2011/08/29

ГУРАВДАГЧ ХҮЧНИЙ ОРОН ЗАЙ БУЮУ ЦАЙНЫ НАМ

Цайны нам гэж юу вэ?
Монголчуудын үнэ цэнэтэй, ховор нандин зүйлээ “цайны ганц” гэж нэрлэж заншсан. Учир нь эрт дээр үеэс цай хэмээх нь ховрын эд бөгөөд хожмоо арилжааны чухал хэрэгсэл болж, түүгээр сольж авсан эд бараагаа нандигнах болсонтой холбоотой.
 
Харин “цайны нам” гэх ойлголт нь дээр хэлсэн ховор чухаг гэх утгаасаа шал өмнөө санааг агуулдаг. 18-р зууны сүүлээр английн худалдааны монополь байдлыг эсэргүүцэж, цайны татварыг бууруулахыг шаардан, тэдний бараа таваарыг сүйтгэсэн хэрэг явдал америкийн Бостон мужид болжээ. 

Тэрхүү “цайны хөдөлгөөн” гэж түүхэнд нэрлэгдсэн үймээн АНУ-ын тусгаар тогтнолын төлөө тэмцлийг өдөөсөн чухал үйл явдал болсон гэгддэг. Энэ үеэс хойш засгийн эрхэнд гарах сонирхолгүй, сонгуульд өөрийн гэсэн нэр дэвшигч бүртгүүлдэггүй хүчнүүдийг “цайны нам” гэж нэрийдэх болсон аж. Хүн хүч, хөрөнгө нөөцийн хувьд том биш ч сонгуульд ялалтад хүргэх цөөн боловч саналыг авчирдаг тул томоохон нам, нэр дэвшигчид тэдний дэмжлэгийг нэг бус ашиглаж иржээ.
 
Сонгуульд ялсан улс төрийн нам хүчин засгийн газраа байгуулж, ялж чадаагүй нь сөрөг хүчин болж эрх баригчдаа шүүмжилдэг тогтолцоо ардчилсан тогтолцоотой улс орнуудын хувьд  тогтсон үзэгдэл. Өөрөөр хэлбэл, эрх баригч хийгээд сөрөг хүчин нь улс төрийн орон зайд үндсэн тоглогчид байдаг. Яг сонгуульд авч буй саналынхаа тоогоор. Улс төрийн талбар дахь бүхий л өрнөл үйл явц уг хоёр дээр голчлон төвлөрдөг.
 
Мэдээж олон ургальч үзэл, нийгмийн эрх ашгийн ялгаатай байдлаас үүдэж, бусад нам хүчнүүд аяндаа үүсч, улс төрд байр сууриа эзлэх, тоглолтод оролцохыг эрмэлздэг. Гэвч тэд улс төрийн хүч нөөц, тоглолтын туршлага далайц, боловсон хүчний чадавхи, олон түмний санал дэмжлэг авах чадвараараа үндсэн тоглогчидтой харьцуулахад ямагт гологддог. Үүнийгээ дагаад улс төрд эзлэх орон зай нь ч хомс хязгаарлагдмал. Улс төрийн тавцанд үндсэн тоглогч болж чаддаггүй ч сонгууль болгоноор нэжгээд саналыг зулгааж байдаг нам хөдөлгөөнийг “гуравдагч хүчин” буюу “цайны нам” хэмээн хочлон нэрлэдэг.
 
Харин монголын улс төрийн шинэ үеийн түүхэнд тэд улс төрийн сонирхолтой нөхцөл байдлаас шалтгаалж тун өвөрмөц байр суурь эзэлж ирсэн юм.
 
Монголын улс төрийн орон зай дахь гуравдагч хүчний түүх
1990 оноос өмнө монголын улс төрд нэг нам дангаар ноёрхож ирсэн талаар улиг болтол ярьсан тул энэ нуршаад яахав. Ардчилсан тогтолцоонд шилжиж, олон намын тогтолцоо бүхий парламентийн тогтолцоог сонгосноор улс төрийн тавцанд нэг бус тоглогч гарч ирэх бололцоо нээгдсэн юм. Тухайн үеийн шилдэг, ирээдүйтэй гэсэн бүхий л кадрыг эгнээндээ нэгтгэсэн МАХН-аас зарим лидерүүд болон МАХН-д гадуурхагдсан тэрс үзэлтэй нийгмийн зүтгэлтнүүд шинэ намууд руу хуваарилагдаж, сая нэг улс төрийн зодоон хийх бололцоо бүрдэж эхэлжээ. 1990 онд анхны чөлөөт ардчилсан сонгуулиар байгуулсан Улсын бага хурлын 50 суудлын 30-ыг нь МАХН эзэлж, шинэ тутам байгуулагдсан МоАН, МҮДН, МСДН үлдсэнийг нь авчээ. Өөрөөс нь ондоо өрсөлдөгчгүй, ганцаараа аархаж ирсэн хүчирхэг намтай тулж, улс төрийн бие даасан тоглогч болохоор тэмцэж буй шинэ хүчнүүдэд энэ нь том амжилт байсан юм.
 
Гэвч шинэ тутам бүрэлдэж буй улс төрийн орон зайд өөрийн байр суурийг найдвартай эзэлж, МАХН гэх хүчирхэг намтай энэ тэнцүү тоглогч болон төлөвших яагаа ч үгүй байлаа. (Одоо ч МАН-ыг тарааж байж, жинхэнээрээ өрсөлдөх бололцоо бүрдэх тухай гомдол явсаар). Үүний илрэл нь  1992 оны сонгуулийн үр дүн. УИХ-ын 76 суудлаас 70-ийг нь МАХН дангаараа бүрдүүлэв. Тэд сөрөг хүчин болж чадсангүй. Нэг үгээр тэр үед гуравдагч байтугай хоёрдогч хүчний сураг гараагүй байсан гэсэн үг.
 
Улс төрийн туршлага муутай сөрөг хүчин ялагдалдаа дүгнэлт хийж, шалтгаан учрыг нь олох, улмаар өрсөлдөөний цаашдын арга тактикаа боловсруулж эхлэв. Ялагдлын шалтгааныг сонгуулийн тогтолцооны сул тал, эрх баригч хүчний шударга бус өрсөлдөөний нөхцөлтэй холбож тайлбарлах явдал голчилж байлаа. Хамгийн гол нь МАХН-ын эсрэг нэг блок болж өрсөлдөх ёстойгоо ухамсарлаж эхэлсэн юм.
 
Ингээд 1996 оны УИХ-ын сонгуульд эвсэл болон оролцсон ардчилсан хүчин анх удаа эрх баригч хүчин болж чадлаа. Энэ нь улс төрийн тогтолцоонд хөгжлийн өөр үе шатыг авч ирсэн юм. Дандаа тэргүүн эгнээнд явж ирсэн МАХН хоёрдогчийн байр сууринд шилжив. Тэд шокноосоо тун хурдан гарч, улс төрийн тоглолтынхоо арга барилыг богино хугацаанд эзэмшиж эхлэв. Эрх баригч хүчний туршлагагүй, эв нэгдэлгүй байдал дээр чадварлаг тоглож, сөрөг хүчний үүргээ давуулан биелүүлсэнээр дараагийн сонгуульд ялах нөхцлөө бүрдүүлж чаджээ.
 
Чухам энэ үеэс улс төрд гуравдагч хүчин гэх ойлголт бүрэлдэж эхэлсэн юм. Тухайн үеийн үндсэн хуулийн заалтын дагуу УИХ-аар аливаа хууль тогтоомжийг батлахад шаардлагатай саналын тоо дор хаяж 51 байх ёстой байлаа. УИХ-д 25 суудалтай МАХН дээр МУНН-ын дарга О.Дашбалбар нэмэгдэн бойкотлоход л эрх баригч хүчин юу ч хийж чадахгүйд хүрдэг байв. Гуравдагч хүчнийг цор ганцаараа төлөөлж байсан ч улс төрийг бүхэлд нь гацаах түвшинд нөлөөтэй байсан ийм тохиолдол дэлхийн түүхэнд ч ховорт тооцогдоно. Угийн зөрүүд ааштай, сэтгэл хөдлөл ихтэй зэрэг хувийн зан авираас гадна архи ууж, ажил таслах зэрэг энгийн үйлдлээс шалтгаалж, түүний улс төрийн нөлөө аяндаа өндрөө авахад хүрдэг байлаа. Өдгөө хүртэл Дашбалбар нь хувь хүний хувьд төдийгүй улс төрийн гуравдагч хүчний тод томруун дүр болон хоногшин үлдсэн юм.
 
2000 оны сонгуулиар эрх баригч “Ардчилсан хүчин” далаараа навс тавиулж МАХН УИХ-ын 74 суудлыг эзлэв. Хэний ч санаанд ороогүй “битүү” нэр дэвшигч Ж.Наранцацралт агсан бүхэл бүтэн улс төрийн хүчнийг төлөөлж гарч ирээгүй бол Ардчилсан хүчин бүтэн онигоонд орох байлаа. Ер нь онигоонд орсон л доо. Энэ удаагийн парламентад хоёрдогч хүчин гэх байр суурь үлдсэнгүй. Бие дааж нэр дэвшсэн сонгогдсон Л.Гүндалайн үйл хөдлөл улс төрийн талбарт сөрөг хүчнүүдийг бүрэн төлөөлж байсан гэхэд болно. Тийм ч учраас түүнийг урвуулж, намдаа элсүүлэх нь шинэ тутам байгуулагдсан Ардчилсан намын хувьд том зорилгод тооцогдож байлаа.
 
2004 оны УИХ-ын сонгуульд голлох улс төрийн нам, эвслүүд яг тэнцүү суудал авснаар дахиад л гуравдагч хүчин том тоглолт хийх бололцоо бүрдэв. Гуравдагч хүчин ч гэж дээ, БНН-ын дарга Б.Жаргалсайхан болон “Эх орон-Ардчилал” эвсэлд нэгдэж сонгуульд өрсөлдсөн ч явцдаа түнжин хагарсан намууд тэрчлэн АН-аас өрх тусгаарласан ҮШН, “Ард түмний нам” засагт суудал авахын төлөө амиа өгөхөөс наагуур үзэлцэж байлаа. Энэ удаад тэд олон түмэнд хандсан тоглолт хийхээсээ илүү эрх баригч хүчнүүдтэй тохиролцох замаар бялуу хүртэх бололцоогоо бүрэн дайчилж байсан юм. Нэг талаас энэ нь улс төрд шинэ тутам үүсч буй бизнесийн салбарынхан хүчтэй түрж орсон болон улс төрийн нам хүчнүүд улс төрийн талбарт хэрхэн тоглолт хийх арга эвээ олж эхэлсэнтэй холбон тайлбарлаж болно. Өөрөөр хэлбэл, улс төрийн үйл явц зүй тогтлынхоо дагуу явсан гэсэн үг. Сөрөг хүчин, гуравдагч хүчний байр суурь, дуу хоолойг парламентаас гадуур илэрхийлэгч нөхдүүд гарч ирж, олон түмнээс багагүй дэмжлэг олсон явдал мөн л зүй ёсны хэрэг байлаа.  Ардчилал гоцлол хийгээд найрал дуунд дургүй ажээ. Харин хоолой салгах явдлыг л ямагт чухалчилдаг байна.
 
2008 оноос хойшхи улс төрийн хүчнүүдийн тоглолт, өрнөлийг “7 сарын 1”-ний хэрэг явдал болон эрх баригч хүчний стратегичийн бодлого, арга ажиллагаа, ашиг малтмалын том ордууд тойрсон асуудал бүрэн шийдвэрлэж өгсөн юм. Эрх баригч болох МАН засгийн газрын тогтвортой байдал, намын нэр хүндийг хадгалах зорилгоор сөрөг хүчинтэйгээ эвсэж засгийн газраа байгуулав. Стандарт бус засгийн газар, “МАНАН” хүчин гэх гоочлол нь нэг талаас улс төрийн тоглолт хийх сэдэв төдийгүй нөгөө талаас сөрөг хүчний дуу хоолой дутагдсаны хам шинж байсан юм.
 
Дээрх улс төрийн өрнөл, нөхцөл байдлыг товчхон дүгнэхэд, монголын улс төрийн талбарт гуравдагч хэмээх хүчнийг нэг хоёр л улс төрч бүрэн төлөөлж байжээ. Мөн сөрөг хүчинтэй нэг тал болох буюу түүний дайвар хамтрагч болж ирсэн туршлагатай аж.
 
Гэвч дэвжээнд хоёр өрсөлдөгч л үлддэг жамтай
Эрх баригч намуудын рейтинг ихээр унаж буйг судалгаа харуулж байна хэмээн гудамжны улс төрчид хийгээд УИХ-д суудал бүхий жижиг намууд байнга сурталдаж байна. Улмаар МАН ба АН-ын байр суурь ихэд суларсан тухай, монголын улс төрд гуравдагч хүчин засгийн эрхийг авах алтан мөч тулж ирж буй тухай санаа оноо тун идэвхтэй байгаа. Гэхдээ өнгөрсөн үед гуравдагч хүчний эзэлж байсан өвөрмөц байр суурь, судалгааны төвүүдийн гаргасан цаг үеийн шинжтэй судалгаанд тулгуурлан ийнхүү дүгнэх нь тун өрөөсгөл явдал болно.
 
Өнгөрсөн 20 жилийн ардчилсан институци, үйл явц 2 намын тогтолцоо төлөвшин хөгжих нөхцлийг бүрдүүлж ирэв. Онол төдийгүй практикийн хувьд ч улс төрийн нам гэх шалгуурыг өнөөг хүртэл хоёр л нам хүчин хангаж өнөөг хүрчээ. Нэг нь МАН, нөгөө нь АН. Улс төрийн нэр хүнд, туршлага, хүн хүч, хөрөнгө санхүү, үндэсний хэмжээнд явуулж ирсэн бодлого, үйл ажиллагаагаар яалт ч үгүй энэ хоёр улс төрийн тавцанд үзүүр түрүү булаацалдах аварга, арслангууд ажгуу. Бөхөөр зүйрлэвэл, дөрвөн жилд нэг болдог улс төрийн наадмаар энэхүү хоёрын өрсөлдөх явц, барилдааны арга мэх сонгогч олныг эрхгүй татаж, бүхий л нэр хүнд цол гуншинг хуваан хүртдэг. Тэдний улс төрийн тоглолтын стратеги, арга тактик, хэрэгжүүлэх ажиллагаа нь баргийн аавын хүүхэд барж ойлгохооргүй амаргүй зүйл байдаг. Том намуудад улс төрийн талбар дахь бүхий л хүч нөөц хуваарилагдсан байдаг.
 
Зөвхөн манайд гэлтгүй хоёр намын тогтолцоотой АНУ, Англи, Канад, Герман, Австрали зэрэг улс орнуудад 2 нам л голлож, улс төрийн бүхий л бодлого, үйл ажиллагаа тэрхүү хоёр дээрээ тулгуурлаж ирсэн. Бусад нам хөдөлгөөнүүд бий л дээ. Гэвч тэд түүхийн бүхий л хугацаанд гуравдагчийнхаа байр суурин дээр хэвээрээ үлдсэн.
 
Нэг үгээр гуравдагчууд эрх барих түвшинд очиж байсангүй. Аан тийм, түүхэнд гуравдагчаас шууд ахиж эрх баригч болсон тохиолдол бий нь бий. Гэхдээ нийгмийн гүнзгий хямралын үед, хувьсгал, ордны хуйвалдаан, төрийн эргэлт зэрэг хууль бус замаар ийнхүү үр дүнд хүрсэн байдаг. Өнөө айхтар коммунист, фашист дэглэмийг сэдсэн нөхдүүд ийм л замаар төрийн эрхэнд гарч иржээ. Харин ардчилсан, тогтвортой нийгэмд гуравдагчийн үүрэг роль аль хэдий нь хуваарлагдсан байдаг. Тэгээд ч тэд дүрдээ бүрэн дасан зохицсон байдаг. Хойшдоо ч хүчний хуваарилалт, тоглогчдын тоон харьцаа, тоглоомын дээрх дүрэм тэр чигтээ хадгалагдах байх. Мэдээж улс төрийн цоо шинэ систем бодож олох хүртэл шүү дээ.
 
“Тийм биш ээ, эрх баригч намуудын байр суурь ихэд суларч байгаа нь судалгаанаас харагдаж байна. Тэдний рейтинг нийлээд ч 50 хувь хүрэхгүй байгааг анзаарахгүй байна гэж үү” хэмээх сөргөлдөх нөхдүүд гарч таарна. Гэхдээ энэ нь гуравдагч хүчний орон зай огцом тэлнэ гэсэн үг ердөө ч биш болохыг юуны өмнө сануулъя.
 
Угаас засгийн эрх барьж буй хүчний рейтинг унадаг жамтай. Энэ удаад МАНАН гэж хоч нэр зүүсэн МАН, АН эвсэж засгийн газраа байгуулсан нь хоёулангийнх нь нэр хүндийг унахад хүргэсэн. МАН ба АН рейтинг унасан гэдэг нь тэднийг дэмжигчид өөрсдийн намдаа тэр чигтээ дургүй болсон гэсэн үг биш. Сонгуулийн өрсөлдөөн эхлэнгүүт МАН ба АН-ын рейтинг дахин өсч таарна. Учир нь тэднээс өөр хариуцлага хүлээлгэчих, дүн нуруутай нөхөд олдохгүй. Товчхондоо 2012 оны сонгуульд МАН ба АН дахиад л үзүүр түрүү булаалдана гэсэн үг.
 
Гуравдагч хүчин моодонд орох уу?
Гуравдагч хүчин хүрэл медалиас дээш ахидаггүй нь зүй тогтол гэж шаргуу тайлбарлах нь наанадаж гуравдагч хүчнүүдийг гомдооход хүргэж, цаанадаж эсэргүүцэл сөргөлдөөний мөнхийн сэдэв болоход хүрнэ. Иймээс тэдэнд ямар бололцоо нөхцөл бий эсэх талаар бага зэрэг эргэцүүлье.
 
Гуравдагч хэмээх хүчний нэр нөлөө өсөх хэд хэдэн нөхцөл бий. Улс төрийн явцуу хүрээнд нэгд, парламентад зонхилох хүчнүүдийн харьцаа ойролцоо тохиолдолд эрх баригч болон сөрөг хүчний хооронд том тоглолт хийх бололцоо бүрдэж болно. Үүний тулд нэг бус суудлыг гуравдагчууд эзэлсэн байх шаардлагатай. Энэ тохиолдолд тэд өөрт аль ашигтайгаас аваад үндэсний эрх ашигт нийцсэн гэж тооцсон хууль тогтоолд саналаа өгч, эцсийн шийдвэрийг гаргахад гар бие оролцох нөхцөл гардаг.
 
Тэрчлэн УИХ-д голлох нам хүчнүүдээс аль нь ч олонх суудал авч чадаагүй тэр нөхцөлд хамгийн олон суудал авсан нь хоёрдогчоо алгасаад гуравдагчтай эвсэл болон засгийн газраа байгуулах тохиолдол цөөнгүй бий. Энэ зорилгоор ч жижиг гэгдэх намууд парламентад суудал авахын төлөө шаргуу үзэлцдэг. 2012 оны сонгуульд өрсөлдөхөөр санаархаж буй шинэ хуучин жижиг намуудын эцсийн зорилго үүн дээр л огтолцох болов уу.
 
Харин олон түмний дунд нэр хүндээ өгсөж, байр суурь нь бэхжсэн бяртай тоглогч болохын тулд жижиг намууд эвсэн нэгдэж, үндэсний хэмжээнд нэг бодлого, үйл ажиллагаа явуулах хэрэгтэй. Гэвч дош дошондоо өөрийгөө том гэж тооцсон жижиг намын дарга нар хоорондоо эвсэж нэгдэх талдаа тун хойрго. Тэгээд ч том намуудын зүгээс тийнхүү эвсэж нэгдэх ажиллагаанд янз бүрийн замаар саад учруулах нь нэг бус. Тухайлбал, том намууд өрсөлдөгч хүчнийхээ саналыг хуваах үүднээс “тавиул нам” байгуулан, үзэлцүүлж эхлэхэд л дагаварт нь бусад гуравдагчууд нэрвэгдэн, нэр хүнд нь олон түмний дунд унаж эхлэх жишээтэй. Нэг үгээр гуравдагч гэдэг нь том намуудын хувьд тактикийн хэрэгсэл төдий зүйл.
 
За мөн, монгол улсын ерөнхийлөгчийн сонгуульд хүчтэй лидер сонгогдвол гурав дахь хүчний нэр нөлөө өсөх шаанс бий. Гэхдээ энэ нь маш хэцүү даваа. Манай гуравдагчуудад үндэсний хэмжээнд бүү хэл нам дотроо хүлээн зөвшөөрөгдсөн нэр нөлөөтэй лидер байхгүй. Лидерийн дутмагшилтай. Ер нь том байгууллага, тогтолцоог удирдахаас жижгийг удирдах нь илүү ур чадвар, арга авъяас шаарддаг. Тэрхүү шалгуурыг хангаж чадаж байж л гуравдагч хүчнийг бүрэн төлөөлсөн удирдагч төрөх боломжтой.
 
Сүүлийн үед гуравдагч буюу жижиг намууд гэгдэх уламжлалт бөгөөд угаас сүр нөлөөгүй нэршлээсээ зайлсхийж “шинэ хүчин”, “эрүүл хүчин” гэх ойлголтын дор өөрсдийгөө сурталчлан таниулах оролдлого гарч байгаа. Чухамдаа рейтинг нь унасан эрх баригч эвсэлтэй өрсөлдөх, өөрсдийн нэр хүндийг өсгөхөд чухал нөлөөтэй нэршил. Гэвч уг шинэ бөгөөд эрүүл хүчин гэх нэрийг мөнөөх л хуучин агаад эрүүл бус санаа зорилготой нөхдүүд ашиглаж байгаа нь улс төрийн учир начрыг ойлгодоггүй бяцхан жаалуудын хүртэл эргэлзээг төрүүлж байгаа нь дамжиггүй.
 
Хэтэрхий сунжирсан энэхүү өгүүллийн эцэст хэлэхэд, ер улс төрийн нам хүчнүүдээс өөрийн чадал чинээ, улс төрийн орон зайд эзэлсэн байр суурийнхаа хэрээр бодлого үйлдэл нь илэрч байдаг нь зүй тогтол ажээ. 

1 comment:

  1. zya bi ihee gdg zaluu bna aa 3 dahi ch huchen moodond ordog bolson ue shuu dee hoo tgd ch tea party gej odoo ch bgaa leader n emegtei ch hun bdag .alivaa ardchilsan togtoltsoond usreed l 2 nam huchtei bdag n uls toriin jam..neg 4 5 jiliin daraa amerikiin bugd nairamdah namiig tea party but avah ch ue oirtoj bgaa shuu harj l bgarai ..mgld bol ter tusmaa 3 dahi ch huchin bur magadlal ondorteishdee ho..jinhene shijignesen gants zaluu bhad mongold yug ch moodond oruulna shdee..neg bol mongo neg bol sn hudlaa yaridag nohor bhad l eronhiilogch ch boloh magadlal ondor shdee..ug n delhiin uls toriinhnii onoodriig hurtel ertnii greece ulsaas ehleed temtsej irsen zuil n hunii davral bolood huvi hunii zan aranshintai l temtsej irsiinshdee aristotel iin hun ba tor gd zohiold bgaa daa ta nar olj unshaarai..usa ulsiin gol uls toriin politic n power of balance gdg zuil dr togtdgiinshdee..huuili togtooh bolon huuli sanachlah mon shuuh baiguullagiin tusgaar togtnol gd l yariad bval urt yum bii...yum yarimaar hun bval comment uldeegeerei tailbarlaad ogno!!!!!!!

    ReplyDelete

Сэтгэгдэл

Хулгана дагадаг оцон шувууд :-)