Чингис хааны “Их Аварга ордны туурь” хүрэхээр явах замдаа багш: -“Аварга”
гэдэг нь том сүрлэг гэсэн үг. Гэтэл яагаад тухайн үед Их хаан болоогүй хүний
орд өргөөг их, бага, аварга гэж нэрлэх болов гээд, миний бодлоор “аварга” гэдэг
нь хүнд гэсэн “аар” гэх эртний түрэг үг. Учир нь Хөдөө арал ч үүнтэй холбоотой.
Нүүдэлчин эрс аян дайнд мордохдоо хүнд эд зүйлс, гэр орон, эхнэр хүүхдээ арал
мэт эргэн тойрон саад бэрхтэй, дайсан үл нэвтрэх нутагт үлдээдэг байж. Ингээд түүнийгээ
арал хэмээжээ гэв.
Бид засмал замаас ч дардан замаар давхисаар Хэнтий аймгийн Дэлгэрхаан
сумын төвийг дайраад Аваргын рашаан дээр ирлээ. Намар орой болсон тул нуурын
усанд орох хүн ховордсон бөгөөд рашаанчид цөөхөн. Бид дөрвөн хүний ортой нэг
өрөө хөлсөөд цаг эрт тул Аваргын балгас дахь ШУА-ийн Археологийн Хүрээлэнгийн
музей рүү хөдлөв. Гэвч бүрэнхий болжээ. Харин жолооч маань музейн
манаачийг сайн таних тул маргааш тухтай ирэхээр тохиролцоод буцлаа.
Багш их нээлттэй хүн. Ганц охинтой тэр нь АНУ-д шинжлэх ухааны түүхийн
чиглэлээр доктор хамгаалах гэж буй. Англи хэлнээс гадна хятад, япон хэл сайтай
Сара охин нь орчуулга хийгээд дажгүй амьдардаг гэнэ. Хүнтэй суугаад нэг их
удалгүй хоёр тийшээ болсныг нь ч хэлж байв.
Өглөө нь сүүтэй будаа, цөцгийтэй талх идээд музейн дээрээ хүрэлцэн ирлээ.
Зураг дээрх байшин бол музей мөн хээрийн судалгааны төв. Монгол-Японы
хамтарсан баг Чингис хааны онгон (Энд Чингис хааны алтан шарил байхгүй. Харин
түүний сүнс сүлдийг онголон тахидаг байж. Хожим Их Монгол улсын нийслэл Бээжин
нүүх үед онгоныг ч нүүлгэжээ.) болох Аваргын туурийг нэлээд хэдэн жил малтаж
байгаа бөгөөд одоо ч судалгааны ажил бүрэн дуусаагүй.
Музейг үзээд багш дурсгалын дэвтэр дээр нь гарын үсгээ зурж бид Аваргын
туурийн урьд талд буй газрын гүнээс гарах газтай рашаанаас хүртэхээр хөдлөв. Энэ рашаанаас Чингис хаан ч ууж байсан
байхдаа гэвэл багшийн сэтгэл ихэд хөдөлж: “би чинь их хааны ууж байсан уснаас
хүртдэг азтай хүн юм даа” гэж билээ.
Аливаа түүхэн дурсгал агуулсан нутаг орон голдуу хэдэн үеийн олон дурсгалыг
нэгэн зэрэг хадгалж байдгийн адил энэ хавьд эртний түрэгийн үед хамаарах хэд
хэдэн хөшөө байдаг аж. Ингээд бид тэднийг үзэхээр музейн сахиулаар газарчлуулан
хөдлөв.
Дардан замаар тоос татуулан давхисаар Гүн бүрд нуурын хойхон байх хоёр хүн
чулуун хөшөөн дээр ирэв ээ.
Эвдэрч, сүйдсэн ч ур хийц сайтайгаа харуулах эдгээр хүн чулуун хөшөөнүүд он
цагийн хувьд эртний Түрэгийн үед хамаарах ч бидний түүхтэй илүү холбоотой. Учир
нь Түрэгийн хаант улсын гол холбоотон болсон хүчирхэг Монгол аймгуудын өнөөгийн
Улаанбаатар хотоос зүүн төвлөрөн нутаглаж байв.
Газарчин, жолооч хоёр маань биднийг зураг авч байх хооронд.
Эндээс дахин цаг орчим давхиад Сүжийн талд буй дурсгал дээр ирлээ.
Музейг үзээд багш дурсгалын дэвтэр дээр нь гарын үсгээ зурж бид Аваргын
туурийн урьд талд буй газрын гүнээс гарах газтай рашаанаас хүртэхээр хөдлөв.
Энэ рашаанаас Чингис хаан ч ууж байсан байхдаа гэвэл багшийн сэтгэл ихэд
хөдөлж: “би чинь их хааны ууж байсан уснаас хүртдэг азтай хүн юм даа” гэж
билээ.
Аливаа түүхэн дурсгал агуулсан нутаг орон голдуу хэдэн үеийн олон дурсгалыг
нэгэн зэрэг хадгалж байдгийн адил энэ хавьд эртний түрэгийн үед хамаарах хэд
хэдэн хөшөө байдаг аж. Ингээд бид тэднийг үзэхээр музейн сахиулаар газарчилуулан
хөдлөв.
Дардан замаар тоос татуулан давхисаар Гүн бүрд нуурын хойхон байх хоёр хүн
чулуун хөшөөн дээр ирэв ээ.
Булшны хашлага чулуу. Ханан хээг нь хараад “Ханан гэр минь холдож, хадан
гэр минь ойртож байна” гэдэг нас дээр гарсан өтгөсийн хэлдэг үг санаанд буув.
Энэ үг нь өөрөө Монголчуудын эртний оршуулгын зан үйлийг агуулсан. Агуйн буюу
хадны оршуулга манай нутгаас нэлээд олддог.
Буцах замдаа тал нутаг, чоно хоёрын тухай хятадын зохиолч Жян Рүний “Чонон
сүлд” романы тухай ярилцаж явтал задгай асгасан сувд шиг хонин сүргийн захад
даага унасан бяцхан хоньчинтой таарлаа. Бид зогсоод гараараа даллавал хүрээд
ирэв. Ёстой эгдүү хүргэм нөхөр байна. Өөрийгөө таван настай гэх тэр хүүг
мориноос нь буулгахгүй тулд эмээлтэй нь даруулаад сураар уячихаж. Жолооч маань
энэ нутгийг сайн мэдэх нэгэн тул, “ингэж боохгүй бол болохгүй, гэрээсээ хол
газар мориноосоо салбал аюултай, тэгээд ч жаахан хүүхэд буцаад морьдож
чаддаггүй юм. Өвөрт нь өдөр идэх хэдэн аруулийн хийгээд л явуулна даа” гэв. Хүү
биднийг анх ойртох үед анзааралгүй хөөрхөн дуулж байсан юм. Талд нутагт дуу бол
чононоос өөрийгөө хамгаалах нэг хэрэгсэл гэхэд багш: нээрээ л тийм нүүдэлчин
соёл ахуйтайгаа нягт холбоотойн жишээ энэ дээ хэмээсэн. Харин миний хувьд “Тунгалаг тамир” киноны Цахиур Төмөрийн “энэ дуу ганцаардах үед нөхөр минь, өлсөх үед унд
хоол минь болдог юм” гэх үг эрхгүй санаад орсон доо.
Бид эргээд Дэлгэрхаан сумын төв дээр ирж шатахуунаа цэнэглэв. Шатахуун
түгээгч бүсгүй хүн байж таарав. Мөн л бензин авахаар данхар том жиптэй хоёр
хүүхэн ирлээ. Багш их сонирхож юун улс болохын асуугаад өгөөч гэлээ. Мэнд усаа
мэдэлцвэл сумын засаг дарга, нарийн бичигтэй явж байгаа нь тэр ажээ. Үүнийгээ
багшид хэлбэл “энэ суманд эр хүн байдаггүй юм уу? Өчигдөр буудалласан амралтын
газрын дарга, ажилтан нар нь бүгд эмэгтэй байсан, шатахуун түгээгч эмэгтэй,
түрүүн замд таарч зам асуусан машинтай улс бүгд бүсгүйчүүд одоо бас дарга нар
нь хүртэл эмэгтэй” гэж байна. Колонкийн хүүхэн нэлээд нүүрэмгүй нэгэн бололтой:
Наад гадаад авгай чинь юу гэж ийнаа айн, жолооч бид хоёрт хандаж: Та хоёр ч
гэнэн улс юм аа, хашир, сурсан улс бол түгээгүүрээ жаахан өнгөрч зогсоод
бензиний үнээ илүү хэлдэг байхгүй юу аан гэлээ. Би ч багштайгаа яваагаа хэлж, танай
эрчүүд хаачсан юм гэвэл тас тас хөхрөөд хажуу сум руу наадамд яваад дашийн шог
гэж хариусан.
Багш бид хоёрын аялал хот орсноор өндөрлөж маргааш нь Монголч эрдэмтдийн
хурал дээр дахин уулзахаар болов. МУИС-ийн I байранд хуралд зориулж гарсан номын
худалдаан дээр очвол багш нэг нөхөртэй германаар яриад зогсож байв. Энд олон
орны эрдэмтэн судлаачид цуглажээ. Багшийн гадаад хэлний чадвар үнэхээр лут. Лав
миний нүдэн дээр англи, герман, хятад хэлээр чөлөөтэй ярьж байлаа. Тэрбээр
манай сургуульд ирж бидний хэдэн залуу багш нартай уулзахдаа “гадаад хэл сурах бол
миний хобби” гэж билээ. Багшийн судалгааны үндсэн хэл нь эртний Монгол болон перс,
араб хэл. Тиймээс ч газар орон, хүний нэрийг голдуу хуучин Монгол бичгийн
галигаар хэлж асууж байсан.
Багш Чингис хааныг их хүндлэнэ. Монголчууд бол дэлхийд их хаандаа хүн ёсоор
хандсан цөөхөн ард түмний нэг. Үүний баталгаа Монголын нууц товчоонд бий. Чингис
хаан ээждээ загнуулж, хатадынхаа үгийг сонсож дагадаг. Гэтэл өөр бусад агуу
хаадын намтар, түүхэнд ийм зүйл бичигдэж үлддэггүй хэмээсэн.
Орсон бороо арилж ирсэн гийчин буцдаг жамаар багш буцах болж урьд орой нь
түүнтэй хамт зоог барив. Энэ үед Сүхбаатарын талбай дээр найз охиныхоо цүнхийг
бариад алхаж буй хосын зургийг үзүүлээд чи туркэд ийм зүйл харсан уу? Би хэзээ
ч хараагүй. Монгол эрчүүд эмэгтэй хүнийг хүндлэх түүхэн уламжлалаа одоо хэр
гээгээгүйн баталгаа гэж билээ.
Багшийг явсны дараа нэг их удалгүй бас түүний шавь түүхч Нилгүн хэмээх турк
эмэгтэй ирж би ч дотны нөхөр Д. Анхбаярын хамт “Чингис хаан” олон улсын нисэх
буудал дээр угтсан юм. Тэрбээр бидэнтэй мэнд мэдээд л Монгол охидууд ямар
хөөрхөн юм бэ гэж дуу алдсан. Учир нь мань хүн Монголд анх удаа ирж байгаа,
түүнээс өмнө XIII зууны зарим сурвалж дээрх мэдээгээр л манай хүүхнүүдийг төсөөлж
байж. Чингис хаан өөрийн охинийг Уйгурын ноёнд өгөхөд бах мэлхий шиг царай
муутай гэж буцаасан түүх бий.
Т.Исэнбикэ багштай одоо хэр мэйлээр харилцдаг, саяхан надад “Зүчийн улсын
түүх” гэж их ховор сонин сурвалж шуудангаар илгээсэн. Ирэх зун дахин Монголд
ирнэ гэж байна лээ. Тэрбээр надад зүгээр ном унших, гартаа харандаа цаастай ном
унших хоёр асар их ялгаатай юм шүү гэснийг уншигч та бүгдтэйгээ хуваалцья.
Үнэхээр эрдэмтэй хүн нарны гэрэл мэт гэдэг үг түүнийг дурсах бүрд санаанд буух
юм.
А. Энхбат
No comments:
Post a Comment
Сэтгэгдэл