2011/03/04

ЭХ ОРОН БОЛ АРД ТҮМЭН, АРД ТҮМЭН БОЛ ЭХ ОРОН

Бидний санаанд “Эх орон” гэхээр цэлмэг хөх тэнгэр, онгон дагшин байгал, уул ус, газар шороо, ан амьтан, тал дүүрэн бэлчих мал сүрэг орж ирдэг. Ийм төсөөлөл нэгэнт хэвшээд дасал болжээ. Хэзээ хойно аав ээж, ах дүү, ард түмэн бас эх орон гэгчийн нэг тасархай болох тухай зурвасхан бодол заримдаа төрнө. Өнгөрсөн зууны болон өнөө үеийн Монголын урлаг, утга зохиолд эх орон бол газар шороо гэсэн гүн бат ойлголтыг иргэдийн ухамсарт суулгаж түүнийгээ магтан дуулж, хайрлаж хамгаалах, бахархах талаар түмэн янзын дуу, шүлэг, кино төрөн гарчээ. 
Гэвч эдгээр урлагийн олон төрөл жанраар дамжин илрэх үзэл санаанд эх орондоо эзэн болох, байгалийн баялгаа зөв зүйтэй ашиглах, ард түмэн бол эх орныхоо хамгийн том чухал хэсэг болох тухай санаа оноо тун бага харагддаг. Тиймээс ч өнөөдөр нийгэмд “эх орон” гэдэг нь хий хоосон, бахархал, бардамнал бий болох нэгэн эх сурвалж болсон гэхэд хилсдэхгүй. 

Бүр сүүлдээ хөх тэнгэр, цэвэр агаар, онгон дагшин байгаль зөвхөн Монголд л байдаг гэсэн гэнэн нийтлэг төсөөлөл газар авч гадныханд бардамнаж гайхуулах нь улам их болсон. Дээр нь хэдхэн жилийн өмнөөс эрчимтэй илрэх болсон байгалийн баялаг уг үзэлд морийг нь унуулж, уул уурхай, газрын хэвлийн баялгийн тухай ярьсан, энэ салбарт үйл ажиллагаа явуулдаг, ажилладаг хэнийг ч боловч нийгмийн зүгээс хардаж сэрдэх нь хэвийн үзэгдэл болоод зогсохгүй гадна дотныхноос газар шороогоо харамлах, хамгаалах гэсэн тулгуур үзлийг ч буй болгосон. Мэдээж үүнд “ганц шанагадаад” хэдэн саяар нь олдог хэдий ч нөхөн сэргээлт хийдэггүй зарим уул уурхайн компаниуд бас буруутай.

Төрсөн нутаг, угаасан усаа сүйтгүүлсэн ард иргэд уурлаж, бүр босох тухай яриа нэг бус гараад авсан. Энэ нь хэдий буруутгах аргагүй ч зарим нэг нь ердөө хэдэн бор цаас олох гэсэн эсвэл хэн нэгний гар хөл болж хашхирч явдаг нь нууц биш. Сүржин нэртэй эдгээр хөдөлгөөн өөрийн санаачлага, хүч хөрөнгөөр газар орноо нөхөн сэргээлэх тухай яриа хэл гаргах нь ховор. Уг нь “бид ингэж нөхөн сэргээлт хийж төрсөн бууцаа аварлаа. Одоо зардлыг маань өг” гээд заргалдвал амжилт олж болмоор.

Одоо нийгэмд бараг “Эх орон” гэхээр “Оюу толгой”, “Таван толгой”, эсвэл тийм ч фосфорит, ураны орд, ийм ч алт, нүүрсний орд гэж ойлгож, хүлээж авах болж. Хэрэв хэн нэгэн улс төрч эх орондоо хайртай гээд зурагтаар ойр ойрхон гараад эхлэвэл за даа “Оюу толгой”, “Таван толгойд” л хайртай нөхөр байна даа гэж ард түмэн харах, хардах жишээтэй.

Байгалийн баялаг, газар шороо, цэлмэг хөх тэнгэр дэлхийн бүх улсад бий. Заримд нь бүр манайхаас илүү. Харин тэдэнд Монголд байдаг нэг л зүйл огт байхгүй. Тэр нь монголын ард түмэн, монгол төр, өөрөөр хэлбэл, монгол хүн та бид. Ахуй, соёл, хэлний хувьд тэднийг тээгч Монгол угсаатан олон оронд байдаг ч тэнд монгол төр байдаггүй, монгол хүн олонх болдоггүй.

Ингээд бодохоор эх орны хамгийн том, чухал хэсэг нь Монголын ард түмэн байх нь. Мэдээж би, та ч ялгаагүй ганцаараа эх орон болохгүй, нийлж нэгдэж байж бүрдүүлдэг нь ойлгомжтой. 

Тэгэхээр Монгол эх орны маань хамгийн гол хэсгийг бүрдүүлэгч эзэн Монгол хүн бид ямар байх ёстой вэ? Энд Монгол улсын иргэн, монгол угсаатай, монгол хэлтэй, монголын соёл, түүх, ёс заншил, шашин шүтлэг, хууль номыг дээдлэн хүндэлж, сахин биелүүлдэг гээд маш урт жагсаалт гаргаж болох. Эдгээрээс монголоо, монголчуудаа гэх сэтгэл л хамгийн чухал гэж бодогдоод байх юм.

- Харь орны хөгжил, соёлыг биширч монголоо муулж, гудманд таарахдаа хүртэл гуйлагчин харсан юм шиг зугтах;
- Хар бор ажил хийж, хэдэн төгрөг хурааж, хальт хэл сурч ирчихээд хаан, хатан шиг өргөмжлүүлж байгаад ирсэн юм шиг утаа униар, шороо тоостойг нь гайхан “Монголд дасаж өгөхгүй хэцүү юм” гэж үглэх;
 - Эх орондоо ажил голоод хийхгүй бээдийх, хийхээрээ залхуурах, бүр зарим нь бага сага юм дэлсэх мөртөө, гадаадад гарахаараа л мөнгөний үнэ цэнийг мэдэрч нохой мэт эзэндээ үнэнч зүтгэж, авьяас чадалтайгаараа зард гарах;
- Монголд амьдрал алга гэж хар амлаад харь оронд очоод боол болж, хүний наймаанд өртөх;
- Архичин, арчаагүй гэж эрчүүдээ голлох мөртөө харийн оронд очоод хамгийн доод зиндаанийхантай суух;
- Нутагтаа архи ууж дампууран, сүр сүлд нь унах хэрнээ гадаад улсад гарахаараа чоно шигээ хийморьлог болох;
- Хүний нутгийн хууль дүрмийг хамгийн бага зөрчдөг Монголчууд эх орныхоо хуулийг гуульд тооцох;

Ингэхээр эх орон, газар шороондоо зориулах тэр хий хоосон хайраа өөртөө, өрөөл бусад монголчууддаа зориулая. Би эх орныхоо төлөө халуун амиа үл хайрлана гэх халамцуу шүлэгч архи уухаа боль. Монголын төлөө гээд байгаа эх орончид ядаж тамхинаас гарчих. Таны эрүүл мэнд, элэг, бөөр ч таны төдийгүй бас эх орны чинь эд эс. Монгол орноо хөгжүүлэх гэж ажлаа хойш тавин, санаа бодлоо чилээж яах юм. Хийдэг ажилдаа л эзэн болчих. Тэгвэл эх орон маань хөгжих нь гарцаагүй.

Эхлээд гэр дотроо Монгол хүн монгол хүнээ хүндэлж, элэг нэгтэндээ гараа дэлгэн туслая. Энэ орны эзэн нь бид юм шүү гэж зочиндоо ойлгуулаад найрсаг хандая.
Би эх орноо хайртай, элгэн садан монголчууддаа хайртай.

Миний эх орон бол Монголын сайхан ард түмэн. 

А. Энхбат, 2011. 03. 03

4 comments:

  1. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  2. Nutgaa sanasan zaluugiin setgeleer saihan bichsen baina shuu! Huiten usruu tsul hiigeed ordog shig hatuu shiruun, borig amidrald umbaad orno doo. Us chin tsunheel bol hol aldaad jivj magadgyi tul hamgaalah heregseltei ireh ni zuitei.za tegeed hurdan hureed ir Hiih ajil ih l baigaa baihaa gej bodoj baina Enkhbataa

    ReplyDelete
  3. Ene deer gadaadad baij baigaad irsen bas huiten usruu orson hun setgegdel bichjee. he he
    Ene hunii bichsen zuiliig soyoliin shock gedeg.
    Mongol hunii ontslog n busdiin soyold uusaad orchihdog, uuriin hureellee bie bolgodogguigeer ene asuudal tailbarlagdah baihaa daa.

    ReplyDelete
  4. эх орон гэдгийн үнэ цэнэ ямар гэдгийг гадаадад байгаа Монголчууд маань жинхэнэ мэдэрдэг л байх, харин ирсэн хоино нь бүгд өнөөх хэвээрээ ...

    ReplyDelete

Сэтгэгдэл

Хулгана дагадаг оцон шувууд :-)