бөгөөд эрдэмтэн маань ч өөрөө "Нэг дэлхий эв нэгдэл" ТББ-ын урилгаар зочлон ирж лекц уншсан байна.
 
Манай ямар ч хийдээр орсон лам нарын хүмүүст рашаан хүртээж байгааг харж болно. Рашаан нь бурханы тарина, номлол, сургаалийг өөртөө шингээсэн ус. Тэгэхээр буддын шашин ус мэдээлэл хадгалдаг болохыг мэдэж, түүгээр дамжуулан сайн номлол хүчийг хүмүүст түгээж иржээ. Мөн бөө мөргөл болон шарын шашны хатуу үйл гэж нэрлэгдэх хараал хийх зан үйлд мөн л усыг ашиглах ба ингэхдээ усанд шингээсэн хүчээ эсрэг тал руугаа цацах зэрэг үйл хийдэг. Энэ нь мөн л усний мэдээлэл хадгалах байдлыг ашиглаж байна гэсэн үг юм. Тийм дээ ч Монголчууд хэн нэгэн рүү хар ус цацахыг ихэд цээрэлдэг.
 
Үүний зэрэгцээ үгийн хүч чадалтай холбоотой “хар цагаан хэл ам” гэх ойголт манай ард түмний дунд ихээхэн түгээмэл. Товчоор хэлбэл, цагаан хэл ам нь атаархлын үг, хов жив, харин хар хэл ам нь хараал юм. Лам нар хүмүүсийг тэрхүү хар цагаан хэл амнаас салгахын тулд ном гүрэм, тарни уншдаг. Гэхдээ хамгийн чухал нь хүний өөрийн итгэл, сүсэг, сайхан сэтгэл байх учиртай. Энд бидний сэдэвтэй холбогдох нэгэн үлгэр өгүүлье. Эрт урд цагт нэгэн нүгэлт хар гөрөөчин байж гэнэ. Тэрбээр амьдрын эрхэнд ан ав хийж нүгэл хураасан ба үүндээ их л гэмшдэг байж. Тэгээд нэг удаа лам дээр очиж, би их нүгэл хураасан хүн та надад нүглээ наминчлах ганц тарни ч болтугай зааж өгөөч гэжээ. Лам энэ муу нүгэлтэй амьтан тэртэй тэргүй тамд унах юм чинь гэж бодоод за тэгвэл чи хийсэн гэм нүглээ наминчлан “тэмээн тавхай, тэмээн тавхай” гэх энэ тарнийг уншиж бай хэмээжээ. Анчин эр ламд үнэн сэтгэлээс итгэсэн тул нүглээ наминчлан “тэмээн тавхай, тэмээн тавхай” гэсэн тарни уншсаар нас нөгчжээ. Түүний сүнс шууд л тамд унаж, Эрлэг хааны албат нар нүгэлт хар гөрөөчинд тамын зовлон эдлүүлэх болж гэнэ. Гэтэл яг тамлах гэхээр тэмээний тавхай гарч ирээд саад болоод байв. Тэд энэ тухай хаандаа айлтгав гэнэ. Эрлэг Номун хаан за тэгвэл наад анчинаа тэр тэмээн тавхайг нь дагуулаад явуул тэгээд хаа хүрнэ нь тэнд нь үлдээ гэжээ. Тамын албат нар нөгөө тэмээн тавхайг дагаад анчинг аваад явж гэнэ. Гэтэл тэмээн тавхай явсаар диваажинд очиж нүгэл хар гөрөөчинг тэнд нь орхижээ. Эндээс бид хүний итгэл үнэмшил, сүсэг бишрэлээс гадна үгийн хүч чадлыг харж болно.
 
Ер нь бурханы шашны тарниар үгийн хүчийг илэрхийлж болмоор байдаг. Жишээ нь эрдэмтэн W. Bang, G. R. Rahmeti нар жирэмсэн эмэгтэйг төрөх үед уншдаг нэгэн буддын тарнийг олж түүний гарал үүслийг судалжээ. Тарнийг хөрвүүлбэл “жирэмсэн эмэгтэйн нүдийг гэрэлтүүлж, цээжийг сэрүүцүүлэн зовлонгийн харанхуйгаас ангижруулан амгалангийн зулыг асаая” гэсэн өгүүлбэр болж байна. Дээрх судлаачдын үзснээр энэ тарни Бурхан багшийн (Будда)  амьдралд тохиолдсон нэгэн үйл явдалтай холбоотой ажээ. Бурхан багш нэгэн удаа өөрийн шавь Анандын хамт ойд явж байгаад янзагалж буй нэгэн согоотой тааралдав гэнэ. Түүний зовохыг харсан Бурхан багш, Анандад хандан “төрж чадахгүйн зовлонгоос ангижир, нүд нь гэрэлтэж цээж нь сэрүү татаг” гэж согооний чихэнд долоон удаа давтан хэл гэжээ. Ананд согоонд ойртох багшынхаа хэлсэн үгийг согооний чихэнд долоон удаа давтан шивнэжээ. Удалгүй согоо янзагалж, нүд нь гэрэлтэн зовлонгоос ангижирсан байна. Бурхан багшийн амьдралтай холбоотой уг домог нь сайн сайхан, ерөөлийн үгийн бол тарни болохыг харуулж байна.
 
Иймдээ ч дэлхийн ихэнх шашин, мөргөл өөрийн ерөөл, номлол тарни зэргийг сайн сайхан, сүр хүчийг билгэдсэн үгээр бүтээжээ. Мөн эдгээрийг хөгжмийн ая дантай хослуулан уншиж, эртний хэлбэр агуулга хэллэгийг нь хадгалж сүсэгтэн олны тэр бүр мэдэхгүй эртний хэлээр уншдаг. Жишээ нь: манай шарын шашин төвдөөр, төвдүүд санскрит хэлээр, Христийн шашин эртний латин хэлээр, Исламын шашин эртний араб хэлээр ерөөл, номлолоо уншдаг. Мөн бөө мөргөл ч ялгаагүй үгийн хүч чадлыг шүтэн, яруу сайхнаар шүлэглэн хэнгэрэг, аман хуурын аялгуутай хослуулан онгод, тэнгэрээ магтан дуудаж, зон олноо даатган залбирдаг. Тиймээс юу байна гэхэд юмгүй гэх билэггүй мэндийн үгийг орхиж, нэг их мартаагүй сайн байна уу, сайн, та сайн биз дээ гэх мэндийн үгээ хэрэглэе. Чи чаднаа, Миний хүү, охин мундаг шүү, Та ануухан байна аа гэх урмын үгийг, Та сайхан харагдаж байна шүү, Та өнөөдөр нэг л өнгөлөг гэх эелдэг үгийг, Би чамдаа, тандаа, та нартаа хайртай шүү гэх хайрын үгсийг харамлахгүй хэлж байя. Зарим нэгэн хүн үүнийг сонсоод хоосон магтаалтай холж хутган битгий худлаа манжил, ямар их доль үсэрдэг нөхөр вэ гэж бодож магадгүй. Тэгсэн ч ямар гарзтай юм биш сайхан үгсийг бие биендээ хэлж л байя.  

А.Энхбат     2010 11 17.    Анкара хот.

8 comments:

  1. enhbataa chi uneheer sain bichjee. chi hoishid olon shan zuil bicheereei chi chadnaaa. chinii bichseinuug ih unshdag bolood bgaa shuu gehdee ene chin ih taalagdlaa. chi ih saihan bichjee chi hoishid hol yavna shuu

    ReplyDelete
  2. tiimee. chi goe bichsen baina Bataa. amjilt husie!

    ReplyDelete
  3. mash saihan bi8chsen bn a Enkhbataa. uneeheer bid saihan ug, urmiin ugiig bie biendeee haramgui helj,setgeliin dem hairladag, huch ugdug baih heregtei bolob u. ugeer tsohihoor suheer tsohio gsn ug bdag da. ug gedeg aguu-ih huchtei tiimees urgelj bie biedee saihan zub ehergi hairlaj amidartsgaaya. eh mongol helee deedlee.

    ReplyDelete
  4. сайнуу ангижав минь !! сайхан бичлэг байна нээрээ юм бодуулсан...

    ReplyDelete
  5. sain bolson bna aa. dahiad zunduu oe niitlel bicheerei. amjilt husei. chi chadnaa.

    ReplyDelete
  6. Чиний бичснийг уншаад үнэхээр л өдөр тутамдаа хэрэглэхээр шийдлээ. Хүнийг үгээр урамшуулах сайхан шүү дээ.

    ReplyDelete
  7. сайхан санагдлаа. дахин бичиж байгаарай.

    ReplyDelete
  8. Saihan sanaglaa odor bolgon hereglmeer yum b.na bayrllaa dahiad goe zuil bicheerei amjilt husie

    ReplyDelete

Сэтгэгдэл

Хулгана дагадаг оцон шувууд :-)