2010/11/12

ОЛОН УЛСЫН ХАРИЛЦАА БА ХАР ХАЙРЦАГНЫ БОДЛОГО

Манай блогт бас нэг судлаачийн дуу хоолой нэмэгдлээ. Тэрээр дипломат мэргэжилтэй, салбартаа өсөж яваа монгол залуучуудын нэг бөгөөд бид бүхэнд асуудалд хандах өвөрмөц нэг өнцөг болж чадна гэж блогчин итгэж байгаа болно. Түүний судалгааны ажилд өндөр амжилт хүсээд цаашдынх нь нийтлэл, судалгаа та бидний сонирхол, хэрэгцээнд нийцэж, улам чамбай нэгэн болохыг хувиасаа болон уншигчдынхаа зүгээс ерөөж байна.    

“Хар хайрцагны бодлого” гэдэг нь дэлхий дээр оршин буй 266 улс орон тус бүр өөрийн үндэсний аюулгүй байдал тэр дундаа нийгэм, улс төр, эдийн засгийн хөгжил цэцэглэлтийг хангах үүднээс улс орны стратеги, гадаад бодлогын үндсэн чиглэлийн гол баримт бичиг бөгөөд түүхэн уламжлалт харилцаан дээр тулгуурлан хөрш орнууд болон бусад орнуудтай харилцах харилцааны үндсэн бодлогыг тодорхойлж байдаг нарийн асуудал гэж тодорхойлж болно.
 Өөрөөр хэлбэл, аливаа улс гүрнүүд хар хайрцагны бодлогоор дамжуулан тухайн улсын төр ёс төвхнөж эхэлснээс өнөө үе хүртэл дайсагнаж эсвэл нөхөрлөж явсан улс гүрнүүдтэй хэрхэн харилцах, ийн харилцахдаа ямар байр суур, санаа бодлогыг чанд баримтлавал зохих талаар үр удам, хойч үедээ захиж, сургаж үлдээдэг бичигдээгүй дүрэмтэй болой.
 
Ингээд дэлхийн улс төр, олон улсын харилцааг голчлон “зохиож” байгаа улс, гүрнүүдийн хар хайрцагны бодлогын тухай болон Монгол улсын талаар баримтлаж буй чиг хандлага, далд санааг “унших” оролдлого буюу үзэл бодлоо та бүхэндээ цувралаар хүргэх болно.
 
АНУ ба түүний гадаад бодлого
Капиталист замналаар явсан аливаа улс бүхэн эдийн засгийн ашиг хонжоог хамгийн түрүүнд хардаг. Америкийн хувьд тэр нь газрын тос. Үе үеийн ерөнхийлөгчиддөө өөрийн улсын “хар хайрцагны бодлого”-ыг танилцуулахдаа “Ноён Ерөнхийлөгчөө, За энэ улс бол ийм тийм, тэр улс бол тийм гэж байснаа харин Арабын ертөнцөд бол бид...” гээд араасаа ахиад нэг өөр өндөр нууцлалтай баримт бичиг гаргаж ирээд танилцуулдаг шиг байгаа юм. Тэр дотор юу гэж бичсэн байдаг гэж бодож байна?
 
Америкийн Нэгдсэн Улс өөрийн газрын тосны хэрэгцээг бүрэн хангаад зогсохгүй гадаадад экспортлохуйц их хэмжээний газрын тосны нөөцтэйг өөрийнх нь эрдэмтэд, геологичид нь тогтоосон, тэр нь Техас муж. Энд олборлолт явагддаг боловч “Цагаан ордон” олборлолт, үйлдвэрлэлийг нь тодорхой хэмжээгээр удаашруулан барьж байдаг гэж хэлэхэд болно. Учир юунд байна вэ? Нөгөө л арабын ертөнц, нөгөө л тэдэнтэй тусгайд нь харилцах нууц баримт бичиг.
 
 Өнөөдөр яагаад Персийн булангийн дайн, Кувейтын дайн, “Цөлийн шуурга” тусгай ажиллагаа, хамгийн сүүлд Иракийг чөлөөлөх дайн зэргийг шат дараатай авч хэрэгжүүлээд байна вэ? Дээр дурдсан дайн, тусгай ажиллагаанууд болон “Америкийн үе үеийн ерөнхийлөгчид ардчилсан нийгмийг дэлхийд түгээн дэлгэрүүлэх их үйлс”-эд татвар төлөгчдийн маань асар их хөрөнгө урсаж байна, ингэхээс ч өөр арга алга мэтээр дотооддоо өөрсдийн хийх гэж буй үйлдлийн PR-ыг хийж, харин гадаад ертөнцөд Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэмжлэгтэйгээр улс орнуудыг нэг нэгээр нь өөрийн талд элсүүлэн, дургүйцэж эсэргүүцсэн нэгнийг нь дайн зарлан замаасаа зайлуулах оролдлогыг хийсээр ирсэн байна. Хэрэв тэд ингэж дайн дажин, мөргөлдөөнөөр арабын ертөнцийг эрхшээлдээ бүрэн оруулж, улмаар дэлхийн газрын тосны үнийг гартаа барьж чадвал дайнд зарсан шархаа өлхөөн нөхөж дээрээс нь хэдэн тэрбумаар ашиг олж эхэлнэ, өөрсдөө үнэгүй хар алтыг ашиглана. Хар алтыг тэд мэддэг болно гэсэн үг. Ингэхийн тулд л сүүлийн хагас зууны турш (Дэлхийн II дайнаас хойш) хэд хэдэн ерөнхийлөгч дамнан урт богино хугацаагаар дайн өрнүүлж  ирсэн юм.
 
Америкийн энэхүү бодлогыг нь эсэргүүцдэг хэдэн хүмүүс бий. АНУ-ын үе үеийн ерөнхийлөгчтэй халз үзэж явсан нэгэн нөхөр бол хөөрхий Саддам. Эцэг Жоржийн эсрэг дайтаж хүү Жоржид нь сая ялагдлаа. Хүү Жорж хувийн, хувьсгалын өс хонзонг давхар авч байгаа нь анзаарагдсан. Саддамыг нуувчиндаа харх шиг нуугдаж байхад нь барьж, АНУ руу зөөлж, удалгүй шүүн цаазлах ял үйлдэж харагдана лээ. Хамаг учир нь Саддамд биш Саддамын хамгаалах гэж оролдоод байсан арабын нефтьд гол учир байгаа юм. Эргэлзээтэй хандсан нэгэнд нь “үй олноор хөнөөх зэвсэг”  үйлдвэрлэн улмаар дэлхий дахинд аюул занал тарих тухай сэнхрүүлэг явуулсан нь АНУ-гийн нууц албаны явуулга байсан нь сүүлд тодорхой болсон. Саддамын дараагийн бай Ираны төрийн тэргүүн Махмуд Ахмадинежад болж таарч, эх орондоо цөмийн зэвсгийн үйлдвэрийг барьж байна гэдэг мэдээллийг цацаад амжсан. Хэрэг дээрээ тэр нь Оросын нарийн ярьвал орос инженерүүдийн тусламжаар баригдаж байгаа цөмийн эрчим хүчний станц байгаа юм. Оросууд оролцоод байхаар АНУ аргагүйн эрхэнд хазаараа татаад байна. 
 
АНУ-ын Ерөнхийлөгч асан залуу Жорж Бушийн 2002 оны 1 дүгээр сарын 29-нд өөрийн Үндэстэнд хандаж хэлсэн үгэндээ тодорхойлсноор  Иран, Ирак, Хойд Солонгос гурав “нүглийн тэнхлэг” (“axis of evil”, “ось зла”-г ингэж орчуулсан болно)-ийн улсууд хэмээн тодорхойлон мэдээллийн дайн өрнүүлээд авсан. Энэхүү гурван улсыг гай зовлонгийн үүд гэж үзэх шалтгаанаа үй олноор хөнөөх зэвсэг үйлдвэрлэж, хадгалдаг ба алан хядах үйл ажиллагааг хөхиүлэн дэмждэг хэмээн нотлохыг хичээж байдаг.
 
Бусад улс орнуудтай харилцах америкийн харилцаа.
Америкийн “хар хайрцагны бодлого”-д үргэлж сул дорой байлгах ёстой улсуудын жагсаалт гэж байгаад байх шиг. Тэрний нэгэн жишээ нь өмнөд америкийн улс орнууд. Тэд хэзээ ч Америктай сайн байгаагүй. Тиймээс хэзээ ч оцоож овойтлоо хөгжиж чаддаггүй юм. Эдгээр орны экпортын барааны ихэнх хувь нь элсэн чихэр, зэсийн баяжмал тэрийгээ АНУ руу л худалч хүнд бараг үнэгүй шахуу өгчихдөг. Худалдан авагчийнхаа дургүйг хүргэвэл авахгүй гээд эмбарго буюу хориг зарлуулахад хүрнэ. Тэгээд л нөгөөдүүл маань далайн тээврээр өндөр өртөг төлж европ руу гаргана. Хэрэв тэгвэл бүр дордож ашиг биш зардал болно. Иймээс дуртай дургүй АНУ-д борлуулахаас аргагүйд хүрдэг гэнэ.
 
 Европ руу харьцдаг харьцаа нь дээрхээс мэдээж өөр. Тэр тусмаа төв европт хөгжингүй орнууд их, өөрийнх нь түншлэгчид олноор оршдог, цэрэг дайны ажиллагаанд холбоотны статусаар хамтран ажиллаж байдаг. Тиймээс ч эдгээр улсуудын ерөнхийлөгч, ерөнхий сайд нартай уулзах үеэрээ АНУ-ын ерөнхийлөгчид мөрөн дээр нь гараа тавьж зураг авахуулах эсвэл ярилцахдаа мөрөнд нь хүрнэ гэж ер үгүй. Учир нь олон улсын хамтын нийгэмлэгийн байгуулага, НҮБ-д тэдгээрийн байр суурь чамгүй өндөрт байдаг тул нэг түвшинд гэдгээ харуулж буй хэрэг.
 
За мөн Евроазийг дамнан оршигч Орос нөхдүүдтэй болгоомжтой харьцахаа цаадуул чинь мэдэхийн дээдээр мэднэ. Хүйтэн дайнаас хойш наанаа зуз болж харагдаад цаанаа өөр юм бодохоо тооцолгүй дээ. Холливудын кинондоо ч эвтэйхэн чимхээ л байдаг. Өөрсдөө дайн зарлаж шинэ зэвсгээ туршаад л оросуудыг болохоор зэвсэглэл бууруулах гэрээнүүдээр уячихаад л байгаа юм. Үүнд тухайлбал ираны цөмийн төсөл тэдгээрийн хоорондын хамгийн том далд маргаан болоод байгаа.
 
Азиудтай бол эцэг өөр дүүтэйгээ харьцаж байгаа юм шиг хандана. Визээр боож хаана. Эдийн засгийн ашиг харж байж л гэрээ хэлэлцээр хийнэ. Долларыг нь цуглуулж, хэвийн урсгалыг нь боогдуулаад байгаа Хятадуудад бүр ч дургүй. Дургүйг хүргэх бас эх шалтгаан бол Тайваны асуудал. Тайванийг дэмжиж, эдийн засгийн нь хөгжүүлэх боломжийг нээлттэй болгох, ард иргэдэд нь АНУ руу чөлөөтэй нэвтрэх эрхийг олгох зэрэг хамтын ажиллагаа нь эх газрын хятадын дургүйг ихээр хүргэнэ. Хариугаа авч байгаа нь тэр. 
 
Гэхдээ арай өөр хандаж, төрсөн ахын “энхрийлэл” үзүүлдэг нэг хоёр улс бий. Тэр нь ахынхаа ард түмний шүтэж биширч явдаг бурхан сахиусыг үнэгүй сурталчилж, бусдад халдаах үүрэг авсан мэт Өмнөд солонгосчууд. 
 
Дэлхийн II дайн дуусч хүйтэн дайн эхлэх болсон томоохон шалтгаан хийгээд үр дагавар бол 38 дугаар өргөргөөр хуваагдсан хоёр улс. Өмнөд хэсэг нь эдийн засгийн өсөлт, хөгжлийн хурдац гэж жигтэйхэн сайн. Хойд талд нь дээр дурдсан “тэнхлэг”-ийн нэг тал болох БНАСАУ өлмөн зөлмөн амьдарч, нэг хүнийг тахин шүтсээр, Америкт үеийн үед үзэн ядагдсаар. Уг нь социалист систем нуран унасны дараагаас АНУ болон БНАСАУ-ын харилцаа сайжирч, Хойд солонгосчуудад цөмийн энерги үйлдвэрлэхийн оронд Америкаас нефть бүтээгдэхүүн авах санал тавьж энэ нь тодорхой хугацаанд амжилттай хэрэгжиж байв. Нэг л өдөр АНУ манайх түлшний хомсдолд орж магадгүй болсон тул танайд нефть экспортолж чадахаа болилоо гэж Кондолиза Райс хэлж, дипломат аргаар буланд шахаж орхисон. Цөмийн эрчим хүчнийхээ үйлдвэрийг Хойд Солонгос сэргээнгүүт “ нүглийн тэнхлэг”-т батгааж орхисон.    
 
Мэдээж Япон, Америк зуз нөхдүүд. АНУ юу гэж хэлнэ Япон самуурай маягаараа “Хай” гээд л зөвшөөрчихнө. Харин дотор санаа нь юу гэж боддог нь тодорхойгүй үлдэнэ. Япончуудын “Toyota”, “Nissan”, “MAZDA” автомашины үйлдвэрүүд нь олон мянган америк иргэдийг ажлын байраар хангахын зэрэгцээ АНУ-д асар их татвар төлдөг. Тэдгээр нь АНУ-ын дотоодын автомашин үйлдвэрлэгч нартай өрсөлдөөд л бараг өөрийн хүн мэт болчихсон байдаг. Саяхан нэг томоохон асуудал үүссэн нь “Toyota”-гийн “Prius” загварын машинд хэд хэдэн доголдол илэрч тэр нь хурдны зам дээр томоохон осол болох шалтгаан болсон тул АНУ-ын зах зээлээс энэ загварыг бүгдийг нь эргүүлэн татаж, шалгалт хийсэн байна. Япончууд ямар ч эсэргүүцэл үзүүлэхгүй тэвчээртэй нь аргагүй шалгуулж байна лээ. Америк ч энэ занд нь дуртай болохоор мань Японыг нэг их оролддоггүй.
 
Ингээд харахаар АНУ яах аргагүй л том гүрэн. Цагаан ордон, Пентагон, ТТГ, Холбооны мөрдөн товчоо гэсэн нүсэр аппаратууд ерөнхийлөгчийн царай зүс ямар байхаас үл хамааран тухайн улсад хэрэгтэй зүйл рүү л бүх хүчийг чиглүүлж, өөрийн орны байр суурийг хадгалж байдаг. Мөн тодорхой зорилгод хүрэхийн тулд түншлэгч орнуудаа аргадаж, заримдаа доллараар хөшүүрэг хийж санхүүгийн дэмжлэг мэтээр хахуульдах нь ч наад захын асуудал. Бүхнийг өөрийн дураар шийдээд байдагт нь нэг хэсэг улс орнууд зэвүүцэх шалтгаан болдог. Олон улсын хамтын нийгэмлэгийн зүгээс аливаа хориг тавиад ямарч үр дүнд хүрдэггүй, хий хоосон л АНУ гишүүн орнуудын нийтээр дагаж мөрдөх гэрээ журмыг зөрчлөө гээд л болоо. Ямарч хариуцлага, шийтгэл оногдуулдаггүй. Яагаад гэвэл Дэлхийн хамгийн том хандивлагч, эдийн засгийн аргаар улс төр, гадаад харилцаагаа шийдэж байгаа том гүрэн бол АНУ.
Үргэлжлэл бий.

Судлаач П.Дашдорж. Улаанбаатар хот. 2010 11 12.

9 comments:

  1. Ene asar muu bichleg bna. Muuha orchuulaga yum bnaa

    ReplyDelete
  2. Судлаач байж болноо. Нийтлэлч биш юм байна Дашдорж гуай. Би тулдаа л дуустал нь уншлаа. Баярлалаа амжилт хүсье

    ReplyDelete
  3. над шиг жирийн уншигчид бол ойлгоход хялбар гоё л нийтлэл байна шд. үргэлжлэлийг нь хурдан бичээрэй :)

    ReplyDelete
  4. Zalyydaa tsaashdiih ni ajild amjilt husie!

    ReplyDelete
  5. ta chadnaa amjilt

    ReplyDelete
  6. sain bichsen bn.

    ReplyDelete
  7. баярлалаа гэхдээ хар хайрцагны талаар кибернетик талаас нь бичэж болохазй вм уу? илүү сонирхолтой орчуулга хийгээрэй амжилт

    ReplyDelete

Сэтгэгдэл

Хулгана дагадаг оцон шувууд :-)