2011/04/13

ХҮНД ГАР

                               (Замын тэмдэглэл)
Утаа униар, тоос шороотой ч гэсэн элэг зүрхнээс уяатай энхрий сайхан Монгол орондоо сар амарчихаад буцахаар өглөө эртлэн “Чингис хаан” олон улсын нисэх буудлыг зорилоо. Европ тивийн олон хотыг зорих дотоод, гадаадын хүмүүс онгоцонд суухаар билетээ бүртгүүлж ачаа тээшээ өгөхөөр дугаарлаж байв. Нилээд цаг тулгаж очсон болохоор бүртгэл дуусах дөхөж гурав дөрөвхөн хүн үлджээ. Энэ үед нэг халамцуу нөхөр бүртгүүлсэн мөртөө дахин бүртгээдэх хэмээн хэрүүл шуугиан үүсгэхэд, тээш авч байсан ажилтан бүсгүй та ийм согтуу байж нисэж чадах уу, ер таныг онгоцонд оруулахгүй шүү хэмээн учирлаж айлгахын завсар аргалаад буцаалаа. 


Ингээд тээшээ өгч, онгоцонд суух билетээ авсан учир гаалийн үзлэгээр орчихоод гарсан тэмдэг даруулахаар дугаарлаж зогстол нөгөө халамцуу ах “гарах хуудас” бөглөөгүй гээд буцаж байгаа харагдав. Энд “Аэрофлот"-ын онгоцны үйлчилгээ урьд өмнөхөөсөө илүү сайжирсан байсныг зориуд дурдья. Онгоц хүн цөөтэй нисэхээр болсон тул үйлчлэгч бүсгүй гурваар сууж буй хүмүүсийг хол замд арай тухтай яваг хэмээн ганцаараа сууж буй нэгний хажууд суулгаж эхлэлээ. Хоол унд идэж уух болон унтахад амар тул би ч уухайн тас зөвшөөрч өмнөх эгнээний ганцаараа сууж буй хүний хажууд тухлаад авсан. Тэгээд хамт суух хүндээ “сайн явж байна уу” гэвэл нөгөө түрүүний халамцуу ах инээд алдан толгой тохиж байна. Дөнгөж л дөч хүрч байгаа гэмээр туранхайвтар бор эр, бага зэрэг талимаарсан цогтой нүдээрээ намайг анхааралтай харлаа.  
 
Мань хүн нилээд яриа бололтой. 
–    Чамайг хэн гэдэг, ямар ажил хийдэг, яах гэж яваа юм, Москвагаас цаашаа нисэх үү энэ тэр гэж намайг баахан шалгаалах ба би ч дор бүрэн товч хариулт өгсөөр байв. Тэрбээр цаашаа Станбул руу нисэх, улмаар туркт сурдаг гэснийг минь сонсоод ихэд олзуурхан: -
–    “Би бас Станбул явж байна. Гэхдээ анх удаа тиймээс туслана шүү дүү хүү, дараагийн онгоцондоо яаж суух, хил гааль хэрхэн гардгийг ах нь сайн мэдэхгүй шүү” хэмээгээд “за хоёулаа сайхан танилцъя ахыг нь Бат (жинхэнэ нэрийг нь бичсэнгүй) гэдэг... Энэ оросын онгоц чинь архи, пиво өгдөггүй юм уу, манай солонгосын онгоц бол ёстой сайхан, уухын хэрээр өгнө шүү дээ, бид ч бараг тасраад л бууна. Ах нь Солонгос, Чехид ажиллаж байлаа. Одоо Турк руу ажил хийхээр явж байна даа. Миний дүү ахдаа туслана шүү аан. Чи чинь сурдаг гэлүү, ажил хийдэг үү, ажил хэр олддог вэ, цалин хэр авах уу, турк хүүхнүүдийг оролдохоор эрчүүд нь бууддаг гэсэн үнэн үү...” гээд л ахиад байцааж эхлэв. Тэр бүрд зохих хариулт өгч заримдаа бяцхан тайлбар хийсээр цаг ч овоо явлаа.
 
Замын хань маань ч эрч хүч нь суларч асуулт нь цөөрсөөр ашиггүй нүдээ аниад хоёулаа бууж байгаад сайхан хууч хөөрнөө хэмээгээд хурхирч гарав.
 
Улаанбаатар хотоос өглөө хөөрсөн онгоц 6 цаг 40 минутын аялалаа өндөрлөж Москва хотын Шереметьево-2 олон улсын нисэх онгоцны буудалд амжилттай газардлаа. Транзит зааланд орохоор цааш нисэх онгоцны билетээ бүртгүүлэх, паспорт, гар тээшээ шалгуулах үед нөгөө ах маань:
-    Би 10 шил архитай яваа зүгээр үү гэдэг юм байна. Та тэгээд тэр олон архиа хаанаа хийсэн юм гэвэл том цүнхэнд хийгээд ачаанд өгсөн гэлээ.
-    Өө тэгвэл айлтгүй хоёулаа ачаагаа Станбулаас нэг мөсөн авна дажгүй гэж хэлтэл өөдөөс тэгвэл
-    Турк яах уу оруулах уу хэмээн лавлав.
-    За гайгүй байх аа лав ороход цүнх сав шалгаад байдаггүй гэсэнд
-    Тэр чинь лалын шашинт орон шүү дээ зүгээр биз хэмээн ихэд болгоомжтой асууж байна.
 
Яг гар тээшээ шалгуулахаад гарах үед манай нисэх буудлын татваргүй барааны дэлгүүрээс авсан “Соёмбо” архиа нэг монгол хүүхэн хураалгах болж орос монголчуудын хооронд бяцхан хэрүүл гарлаа. Хамт ирсэн ах маань ч аль хэдий нь тэнд очсон өнөөх эмэгтэйд хашир хүний ёсоор тээшиндээ хийхгүй яасан юм бэ одоо юу гэж өгдөг юм дуугүй бай, дуугүй бай хэмээн зөвлөгөө өгч байх юм.
 
Оросууд Шереметьево-2 онгоцны буудлаа өргөтгөж засвар хийгээд их том болгожээ. Аар саар зарим ажил нь бүрэн дуусаагүй бололтой ганц нэг газар цахилгаан өрмийн дуу гарна. За ингээд Москавагаас Станбулын онгоцонд суутал бид чилийсэн 12 цагийг өнгөрөөх хэрэгтэй болов оо. Хамт ирсэн хүмүүс маань ч дараагийнхаа нислэгийг хүлээн дэлгүүр хоршоо, бие засах газар луу таран одлоо. Тамхи таталгүй 7 цаг болсондоо итгэж чадахгүй байсан замын найз ах маань тамхи татахаар тусгай өрөө лүү оров. Энэ хооронд хүн цөөтэй эвтэй сандал олж аваад эсэн мэнд яваагаа ард гэртээ дуулгах бас мэдээ сэлт харах гэж зөөврийн компьютерээ асаагаад нилээд удаан суучихаж. Биеийнхээ чилээг гаргах, цуг ирсэн өнөө ахыг хайгаад алхаж явтал мань эр аль хэдийн Станбул орох бусад монголчуудаа олчихсон яриа дэлгээд сууж байв.
 
Тэдний маань ихэнх нь ажил хийж мөнгө олохоор Турк орныг зорих ажээ. Та нар тосох хүнтэй юу, очоод ажил яаж олох гэж байна гэвэл, бүгд л таньдаг найз, ах дүү нь байгаа гэж байна. Харин манай нөгөө Бат ах намайг тосох юм уу бүү мэд, гэхдээ нэг утасны дугаартай гэдэг байгаа. Тэгээд түүндээ огт санаа зовсон янзгүй ах нь дүүдээ пиво авч өгье нааш ир хэмээн гараас минь хөтлөөд алхлаа. Бид хоёр нэг нэг том гурушигтай пиво аваад элдвийг ярилцав. Би Анкара хотод сурдаг, Станбул бол Туркын худалдаа арилжаа, аялал жуулчлал, жижиг дунд үйлдвэрийн гол төв болох, голчлон гадны иргэд энд л хараар буюу зөвшөөрөлгүй ажилладаг, тэгээд ажил олоход хэцүү, олдог юм аа гэхэд цалин мөнгө нь идэж уугаад таардаг тухай үзсэн, сонсон зүйлээ хэллээ. Манай хүн ч яриан дундуур:
-    Монголчууд хулгай хийж байна уу гэв.
-    Хийдэг л сурагтай тэгээд баригдаад явдаг гэсэн.  Та чинь арай ... Туркэд хулгай хийсэн л бол шууд хорьдог гэнэ лээ гэвэл.
-    Үгүй ээ үгүй ах нь юу гэж хулгай хийх вээ дээ. Гэхдээ Чехид байхад манайхан хийдэг л байлаа. Торгоод л явуулна шүү дээ. Ах нь 20 хоногийн дараа буцах билеттэй хөлөө олохгүй бол харина даа хөө гэж байна. Мөн Турк дахь Монголчууд цагаан сар, наадам бусад баяраар нийлдэг үү, жишээ нь хонь авч гараад гоё ууж идэх үү гэлээ.
-    Голдуу оюутнууд байдаг, ажил хийдэг мөнгөтэй хүн цөөн тул нийтийг хамарсан томоохон арга хэмжээ ховор гэвэл манай хүн жаахан дурамжхан:
-    Солонгос, Чехид бол тийм биш шүү дээ гэж байна аа.
 
Ингээд удалгүй би замд таарсан холын саднаа Амстердам руу нисэх онгоцонд суулгаж өгөхөөр түр холдож мань хүн тэндээ суугаад үлдэв. Эргээд иртэл замын найз маань алга. Би ч нэг их юм санасангүй цахим ертөнцөөр аялаад багагүй цаг авлаа. Ингэж тэгсээр онгоц маань хүнээ суулгаад эхлэв. Хамт ирсэн ах байдаггүй, цуг ирсэн монголчуудаасаа асуувал түрүүн энд нэлээд халамцуу явж байсан хэмээлээ. Тэгтэл ашгүй цүнхээ үүрсээр гуйвчихсэн ирж харагдав.
-    Та чинь хаана ингэтлээ уучихваа бид одоо 3 цаг хүрэхгүй шахам ниснэ. Туркууд архи үнэртүүлсэн хүнд таарамжгүй ханддаг. Тэгээд ч хараар ажил хийх гэж ирсэн туркмен, киргизүүдийг хил гааль дээрээ нэлээд шалгаж, асуудал үүсгэх нь бий. Монголчууд зүс царай төстэй болохоор заримдаа тийм шалгалтанд өртдөг юм гэвэл
-    Ах нь ахиж уухгүй ээ гэж байна.
 
Тэгээд бохь аманд нь хийж өгөөд онгоцондоо хамт орлоо. Энэ удаа суудал маань тус тусдаа таарчээ. Онгоц ч сул суудалгүй дүүрэн хүнтэй. Тэр урд л нэг нөхөр орос авгай нартай суудлын хэрүүл хийгээд байв. Арай манай нөгөө ах биз дээ гэсэн бодол төрсөн ч нэгэнт онгоцондоо орчихсон юм яавал гэж бодоод нойронд дийлдэн унтлаа.
 
Цагийн зөрүү, хол замд ядарсан би онгоц газардаж байхад сэрсэн бөгөөд Станбул хотын Ататурк онгоцны буудалд газардлаа. Онгоцноос гартал Бат ах түрүүлээд гарчихсан хүлээж байна. Бид хамтдаа хил гарахаар алхлаа. Хилийн шалган хүртэл бас ч гэж  гурав дөрвөн минутын зайтай тэгээд ч олон онгоц зэрэг буух учир хурдхан хил гарахгүй бол ачаагаа авч амжихгүй тэгээд ч шөнийн 2 цаг өнгөрч байгаа тул паспорт шалгах ажилтан цөөн байж магд хэмээн ахыг шамдуулсаар хүн багатай хэсэгт нь очоод урьдаа оруулах гэтэл хажууд минь зогсож байсан тэр гэнэт алга болчихов. Ингээд яалт ч үгүй араас ирсэн хүмүүст түрүүлсээр хил гараад хүлээлээ. Нилээд удсаны хойно манай хүн дипломат пастортгүй гээд хөөхөөр нь чиний зогсож байсан газар дахиж очоод арай гэж гарлаа гэсээр ирэв.
 
Хамт ирсэн монголчуудыг маань тосох хүмүүс нь ирээд аваад явлаа. Бат ахад байгаа дугаар луу залгавал нойрмог нэг монгол нөхөр таксинд суулгаад явуулчихаа би хаягаа мессежээр явуулая гэж байна. Энэ чинь ямар манай Улаанбаатар биш 16 сая хүнтэй хот, тэгээд такси хэл мэдэхгүй гадаад хүнээс шөнийн тарифаар бодоод бараг хараар ажилладаг хүний сарын цалин шиг шахуу мөнгө нэхнэ шүү дээ гэвэл зүгээрээ манайх хүртэл гайгүй гарнаа таксинд суулгаад жолоочтой яриулчих гээд утсаа салгав. Шөнө нийтийн тээвэр зогссон тул Анкара явах би онгоцны буудалд хонохоор болж замын танил Бат ахыгаа дүүгээ тосохоор ирсэн монгол эгчтэй хамт явуулахаар болоод за танд амжилт хүсье гэж гар бариад үлдэв. Манай хүн онгоцонд орос авгайтай хэрэлдсэн яг одоо тамхи татахгүй бол үхэх нь гээд надад бас амжилт хүссэн.  
 
Төд удалгүй нөгөө эгч маань дүүтэйгээ танай нөгөө сайн эр хаачив аа түрүүлээд яваад өгсөн байхын гадаа гараад олддог байгаа гэсээр буцаад ирлээ. Хамт гарч хайх уу гэвэл за холдоогүй биз чи гарчихвал буцаж орохдоо дахиад гаалиар шалгуулна үлд үлд гээд явж одсон. Замын найз Бат ахыг минь олсон байлгүй дээ.  
 
Ингээд тэмдэглэлийнхээ төгсгөлд өгүүлэхэд хүнд гар, сайн эр гэж хочлуулсан энэ ах бол харь орныг зорьж хар ажил хийж эх орон, ар гэр лүүгээ сар бүр хэдэн доллар явуулдаг олон монголчуудын маань нэг төсөөлөл. Хэрэв тэдний хийсэн бүтээснийг хэмждэг бол социализмын үеийн хөдөлмөрийн баатрын амжилтаас илүү ч гарч магадгүй. Дасан зохицох чадвартай зоригтой, өөдрөг Монгол хүн ёстой бор зүрхээрээ дэлхийн олон орныг зорих юм даа.
           А. Энхбат, 2011. 04. 10

3 comments:

  1. Сайхан гар байна шүү.

    ReplyDelete
  2. hehe guu mun sain er ym aa 10 shil arhi avch yvaad bhdaa yaahvedee ENKHBAT daa amjilt husii

    ReplyDelete
  3. hehe, iistoi hund gar bna da

    ReplyDelete

Сэтгэгдэл

Хулгана дагадаг оцон шувууд :-)