2011/09/28

СЕКСИЙН ХУВЬСГАЛ


Сексийн хувьсгал хэмээх нэр томъёо анх германы сэтгэл судлаач В.Райх 1934 онд уг сэдвээр бүтээлээ гаргаснаар дээрх ойлголт нийгмийн ухаанд хэрэглэгдэж эхэлжээ. Харин 1960-аад оноос Өрнөдөд хиппи, роккерууд зэрэг секс, мансууруулах бодис, чөлөөт байдлыг эрхэмлэсэн залуу үеийнхний хөдөлгөөн  гарч ирснээр уг үйл явц бодиттойгор өрнөж эхэлсэн гэдэг.  Улмаар сэдвийн хүрээнд уламжлалт нийгэм соёл, шашны хувьд хаалттай, хориглогдож ирсэн олон асуудлыг хөндөж, ил нээлттэй хэлэлцэх болжээ. 


Энэ хүрээнд жирэмслэлтээс хамгаалах, үр хөндөлт, салалт, ижил хүйстний харилцаа зэргийг хүлээн зөвшөөрөхийн шаардахын зэрэгцээ бэлгийн замын халдварт өвчин, сексийн тулгамдсан асуудлын талаар боловсрол хүмүүжил олгох, эмч, багш нарын оролцоотой бэлгийн эрүүл ахуйн талаар сургалт явуулах зэрэг соён гэгээрлийн шинжтэй арга хэмжээг өргөжүүлэх үйл явц идэвхтэй өрнөсөн байна. Зарим нөхцөлд бэлгийн сэдэлтэй гэмт хэргийг хэрэгсэхгүй байх санал хүртэл гарч, тэдгээр гэмт хэрэгтнүүдийг харин сэтгэл зүйн эмчилгээнд хамруулахыг шаардах болжээ. 

Товчхондоо сексийн хувьсгал гэдэг нь бэлгийн харилцааны үнэт зүйл, чиг хандлага, тогтсон хэм хэмжээний талаар уламжлалт хандлагыг өөрчилж, бэлгийн амьдралын чөлөөт байдлыг уриалсан нийгмийн хөдөлгөөн юм. 

Чухамдаа сексийн хувьсгал нь бэлгийн харилцааны талаарх олон зуун жил ноёрхож ирсэн ёс суртахуун, шашны хориг цээр, бүдүүлэг заншлаас чөлөөлөгдөхийн төлөөх урт хугацааны тэмцлийн үр дагавар байсан юм. Энэ утгаараа хүний секслэг чанар нь биологийн биш харин нийгэм-соёлын үзэгдэл болохыг судлаачид нотлохыг хичээж байлаа. Уг хувьсгал гарахад ардчилал, хүний эрхийн үзэл баримтлал, эдийн засгийн либералчлал, улс төрийн амьдрал дахь жендерийн нөхцөл байдлын өөрчлөлт, “хүслээ хангах”-ыг уриалсан шинэ тутам бүрэлдэж буй хэрэглээний нийгэм, хурдацтай тэлж буй хотжилт гээд олон хүчин зүйл нөлөөлсөн нь дамжиггүй. Тэрчлэн бэлгийн дур хүсэл нь хүний мөн чанар болохыг номлосон З.Фрейд болон түүний залгамжлагчдын онол, үзэл санаа ч зохих нэмрээ оруулсан юм.

Сексийн хувьсгал нь эрэгтэй эмэгтэй хүмүүсийн биеэ авч явах соёл, хэв маягийн талаар хуучны хандлагыг орвонгоор нь эргүүлэв. Биеийн гоо сайхан, галбирыг далдлан нуусан том хэлхэгэр хувцас хунарыг халж, оронд нь секслэг дүр төрхийг илэрхийлсэн задгай хувцаслалт нэвтэрч эхлэв. Хүйсийн ялгааг илэрхийлээгүй “унисекс” хэв загвар бий болсон төдийгүй эрэгтэйчүүд урт үс ургуулан, ээмэг бөгж зүүн чамирхаж, харин бүсгүйчүүд богино халимаг үс тавих, костюм хослолоор гоёж эхэллээ. 

Сексийн талаар дагнан нэвтрүүлдэг телевиз, радио, сонин хэвлэл бий болж, кино, жүжиг, уран зохиол, дуу шүлэг, уран зургийн зэрэг урлаг, уран сайхны олон чиглэлүүд зөвхөн энэ сэдвээр бүтээл туурвих болжээ. Өдгөө ч хэвлэл мэдээллийн хэрэгслийн хамгийн сонирхолтой хэмээн тооцож нийтлэдэг сэдэв нь гэмт хэрэг ба секс хэвээр байна. Энэхүү үзэгдлийн талаар судлаачид шинжээчдийн  тухайлсан бүтээлүүд ч хангалттай ихээр хэвлүүлж байлаа. 

Сонирхолтой нь сексийн хувьсгалаас хойш эрэгтэйчүүдийн бэлгийн зан байдлаас илүүтэй эмэгтэйчүүдийнх эрс өөрчлөгдсөн гэдэг. Тэгээд ч уг хувьсгалын гол хөдөлгөгч хүч нь эмэгтэйчүүд байсан юм. Хайр дурлалгүй, сонирхолгүй гэрлэлтэндээ насан туршдаа гинжлэгдэж ирсэн эмэгтэйчүүд, үүнээс хойш өөрийн сонголтоор бэлгийн болон хувийн амьдралаа шийдэх эрх чөлөөтэй болов. 1965 онд АНУ-д 4 гэр бүл тутмаас нэг нь салж байсан бол 10 жилийн дараа гэхэд гэрлэлт бүрийн тал хувь нь салах явдал жирийн үзэгдэл болсон байлаа. Бэлгийн амьдралтай холбоотой анагаах ухаан болон шинжлэх ухааны дэвшлүүд эмэгтэйчүүдийн эрх чөлөөний төлөө “ажиллаж” эхэлсэн юм. Хүмүүсийн сексийн хэрэгцээг хангахад чиглэсэн бүхэл бүтэн бизнесийн чиглэлүүд гарч ирэх болжээ. Тэд аюул, эрсдэлгүйгээс аваад гаж бэлгийн харьцаа, ханамжийг үзүүлэхийн тулд есөн шидийн арга хэрэгслийг хэрэглэгчдэд санал болгож байна. 

Гэвч сексийн хувьсгал хэмжээ хязгаартай зүйл болохыг нийгэм биш харин байгаль удалгүй нотлон харуулав. Өнгөрсөн зууны 80-аад оны эхээр АНУ ДОХ гэх эдгэшгүй халдварт өвчин анх тэмдэглэгдснээр дэлхий дахинд шинэ аюул заналхийлсэн юм. Анхны тохиолдлууд дандаа ижил хүйстнүүдээс илэрсэн гэдэг. Тэгээд ч сексийн хувьсгал нь бусад соёл иргэншил, үндэстэн угсаатны уламжлал, ёс зүйн болон оюун санааны үнэт зүйлс, аюулгүй байдалд нөлөөлж байгаа талаар шүүмжлэл өрнөх болсон байна. Тэр бүү хэл энэ нь дэлхийн сүйрлийн илрэл болохыг талаар шашны суртал ухуулга хүчтэй явагдаж эхэлжээ. 

Орчин цагт секс-туризмаар бүхэл бүтэн улсынхаа төсвийг бүрдүүлдэг орнууд буй болж, утсан холбоогоор секс үйлчилгээ үзүүлэх төдийгүй интернет ашиглан кибер-секс хийхийг санал болгох, гэрлэлт хийгээд салалтаа цахим байдлаар шийдвэрлэх зэрэг үзэгдэл нэвтрэх болжээ.

Өдгөө ч өрнөд дахинд төдийгүй дорно дахинд сексийн хувьсгалын давалгаа явагдсаар л байна. Өрнөдөд ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хууль ёсоор зөвшөөрөх ажил ид өрнөж буй бол дорно дахинд шашны хатуу хориг цээрийг давах, төрөөс тогтоосон бэлгийн амьдралтай холбоотой хууль дүрмийг давахын төлөө тэмцэл өрнөсөөр. Саяхнаас гэхэд Хятадад “child free”  буюу хүүхэдгүй гэр бүл гэх үзэгдэл хүрээгээ тэлж буйгаас гадна сексээс татгалзсан гэр бүлүүд олширч эхэлжээ. Нэг үгээр улс орны онцлог, төрийн хууль тогтоомжийн хүрээнд нийцүүлэн хувьсгал хийж буй явдал юм. 

Сексийн хувьсгал нь зөвхөн тэртээх хол АНУ-д болсон үзэгдэл биш юм. Манайтай хаяа дэрлэх хөршид маань сексийн хувьсгал хэрхэн өрнүүн болж өнгөрснийг тэр бүр хүмүүс мэддэггүй. Ингээд та бүхэнд орост болсон нийгэм даяар хэрэгжүүлсэн түүхэн аугаа их туршилтын нэгээхэн хэсгээс мэдээлэл бэлтгэн хүргэж байна. 

Орос дахь секс хувьсгал
Чухамдаа сексийн хувьсгалын анхны том туршилтыг 20-р зууны эхээр Орост засгийн эрхийг авсан Большевикууд санаачлан хэрэгжүүлсэн юм. 1917 онд Большевикууд октябрийн хувьсгалтай нэгэн зэрэг сексийн хувьсгалыг эхлүүлэв.  Бүр хувьсгалаас өмнө буюу 1905 онд Лондонд болсон Оросын социал-демократ ажилчны намын 3-р их хурлаар Л.Тройцкий большевикууд засгийн эрхэнд гарсны дараагаар бэлгийн харилцааны талаар шинэ онолоо хэрэгжүүлэх тухай илтгэж байжээ. Тэрчлэн В.Ленин “хуурамч гэр бүлийн үнэт зүйлд чиглээгүй хүсэл мэдрэхүйн чанар, энергийг чөлөөлөх үйл явц социалист ялалтын үйл хэргээр сад тавин гарах болно” гэж сануулж байжээ. 

Ингээд хувьсгал ялахтай зэрэгцэн дэвшүүлсэн онолоо бодит амьдрал дээр тун шаргуу нэвтрүүлж эхлэх нь тэр. Ленин 1917 онд 12 сарын 19-нд буюу хувьсгал хийгээд 20-иод хоногийн дараа “Гэрлэлтээс татгалзах тухай”, “Ижил хүйстнүүдийг шийтгэхийг хориглох тухай” тогтоол гаргаснаар орос маягийн сексийн хувьсгал эрчээ авсан байна. Тэдгээр тогтоолд “бэлгийн амьдралд эмэгтэйчүүд адил тэгш эрхтэй бөгөөд овог нэр, оршин суух газраа чөлөөтэй сонгох эрхтэй”-г зааж өгчээ. Эрэгтэй эмэгтэй хүмүүс хоорондоо бүртгүүлэхэд ч амар, мөн салахад ч хялбар “бэлгийн холбоо” (гэр бүлийн холбоо) гэх бүртгэлийн шинэ тогтолцоо нэвтрүүлэв. Уг тогтоол гарсны нэг жилийн ойд зориулан 1918 онд Петроград хотноо лесбичүүд баярын жагсаал зохион байгуулсан байна. Тэд гартаа “ичгүүр гутамшгаас ангид” гэсэн зурагт хуудас барьсан байлаа. 

Хүйсийн хоорондын харилцааны өөрчлөлт улам бүр  бүх нийтийн шинжтэй болж байлаа. “Гэрлэлтийн тухай хууль”-ийг боловсруулагчийн нэг Александра Коллонтай “Бэлгийн гэгээрэл боловсролыг сургуульд 12-13 наснаас эхлэн олгох ёстой. Эсрэг тохиолдолд бид цаашдаа илүү ноцтой байдал, жишээ нь эрт жирэмслэлт зэрэг асуудалтай тулгарах болно” гэж сануулсан байна. Ингээд сексологийн талаар сургалт явуулах ажилд большевик засаг шуурхайлан орлоо. Гэвч боловсон хүчний хувьд ихэд дутагдалтай байсан тул хилийн чанадаас мэргэжилтнүүд урьж ажиллуулах болов. 1919-1925 оны хооронд ЗХУ-д энэ зорилгоор гол төлөв германаас 300 гаруй сексологийн мэргэжилтэн уригдан ирсэн байна.   Үүгээр зогсохгүй ЗХУ нь З.Фрейдийн онолыг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн анхны орон боллоо. Нэг үгээр тэд өнөө үеэс ч илүү задгай чөлөөтэй байдлыг хүлээн зөвшөөрч байжээ. 

Үнэхээр зөвлөлт оронд л секс хувьсгал жинхэнэ ёсоор ялж буйг В.Райх уулга алдан бахадсан нь санамсаргүй хэрэг биш байлаа. Бэлгийн амьдралын талаар ном, гарын авлга хэдэн сая хувиар хэвлэгдэж, уг сэдвээр семинар хэлэлцүүлэг олноор зохиогдох болсон байна. Тухайлбал, “Хүүхдийн секслэг чанар зүй ёсных уу?”, Хүүхдийн секслэг чанарыг хөдөлмөрийн харилцаатай хэрхэн уялдуулах уу?” гэх жишээний сэдвээр семинар явуулж байжээ. 

Хувьсгал ялахаас өмнө гэрлэлтээс гадуур хүүхэд маш бага байсан бол 1923 оны статистикаар шинээр төрөгсдийн талаас илүү нь гэрлэлтээс гадуур олдогсод болчихсон байв. Гэр бүл гэхийн оронд “хосууд” гэх ойлголтыг л хэрэглэх болжээ. Бэлгэвчийн үйлдвэрлэл хувьсгалаас хойш хэд дахин өсөв. Жирэмслэлтээс сэргийлэх арга, хиймлээр үр тогтоох, чалх дээшлүүлэх эмийн туршилт урьд байгаагүйгээр өргөжив. Үр хөндөлтийг зүгээр л “эмэгтэйчүүдийг эрх чөлөөтэй болгох” явдал гэж үзэж болжээ. 

Орон нутгийн засаг захиргаа бүр сексийн талаар бодлогоо өөрсдөө тодорхойлж, шийдвэрлэж байхаар болжээ.  Хачин марзан үзэгдэл улс даяар өрнөх нь тэр. Рязаний губернээс 1918 онд “Эмэгтэйчүүдийг улс нийтийн болгох тухай” тогтоол гаргаж байсан бол Тамбовт “Эмэгтэйчүүдийг тараан хуваарилах тухай” шийдвэр гаргасан гэдэг. Вологд гэхэд “бүх комсомол эмэгтэйчүүд болон рабфакийн оюутан суралцагсад бусад комсомол эмэгтэйчүүд болон рабфакийн оюутан суралцагсдаас бэлгийн харилцаанд орох санал тавьбал ёсчлон гүйцэтгэх ёстой. Хэрэв тиймгүй гэвэл тэр пролетарын оюутанд тооцогдохгүй” гэсэн зарлиг буулгажээ. Ухаандаа хүчээр лесби харилцаанд орохыг засаг захиргаанаас шаардах болсон гэсэн үг. 

Коммун гэх хамтын амьдралын хэлбэрийг ихээр дэмжиж, олноор байгуулах болсон байна. 10-12 хүнээс бүрдсэн коммун нь хамтын аж ахуй, бэлгийн амьдралтай коммунист нийгмийн ирээдүйн гэр бүл ажээ. Коммуныхан бүгд ижил хувцас, гуталтай байхаас гадна ижил дотуур хувцастай байх санаачлага хүртэл гарав. Коммун гэх нийтийн казармд хүмүүжигч охид хөвгүүд бэлэн “хамтын бэлгийн туршлагаас” эзэмшиж суралцах бололцоо бүрэн нээлттэй байлаа.

Удалгүй чөлөөт хайр дурлалын асуудлыг тойрсон сөрөг үзэгдлийн талаар маргаан хэлэлцүүлэг өрнөж эхлэв. “Нийгмийн эрүүл мэндийн асуудлаар” бага хуралд намын ажилтан Маркова “Бид “чөлөөт хайр дурлал” гэх ойлголтыг буруу ойлгосны улмаас нүсэр том бэрхшээлтэй учирч эхэллээ. Коммунистууд чөлөөт хайр дурлалын үр дүнд хүүхэд бүтээдэг нөхдүүд болж хувирав. Дайн бидэнд тахир дутуу олон түмнийг өгсөн бол чөлөөт хайр дурлалын талаар буруу ойлголт нь бүр том эрэмдгүүдийг бэлэглэж орхив” гэж хэлсэн байна. Сонин хэвлэлд “Улаан армиас өмнө хүүхдүүд юугаар тоглодог байлаа, харин өдгөө тоглоом нь бүр дордож, секс л болж хувирч” гэсэн шүүмжлэл гарах болжээ. Эцэг тодорхойгүй коммуны хүүхдүүд дотуур байранд хэдэн зуун мянгаараа хүмүүжих болж, гудамжны хүүхдүүдийн гэмт хэргийн бүлэглүүдтэй тэмцэх ажил Дотоод хэргийн яамны гол ажил болов.  

Гэвч бэлгийн амьдралын нийгэмчлэх эрин зууны туршилт тун удалгүй дампуурсан төдийгүй уг сэдэвтэй холбоотой бүхий л бодлого, үйл ажиллагаа, туршилт судалгааны ажлыг нийгмийн санах ойноос арчих их ажилдаа ханцуй шамлан ороод явчихав. 20-иод оны эцсээр Сталин засгийн эрхэнд гарснаар улс орныг хамарсан бэлгийн их завхралыг зогсоох үйл ажиллагаа эхэлж орос маягийн “секс хувьсгал” огцом эхэлсэн шигээ гэнэт дуусгавар болсон юм.  

Коммунизмыг байгуулахын тулд хувь хүмүүс хүч чадлаа бэлгийн зугаа цэнгэлд биш бүтээн байгуулалтад зарцуулах ёстойг ухуулж эхэлжээ. Нийгмийн харилцаа хуучин хэвэндээ орж, моногам гэр бүл нийгмийн гол үнэт зүйл дахин болж хувирлаа. Сталины шинэ үндсэн хуулинд Лениний алдарт тогтоолыг авч хаяж, ижил хүйстний харилцаа, үр хөндөлтийг хуулиар хориглов. Томоохон хотуудад ижил хүйстнүүдийг баривчлах бүх нийтийн баривчилгаа эхлэв. Залуучуудын бэлгийн хүмүүжлийн асуудал эрдэм шинжилгээний сэдэв төдий зүйл болж хязгаарлагдсан ажээ. Сексийн хувьсгалын эцэс төгсгөлгүй завхралын хариу үр дагаварт секс харилцаа хамгийн хориотой, хаалттай сэдэв болж хувирах нь тэр. Үүнээс хойш ЗХУ-ын дурын иргэн одоо “Манай оронд секс байхгүй...” хэмээх бахархалтай хэлдэг цаг үед амьдрах болсон юм даа.

Харин Монголд сексийн хувьсгал хэзээ хэрхэн өрнөсөн юм болоо? Энэ тухай бүхэл бүтэн тусдаа сэдэв болох нь тодорхой. 

No comments:

Post a Comment

Сэтгэгдэл

Хулгана дагадаг оцон шувууд :-)