2014/01/14

СОЧИГИЙН ОЛИМПООС МОНГОЛЫН УТАА БУЮУ “ГАР УДИРДЛАГАТ ТӨР”

Орос орны “хаан” Путин Сочид очиж олимпийн бэлтгэл ажлыг шалгаж байх зуур Монголчууд Улаанбаатрын утааг гамшиг болсон үгүйгээ тодорхойлохоор лаборатори, судалгааны хүрээлэнд бус твитерт, утаа хэмжигч TSI багажаар биш RT FAV гэсэн багажаар тодорхойлж эхлэв. Анхандаа ямарч холбоогүй мэт энэ 2 үйл явдлаас нэг зүй тогтол маш тод харагдах юм. Энэ бол 2 орны улс төрийн менежмент, удирдлагын арга барилын төстэй байдал юм.


Сочи бол эдийн засгийн төсөл биш харин Путины хувийн төсөл, түүний нэр төрийн асуудал. Тэрээр сүйрч байсан Орос орныг хэрхэн хүчирхэг, баян болгосноо харуулж сүр хүчээ Сочигоор дамжуулан дэлхий дахинд үзүүлэх юм. Тиймээс тэрээр энэ төсөлдөө хөрөнгө мөнгө огт хайрласангүй. Одоогийн байдлаар Сочигийн олимпд 51 тэрбум доллар зарцуулаад байгаа нь дэлхийн түүхэнд хамгийн их төсөвтэй олимпоор тодроход хүргээд байна. Анхны төсөв нь 12 тэрбум доллар байсан ч үүнийг зарсаны дараа Сочид олимп байтугай мужийн аварга зохион байгуулах ч дэд бүтэц байгуулж чадсангүй. Дахиад нэмэлт төсөв өгөв. Дахиад л Орос орны уудам нутагт хаашаа орсон нь мэдэгдэхгүй алга болчихов. Энэ хооронд олимп ойртож Путины санаа зовж эхлэв. Тэрээр өөрөө биечлэн очиж, ажил байдалтай танилцан, бараг л барилга бүрийн гүйцэтгэлийг хянан, тушаал гаргаж буруутай хүмүүсийг цавчиж эхлэв. Москвад буцаж очоод өөрийн шадар сайд Дмитрий Козакыг Сочи руу томилон явуулж өдөр шөнөгүй шахаж ажиллаж, өөрт нь биечлэн тайлагнахыг даалгав. Дараагийн удаа Сочид очихдоо Оросын том гэгдэх бүх олигархуудыг цуглуулж банга хүртээж, ард нь Москва байгааг сануулаад буцав.  Үүний хүчинд Сочи одоо олимпод бэлэн болсноо мэдэгдээд байна.

Улаанбаатрын утаа бол Монголын хүн амын талаас илүү хувьд хамгийн тулгамдсан асуудал юм. Гамшиг мөн эсэх нь “тодроогүй” байгаа ч хүн амд үзүүлэх нөлөө, эдийн засгийн үр дагаварын хувьд бусад бүх асуудлаас илүү хортой асуудал мөн. Үүнийг шийдэхээр олон ЗГ, парламент дамнан ажиллаж байна. Мөнгө төгрөг огт хайрласангүй. Нэлээн дээх нь жилд 56 тэрбум төгрөг гэсэн тоо дуулдаж байсан. Одоо Самурай бондын мөнгийг бас зарцуулах сураг байна. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар биечлэн танилцаж, түшмэдүүддээ үүрэг хүлээлгэдэг ч одоо хүртэл утаа багасах өчүүхэн ч найдлага төрөөгүй байна. Хамгийн сүүл 2016 оны сонгууль гэдэг тов зарласан ч энэ нь бодит төлөвлөгөө гэхээсээ тэр хүртэл шүүмжлэлээс хол байх тактик шиг харагдаад болохгүй юм.

Бусад орнуудад олимп зохион байгуулахдаа төрөөс болон хотоос нь ерөнхий төлөвлөгөөг нь гаргаж хувийн хэвшилдээ бүтээн байгуулалт хийх нөхцлийг нь бүрдүүлж өгөөд хувийн хэвшил нь өөрсдөө эдийн засгийн тооцооны үндсэн дээр төсөлд оролцдог. Гол нь хөнгөлөлттэй нөхцлөөр босгосон дэд бүтцийг олимпийн дараа хувийн хэвшил өөрөө эзэмшдэг, эсвэл хот нь концессоор худалдаж авдаг учраас хувийн хэвшилд ашигтай. Олимп бол тухайн хотын нэр хүнд гэхээсээ ашгийн төлөөх эдийн засгийн төсөл байдаг.

Утааг мөн ийм байдлаар шийдэх боломжтой. Гэвч Орос Монгол хоёрт заавал төр оролцож, хэн нэгэн дарга биеэр шахаж шаардаж, хэн нэгний толгойг авахаар айлгаж байж асуудал ахидаг. Яагаад гэвэл улс төрийн “гар удирдлагатай” орнууд. Энд бүх асуудлыг хэн нэг нь гараар удирдаж чиглүүлэх шаардлага гардаг. Асуудал шийдэх ёстой байгууллагууд нь ажлаа автоматаар хийдэггүй. Хоёуланд нь хүн амьтан үхэж үрэгдсэний дараа хэн нэгэн дарга зурагтаар үг хэлж өөрийн биечлэн асуудлыг анхааралдаа авсны дараа л тэр байгууллагууд ажиллаж эхэлдэг. Гэхдээ харамсалтай нь чимээ шуугиан намжсаны дараа “гар удирдлага” өөр асуудал руу шилжсэнээр бахь байдаг төлөвтөө эргэн ордог. Хэрвээ Орос оронд нэг хүн бүгдийг удирдан чиглүүлдэг бол Монголд нилээн хэдэн бүлэг дарга нар удирдаж байгаагаараа л ялгаатай байна. Удирдлагын энэ арга барил иргэдийн улс төрийн боловсролтой шууд холбоотой. Иргэд төрийг шахаж ажиллуулах соёлд сураагүй, бүх хариуцлагыг хэн нэгэн даргад даатган орхих сэтгэлгээтэй. Путин хэдий шударга хаан ч гэсэн түүний доор хомхой шуналтай түшмэд ажилладаг. Тэднийг нь хүмүүс үзэн ядан бүх асуудлын бурууг тэднээс хайж, шударга хаан тэднийг шийтгэхийг хүсч байдаг. Манай шударга Ерөнхийлөгчөөс мөн л адил хомхой шуналтай түшмэдийг олж шийтгэхийг ард түмэн нь хүсэн сонгосон. Харамсалтай нь хомхой түшмэлийн оронд дараагийн түшмэл л ирэх болохоос асуудал бүрэн шийдэгддэггүй. Харин шударга хааны орон тоо хэзээд байх болно.

Судлаач С.Энхтөр

No comments:

Post a Comment

Сэтгэгдэл

Хулгана дагадаг оцон шувууд :-)