2011/10/03

ЗАЛУУ МОНГОЛЫН ХӨШҮҮН БОДЛОГО


                                       /Үргэлжлэл/
Part 2.
Аливаа улс орны хөгжлийн манлайлал, бүтээн байгуулалтын түүчээг залуу үе нь гардан үргэлжлүүлдэг. Залуу үе, залуучууд гэх ойлголт хүний хувьд нэгэн насаар хэмжигддэг хэдий ч улс орны тухайд цаг хугацаанаас үл хамааран үргэлжлэх мөнхийн томъёолол, шавхагдашгүй нөөц юм. Харин тэрхүү баялагаа бодитоор үнэлж, бүтээмж бий болгоход анхаарах санаачлага дутмаг байгааг залуус олонтоо хөндөж байна.

“Залуучуудын орон”-д залуучуудыгаа хөгжүүлэх, мэдлэг боловсролыг нь дээшлүүлэх, эх орондоо сэтгэл хангалуун суралцаж, ажиллаж амьдрах орчин бүрдүүлэх, тэдний өмнө тулгамдсан олон бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн төр засгийн дорвитой бодлого байтугай энэ чиглэлээр идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг олон нийтийн байгууллага ч байхгүй нь нэн харамсалтай.

ЗАЛУУСТ ТУЛГАМДАЖ БУЙ ТАВАН АСУУДАЛ
Монголын залуучуудын өмнө тулгамдаж буй олон асуудал байдаг. Тэдгээрийг янз бүрийн эрэмбэ дараалалд оруулж, нэг бүрчлэн тоочвол нилээдгүй урт жагсаалт болно. Энэ чиглэлээр Нээлттэй нийгэм форумын “Залуучуудын бодлого” /2010 он/ нэгдсэн судалгаа, МЗХ-ны “XXI зуун-Монголын залуучууд” суурь судалгаа, НАМЗХ-ны “3Р” болон “Анхаа, Хулангийн асуудал” санал асуулгын аян зэргийг эс тооцвол ойрын 10 гаруй жилд залуучуудын асуудлаар дорвитой судалгаа манай улсад хийгдээгүй аж. Хайгаад үзвэл үнэндээ судлагдахуун болгоод тооцчихоор олигтой материал алга байх юм.

Нийгэм дэх олон сөрөг үзэгдэл, уур бухимдал, муу муухайн эздээр залуусыг тодруулдаг. Үнэхээр ч санамсаргүй жижиг танхайгаас сэтгэл жихүүцэж, айдас төрүүлэх гэмт хэргийн олонхийг залуучууд үйлдэх эсвэл түүнд холбогдсон талаар хэвлэл мэдээллийн хэрэгсэлээс өдөр бүр олж харна. Тэдгээр залуусыгаа үзэн ядсаар, буруутгаж чичлэсээр байвал энэ байдал хуруу ч дээрдэхгүй нь мэдээж. Түүний оронд нийгмийн гаж үйлдэл, сэтгэхүйн донтол, ухамсрын доройтлыг хэрхэн өөрчлөх талаар холбогдох байгууллага, ямбат эрхмүүд нэгийг бодож, хоёрыг хийвэл алсдаа хэрэгтэйсэн. Үнэхээр ингэж чадах аваас ийм байдал арай өөр дүр зургаар аяндаа засрах нь лавтай.

Хүн амын олонхи болсон залуучуудын өмнө тулгамддаг бэрхшээлтэй олон асуудлыг дээрх судалгааны материалууд болон залуу хүний амьдралын дундаас бодитоор илрүүлэхийг хичээлээ. Монгол залуус юу хүсэж байна вэ? гэсэн асуултын хариуг дараах байдлаар багцлан томъёолж болох байна. Үүнд:
1. Чанартай боловсрол, мэргэжил эзэмших
2. Тогтвортой ажлын байр, хангалттай цалин урамшуулал
3. Гэр бүл, орон сууцтай болоход таатай нөхцөл
4. Эрүүл мэнд, чөлөөт цагийн зөв зохистой орчин
5. Нийгмийн оролцооны бүх талын тэгш боломж

Уул шугамдаа эдгээр асуудлыг төрийн оновчтой бодлого, залуучуудын өөрийн удирдлагын томоохон байгууллагын санаачлага, залуусын идэвхитэй оролцоогоор шийдэж болмоор санагдах ч хамгийн чухал нь болох бодлого, санаачлага даанч алга.

МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБОО ЮУ ХИЙДЭГ ВЭ?
Энэ асуултын хариуг цөөнгүй залуус хайсан ч хаанаас ч олж амжаагүй л явна. Хүн амын дунд үе үеэрээ солигдох “залуус” хэмээх хүчирхэг армийг манлайлах, удирдан чиглүүлэх нэн хариуцлагатай хэрнээ хүндтэй үүргийг өртөөлөх учиртай байгууллага нь үүргээ биелүүлж чадахаа нэгэнт больжээ.

Манай улсын хувьд залуучуудын хөдөлгөөн үүсч хөгжөөд 90 жилийг ардаа орхиж, муу сайнаар дуудуулах түүхээ бүтээчихсэн. Тэртээх хувьсгалын хүнд хэцүү жилүүдэд “Бошгийг халах залуучуудын эвлэл” нэрээр өлгийдүүлэн МХЗЭ-ийн дайчин залуусаар гал шиг дүрэлзэж, оч шиг гялалзаж асан монголын залуучуудын байгууллагын өмч хөрөнгө, үзэл санааны үргэлжлэлийн аль аль нь шинэ цагийн ээдрээтэй замнал, “шилжилтийн” гэх ороо бусгаатай хамт дурсамж болсоор байна.

Туулж өнгөрүүлсэн түүхийн хугацаанд хот байгуулах, атар эзэмших, эрүүлийг хамгаалах, соёлыг түгээх, соён гэгээрүүлэх, хөдөөг дэмжих, худалдааг хөгжүүлэх зэрэг эх орны бүтээн байгуулалтын аль хүнд бэрхийг тэр залуучууд нуруундаа үүрч ирсэн. Өнгөрсөн үеийн түүхэн бүтээн байгуулалтын эзэд, одоогийн ахмадуудаар өнөө үеийнхэн бахархан хүндэтгэдэг. Бүтээн байгуулалтын буухиаг тасалдуулалгүйгээр нэр төртэй үргэлжлүүлэх хүндтэй үүрэг өнөө үеийн залуус бидэнд ноогдож байна.

Нормын болчихсон одон, тэмдгээр залуусыгаа уярааж аль эсвэл өмчийн маргаан, эрх ашгийн зөрчлөөр шуугиан дэгдээх алдаа, ташаарлыг нь сануулах залуусыгаа “ангийн дайсан”-д тооцон орох үүд, гарах цонхоо дотроосоо тас атгах залуучуудын холбоог харзнах, хүлээх шаардлагагүй. “Монголын залуучуудын холбоо” гэх том бичигтэй, А зэргийн байршилтай ч Я түвшний үйл ажиллагаатай, дүнсгэр байгууллагын ард дэндүү том улс төрийн эрх ашиг наалдаатай байгаа.

Учир нь “залуусын” гэх тодотголтой ч ахмадуудаар дүүрчихсэн дөрвөн давхар саарал байшингийн хаалгыг залуус хэдэнтээ гуйгаад ч, гуядаад ч онгойлгож дийлээгүй. Улс төрийн хор найрагдах, нам дамнан хонжоо нийлэх, залуусын нэртэй өмчийг худалдан амьдрах тэдгээр “настан” залуусын цуглааны харшруу нэвтрэхийг хүссэн жирийн иргэн, энгийн залууд тэрхүү шилтгээн дөрвөн ес тачигнах дүн өвлийн мөст газраас ч хатуу бас хөлдүүг сануулан хэлэхэд илүүдэхгүй буй за. 

Залуучуудын байгууллагыг “династи”-ийн загвараар хөгжүүлж, одоо байгаа удирдлагыг нь хүүхэлдэй болгон тоглох мундаг ах нар хойч үеийнхэндээ сууриа тавьж өгнө гэдэг тун ч эргэлзээтэй. Хэдий төрийн түшээ болж, нэг нь сангийн тамга нөгөө нь бүлгийн туг атгасан ч залуучуудын байгууллагыг савраасаа мултлахгүйн төлөө амь тавин гүрийх тэдний балгаар залуусын санаачлага дутагдаж, дуу хоолой нь хумигдаж байна. 

Эртний ухаант хаадын үлгэрийг санан угсаа залгамжлалын бурангуй бодлоо гэгээрүүлж, бусдын төлөө өөрийгөө зориулах энэ үеийн залууст залуучуудын байгууллагыг нь хүлээлгэн өгвөл эрхмүүдийг хүндэтгэх нь лавтай. Эс тэгвээс залуус үеийн үед үзэн ядна. 

ЗАЛУУЧУУДАД ЧИГЛЭСЭН БОДЛОГЫН ГАРЦ
Нэгэнтээ батлачихсан хөтөлбөрийн хэрэгжилтээ эхлүүлж амжилгүй мартчихдаг төр, ажил хийнэ гэхээр мөнгө тараахыг уриалдаг төрийн тэргүүн, гадаад ажиллах хүчээр “дотоод нөөц”-өө шахчигдаг улсын бодлогыг холхи газраас алсрах тэнгэрийн мандалтай адилтгахаас өөрцгүй. Сар бүр мөнгөнд дугаарлан зогсох хөдөлмөрийн чадвартай иргэд, сар шиг холын газарт сэтгэл тэмүүлэх идэр залуус, сураад ажилтай болох үгүй нь тодорхойгүй ч их сургуульд нэр хавчуулах оюутнууд, хэн болж буйгаа үл мэдэн “халамжинд бүүвэйлэгдэх” олныг харахад ирээдүй эмгэнэлтэй.

Тансаг харш, тасархай машин өгч авалцсан гэх төрийн томчуул, бизнесийн зиндаархагчид болоод тэдний хөрөнгө оруулагч нэрийн дор түшээдийг басамжилж, газар сэндийчих “шар толгойт” нарын дэргэд залуусын хэрэглээ даанчиг цомхон. XXI зууны даяаршсан хөгжил, сэтгэлгээний эрс өөрчлөлт, техникийн үсрэнгүй дэвшил, технологийн огцом хувьсгал, шинжлэх ухааны шинэ шинэ ололт, хөгжлийн хурдтай хөл нийлүүлэн эзэмшсэн мэргэжил, дадлагажсан туршлагаараа өөрийн салбартаа амжилт гарган ажиллах тэгш гарааны боломжийг олгооч хэмээн “Шинэ монгол” боссууддаа уриалахсан. 

“Монгол Улс айсуй хөгжлийн замд орлоо. Бүтээн байгуулалтын галт тэрэг зогсоолоос хөдөллөө” хэмээн гүйцэтгэх засаглалын тэргүүн, түүний кабинетынхан, хамтарсан засгийг бүрдүүлэгч намууд, тэдгээрийг дэмжсэн олон дуу хууртайгаар тунхаглан дарс тулгана. Залуус цонхны цаанаас тэднийг итгэлийн нүдээр харна.

Ирээдүйдээ итгэх итгэл, эх орондоо хөдөлмөрлөх хүсэл, гэр бүл зохиож сайхан амьдрах мөрөөдөл, өөрийн гэх өмчлөлтэй, орон байртай байх тэмүүлэл, шударга өрсөлдөөнд хүч үзэх сонирхлын аль аль нь залууст байна. Материаллаг талаасаа ч оюун санаа, үзэл бодлын хувьд ч өөрийгөө хөгжүүлэх, бусаддаа үлгэрлэх, харилцан суралцах, бие даан аж төрөх чин эрмэлзлээр дүүрэн байгааг залуучуудын хэд хэдэн удаагийн уулзалт, хэлэлцүүлэг, чөлөөт ярилцлагаас дүгнэж болох юм.

Залуусын тухай “дуусдаггүй яриа”-ны орхишгүй нэгэн сэдэв болох төрөөс залуучуудын талаар баримтлах бодлогыг оновчтой бас амьд болгох зайлшгүй шаардлага өнөөгийн нийгэм, ирээдүйн өмнө тулгарч байна. Энэ санаагаа тодруулаад хэлбэл Засгийн газрын бүтцэд залуучуудын асуудал эрхэлсэн яам үгүйдээ агентлаг байгуулах алхам болно. Үүнээс өөр гарц төрийн түвшинд үлдээгүй болохыг тэртээ таван жилийн өмнө батласан ч хэрэгжилт нь “ноль” заачихсан үндэсний хөтөлбөр гэрчилнэ.

ТӨГСГӨЛИЙН ОРОНД
Хэрэгждэггүй хөтөлбөрөөс өөр үзүүлэх цаас, хэлэх үггүй төрийн бодлого тэнгэрийн холтой дүйнэ. Буурал толгойтой өвгөн дарга, будмал шуумал шиг зантай хүүхэнд зайдагнуулсан залуучуудын байгууллага газрын цэвдгээс ч хатуу загнана. Төрдөө итгэх итгэл, холбоондоо хоргодох сэтгэл байвч “тэнгэрийн хол, газрын хатуу”-тай залуус нүүр тулна.

Бэрхшээл, зовлонгийн ард амжилт, аз жаргал нуугддаг гэх мэргэн үг бий. Хүнд хэцүүгийн өөдөөс сөрөн зогсож, итгэлээ алдалгүй, сэтгэлээ буруулахгүй нэгдэн нягтрах сорилт залуусын өмнө бий. “Эх орон надад юу өгөх тухай бус харин эх орондоо, ирээдүйдээ, өөрийнхөө төлөө юу хийж үлдээх” талаар идэвхитэй, санаачлагатай байхыг цаг хугацаа залуу хүн бүхнээс шаардаж байгаа нь жиндүүхэн хийсэх нийгмийн салхинаас ажиглагдана.

Өөрийн хичээл зүтгэлдээ, бусдын эв санаандаа, ирээдүйн сайн сайхандаа итгэх итгэлээ гээлгүйгээр “Залуу монголын хөшүүн бодлого”-ыг уяраах их хүч залуу үед байгаа. Гагцхүү юунд ч эргэлзэлгүйгээр нэгтэгтүн, залуусаа.

Судлаач Н.Батсүмбэрэл
Твит ID: batsumberel304
2011.10.03

No comments:

Post a Comment

Сэтгэгдэл

Хулгана дагадаг оцон шувууд :-)