2014/01/25

МИНИЙ СОНССОН ЛХАМ БУРХНЫ ПАЯН

Бага нас минь лам өвгөний хажууд өнгөрсөн. Миний өвөөг Хасын Шарав гэдэг. Төв аймгийн Дэлгэрхаан сумын уугуул. Хэдий номын хувцас байнга өмсдөггүй ч өглөө бүр хийморийн сан тавьж арц, хүжийг уугиулна. Их өндөр нас зооглож 106 хүрч бурхан болсон. Ухаан саруул, хүн танихдаа бүр гаргуун хөгшин байв.  
Хавар цагаан сар дөнгөж хуучрангуут өвөөгийн зиндааны лам нийлнэ. Зиндааны лам нар гэдэг нь бага залуудаа нэг хийдэд шавилан сууж байсан хүмүүс. Өөрөөр хэлбэл дунд сургуулийн нэг ангийнхан юм уу даа. Тэд хаврын эхэн сардаа багтааж өдөр бүр ээлжлэн нэгнийдээ очиж тухайн жилийн засал номыг нь хурж, хоорондоо хууч хөөрөн хүүхэд багачууд бидэнд үлгэр домог их ярьж өгнө. 

Сургуульд орох үед маань лав 20 гаруй хүн цугладаг байсан бөгөөд тэдний нилээд нь хөдөө орон нутгаас ирнэ. Хэдий 1980-аад оны сүүл үе болсон ч гэсэн лам нар бөөнөөрөө цуглаж, хамт явж арай л зүрхэлдэг байсан бололтой. Тэд ихэвчлэн ганц нэгээрээ цувж ирэх ба надад хүний анхаарал татахгүй хашааныхаа хаалгыг хурдан тайлж өгөх үүрэг ноогдоно. Энэ эрхэм нууц үүргээ нэр төртэй биелүүлэхэд минь хамгийн том саад болдог хүн бол манай хорооны хэсгийн дарга өвгөн. Танайд сая юун лам ирэв, арц, хүж үнэртээд байна, чи наад хаалга тайлахгүй бол цагдаа дуудна гэж намайг айлгана. Гэвч хөөрхий цагдаа авчирч байсан удаагүй. Харин ч бүр 1990 оны гарсны дараахан нөгөө загнаад байдаг өвгөн чинь нэг удаагийн цуглаанд лам хувцастай ирчихсэн сууж байна шүү. Мэдээж тэр дор нь алтан хошуу өргөж, энэ хүн чинь танай ангийн хүүхэд биш биз дээ өвөө минь нөгөө арц хүж үнэртэж байна цагдаа дуудна гэдэг өвгөн шүү дээ гэтэл харин өвөө өөдөөс юу ч болоогүй юм шиг буяны үйлд хэн ч гэсэн даган баясаж болдог юм гэж сургаж билээ. 

Хэдий нэг айлд ганц өдөр ном хурдаг ч бэлтгэл ажил нь урьд өдөр нь хийгдэнэ.  Маргааш нь ном хурах айлдаа зарим лам нар нь ирээд хэвийн боов, бэрээс, хуушуур, шөлтэй хоолоо бэлдэж хонодог байсан юм. Номоо хурж дуусаад ирсэн хүн болгонд шар тостой хэвийн боов, чихэр, хайлсан тосыг бор цаасанд боож хувь хүртээнэ. Би ч мөн хувиа авна.  

Одоо санаж байгаагаар Далхжав, Цэрэнпунцаг (түүнийг багад нь нууцаар хувилгаанаар тодруулж байсан гэдэг), бас Хонины өвгөн гээд нэг их сайхан урт цагаан сахалтай өвөө бас залуудаа том дарга хийж байсан гээд ганган саарал хослолтой одон медаль зүүсэн дипломат байрын дэгжин өвөө гээд хорь гаруй хүмүүс цуглана. Орой нь номоо хурж дуусаад Цэрэнпунцаг гуай, Хонины өвгөн зэрэг гурав дөрвөн лам нар өвөөгийнд хонохоор үлдэж үлгэр, домог хууч яриа дэлгэнэ. 

Битүүний орой айл бүр тотгон нь дээрээ гурван мөс тавьдаг ёстой. Учир нь энэ үдэш Балдан Лхам бурхан ус гуравтаа дуслах хугацаанд дэлхийг тойрдог хурдан луусаа унаад айл бүрт ирдэг гэнэ. 

Балдан Лхам бол догшин сахиус аж. Урьд насандаа царай зүс тааруухан ч гэлээ дайн тулаанд эрэмгий зоригтой байлддаг хааны их хатан байжээ. Тиймээс хойд насандаа догшин сахиус болж айл өрхийг сүйтгэх хүслээ орхиогүй гэнэ. Иймээс Балдан Лхам битүүний үдэш гэрт орж хор хөнөөл учруулах гэдэг аж. Лхам бурханы унаж яваа луус их цангадаг. Тиймээс түүнийг луустай нь гэртээ оруулахгүй саатуулах гэж тотгондоо гурван мөс тавьдаг юм гэж өвгөд ярилцахыг сонсож билээ. 

А. Энхбат 2014

No comments:

Post a Comment

Сэтгэгдэл

Хулгана дагадаг оцон шувууд :-)