2010/10/09

АНУ-ЫН 40 ДЭХ ЕРӨНХИЙЛӨГЧ РОНАЛЬД РЕЙГАН XX ЗУУНЫ ХАМГИЙН РОМАНТИК ЕРӨНХИЙЛӨГЧ

Рональд Уилсон Рейган нь 1981-ээс 1989 оны хооронд АНУ-ын 40 дэхь ерөнхийлөгчөөр хоёр удаа сонгогдсон юм. Мөн тэрээр Калифорни мужийн 33 дахь захирагч байсан бөгөөд радиогийн хөтлөгч, жүжигчин зэрэг олон албан тушаалыг хашиж явсан нэгэн билээ. Хайр дурлалын тухайд гэргийдээ хандах хандлага нь нийт Америкчуудад үлгэр жишээ болж байсан бөгөөд Рейганомикс хэмээх эдийн засгийн төлөвлөгөөг хэрэгжүүлж улс орноо найман жилийн турш удирдан жолоодож явсан байна.


Рональд Рейган 1911 оны хоёрдугаар сарын 6-нд АНУ-ын Илинойс мужид төржээ. Түүний эцэг Жон Жак Рейган Ирландийн католик шашинтай гэр бүлээс гаралтай байсан бол ээж нь Шотланд-Английн ирлийз байжээ. Түүнийг багад үсний засалтаас нь болж "Голланд хөвгүүн" гэж хочилдог байжээ. Рональд Рейган 19 настайдаа Калифорни мужийн Лос Анжелос хот руу шилжиж тэндээсээ жүжигчин болох гараагаа эхэлсэн байна.
АНУ-ын ерөнхийлөгч алдарт жүжигчин Рональд Рейган
1932 онд тэрээр IOWA радио телевизийн сургуулийг төгсөөд жижиг хотод радиогийн хөтлөгч, найруулагч хийж байсан юм. Нэлээд хэдэн радио станцад ажилласны дараа Рональд Рейганд сарын 100 долларын цалинтай нэгэн ажил олдсон нь WHO-ын бэйсболлын тэмцээний тайлбарлагч байсан юм. Ийнхүү радио станцаар дамжуулан олон түмэнд дуу хоолойгоо таниулсан Рональд Рейганд Уарнер Бродерсийнханаас кинонд тоглох санал иржээ. 1937 онд тэрээр Уарнер Бродерс студитэй долоон жилийн гэрээ байгуулж нэлээд хэдэн дэлгэцийн бүтээлд дүрээ мөнхөлсөн юм. Тэрээр "Теннессигийн хамтрагч", "Энэ бол Арми", "Харанхуй ялалт", "Монтана дахь шилтгээний гүнж", "Эфирийн өрөөний хайр" зэрэг олон кинонд гол дүр бүтээснээс дийлэнх нь кобой залуугийн дүр байлаа. Америк даяараа алдарт жүжигчин Рональд Рейганыг андахгүй танидаг болсон юм.
Радиогийн хөтлөгчөөс гараагаа эхэлсэн Рональд Рейган SAG телевизийн даргын суудал хүртэл дэвшиж чадсан юм. Тэрээр SAG-ийн "Цахилгааны ерөнхий теарт" нэртэй телевизийн нэвтрүүлгийг хөтлөснөөр нэр хүнд нь улам нэмэгдэж халаасан дахь мөнгө нь ч бас тэр хэмжээгээр нэмэгдэж байсан юм. Рональд Рейган тус нэвтрүүлгийг өдөрт дундажаар 14 цаг хөтлөснийхөө хөлсөнд сардаа 125 мянган долларын цалин авдаг байжээ. Энэ мөнгийг 2008 оны ханшаар бодож үзвэл нэг сая гаруй доллар болж байгаа юм.
Түүний хамгийн сүүлд бүтээсэн дэлгэцийн бүтээл бол "Алуурчид" нэртэй кинонд 1964 онд тоглосон байна. Тэр цагаас хойш Рональд Рейган улс төрд хүчээ сорихоор шийджээ.
Калифорни мужийн захирагчаас АНУ-ын ерөнхийлөгч болсон нь
Хорин жилийн турш Холливуудын гялалзсан од байсан Рональд Рейган олон кинонд кобой голдуу дүрийг бүтээж түүгээрээ ихэд алдаршсан билээ. Тэрээр энэ нэр хүндээ овжиноор ашиглан 1966 онд Калифорни мужийн захирагчаар сонгогдсон юм. Олон жилийн турш радио телевизийн гялалзсан од байсан түүний хувьд индэр дээрээс үг хэлж олны цөсийг хөөргөх явдал асуудал биш байсан нь мэдээж. Гэхдээ тэр хий дэмий ярьдаг нэгэн байсангүй хийсэн зүйлээ хэрэгжүүлж чаддаг байсан юм.
1970 онд тэрээр эхнэр Нэнси Рейганы хамтаар нэгэн үдэшлэгт очжээ. Тэнд ерөнхийлөгч Ричард Никсон, тэргүүн хатагтай Пэт Никсонтой уулзаж ярилцан ерөнхийлөгч болох хүсэл эрмэлзэлтэй болжээ. Олон түмний дунд бүрдүүлсэн дэлгэцийнхээ бүтээлийн дүрийг ашиглан 1980 оны ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж хоёронтоо улиран сонгогдсон байна.
Рональд Рейган ерөнхийлөгч байх хугацаандаа АНУ-ын түүхэнд гайхамшигтай чадварлаг удирдагч хэмээн мөнхөрсөн Франклин Рузвельтын хэрэгжүүлж байсан аргыг ашиглаж байсан юм. Тэдгээр "Шинэ эргэлтийн бодлого"-ын тулгуур ойлголтуудын нэг болох "Шинэ санаа", "Мэдээлэл алдагдах ажиллагаа" зэргийг ихэд ашигладаг байсан юм. Тэрээр нас намбандаа таараагүй гэнэтийн огцом шийдвэр гаргах, эрс шийдмэг зан чанар зэргээрээ шуугиулж байсан билээ. "ЗХУ бол муу муухайн эзэнт гүрэн", "Марксизм, ленинизмийг түүхийн үнс нурам болгоно", "Ленинзмийг дэлхийн хаана ч өндийлгөхгүй" гэх мэт үгээрээ кобой дүрийнхээ эршүүд зан чанарыг батлаж байлаа.
Рейганомикс
Дэлхийн түүхэнд түүний төр барьж байсан үеийн эдийн засгийн бодлогыг "Рейганомикс" хэмээн тодорхойлдог.
Рейганомикс гэдэг нь эдийн засгийн үзүүлэлтүүдийг дэмжиж улсын төсвийн хомсдол болон улсын өрийг хянан зохицуулах санхүүгийн бодлого гэж хэлж болох юм.
Рональд Рейганийг үүрэгт ажлаа хүлээн авахад дотоодын нийт бүтээгдэхүүн 11,83%-тай, ажилгүйдлийн төвшин 7,5%-тай байсан аж. Түүнийг засгийн эрхэнд байсан найман жилд ДНБ 40%-аар нэмэгдсэн байна. Мөн зургаан сая шинэ ажлын байр нэмэгджээ. Гэхдээ түүнийг засгийн эрхэнд байсан энэ хугацаанд үнэт цаасны хямрал болж мөнгөний ханш унасан бөгөөд улсын өр 700 тэрбумаас 3 трилион хүртэлээ нэмэгдсэн байна.
Романтик ерөнхийлөгчийн гэр бүлийн амьдрал 1938 онд Рональд Рейган "Ах дүү Рет" кинонд хамтран тоглосон Жэни Уятентэй гэр бүл болсон билээ. Тэд 1940 оны нэгдүгээр сарын 26-нд Чикакогийн театрт гэрлэж байсан ажээ. Хос хоёр Маурин, Кристин гэсэн хоёр хүүхэдтэй болсон юм. Харамсалтай нь 1949 онд тэд салцгаасан юм.
Рональд Рейганы хоёр дахь амьдрал 1952 онд эхэлсэн байна. Рональд Рейган хоёр дахь эхнэртэйгээ 1949 онд анх танилцсан бөгөөд 1952 оны гуравдугаар сарын 4-нд Сан Фернандо тосгоны нэгэн бяцхан сүмд хуримаа даруухан тэмдэглэж өнгөрүүлсэн байна. АНУ-ын 40 дэх ерөнхийлөгч Рональд Рейган болон тэргүүн хатагтай Нэнси Рейган хоёрын хайр сэтгэл улс төрчдийн хувьд үнэхээр гайхамшигтай байжээ. Тэднийг улс төрийн хүрээнийхэн дотроос XX зууны хамгийн романтик хосууд гэхэд бараг болно. Рональд Рейган эхнэрээ "Момму" гэж авгайлан дууддаг бөгөөд Нэнси нөхрөө "Ронни" гэж энхрийлэн дууддаг байсан байна.
Ноён ерөнхийлөгч Валентинаар эхнэртээ захидал илгээжээ
Хос хоёрын зайлшгүй тэмдэглэдэг баярын нэг нь Валентин бололтой. 1977 оны хоёрдугаар сарын 14-нд Рональд Рейган гэргийдээ зориулж Гэгээн Валентийний нэрээр нэгэн захиа илгээжээ. Тус захиаг хатагтай Рейган хэмээн хаяглаад, "Хатагтай Рейган, ноён Рейган танд бүх сэтгэл зүрхээнээсээ хайртай. Тэр цаг үргэлж шөнийн тэнгэр дэхь оддыг харж, төрсөн өдрийн лаа, үлээн хүслээ шивнэдэг. Энэ бүх зүйл түүнийг аз жаргалтай болгодог. Тэр энэ бүхнийг таны төлөө хийдэг. Энэ бол үнэн. Заримдаа ноён Рейган тэвчээр алдаж хаалгаа чанга хаадаг" гэсээр захиа цааш үргэлжилсэн юм. Гэрлэснээсээ хойш ам муруйх явдал тохиолддог ч гэсэн энэ бол хамтын амьдралын 50 жилийн баталгаа болно гэсэн утга санааг илэрхийлсэн байлаа. "Гэхдээ ноён Рейганы хувьд та бол тэрний бүх юм. Ноён ерөнхийлөгч тангүйгээр энэ хорвоо ертөнцийг төсөөлөхөд ч бэрх байгаа" гэхчлэн хайрын үгтэй захиа хөвөрсөөр л байсан юм. Энэ захиа түүний эхнэртэй бичсэн олон олон захидлын нэгээхэн хэсэг билээ.
Хожмоо тэргүүн хатагтай нөхрийнхөө бичсэн захидлуудыг эмхэтгэн "Ронни би чамдаа хайртай" хэмээх ном болгон гаргасан байна. Тус номонд багтсан нэгэн захидалд ерөнхийлөгчийн анхны тангараг өргөх ёслолын үеэр гэргийдээ хандан бичсэн үг багтсан байдаг юм. Үүнд "Хайрт тэргүүн хатагтай минь, Би АНУ-ын ерөнхийлөгчийн бүрэн эрхээр мэдэгдэж байна. Сүүлийн 29 жилд би чинийхээ хайранд умбаж ертөнц дээрх хамгийн жаргалтай хүн байлаа" хэмээн хэлсэн байдаг. АНУ-ын 40 дэх ерөнхийлөгч үнэхээр эхнэртээ хайртай байсан гэдэг нь олон зүйлээр нотлогддог юм. Хосуудын хайрын түүх 2007 оныг хүртэл буюу тэднийг таалал төгстөл үргэлжилсэн юм.

No comments:

Post a Comment

Сэтгэгдэл

Хулгана дагадаг оцон шувууд :-)