2010/11/19

ИХ ХҮН ЭНГИЙН: ЛУИС ИНАСИО ЛУЛА ДА СИЛЬВА

Түүнийг Time, Forbes, Newsweek зэрэг дэлхийн томоохон хэвлэлүүдээс гадна улс орнуудын нэр хүндтэй сэтгүүлүүд дэлхийн шилдэг улс төрч хэмээн нэг бус шалгаруулсан байдаг. Тэр дарангуйлал, авилгал, худал үнэн сурталчилгаагаар өөрийгөө дэлхий дахинд танилуулаагүй юм. Түүний энгийн хэрнээ ухаалаг алхмууд улс орныг нь хөл дээр нь 10-хан жилийн дотор босгоод зогсохгүй дэлхийн том гүрний эгнээнд аваачиж чадсан аж. Үүнийг тэр хувийн нэр төр хөөцөлдөж хийгээгүй. Ард түмэн нь төдийгүй дэлхий түүнийг хүлээн зөвшөөрдөг.  

Товч намтар

1945 онд есөн хүүхэдтэй айлын долоо дахь нь болон мэндэлсэн.
1956 онд дэлгүүрт цэцэрлэгч, 1958 онд төмрийн үйлдвэрт ажилчин.
1969 онд Марии ле Лурдестэй гэрлэсэн ч, төрөлтийн хүндрэлээс болж эхнэр нь  нас нөгчив.
1974 онд Марис гэх бүсгүйтэй гэрлэж 3 хүүхдийн эцэг болсон.
1980 онд эрх баригч Хөдөлмөрчдийн намыг үүсгэн байгуулсан.
2003-2011 онд Бразили улсын Ерөнхийлөгч.

Гутал тослогч хүү
 
Түүнийг хорвоод мэндэлсэн өдрөөс хоёр долоо хоногийн дараа эцэг эх нь салсан аж. Эх нь хүүхдүүдээ аван Сан Пауло хотноо нүүн очиж шөнийн клубийн жижигхэн нэг өрөөнд амьдрах болжээ. Эцэг нь архи хэтрүүлэн ууснаас 1978 онд нас барсан гэдэг. Гэр бүл нь маш ядуу байсан учир Лула сургуульд суралцаж чадсангүй есөн настайгаасаа гудамжинд гарч гутал тослогч хийж, олсон мөнгөө хүнс хоолондоо нэмэрлэж эхэлсэн аж. Тэр 10 нас хүртлээ бичиг үсэг мэддэггүй байв.

Айлын есөн хүүхдийн цорын ганц мөнгө нэмэрлэдэг ажилсаг жаал байсан агаад зарим үед зөвхөн түүний олсон мөнгөөр гэр бүлээ тэжээх тохиолдол ч гарч байсан гэнэ. Хойд эцгийн гар харахыг хүсээгүй Лула 12 настайдаа дэлгүүрт цэвэрлэгч хийж хажуугаар нь бие даан дунд сургуулийн боловсрол эзэмшиж, 14-тэйдээ төмрийн үйлдвэрт ажиллаж эхэлсэн байна. Тэр үйлдвэрт 19 нас хүртлээ ажиллажээ.
 
Нэгэн удаа токарийн машин дээр ажиллаж байхдаа осолд орж чигчий хуруугаа огтолчихов. Тэр үед үйлдвэрийн осолд орж ганц хуруугаа алдсан ч хөдөлмөрийн бүтээмж багасна хэмээн үйлдвэрийн эздээс осолдсон ажилчиддаа багахан хэмжээний реал (Бразилийн мөнгөн тэмдэгт) өгөөд ажлаас гаргачихдаг байсан тул Лула өрөөсөн гараа боочихоод хүнд мэдэгдэлгүй тэсвэр заан ажилладаг байсан гэнэ.

Гэвч удалгүй мэдэгдэж өөрийн буруугаас болсон хэмээн удирдлагууд нь үзэж байсан ч Лула ажилчдын эрхийг хамгаалах байгууллагуудад уйгагүй хандсаны эцэст ихээхэн хэмжээний нөхөн олговор гаргуулж чадсан байна. Энэ бүх хугацаанд хөөцөлдөж байсан ажлаасаа нэлээд туршлага, ойлголт авсан тэрбээр ажилчдын эрх ашиг хамгаалах холбоонд ажиллах сонирхолтой болжээ.
 
Хэсэг хугацаанд холбооны ажлыг идэвхтэй хийж байсны үр дүнд нэр хүндтэй албан тушаалд томилогдож, улс төрд орох боломжийг нээж өгчээ.Идэр залуу насаа ажилчин ангийн дунд өнгөрөөсөн Лула үйлдвэрчний эвлэлийн идэвхтэй гишүүн болж нийгмийн шинэчлэл өөрчлөлт хийх ёстойг мэдэрч эхэлсэн байна.

Улс төрд хөл тавьсан нь
1969 он бол түүний амьдралд хар бараан дурсамжтай ч эрс өөрчлөлтийг авчирсан жил юм.  Түүний эхнэр төрөлтийн хүндрэлийн улмаас нас нөгчив. Асар ихээр эмгэнэн гашуудаж байхдаа цэргийн диктатурын доор нухлагдан зовсон ард түмнийхээ төлөө авлига хээл хахуульд идэгдсэн нийгмийн байгууллын гаж тогтолцоог өөрчлөхөөр сэтгэл шулуудсан хэмээн хожим нь Ерөнхийлөгч дурсан бичсэн байдаг.
 
Тэр ондоо мань эр Бразилийн 170.000 ажилчныг эгнээндээ нэгтгэсэн үйлдвэрчний эвлэлийн байгууллагыг тэргүүлж шорон гянданд хүртэл хоригдон хүртэл үзсэн байна. 

Лула 1980 онд олны дунд нэр хүндтэй хэсэг бүлэг залуучуудын хамт зүүнийг баримтлагч “Хөдөлмөрчдийн  нам”-ыг байгуулсан байна.  1986 онд анх удаа ажилчин ангийн төлөөлөл болон тухайн үедээ хамгийн өндөр саналаар Бразилийн парламент болох Үндэсний конгрессийн гишүүнээр сонгогдон улсынхаа шинэ Үндсэн хуулийг боловсруулан батлалцсан байна.
 
Хэдэн саяын хөрөнгө, чинээтэй бизнесмэнүүдээс илүү ажилчин ангийн амьдралыг сайн мэддэг түүнийг дэмжигчид жил ирэх тусам нэмэгдэж байлаа. Ингээд тэрбээр ажилчин ангийн төлөө улам ихийг хийхийн тулд улс төрд тэр дундаа голлох үүрэгтэй албанд очих ёстой гэдгээ мэдэрч Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшжээ. Боловсрол, төрж өссөн гэр бүлийн байдлаасаа болж олон эсэргүүцэлтэй тулгарч 1989 оны сонгуульд амжилт үзүүлж чадсангүй. Гэвч шантралгүй, 2002 оны аравдугаар сарын 27-нд төрсөн өдрөөрөө Бразилийн түүхнээ анх удаа "ажилчин" Ерөнхийлөгчөөр тодорсон юм.
 
Тэр ямар бодлого явуулав?
Түүний зүүний чиг баримжаатай, нийгмийн шинэчлэлийн бодлого нь ядууралтай тэмцэх, шинэ ажлын байр бий болгох, эдийн засгийн өсөлт ба нийгмийн шинэчлэлийг хослуулах явдал байлаа. Эдийн засгийн өмнөх бодлогод стратегийн өөрчлөлт оруулсан ч өмнөх засгийн газрын монетарист бодлогыг үргэлжлүүлж, ОУВС-тай байгуулсан санхүүгийн хэлэлцээрийг зөрчөөгүй нь гадаадын хөрөнгө оруулалт, өөрийн орны бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг тогтвортой хадгалахад том түлхэц болсон байна. Түүний баг дэлхийн эдийн засагтай гүн гүнзгий интеграцлагдсан гэдгээ сайн ойлгож байсан тул гадагшаа хандсан эдийн засгийн бодлого идэвэхтэй хэрэгжүүлсэн байна.
 
Тэр нийгмийн (социал) баримжаатай бодлогоо улам өргөжүүлэн, гүнзгийрүүлж “Өрхийн аж ахуй” (BolsaFamнlia), өлсгөлөн ядууралтай тэмцэх “Өлсгөлөн үгүй” (Fome Zero) зэрэг хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, боловсролын тогтолцоог төгөлдөржүүлэн, шинэ ажлын байр олноор бий болгох ажлыг өрнүүлсэн байна.
 
Үүний үр дүнд 2007 он гэхэд 1 617 392 ажлын байр шинээр бий болсон дээд амжилт үзүүлж үр дүнд нь ажилгүйдэл болон нийгмийн тэгш бус байдал эрс багассан байна. Хөтөлбөрийн эцсийн үе шатанд 45 сая өрх ядуу байдлаасаа ангижирсан аж. Хүн амын дунд давхарга өсч 52 хувийг эзлэх болжээ. 2007 онд Бразил хүний хөгжлийн индексээр дээгүүрт бичигдэх болов.
 
2008 оны судалгаагаар түүний рейтинг 80 хувьд хүрсэн нь ардчилсан улс орнуудад байгаагүй үзүүлэлт болсон юм.
 
Бразил байгалийн баялгаараа дэлхийд дээгүүрт бичигддэг орон. Гэхдээ Лули уул уурхай, эрдэс баялгийн олборлолт ашиглалтыг нэн тэргүүнд тавьсангүй. Тэрээр уул уурхайг цаг зуурын төсөв бүрдүүлдэг зүйл гэж тооцдог байна.
 
Түүний мөрийн хөтөлбөрт хүний чанарыг дээшлүүлэх гэсэн томъёоллын дор хүний хөгжил, иргэдийнхээ боловсрол мэдлэгийг дээшлүүлэх асуудлыг хамгийн чухал асуудал гэж үзсэн байна. Энэ ч зорилгоор тэр шилдэг боловсрол олгох зорилго дэвшүүлсэн 300 дунд болон их дээд сургуулийг нэг жилийн дотор нээсэн байна.
 
Түүгээр зогсохгүй гадаадын өндөр хөгжилтэй орнуудад боловсрол эзэмшсэн боловсон хүчнүүдийг эх орондоо ирэхэд нь найдвартай ажлын байр, цалин хангамж, орон сууцаар хангах тогтолцоог хэрэгжүүлж чадсан юм.
 
Үндэстэн, ястны хоорондох тэнцвэрийг барьж байхын тулд Бразилд эрх тэгш байдлыг сахиулах тусгай газрыг байгуулсан. Энэ газар ажлын хөлсний тэгш бус байдлыг арилгах, үндэс угсаагаар ялгаварлах явдлыг үндсээр нь устгах тал дээр олон чухал ажлыг хэрэгжүүлсэн юм. Энэ тал дээр  бид бусдад  үлгэр жишээ болж байгаа.
 
Тэр ард иргэд, засгийн газрын харилцан ойлголцлын уян хатан тогтолцоо бүрдүүлсэн байна. Засгийн газар улс орны чухал асуудлыг шийдвэрлэхийн тулд ард иргэдийн саналыг сонсдог. Ингэхийн тулд бүс нутгийн захиргааны газарт иргэд саналаа өгнө. Аливаа асуудал иргэдийн 70-75 хувийн санал авсан тохиолдолд шийдвэрлэгдэнэ. Гэхдээ зарим асуудалд иргэд оролцдоггүй байна. Тухайлбал, олон улсын харилцаа, хамтын ажиллагааны асуудлыг Засгийн газар бие даан шийддэг аж. Лула Бразилд нүүрлэж байсан хээл хахууль, авлигын эсрэг тууштай тэмцэж чадснаар авилгалын индексээр толгой цохиж явсан улс өдгөө түүний сөрөг үр дагавар үндсэндээ арилсан байна.
 
Түүний баримталж, хэрэгжүүлдэг уул уурхайн болон нийгмийн зохицуулалтын бодлого нь олон улсад загвар болдог юм.

Бодлогын үр ашиг
Бразил улс дотоодын нийт бүтээгдэхүүн нь 1.5 триллион ам.долларын хэмжээнд хүрсэн нь дэлхийд наймд эрэмбэлэгдэх болжээ. Нийгмийн олон салбар тэр дундаа боловсрол, анагаах ухааны салбарт тэр урьд өмнө хийж байгаагүй шинэчлэлүүд гаргасны үр дүнд нийт хүн амын бичиг үсэг тайлагдалт, боловсролын байгууллагуудын чансаа, хүн амын дундаж наслалт урьд өмнөх жилүүдээс огцом өсөж авлигал хээл хахууль, зэвсгийн болон хар тамхи зэрэг хууль бус наймаатай хийсэн хатуу тэмцэл үр дүнд хүрсэн юм. Эдийн засаг нь огцом сэргэж хөрөнгө мөнгөөрөө дэлхийд тэргүүлэх болсон орнуудын жишгээс харахад тэдгээр улсуудад 10-30 жил шаардлагатай байсан бол Лула да Сильвагийн удирдлага дор Бразил улсад ердөө найман жилийн дотор амжуулж чаджээ.
 
Татварын уян хатан бодлого баримталж, хүн амаараа дэлхийд тавд бичигддэг орны баян хоосны ялгааг мэдэгдэхүйц ойртуулж чадснаар Бразил тэрбумтнуудынхаа тоогоор дэлхийд тэргүүлэхийн зэрэгцээ хүн амын дундаж орлоготой хэсгээс нэг цагт нэг саятан төрдөг цорын ганц улс болгов.
 
Түүний ажиллаж хугацаанд Бразил сансар судлалд багагүй амжилтад хүрч, өөрийн хиймэл дагуултай болоод зогсохгүй, олон улсын сансарын станцад өөрийн орны нисгэгчээ илгээжээ.
 
Тэрбээр Өмнөд Америк тивийн ихэнх улсын адил нийгмийн элдэв саадыг даван туулж ядуу ажилчин анги ихтэй, баян хоосны ялгаа тэнгэрт тулсан лут том улсаа найман жил удирдах хугацаандаа танигдахааргүй өөрчлөлт шинэчлэлтийг оновчтой хэрэгжүүлж хөгжиж буй улсын түвшнээс асар хурдтай эдийн засгийн хөгжил бүхий, бус нутгийнхаа төдийгүй дэлхий дахины бодлогыг тодорхойлолцох хүчирхэг гүрний зиндаанд аваачив.
Түүний хэрэгжүүлсэн амжилттай бодлого, Бразилийн нэр хүндийг дэлхийн тавцанд гаргаж, өдгөө хөгжлийн Бразилийн загвар, туршлагыг олон орон судалж, улмаар ашиглаж болсон байна.
 
Эгэл даруу Ерөнхийлөгч
Гадуур зорчихдоо төрийн тэргүүний хувьд хамгаалалт шаардалгүй иргэдтэйгээ хамт замын хөдөлгөөнд түгжирч, төрсөн өдрөө жил бүр ард олонтойгоо хамт тэмдэглэж, ард олныхоо дунд байнга хутгалдан явдаг аж. 

Тэр нэг л өдөр тамхинаас гарсан байна. 64 настайдаа даралт нь гэнэт ихэссэн тул эмнэлэгт хэвтэхэд хүрчээ. Эмнэлгээс гарахдаа тамхийг бүрмөсөн орхижээ. Лула да Сильва "Би тамхиа орхиод удаж байна. Бие маань сайн байгаа. Манай улсын хүн амын дундаж наслалт 75 байдаг бол надад одоогоор 10-15 жил амьдрах л үлджээ. Тиймээс амьдралаараа дэнчин тавих хугацаа надад алга" гэж хэлсэн нэг удаа хэлсэн аж.

Зарим нэг баримт нэмж хэлэхэд...
Бразилийн ард түмний талархал, хүндлэлийг хүлээсэн түүний нэг  амжилт бол 2014 оны дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн, 2016 оны зуны олимпийн наадмыг эх орондоо анх удаа зохион байгуулахаар болсон явдал. Олимпийн наадам зохион явуулах хотыг тодруулах эцсийн шатанд Испанийн нийслэл Мадрид хоттой тунаж үлдээд шалгарах тэрхэн агшинд бид бүхэн Лулаг алдарт Пелетэй хамт нүдэндээ нулимс цийлэгнүүлэн зогсож байсан ажээ.
Венесуэлийн Уго Чавес, Боливийн Эво Моралис, Ираны Ахмединежад зэрэг үгэнд ордоггүй төрийн тэргүүнүүд рүү дэлхийн хамтын нийгэмлэг түүнийг илгээж хэл амаа ололцдог.
 
Лула да Сильвагийн “Өлсгөлөн үгүй” хөтөлбөрийнх нь төлөө НҮБ-ын Хүнс, ХАА-н Байгууллага болон Дэлхийн Хүнсний Хөтөлбөр, Дэлхийн Хүнсний Өдрийн Медаль болон Өлсгөлөнгийн эсрэг тэмцэгч Глобаль Аварга шагналаар хүндэтгэлтэй шагнажээ. Бразил улс мөн ДХХ-ийн Африк, Латин Америк ба Карибын арлуудын оюутнуудад өгөх халуун хоол хүнсний төсөлд нэгдэхээр болсон байна.
 
Бразилийн Ерөнхийлөгч Луис Инасиу Лула да Сильва “Эцэг, эхчүүд хүүхдээ зодох, алгадахыг хориглох тухай” хуулийг Үндэсний конгресс буюу  парламентдаа өргөн барьж байв.

1 comment:

  1. Turkmenistan kakazkistan, oros geh met ulsuud huchtei uhaantai liderıdeer urdirduulsanii ur dung ogtsom hurdatstai hugjluu. Getel Mongol yu hiiv? !00 tolgoitoi mogoi adilaar neg negenteiteigee heruul uruul hiij ene ideh gej bna ter ni tegej idej gej bna gej neg ni neg yum hiih geheer nuguuh ni ataarhaj yu ch hiilgui baisaar olon jil ungurluu, uls oron maani ulam l yduursaar.

    yduurhaas ch yah yum be? Iim olon "manga" us ornii baylgiig huvaaj idej bga yum chini? ted hanaj tsadsanii daraa eh ornii hishig ard tumend hurne gej helj boloj boovch yoruulgui sav met ter olon mangas tednii hamatan sadan ur udas hanaj tsadna gej uu?


    Mongol shig jijig orond er ni huchtei erunhiilegchiin zasaglal taarch magad yum bga yum. Yahav ideg l dee, harin idej tsadaad ulsaa huguuleg. Hariutslaga neg l hunees toosogdoh bolhoor yum hiihuchirtai.

    Mongold, uhaantai, shudarga uls turch udahgui turuh boltugai, hurai hurai.

    Munhbat.

    ReplyDelete

Сэтгэгдэл

Хулгана дагадаг оцон шувууд :-)