Компаний нийгмийн хариуцлага (Corporate social responsibility гэдгийг монгол хэлэнд ийнхүү хөрвүүлсэн байх нь түгээмэл) гэж ойлголт байх. Аливаа байгууллага, аж ахуйн нэгжүүдийг олж буй ашиг, үр өгөөжөөс нь гадна нийгмийн сайн сайхны төлөө, хүмүүсийн тусын тулд юу хийж, гүйцэтгэж буйгаар нь үнэлж дүгнэдэг тогтолцоо бий болоод багагүй хугацаа өнгөрчээ. Хар ухаанаар хэлэхэд тухайн пүүс компаний бизнесийн үйл ажиллагаа хэр үр дүнтай явааг нь овойж оцойсон мөнгө төгрөг, аварга том шилэн байшин, захирлынх нь унасан олон мянган долларын үнэтэй машин тэргээр нь бус хүмүүс, хүрээлэн буй орчиндоо хэр ач тустай зүйл хийж, хувь нэмэр оруулж буйгаар нь тодорхойлж, үнэлж цэгнэж болно гэсэн үг юм.
Манайд ч энэхүү жишгээр бизнес эрхлэдэг жижиг том компаниуд нийгмийн хариуцлагаа хэрхэн ухамсарлаж, өөрсдийн чинхүү зарчим болгож буйгаа сурталдах нь өдгөө нэгэнт хэвшсэн үзэгдэл болжээ. “...Манай хамгийн гол зарчим, үнэт зүйл бол нийгмийн хариуцлага болой. Иймээс бид энэхүү асар хариуцлагатай үйлсийнхээ төлөө ингэж тэгэж ажилладаг...” тухайгаа Чингисийн билэг сургаал адил нүсэр нүсэр мэргэн цэцэн санаа оноо хэлсэн тос даасан царайтай, цагаан цамц, улаан зангиа болсон нөхдүүд үе үе телевизийн цаг барж, сонины нүүр бөглөх.
Улсад жилд төчнөөн төгрөгийн татвар төлдөг, олон зуун хүнийг ажлын байраар хангаж, амьдрал ахуйг нь тэтгэдэг, янз бүрийн спорт, шоу арга хэмжээг ивээн тэтгэж санхүүжүүлдэг тухайгаа ам уралдан ярьж, түүнийгээ компанийхаа PR-ийг мундаг сайхан хийлээ хэмээн сэтгэл бардам дотроо тооцох. Үнэхээр улс орны эдийн засгийн хөгжил дэвшил, өнгөтэй өөдтэй яваа нь энэ хэдэн хувийн хэвшлийнхний ач тус. Гэхдээ нийгмийн хариуцлага гэдгийг нүсэр төлөвлөгөө хөтөлбөр, нэр хүндээ өсгөх арга тактик гэж харах хандлагаа өөрчлөх болсон санагдана.
Жишээ нь, нийгмийн хариуцлагаа өндрөөр ухамсарладаг, “чанд хатуу” биелүүлдэг компани байна гэж үзье. Өнчдийг асрах газарт байнга тусалж, хувцас хунараар хангадаг, цагаан сараар ахмад настнуудад гарын бэлэг тараадаг, олимпын тамирчдын замын зардлыг нь даадаг, оюутнуудад тэтгэлэг өгдөг ийм компани аж ахуйн нэгж нэг үеэ бодоход цөөнгүй болжээ. Нийгмийн хариуцлага гэдгийг ийнхүү өргөн цартай, алсыг бодолтойгоор “ухамсарлаж” хийж гүйцэтгэнэ гэдэг сайн хэрэг.
Гэхдээ компаниудын эрхэм захирал, менежерүүдээ! Санаа бодол, харааныхаа өнцгийг өөрчлөөд албан тасалгааныхаа цонхоор бас хийж бүтээж буй ажлаа нэг анхааралтай харна уу.
Таны бариулсан өндөр шилэн барилга, түүнийг хашсан төмөр хар хашаанууд чинь явган хүмүүсийг зорчиход ямар их садаа учруулж буйг анзаар даа. Тэд таны эрх мэдлийн цар хүрээг илтгэхэд зориулагдсан хашаанд хашигдан зам дээрээ багтаж чадахгүй болтлоо пиг чихсэн машин тэргэнд мөргүүлэх шахан явах нь нийгмийн хариуцлагаас шал өмнөө асуудал гэж үү?
Өндөр сайхан оффисын тань сүүдэрт дахин хэзээ ч нар үзэхгүйгээр байрласан хөөрхий хүүхдүүдийн цэцэрлэг байрлаж байгаа юм биш биз дээ.
Монголд үйлдвэрлэсэн, жинхэнэ байгалийн цэвэр бүтээгдэхүүн гэж сурталчлах хэрнээ бодит байдал дээр тэс өөр газраас зөөвөрлөн савлаж буй хүнсний бүтээгдэхүүнээр хэрэглэгчдээ хангаж буй чинь ямар хариуцлагад багтах үйлдэл вэ?
Сургалтанд суулган, ажилд авах нэрийдлээр иргэний үнэмлэхийг нь барьцаалан, дадлага нэрээр учраа үл ойлгох охид хөвгүүдийг үнэ хөлсгүй ажиллуулж, хүний хөдөлмөр шулж буй чинь нийгмийн хариуцлагын хаагуур нь өнгөрөөд байна аа?
Орчиноо тохижуулах, экологит ээлтэй бодлого нэрээр уулын ургаа мод, усны эрэг хөрсийг өндөр үнээр худалдан авч, уг хэрэг дээрээ урд хормойгоо хойд хормойгоороо нөхөж буйд хяналт тавьж нэг үзсэн үү?
Нийгмийн хариуцлагаас ангид бус иймэрхүү жишээнүүд тун олон анзаарагдах юм билээ. Болох болохгүй олон асуудал төр засгийн бодлоготой ямар нэг байдлаар холбоотой байдаг ч гэлээ дээрх жишээнүүд өөр бусдад нялзаах аргагүй хувийн хэвшлийнхний дангаар “хариуцах” асуудал баймаар юм.
Мөхөс миний бодлоор нийгмийн хариуцлагын төлөө хийж гүйцэтгэх үйлс тань тун ойроос л эхлэмээр санагдана. Нэг үгээр бизнес чинь хэр ёс зүйтэй байнаа гэдгээ эргээд нэг тунгаагаач гэж хэлэх гэсэн юм.
Таны нийгмийн хариуцлагын алсын хараа, хурц сэтгэлгээг тань чилээсэндээ хүлцэл өчье. Аан тийм, нийгмийн хариуцлага гэснээс том компаниудын тендер цохиж авах, газар, ашигт малтмалын орд эзэмшихэд зарцуулж буй авилгал ба нийгмийн хариуцлагад зарцуулж байгаа мөнгөн дүнгийн аль нь их вэ гэх асуулт сонирхлыг минь ихэд татаж байна. Та юу гэж бодож байна?
zuv asuudluud hondson bna
ReplyDelete