2010/10/07

БҮХ НИЙТИЙН ЗАЛХАЛТ БУЮУ ЦАТГАЛДСАН АРД ТҮМЭН

Бидний хэсэг залуучууд сонгууль шударга, хууль ёсны хүрээнд, ард түмний итгэл үнэмшил дээр тулгуурлан явагдах тухай өргөн хүрээтэй асуудал дэвшүүлж, үйл ажиллагаа явуулаад хэсэг хугацаа өнгөрлөө. Хэлэх гээд байгаа зүйл маань сонгуулийн булхай луйвар, бохир өрсөлдөөн авилгал, ард түмний итгэлийг алдах, эрх мэдлээ хэтрүүлэх, ард түмний төлөөлөгч гэх эрхмүүд нь ард түмний санаанд үл орох бохир зүйлийг ярьж, үйлдэж, тэднийхээ нэрийг барьж ард түмнээ луйвардаж, хулгайлж байгааг таслан зогсооход чиглэсэн юм.


Олон түмний итгэл үнэмшлийг татахын тулд хаанаас хэнээс, ямар зорилгоор гаргаж буй нь тодорхойгүй санхүүжилт, сонгууль нэрээр төрийн ажлыг цалгардуулах, төрийн хийснийг эсвэл хийж буйг өөрийн нэр дээр болгох бүхий л үйлдлийг хязгаарлах гэсэн сонгуулийн сурталчилгааны хугацааг богиносгож, сонгуульд зарцуулах хөрөнгө санхүүгийн хэмжээг хязгаарласан хуулийн зохицуулалтыг судлаач залуучууд бид дэмждэг.
Угаасаа бүх нийтэд таалагдах, бүгдийг хохироолгүй асуудлыг шийддэг улс төр, эрх зүйн шийдвэр цаашлаад тийм нийгмийн тогтолцоо ч байхгүйг асуудлын наана цаадах учрыг ойлгодог хүн бүхэн мэднэ.
Энэ удаагийн богиносгосон сонгуулийн сурталчилгааны хугацаанд ч сонгогчид ялангуяа залуучууд сонгуулийн утга учиргүй сурталчилгаанд бялуурч, улс төрийн огиудас хүрэм ухуулга, амтгүй, хүйтэн хөндий сурталчилгаанаас залхаж, улс төрчдийн албархаг хиймэл худал дүр төрх, сонирхолгүй ярианаас уйдаж гүйцээд байна. Зүгээр л нэг кино, хөгжилтэй нэвтрүүлэг, улс төрийн бус нийтлэл өгүүлэл, өвөрмөц шийдэлтэй зурагт самбар эрж хайгаад, суваг солиод ч олдохгүй байна. Ерөөсөө л улс төрийн биш л бол юу ч хамаагүй ээ… Захын залуугаас асуугаарай нам хүчнүүд болон нэр дэвшигчдээ.
Хүүхдийн эмч Цэцгээгийн бахдал, байгаль хамгаалагч Дондогийн харуусал, хөгжлийн бэрхшээлтэй хэрнээ хэзээ ч гуниж байгаагүй Батаа хүүгийн дуу, ногоочин Дулмаагийн зөвлөгөө, Ахмад дайчин Сүх гуайн дурдатгал нь нам, хүчнүүдийн зууны мундаг төлөвлөгөө хөтөлбөр, нэр дэвшигчдийн аугаа цэцэрхэл, халилтай ярианаас илүүд үзэж байна. Харамсалтай нь ард түмний дуу хоолой, эрх ашиг, үзэл бодлыг бүгдийг чаддаг, мэддэг, энэрдэг, тарьдаг, хууль ёсыг сахьдаг универсал нэр дэвшигчдийн яриа, дуу, магтаал, хараал ерөөл, үйлдэл хэд дахин давж цуурайтан, шуугианд жирийн иргэний хашхираан ч нам дарагдана. “Би ирлээ, “Хувьсгал яллаа”, “Цаг боллоо”, “Цэвэрлэгээ эхэллээ”, “Ухаан орлоо”, “Шинэ үе ирлээ”… Бүхэл бүтэн диссертаци бичиж болох хангалттай бас инээдтэй сэдэв.
Тэдний зарим нь ард түмнийг улс төрөөс хараат хамааралгүй болгохыг эрмэлзэж буйгаа залхтал номлох атлаа, үйлдлээрээ массыг улам бүр гэнэн томоотой, бэлэнчлэх, өрөвдөлтэй нэгэн болгож байна. Тэдний бусад нь улс төрчдийн бохир завааныг мэдрэх, мэдэх тусмаа ард түмэн улс төрөөс залхаж, дайжих болсныг хөмсгөө зангидан, харамсан халаглан тунхаглах ажээ /Хэн тийм болгочихсон юм бол доо?/.   
Та бүхэн гадарлаж байгаа болов уу, нам хүчин, нэр дэвшигчдээ. Та бүхний өөрсдийн сонгуулийн кампанит ажилд дайчлан ажиллуулж буй оюутан залуучууд итгэл үнэмшил, чин сэтгэлээсээ дэмжиж, өөриймсгөөр ажиллаж байгаа гэвэл худлаа. Тэд таны өгөх хэдэн төгрөг, гарсан хойноо харж үзнэ гэх амлалт, сониуч зан. Телевизийн камерт өртөхөөс ичиж гүйх, бас итгэл үнэмшлээ хадгалах гэсэн тэмцэл хүсэл. Танд, таны төлөө хэмээх ажиллаж байгаа хамгийн ойрын шадар туслахуудад чин итгэл үнэмшил байхгүй байхад, сонгогч олон түмэн итгэж саналаа өгөх нь эргэлзээтэй. Улс төрийн итгэл үнэмшлийг нь худалдаж авч болно гэж боддог нөхдүүдийн өнгөрсөн хугацаанд хийсэн бүх зүйлийн хариу үйлдэл нь энэ.
Сонгууль хурдан дуусаасай гэх жирийн иргэд, төрийн албан хаагчид, хүүхэд залуучууд, хэвлэл мэдээллийнхэн, сонгуульд дайчлагдсан хүн бүрийн чимээгүй хүсэл. Улс төрөөс, сонгуулиас залхсан бас цатгалдсан бүх нийтийн залхалт.
Гэтэл телевизээр гарч байнаа бүр давтан давтан. Болхи, заваан гудамжны яриагаар, айлын авгай нарын хов живийн хүрээнд улс төрийн том том асуудлыг нутгийн аялгаар, учир замбараагүй бурж байх юм. Ой гутам, өөр хэлэх үг ч олдохгүй байна. Ядахдаа үзэгчдийг, олон түмний итгэл үнэмшлийг хүндлэх соёл, ёс суртахуун гэж ёстой түй ч алга.     Монголчууд өндөр боловсролтой, эсвэл өөрсдийгөө тийм гэж итгэдэг бардам ард түмэн гэдгийг намуудын Пиарчидад сануулъя. Үнэхээр ардчилсан, харьцангуй тогтвортой нийгэмд /манай нийгэм тийм гэдэгт итгэж байна/ нэг удаагийн эсвэл хэсэг хугацааны болхи заваан нэвтрүүлэг нийтлэлээр ард түмний итгэл үнэмшлийг хуйгаар нь эргүүлж дөнгөнө гэж яаж сэтгэж байнаа.
Шударга сонгуулийн төлөөх бидний явуулсан үйл ажиллагаа ч бүх нийтийн улс төрийн итгэл үнэмшлийг бүрэн төлөөлж, бүгдийг өөртөө татаж чадахгүй нь үнээн. Гэхдээ хууль, шударга ёсны төлөөх бидний тэмцэл мохохгүй бөгөөд бид бүхнийг дэмжиж буй сонгогчдын тоо хамгийн мундаг нэр дэвшигчийн авах саналын тоог хэд дахин нугална гэдгийг итгэлтэй хэлж чадна.
Ардчилсан сонгууль аливаа ард түмний эв нэгдэл, ашиг сонирхлын зөвшилцөх цэг, асуудлаа ойлголцох боломж байх атал манайд эсрэгээр өөр хоорондоо муудалцах, дайсагнах, үзэн ядах, эвлэршгүй тэмцлийн талбар болоод байна. Дөрөв бүү хэл дөчин жил найзалсан андууд нэгээсээ зугтан гудамжны хоёр талаар зөрж, нэг гэр бүлийн хоёр улс төржснөөс болж телевизээ хага өшиглөж, ангийн андууд намчирхан, нармайгаа нээлцэх нь “Монгол” сонгуулийн үзэгдэл.
“Сайн байна уу” гэж мэндлэхэд хүртэл улс төрийн өө сэв хайж, шулуухан шүүмжлэл, зөвөлгөө өгөхөд өмнөөс субъектийн дайралт гэж хүлээж авдаг, улс төрөөс ийм хамааралтай, эмзэг мэдрэмтгий байх нь зөвхөн сонгуулиар төдийгүй “жирийн” үед ч Монголчуудыг өөрийн эрхшээлд оруулах, байлгах сонирхолтой гүрнүүдийн хувьд улс төрийн тоглолт хийх сайхан бололцоо олгодгийг ард түмэндээ сануулж хэлье.
Эцэст нь хэлэхэд, нийт сонгогч олон түмэн сонгуульдаа идэвхтэй, тав арван төгрөг, эд бараа, нэг удаагийн улс төрийн хиймэл сурталчилгаанаас ангид өөрийн чин итгэл үнэмшлээрээ сонголт хийнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлье. 2008 он

No comments:

Post a Comment

Сэтгэгдэл

Хулгана дагадаг оцон шувууд :-)