2011/03/03

ТАРХИ ДҮРВЭЛТ

“Чингис хааны байлдан дагууллаар Монголчууд сайн генээ хаа сайгүй цацаагүй бол ч...”, “Манай хамгийн мундаг, эрэлхэг баатрууд нь дандаа харийн нутагт үлдчихсэн юм гэнэ лээ ш дээ... Тэгээгүй бол манай орон одоо ёстой баллаж байхгүй юу” гэх илт харамссан өнгөтэй яриа хөөрөө сонсоогүй Монгол хүн гэж бараг үгүй байх. Энэ нь орчин цагийн “тархи дүрвэлт” гэх ойлголтын "монгол" маягийн ярианы хэлбэр юм уу даа. 

Шинжлэх ухаанаар нотолж амжаагүй дээрх яриа домгийг өнөөгийн Монголын хөгжил цэцэглэлтэд шууд нөлөөтэй эсэх тухай ярих нь өнөөдөрийн хувьд хэтэрхий өрөөсгөл хэрэг. Харин 1990 оноос хойшхи Монголчуудын цагаачлалын том давалгааны улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд үзүүлсэн үр нөлөөг судлан шинжлэх нь цаг үеэ олсон чухал асуудал болох нь дамжиггүй. Ингээд та бүхэндээ уг үзэгдлийн талаар зарим нэг судалгаа ажиглалт бэлтгэснээ хүргэж байна.

Тархи дүрвэлтийн учир шалтгаан, сөрөг нөлөө
“Тархи дүрвэлт” – улс төр, эдийн засаг, шашны болон бусад шалтгаанаар мэргэшсэн боловсон хүчин, эрдэмтэн судлаачид улс орон, бүс нутгаасаа цагаачлан дүрвэх үйл явц юм. Анх 1950-иад оны эхээр АНУ-д английн эрдэмтэд олноор гарах болсныг Их Британид “Brain drain” хэмээх ойлголтоор томъёолон хэрэглэж эхэлжээ.
 
Өндөр мэргэжсэн мэргэжилтний глобал шилжилт сүүлийн хагас зуун жилд эрс өссөн бөгөөд олон улс орны ирээдүйд ноцтой хохирол учруулахад хүргэж байна гэж судлаачид үздэг. Гэтэл нөгөө талаас судлаачид “тархи дүрвэлт” хэмээх нэр томъёоны хамт “тархи солилцоо” (Brain Exchange), “тархи дайчилгаа” (Brain Mobility) гэсэн нилээн аядуу ойлголтыг хэрэглэхийг санал болгодог. Өөрөөр хэлбэл, уг үйл явц нь “сөрөг” төдийгүй “эерэг” зүйл болохыг цохон тэмдэглэдэг аж.
 
Мэргэшсэн ажилтны шилжилтэд олон хүчин зүйл нөлөөлдөг байна. Эдийн засгийн судалгааны үндэсний сан, Жоржтауны Их сургуулийн олон улсын миграцийн судалгааны хүрээлэн хамтран судалгаа хэрэгжүүлж, 1990-2000 оны хооронд дэлхий дахинд явагдсан “тархи дүрвэлт”-эд тодорхой зүйл тогтол байгааг тогтоожээ. 
 
Тухайлбал, мэргэшсэн ажиллах хүчний гадагшаа урсгалын ихэнх нь аж үйлдвэржсэн хөгжингүй орнуудтай хил залгаа бага буурай орнуудаас үүсгэлтэй байдаг. Тэрчлэн колони байсан орноос хуучин колоничлогч байсан гүрэн лүү “зугтагсад”-ыг энэхүү бүлэгт багтаажээ. Улс төрийн тогтворгүй байдал, үндсэрхэг үзэл газар авах явдал дүрвэх явдлыг улам идэвхжүүлдэг байна.
 
Дэлхийн банкны тархи дүрвэлтийн чиглэлээр хийсэн судалгаагаар хамгийн эхний байранд АНУ-д ойр байршилтай Доминиканы БНУ, Сальвадор, Мексик, Гватемала, Ямайка гэсэн 5 орон “тархи дүрвэлт”-ээрээ тэргүүлсэн агаад тэдгээр орнуудын дээд боловсролтой хүмүүсийн 2/3 нь гадагшаа одсон байжээ. 2006 оны судалгаагаар Иран улс энэ төрөлдөө толгой цохиж эхэлсэн байна.
 
АНУ-ын Эдийн засгийн судалгааны үндэсний товчооны судалгаагаар тархи дүрвэлтэд ядуу буурай орнуудын амьдралын доогуур түвшин гэхээсээ илүүтэй тухайн мэргэжилтнүүдийн баян орнууд руу гарч явахад шаардлагатай мөнгө санхүү хангалттай байдгаас тэд ийнхүү “зугтацгаадаг” гэж дүгнэжээ. Тэрчлэн “ядуу” орнууд улсынхаа их сургууль төгсөгч нэг бүрт дунджаар 50 000 доллар зарцуулдаг аж. Товчооны үнэлж буйгаар гадагшаа “зугтсан” бэлтгэсэн боловсон хүчиндээ зарцуулсан дээрх хөрөнгө мөнгө нь нийт алдагдлынх нь тун өчүүхэн хувь буюу мөсөн уулны харагдаж буй орой төдий хэсэг гэнэ.
 
Жил бүр хар тивээс өндөр мэргэшилтэй 20 мянган хүн хөгжсөн орнууд руу аз жаргал хайн оддог гэнэ. Үүний уршгаар африкийн орнууд өндөр мэргэжилтэй боловсон хүчний байнгын дутагдалд орж, шинжлэх ухаан, эдийн засаг, анагаах болон бусад салбаруудын нөхцөл байдал хүндэрч, хөгжлийн явц нь удаашрахад хүргэж байна. Гадагшаа чиглэсэн энэхүү урсгалаас болж төсвийн алдагдал (харьд одогсод татвар төлөхгүй болсноор), шинэ ажлын байр бий болгох явц зогсож, гаднаас өндөр зардлаар мэргэжилтэн урьж ажиллуулснаас улс орны эдийн засгийн өрсөлдөх чадвар буурахад шууд нөлөөлдөг гэнэ. Африк, Латин америк, Ази дахь “тархи дүрвэлт”-ийн уршгаар орчин үеийн аль ч нийгмийн үндсэн давхрагад тооцогддог дунд анги “хомсдох”-од хүргэж байна. Нэг мэргэжилтнээ гадагшаа алдснаар дам байдлаар нэг сая долларын алдагдалд ордог гэсэн тооцоо гаргасан байдаг.
 
“Тархи дүрвэлт”-ийг шинэ колоничлолын хэлбэр гэж үзэх нь ч бий. Өмнө нь колони орон нь эзэн улсдаа түүхий эд, бэлэн бүтээгдэхүүн нийлүүлдэг байсан бол орчин цагийн “ядуу” орнууд хуучин колоничлогч эзэддээ өөрсдийн мэргэжилтнээ “өргөн барьж”, хариуд нь тэдгээр мэргэжилтнүүдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг авах байдлаар “колоничлогдож” байна гэж үзсэн байна.

Тархи дүрвэлтийн эерэг үр нөлөө
Асуудлыг өөр өнцгөөр авч үзэх нь бий. “Нийгмийн бодлогын судалгааны хүрээлэн” гэх байгууллага “дүрвэлт” нь эерэг үр дагаврыг авч ирдэг хэмээн тодорхойлжээ. “Дүрвэсэн тархи”-ы хэсэг нь эх орондоо шинэ мэдлэг, туршлага, чадварыг олзлон авч ирдэг гэж дүгнэжээ. Тухайлбал, Тайваний өндөр технологийн шинэ компаний талаас илүүг нь АНУ-аас эргэж ирсэн тайваньчууд үндэслэсэн байдаг.
 
Энэ утгаар 1998 онд “Тархины циркуляци” (Brain Circulation) хэмээх хандлага бий болов. Уг хандлага нь суралцах, ажиллахаар хилийн чанад руу одох нь эргээд эх орондоо бусдын давуу талыг өөртөө шингээсэн мэргэжилтэн болж буцан ирэхэд хүргэдэг гэж нотолдог.  “Тархины циркуляци”-ын үзэл санааг баримтлагчид ирээдүйд энэхүү миграцийн хэлбэр өсөх нь улс орнуудын эдийн засгийн ялгаатай байдлыг бууруулахад хүргэнэ гэж тооцож байна. Дээрх циркуляци нэг бус ажиглагдсан бөгөөд Австралид бэлтгэгдсэн малайзууд, АНУ-д мэдээллийн технологийн боловсрол эзэмшсэн хятад, энэтхэгүүд энэхүү байдлаар эх орныхоо хөгжилд томоохон хувь нэмэр оруулсан ажээ. Энэтхэгийн орчин үеийн програм хангамжийн шилдэг 20 компаний 14-ийг нь“америкийн энэтхэгчүүд” үндэслэжээ. Эдгээр компаниуд нь 2 сая ажлын байр бий болгож, энэтхэгийн ДНБ-ий 7.5%-ийг нь хангаж байдаг гэнэ. 
 
“Дүрвэсэн тархи”-нууд эх орондоо материаллаг тусламж үзүүлж байдаг. Тэд ойрын төрөл төрөгсөддөө илгээмж, мөнгө шилжүүлж байдаг нь улс орных нь эдийн засагт багагүй хувь нэмэр оруулж байдаг.  Хөдөө аж ахуйн хөгжлийн олон улсын сангийн судалгаагаар аж үйлдвэржсэн орнуудад ажиллаж байдаг 150 сая цагаач иргэд жилд 300 тэрбум доллар эх орон луугаа шилжүүлж байдаг гэнэ. Энэ нь ядуу буурай орнуудад хэрэгжүүлж буй олон улсын доноруудын 104 тэрбум доллар хийгээд тухайн орнууд дахь 167 тэрбумтай тэмцэх доллар гадаадын шууд хөрөнгө оруулалт хэмжээнээс ч давж гарсан их мөнгөний урсгалын эх үүсвэр болдог байна. Тэрчлэн бусад улс оронд томоохон албан тушаал эзэлдэг “тархинууд” эх орондоо олон улсын компаний салбар нээгдэхэд байнга тусалдаг гэнэ.
 
Дээрх хандлагын үүднээс улс орнууд өөрсдийн “дүрвэгсэд”-ээ урамшуулж, хамтран ажилладаг байна. Олон “ядуу” улс оронд эрх баригчдынх нь энэхүү урамшуулал дэмжлэгийн тусламжтайгаар ирээдүйн улс төрийн өрсөлдөгч, шүүмжлэгчдээ эвтэйхэн өөртөө татаж байдаг гэнэ. Зарим орнууд энэ чиглэлээр тусгайлан хөтөлбөр боловсруулан ажилладаг байна. Филиппин улс хилийн чанад дахь ажилгүй  мэргэжилтнүүддээ дэмжлэг үзүүлэх төсөл хэрэгжүүлж байдаг.   
 
“Тархи дүрвэлтийн шинэ эдийн засаг” (The New Economics of the Brain Drain) номын зохиогч Одед Старк  уг үзэгдлийн эерэг үр дагаварт ихээхэн ач холбогдол өгчээ. Мэргэжил боловсрол эзэмшсэн харьд одогсод нь эх орныхоо хувьд томоохон хүч нөөц болж байдаг. Тэд өөрийн орны боловсролын тогтолцоонд эерэг нөлөө үзүүлээд зогсохгүй хүн амын боловсролын түвшинг дээшлүүлэхэд хувь нэмрээ оруулж байдаг. Гэхдээ хилийн чанадад одогсод үлдэгсдээсээ цөөн байх тэр нөхцөлд л улс орны байдал сайнаар өөрчлөгдөхийг хүлээн зөвшөөрсөн байна. 

“Тархи дүрвэлт”-тэй тэмцэхүй
Тархи дүрвэлтийн зарим эерэг үр нөлөөг эс харгалзан уг үйл явцыг зогсоох, удирдах залж чиглүүлэх зорилгоор дэлхийн улс орнууд янз бүрийн арга хэмжээ авч хэрэгжүүлдэг байна. Тухайлбал, зарим орнууд багш, эмч зэрэг тодорхой салбарын мэргэжилтнүүдийг хилийн чанадад гарахыг хууль ёсоор хориглосон байдаг аж. Гэхдээ энэ нь тус болох нь бага, гарч явахыг хүсэгчид өөрсдийн мэргэжлийн дипломоо нуухад л хангалттай.
 
Олон улс орнууд гадаадын авъяаслаг залуучуудыг татах “америк” аргыг ашигладаг. Жишээ нь, Австрали, Шинэ Зеланд, Канад, Франц, Их Британи гадны “зочид”-доо визийн тусгай нөхцөл санал болгодог байна. Тэдэнд боловсролын зардлыг нь хөнгөлөн чөлөөлөх, гэр бүлээ татах, иргэн болох нөхцлийг нь хөнгөвчлөх зэрэг арга хэмжээ авдаг.  Скандинавийн орнууд, Герман, Голланд, Унгар зэрэг орнууд англи хэл дээр шинжлэх ухаан, техникийн мэргэжлээр суралцахыг санал болгодог.  Тэдгээр орнуудад амьдрах суралцах өртөг нь АНУ, Канад зэрэг орнуудаас үлэмж бага. Техникийн чиглэлээр суралцаж буй гадны оюутнуудад янз бүрийн хөнгөлөлт эдлэх бололцоог өргөнөөр олгосон байдаг.   Их Британи, Франц, Япон, Герман болон бусад улс орнууд өндөр мэргэжилтэй ажиллах хүчнүүдэд зориулсан тусгай визтэй. Зөвхөн Япон гэхэд сүүлийн 3 жилийн хугацаанд ийм төрлийн 220 000 визийг гадныханд олгожээ. Тэрчлэн Европын холбоо гадны авъяаслаг дээд боловсролтнуудыг татахын тулд энэ ажилд зарцуулах зардлаа өгсөж эхэлсэн.  “Шилдэг тархи”-нуудыг ажиллууах олон мянган ажлын байр бий болгоход санхүүжилт хийх болов.
 
Азийн орнууд тухайлбал, Сингапур, Катар, Малайз зэрэг улсууд гадны оюутнуудыг татах янз бүрийн арга хэрэгжүүлж байна. Сингапур өөрийн нутаг дэвсгэрт АНУ-ын тэргүүлэх их дээд сургуулиуд хотхоноо байгуулах эрхийг олгож эхэлсэн. Хилийн чанадад суралцагч гадаадын оюутны дөрөвний нэг нь хятад, энэтхэгчүүд байдаг. Гэвч сүүлийн жилүүдэд Энэтхэг, Хятад өөрийн оронд дээд боловсрол эзэмших бололцоог гадныханд өргөнөөр олгож үлгэрчилсэн их сургуулиуд (Хятадад энэ нь хэдий нь 100 гарсан) байгуулан уламжлалт салбаруудаас (хятад хэл, энэтхэгийн ардын аман зохиол гэх мэт) гадна биологи, мэдээллийн технологийн чиглэлээр суралцах нөхцлийг бүрдүүлж байна. Цаашлаад судалгааны чиглэлээ гүнзгийрүүлэн цол зэргээ өсгөх тал дээр дэмжлэг үзүүлдэг ажээ. Энэхүү хөтөлбөр нь 1. Их дээд сургуулиуд нь мөнгө босгох нөхцлийг олгох 2. гадны “тархи”-нууд-ыг татах 3. өсч буй бизнесийн салбаруудтай нь шууд холбоотой өөрийн мэргэжилтнүүдийг бэлтгэх авах тус тус бололцоог олгодог ажээ.
 
Сүүлийн үед “Шинжлэх ухааны диаспора” (Scientific Diaspora) гэх шинэ нэр томъёо бий болж, улс орнууд хилийн чанад дахь өөрсдийн “тархинууд”-тай холбоо тогтоох, мэдлэг туршлагыг нь ашиглахыг эрмэлзэх болсон байна.     

АНУ ба “тархи дүрвэлт”
Мэдээж “тархи дүрвэлт” ухаантнуудаа алдсан улс оронд хохиролтой боловч авсан нөхдүүдэд ашигтай үйл явц болох нь илэрхий. Гадны шилдгүүдийг булаах чадвараараа АНУ тэргүүлж байдаг нь хэн бүхэнд тодорхой. Үүний буянаар л энэ улс өдий зэрэгтэй хүчирхэг гүрэн болсон гэхэд хилсдэхгүй. Зарим нэг статистик хэлэхэд, АНУ-д патентын гэрчилгээ авагчдын дөрвөний нэг нь гадныхан (үүнд америкийн иргэний эрх авсан гадны иргэд тооцогдоогүй), шинэ бүтээлийн патент гэрчилгээтэй мэргэжилтнүүдийн 41% нь гадны цагаач иргэдийн үр удам байдаг нь Америкийн аж үйлдвэрийн хүрээлэнгийн судалгаагаар тогтоогджээ.  


Цаашлаад техникийн чиглэлээр их дээд боловсрол эзэмшсэн гадаадын 100 оюутны 62 нь патентын гэрчилгээ авсан (АНУ-д төрсөн иргэдийн хувьд энэ нь 100 төгсөгчид 51 гэсэн үзүүлэлттэй байдаг) бол тус улсад дээд боловсрол эзэмшсэн нөхдийн 60% нь тэндээ шингэн, ажиллахаар үлддэг. Нобелийн шагналт америкийн эрдэмтдийн гуравны нэгээс илүү нь цагаачид байдаг бөгөөд европын 400 000 гаруй эрдэмтэд АНУ-д ажиллаж амьдардаг байна. Тэдний ихэнх нь эх орондоо харих зорилгогүй гэдгээ шулуухан илэрхийлсэн байна. 
 
Гэвч энэхүү АНУ-ын “тархи соронзлох” чадвар улам бүр буурч байгааг судлаачид тэмдэглэсэн нь нэг бус. Учир нь мэдээллийн технологийн хөгжил аутсорсинг байдлаар ажиллах, өндөр хөлс авах бололцоог бусад улс орны иргэдэд олгож, өндөр татвар, чанд шаардлагаас ангид байдлаар эх орондоо ажиллаж амьдрах бололцоог ашиглах тэмүүлэл нэгэнт үүсч эхэлсэн байна.

Манай орны хувьд...
1990 оноос хойшхи ардчилсан чөлөөт нөхцөл байдал нь манай иргэд аз жаргалын алтан түлхүүр хайн харийн орон луу цагаачлах таатай бололцоо олгосон алтан үе байлаа. Аль аль нь нэгийгээ мэдэхгүй эхэн үедээ манайхаас “агуу шилдэг” нь ч, “архаг хүнд гарууд” нь ч ямар нэг хориг саадгүй гараад одсон нь хэн бүхэнд тодорхой. Удалгүй Монгол хүний чанарыг таньсан хөгжилтэй орнууд эхнээсээ визийн нөхцлөө чангаруулж, хүнд хийгээд сул хэрэггүй гаруудыг өөрийн орондоо чөлөөтэй зорчих байдлыг хязгаарлаж, ашигтай хийгээд чадварлаг нөхөд тунаж үлдэх бололцоог олгох болсоныг ч бүгд гадарлаж байгаа.
 
Гаднахаа бүү хэл "дотоод" иргэдээ яая даа гэж байсан улс маань сүүлийн жилүүдэд “алдагдсан тархинууд”-тайгаа тулж ажиллах талаар багагүй анхаарах болж, бүр ерөнхий сайдын хэмжээнд уг асуудлыг хариуцсан хороо ажиллаж эхлээд байгаа билээ.
 
Өнгөрсөн 20 жилийн хугацаанд Монголын “тархи дүрвэлт”-ийн тухайд дээр дурьдсан эерэг сөрөг үр нөлөө аль аль нь бий. Гэхдээ дорвитой хийсэн нарийн судалгаа шинжилгээ нь ямар шүү юм байдаг бол? Сайн мэдэхгүй байна.
 
За ямартай ч “Алдагдсан тархинууд”-тайгаа хамтран ажиллах талаар санаачлага гараад эхэлчихлээ. Харин “Адлагдсан хүнд гарууд”-тай ажиллах талаар ямар  нэг ажил байдаг бил үү?

Жич: “Тархи дүрвэлт” гэх орчуулга нэг л чихэнд наалдацгүй, тааруу хөрвүүлэлт болсон санагдана. “Оюуны гоожилт” гэх орчуулга ч тэр, хэн нэг хүний нэр яваад байгаа мэт “алиа” ухамсарт маань буугаад ер болдоггүй. Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн гуай нар байсан бол юу гэж болгоох байсан юм бол бүү мэд. Гээд яахав, ном зохиолуудад хэрэглээд байгаа
зонхилох ойлголтыг нь ашигласнаа нурших юун.

5 comments:

  1. зүгээр л хөрвүүлэг байна ш дээ. Бараг л Б.Ренчин

    ReplyDelete
  2. тархи цагаачлалт гэж нэрлэвэл ямар санагдаж байна?

    ReplyDelete
  3. “Монгол урьд нь 2О.ООО оюутантай байсан тэдний 8000 шилдэг оюутан байсан, Одоо Монгол 125.000 оюутантай тэдний 8000 шилдэг оюутан” ШУТИС 20.000 оюутан авдаг. Тэдний 2.000 сайн оюутан. Хуучин нэг ангид 20 сайн оюутан 5 муу оюутан сурахдаа 20 нь 5-гаа чирдэг байсан бол одоо 20 муу оюутан 5 сайн оюутнаа доошоо чангааж байна ш дээ. Одоо ажил олгогч хүн шинээр ирж байгаа хүний дипломыг харахаа ч больсон. Бүгдээрээ адилхан.
    Сургууль өөрийнхөө брендээ бүтээхгүй, түүнийхээ өмнөөс хариуцлага хүлээхгүй байгаа нөхцөлд манай залуус гадагшаа гарч байна. Харамсалтай ч тэдний буруу биш. Залуусаа гарцгаа. харин буцаад ороод ирээрэй. Монголд маш их мөнгө ойрын 20 жилдээ л эргэлдэх болохоор....

    ReplyDelete
  4. tarhi durvelt gej henii orchuulsnaar ingej avsan be heleed ogooch

    ReplyDelete
  5. bolod.mn deer bas baih yum ali n alinaasaa huulav?

    ReplyDelete

Сэтгэгдэл

Хулгана дагадаг оцон шувууд :-)