2011/05/09

ХАГАРХАЙ ЦОНХНЫ ОНОЛ БА ХОТЫН СОЁЛ

Улаанбаатарын нутгийн зөвлөл мину...
Өнгөрсөн долоо хоногоос “Улаанбаатарын нутгийн зөвлөл” хэмээх төрийн бус байгууллага бий болж, үйл ажиллагаа явуулж эхэлсэнээ олон нийтэд зарласан. Чухамдаа энэ нь дээрх хөдөөрхүү нэрийн дор улсын нийслэл, суурин иргэншил, хотжилтын дэд бүтэц, зохион байгуулалтын гол төв болох Улаанбаатарынхаа “уугуул иргэд”-ийн эрх ашгийг хамгаалах зорилгоор уугуул биш иргэд нэгдэн санаачилсан жирийн л нэг олон нийтийн байгууллага юм.
Улс орны үндэсний аюулгүй байдал, ард түмний эрх ашгийг хамгаалах нэртэй ч нэдэр дээрээ улс төрийн ашиг хонжоо хайж, хорвоогийн хамгийн мундаг үг үсгийг холбон өөрсдийгөө нэрлэсэн иргэний хөдөлгөөнүүд Улаанбаатарын төв цэг дээр ээлж дараагаараа жагсаж буй энэ үед “Улаанбаатарын нутгийн зөвлөл” нь тэртээ тэргүй унасан төрийн бус байгууллага гэх иргэний нийгмийн институцийн нэр хүндийг дахин шалан дээр шидэхээс цааш хэтрэхгүй болов уу гэж таамаглаж байна.     
 
Амны билгээс ашдын билэг гэж, дөнгөж үүсч буй байгууллагыг юу юуны туханд хүрэлгүй урмыг нь хугалсандаа хүлцэл өчье. Гэхдээ орчин цаг, иргэншлийн мөн чанарыг жинхэнэ ёсоор хөгжүүлэх туйлын эрмэлзэлтэй байгаа бол орон нутагтай барьцсан шинжтэй энэхүү “хөгийн” нэрээ солихоос ажлаа эхлэх нь зүйтэй санагдана.
 
За ямартай ч үйл ажиллагааны зорилго нь өдрөөс өдөрт хөдөөшиж буй улсын нийслэлийнхээ өнгө царайг засаж тодроод, дэлхийн жижигт нийцсэн сайхан хот хөгжүүлэх явдал гэж харж байна. Иймээс тэдний хийх эхний санаачлагад санаа оноо нэмэрлэх үүднээс өрнөдийн хотын соёл, хэв журамтай холбоотой онол, судалгаан дээр тулгуурлан, зарим нэг үзэл санааг үйл ажиллагаандаа тусгаж аваасай хэмээн доорх мэдээллийг бэлтгэсэн болно. Дан ганц “Улаанбаатарын нутгийн зөвлөл” гэлтгүй Нийслэлийн хотын захиргаа цаашлаад томоохон хотын удирдлагууд анхаараад авахад илүүдэхгүй гэж бодож байна.
 
Хагархай цонхны онол
Гудамжаар дүүрэн хог цаас, гуу жалга, хашаа байшингийн булан бүрт ялгадас, бохир заваан угаадас, учир замбараа муутай, үзэмжгүй гэр хорооллууд, харанхуй гудамж талбай, халтар хан туурга. Улаанбаатарын олон газар уг дүр зураг нийтлэг ажиглагддаг.
Иргэд нь ч хотоо өөрийн гэж ухамсарлаж хайрлах, арчилж тордох сэтгэлгээ тун хомс. Машиныхаа цонхоор хээвнэг татсан тамхины иш, уусан ундааны лааз, гараа арчсан бохир цаасаа шидэж, гудамжаар алхахдаа идсэн чихрийн цаас, зажилсан бохь, уусан архины шилээ тоохгүй чулууддагийн учир шалтгаан юу вэ? Бид үнэхээр хайрамжгүй заваан ард түмэн гэж үү?  
 
Гэтэл Монголчууд хүний газар очихдоо биеэ дээд зэргээр цэнэж, тогтсон хууль дүрмийг ягштал баримтладаг атлаа эх орондоо болохоор хууль дүрэм, нийгмийн ёс суртахуунд чухалчилдаг бүхий л зүйлийг яг эсрэгээр нь хийж эхэлдэг.
 
Асуудал юундаа байна вэ? Онолын үүднээс тайлбарлах гэж оролдоё.
Сэтгэл судлал, нийгмийн ухаанд нийгмийн бус (asocial) аливаа зан байдал нь тахал мэт халдварладаг тухай онол бий. Уг онолын үзэл санааг нотлох үүднээс Нидерландын эрдэмтэд нэгэн туршилт явуулж, хүмүүсийн бүдүүлэг соёлгүй үйлдэл, нийгмийн хэв журмыг зөрчих явдлыг харсан бусдад нь дагаж дуурайх хандлагатай болохыг илрүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, тогтоосон дүрэм журмыг зөрчиж буй хэн нэгнийг харсан нөгөө хүн тийнхүү үйлдэхийг өөртөө мөн зөвшөөрдөг гэсэн үг.
 
Жеймс Уилсон, Жоржем Келлинг нар 1982 онд “хэрэв хэн нэгэн байшингийн цонх хагалаад, хэн ч түүнийг шиллэхгүй бол удалгүй тэрхүү байшингийн бүх цонх бүтэн үлдэхгүйд хүрч, улмаар тоногдож эхэлдэг” гэх “хагархай цонхны онол” (broken windows theory)-ыг  дэвшүүлжээ. Уг онолоор бол үйл байдлын тогтсон хэм хэмжээг хүмүүс зөрчих, дэг журамгүй байдлын шинж тэмдэг бүрэлдэж эхлэхтэй зэрэгцэн орчин тойрны бүхий л хүмүүс хэв журмыг огтоосоо үл тоож, биеэ гахай мэт авч явахад хүргэдэг байна. Ийнхүү хотын аль нэг “томоотой” дүүрэгт гинжин урвал явагдсаны үр дүнд гудамжууд “араатнаар дүүрсэн аймшигт хөндий” болж хувирч ч болзошгүй байдаг аж.
 
“Хагарсан цонхны онол” бодлого гаргадаг хүмүүст таалагдаж, Нью-Йоркоос аваад Америк, Европ, Өмнө Африк, Индонези болон бусад улс орны олон хотуудад арга хэмжээ авахад хүргэсэн байна. Нью-Йорк хот гудамж талбай цэвэрлэх явдлыг нэг бүрчлэн мөрдүүлж, байшингийн ханан дээрх бичиг дүрсийг арилгах, тохижуулан завсарлах ажил явуулсаны хамт хотын засаг захиргаанаас иргэдийг биеэ соёлтой авч явахад суралцуулах болсон нь үнэхээр гэмт хэргийг бууруулахад нөлөөлсөн гэдэг.
 
Гэхдээ иймэрхүү практик туршилт, үйл ажиллагааг шинжлэх ухааны үүднээс хамгийн гол арга зам байсан гэж батлах нь зохисгүй хэрэг. Онолын хувьд гэмт хэрэг буурахад хотын гудамж талбайг цэвэрлэх кампанит ажилтай санамсаргүй давхцсан бусад хүчин зүйлийн нөлөөний үр дүн байсныг үгүйсгэж болохгүй. Ямартай ч гэмт хэргийг бууруулахын тулд уг онолыг гол мөрдлөгөө болгон авч үзэж болохгүй хэмээн судлаачид эргэлзэх болсон байна.
 
Туршил судалгаа явуулсан нь
Маргаан дэгдээсэн “уг онол”-ыг шалгахын тулд Нидерландын Гронингенийн их сургуулийн социологичид өөрсдийн хотдоо 6 цуврал туршилт явуулахаар шийдсэн байна.
 
Эхний туршилтыг худалдаа хийхээр, унадаг дугуйтай хүрэлцэн ирдэг дэлгүүр, худалдааны төв олонтой гудамжинд явуулсан байна. Байшингийн цэвэрхэн хананд нүдэнд өртөхөөр газарт “ханан дээр зурахыг хориглосон” тэмдэг байруулсан байжээ. Ингээд үйлчлүүлэгчдийн бүх унадаг дугуйны бариуланд  (нийт 77) “Аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэе” гэсэн үгтэй, огт байхгүй спорт барааны дэлгүүрийн лого бүхий цаас өлгөөд хөндлөнгөөс ажиглажээ. Гудамжинд нэг ч хогийн сав байгаагүй тул хүмүүс тэрхүү цаасыг газар хаях эсвэл бусад унадаг дугуйнд өлгөх, дараа хаяхаар өөртөө үлдээх гэсэн 3 сонголт үлдэнэ. Эхний хоёр нөхцөл нь мэдээж соёлгүй үйлдэлд тооцогдоно. Дугуйн эздийн гуравны нэг нь биеэ соёлгүй авч явсан байна.
 
Дараагийн удаад ханан дээр учир замбараагүй зураг эрээлжлүүлсэн нөхцөлд туршилтыг давтжээ. Энэ үед соёлгүй хүмүүсийн тоо даруй 2 дахин (69%) өссөн дүр зураг ажиглагджээ.  Өөрөөр хэлбэл, ханан дээр зурахыг хориглосон явдлыг зөрчсөн явдал нь хүмүүс гудамжинд хогоо хаяхгүй байх дүрмийг хайхрахгүй байх сэдэл рүү түлхсэн гэсэн үг.
Хоёр дахь туршилт нь хагархай цонхны онол нь бүх нийтийг хамарсан хэм хэмжээний хувьд эсвэл тодорхой нөхцөл байдал, газар оронд тогтоосон дүрэм журмын хувьд хамаарах эсэхийг шалгахад чиглэжээ. Автомашиний зогсоол руу орох гол орцыг нилээн өргөн зай үлдээсэн байдалтайгаар хашлагаар хашжээ. Дэргэд нь “орцыг хаасан, баруун талаас 200 метрээр тойрч орох” гэсэн тэмдэг тавьж, “Хашлаганд унадаг дугуйгаа гинжлэхийг хориглоно” гэсэн зар мөн өлгөсөн байна.  Хашлаганаас зайтай унадаг дугуй байрлуулсан эхний нөхцөлд жолооч нарын 27% нь завсар зайгаар нь машинаа оруулахаар зүтгэж байсан бол унадаг дугуйг хашаанаас гинжилсэн хоёр дахь нөхцөлд энэхүү хандлага даруй 82% болтлоо өссөн байна.
 
Гурав дахь туршилт. Худалдааны төвийн хонгилын машины зогсоолд “дэлгүүрийн түрдэг тэргийг авсан газраа эргүүлж тавина уу” гэдэг самбарыг нилээн том харагдахуйцаар байрлуулаад ажиглалтаа явуулжээ. Зогсоол дээр тэрэг байрлуулсан байруулаагүй 2 нөхцлөөр явуулж нэг дэх туршилттай адилхан цаасыг машинд тогтооход эхний тохиолдолд жолооч нарын 30% нь цаасыг газар хаясан бол 2 дахь тохиолдолд 58% нь энэ үйлдлийг хийсэн байна.
 
Бусад туршилтын хувьд дээрх дэг журам зөрчих нөхцөл байдлыг дээрхтэй төстэй нөхцлүүдөөр шалгаж үзэхэд чиглэсэн байв.
 
Ингээд дээрх судалгаа ажиглалтын үр дүнд нийгмийн хэм хэмжээг зөрчих явдал нь хамгийн эхний илрэлтэй нь тэмцэхгүй л бол яг цасан уруй буюу бөмбөлөг мэт эрчтэй өсдөг нь тодорхой харагджээ. Учир нь нийгмийн эсрэг зан үйл нь олон хүний хувьд маш хурднаар дадал зуршил болох хандлагатай байдаг агаад тэр үед систем өөрөө өөрийгөө дэмжиж, улам бүр уруудахад хүргэдэг аж.
 
Дээр онол, судалгаанаас бид юуг анзаарч харвал зохих вэ? 
Хотын өнгө төрх, тав тухыг хангахад хотын захиргааны идэвхтэй, цэгцтэй бодлого төлөвлөгөөтэй үйл ажиллагаа нэн чухал болох нь дээрх үйл ажиллагаанаас харагдаж байна. Хүн цэвэр цэмцгэр айлд ороод өөрийн эрхгүй биеэ цэнэж, цэмцгэр авч явахыг хичээж эхэлдэг. Үүнтэй адилаар хотын өнгө төрх сайжраад, тохилог сайхан орчин бүрдээд эхэлвэл аяндаа хүмүүс соёлжоод, бүтээж босгодоггүй юмаа гэхэд эвдэж сүйтгэх сэтгэл зүй бага багаар арилах нь байна.
 
Гэр хорооллын хог шороондоо дарагдсан, угаадас ялгадасандаа бохирлогдсон, гэмт хэрэг, халдварт өвчнөөс огтоос салж өгдөггүй, жил бүр утаа арилгах, золбин нохой, хур хог устгах нэрээр ихээхэн хэмжээний мөнгө үрэхэд хүрч буйн гол шалтгаан бол болхи заваан, тав тухтай нөхцөл угаас бүрддэггүй гэр хорооллын заяамал орчноосоо үүдэлтэй хэрэг байх нь.
 
Мэдээж бүх зүйлийг хотын захиргаа, төр засагт найдаж үлдээгээд, хотын иргэд амаа ангайгаад, хийж бүтээхийг шаардаж нэхээд сууна гэсэн утга ердөө ч биш. Хотын соёлыг хөгжүүлэх нь хотын удирдлагын төдийгүй иргэдийн идэвх, үүрэг, биеэ авч явах байдал, үлгэр жишээ туйлын чухал болох нь харагдаж байна. Ялангуяа хөдөөнөөс ирж суурьшиж буй иргэдэд хотын соёлыг төлөвшүүлэх чиглэлээр ухуулга сурталчилгаа явуулах ажлыг хотын “уугуул” иргэдийн үүсгэл санаачлагаар хийж болмоор санагдана. Тэрнээс амьдрал хөөж ирсэн адилхан монгол хүмүүс нэгийгээ үзэн ядаад, наашаа цаашаа хэмээн хөөж туух нь инээдтэй бөгөөд хөгийн, иргэншсэн иргэдээс гарч боломгүй авир үйлдэл болох юм.
 
Товч дүгнэвэл хотын соёл гэдэг нь хотын удирдлага, захиргааны оновчтой бодлого, үйл ажиллагаа, иргэдийн санаачлага идэвхийн зааг дээр бүрддэг цогц үзэгдэл байх нь ээ.

8 comments:

  1. Маш хэрэгтэй сэдвээр ойлгомжтой бичсэн бна. Барьцдаг сэтгэл зүй нөлөөлдөг байх нь ээ балиартахад нь, ичдэг сэтгэл зүй нөлөөлдөг байх нь ээ балиартахгүй байхад нь.

    ReplyDelete
  2. Хуучин оросын хотхонуудыг тонож балгас болгоход бас л ийм vйл явц болсон бнашд.

    ReplyDelete
  3. Jishee barimttai engiin heleer bichigdsen saihan niitlel boljee.Amjilt husiye Miigaa.

    ReplyDelete
  4. mash ih taalagdlaa arai oor ontsgoos onol turshilttai hosluulj bichsen bna gehdee etstseiin etsest irgen hun burees l buh zuil shaltgaalna

    ReplyDelete
  5. ovormots niitlel boljee. bayar hurgey. amjilt husey.

    ReplyDelete
  6. tun heregtei sedviig sain hundsun baina amjilt husey

    ReplyDelete
  7. hagarhai tsonhnii onol... kkk:p

    ReplyDelete
  8. монголын нийгэмд яг одоо л хэрэгтэй байгаа чухал санаа байна. сайхан бичжэээ амжилт

    ReplyDelete

Сэтгэгдэл

Хулгана дагадаг оцон шувууд :-)