PR – олон нийттэй харилцах урлаг гэсэн утгаар монгол хэлнээ утгачлан буулгаж байна. Манайд уг нэр томъёо хэрэглэгдээд 10 жил болж амжаагүй хэдий ч өдгөө амт нь алдагдаж, сүүлдээ бүр адлагдахад хүрсэн нь олон шалтгаантай. Баруунаас эхтэй уг ойлголт нь нарийн чимхлүүр бөгөөд өндөр мэргэжил чадвар шаарддаг, нийгмийн харилцааны бие даасан салбар төдийгүй шинжлэх ухаан болтлоо хөгжсөн байдаг ажээ. Харин манайд эхнээсээ л болхи ядуу утгаар ойлгож, мунаг байдлаар хэрэглэж эхэлсэн нь харамсалтай.
Агуу PR-ийн төлөвлөгөөнүүд ингэж эхэлсэн юм. “Face PR”, “Монголын PR ассоциаци” агентлагууд 2004 оны сонгууль угтан байгуулагдаад эхний хийсэн ажил нь “Оны шилдэг улс төрчид”-ийг шалгаруулж, өргөмжлөл гардуулах ажиллагаа байлаа. Уул санаа нь уг нөхдүүд л УИХ-д өрсөлдөхөөр заяагдсан гэж ойлгуулах санаатай “Шилдэг 76 улс төрч” шалгаруултал, үүнд багтаагүй гарууд “Өмнөхөөс ч шилдэг 99”-ийг санаачлан, нэрээ багтаав. Үүнд овоо хэдэн төгрөг төлсөн гэгддэг. “Шилдэг 99”-ийг зохион байгуулсан нөхдүүд бантсандаа “76 гэхээр цөөдөөд байнаа. Сайн анзаарвал Монгол чинь аймаар олон шилдэг улс төрчид, нийгмийн зүтгэлтэнтэй юм байна” гэсэн тэнэг тайлбар тавьсан юмдаг. Өнгөрсөн оны эцсээр мөн л уг ажлаа зохиохоор сонин хэвлэлд зар өгснийг уншигчид маань харсан байх.
Ганц улс төрийн талбараар зогсохгүй нийгмийн олон салбарт “Мунаг PR” газар авсан юм. Гэнэн хэрнээ хүний шунал сэтгэлийг татаж, нийгмийг тэр чигт нь доргиосон, үр ашгаа хэд дахин нугалж чадсан PR бол хадгаламж зээлийн хоршоодын алдарт суртал ухуулга байлаа. Урлаг соёлын од, улс төр, бизнесийн салбарын лидерүүдтэйгээ нийлээд нийгэм тэр аяараа энэхүү PR-ийг гардан хийсэн юм. Эрүүл байтугай согтуу ухаанаар бодоход илт луйвар, залилан гэдэг нь харагдахаар мунаг бас агуу PR. Телевизийн нэг сурталчилгаа нь явж байна. “Нэг нөхөр албаны ширээнийхээ ард суугаад яаж мөнгө олох вэ гэж тархиа гашилгана. Гэнэт нэг мундаг шийдэл оллоо. Хадгаламж зээлийн хоршоонд хандах… Тэнгэрээс мөнгө асган орлоо. Хамгийн амархан баяжих боломж бол энэ ХЗХ (тоглосон жүжигчний нэр хүндийг бодоод ХЗХ-ны нэрийг нууцлав). Эрхий хуруугаа гозойлгов.” Гозойсон хурууны үр дүн, нийгмийн бухимдал, цус нулимс, тэрбум тэрбум төгрөгийн хохирол, хүний амь нас, эрүүл мэнд, жирийн иргэдийн татварын мөнгө. Сургамж нь – тэнгэрээс мөнгө зүгээр асгардаггүй л байхгүй юу даа.
2004 оны сонгууль улс орны хөгжлийн бодлого, стратегийг боловсруулагч байх ёстой өнөө том нам хүчнүүдээс (жижгүүд нь ч дүүрч) санаачлан “Хэн хамгийн молхи, мунхаг PR хийж сонгуульд ялах вэ” уралдаан зарлалаа. Хүүхдийн 10.000 төгрөг, шинэ гэр бүлийн 500.000, алдарт эхийн мөнгө, төрийн албан хаагчийн цалинг хэд дахин нэмэх… Жагсаалт уртаас урт.
Харамсалтай нь өдгөө “мунаг PR” улам бүр төгөлдөржиж байна. Нэг нөхөр УИХ-д өрсөлдөх гэж байгаа бололтой. Сонинд шар мэдээ өгчээ. “Ноён Б УИХ-д өрсөлдөх нүхээ малтав” гэсэн гачиг дор “Нөхөр Б нь аймаг орон нутгаа дэмжих ТББ байгуулан, улмаар нутаг орныхоо хөгжилд хувь нэмэр оруулан хэд хэдэн удаа очиж айлчлав. Энэ нь УИХ-д өрсөлдөх бэлтгэлээ хангаж буй хэрэг юм. Тэгээд ч нутаг орныхон нь түүнд ам сайтай байна лээ” гэж байна. Өөрөө биш юмаа гэхэд захиалж бичүүлсэн сэтгүүлчийнх нь хийж буй ажил. Энэ хүнийг алах гээд байна уу, аврах гээд байна уу бүү мэд.
Дээрх бол хөнгөн жишээ. Сүүлийн үед дэлгэрээд байгаа PR-ийн моод бол аав ээж, өвөө эмээгийнхээ хөшөө чулууг барих. Уг хөшөө, суврагыг бариулсан нөхөр “Энэ орон нутагт би өрсөлдөнөө. Миний дархалсан газар шүү” гэдгээ өрсөлдөгч нартаа болон нутаг орныхондоо “эвтэйхэн” ойлгуулж байгаа хэрэг юм. Орон нутагтаа таван хүн багтаад орчих олигтой байшин савгүй хэвтэж, мундаг хөрөнгө зарсан агуу хөшөө цогцолборуудтай улс мөдхөн болох нээ. 2015 он гэхэд хөшөө дурсгал, суврагагүй нэг ч аймаг сум үлдэхгүй гэж мөрийцөхөд ч бэлэн байна. Суртал ухуулга дээр оршин тогтнож байсан социализмын үед ч ингэтлээ утгаа алдаж хөшөө чулуу гэж хөрөнгө хүч хаяж байгаагүй дэг.
Саяхан телевизээр хэсэг нөхөд ёстой “мундаг” PR хийв. Төрийн захиргааны байранд дайран орж, олон хүн архинд хордсны буруутан этгээдийг олж, улмаар шийтгэх кампанит ажил өрнүүлэв. Ахлагч нь бололтой нөхөр цамнаж байна. “Архинд хүмүүс хордсон нь та нарын буруу, Та нар л эндээс зайлвал дахиж архинд хүн хордохгүй, Чамайг огцрохыг шаардахгүй, харин зайлахыг шаардаж байна.” Уул нь ахлагч гэгдэх нөхөр улс төр судлаач, эрх зүйч мэргэжилтэй, доктор цолтой хүн юм гэсэн. Хэлж буй зүйлд нь утга санаа, логик юу ч алга. Анх гудамжнаас эх авч, улмаар “Мундаг том” гэсэн утга бүхий нэртэй нам болж зохион байгуулагдсан тэдний хийсэн PR нь олон түмнийг цаашлаад хар массыг өөртөө татах зорилготой популист ажиллагаа байсан бололтой. Гэвч популист байх зорилгоо ч хангаж чадсангүй. Учир нь популист нь ард түмэн, масст таалагдахуйц уриа лоозонгоороо ялгардаг бол “Мундаг том”-ууд зөвхөн өөрсддөө, өөрсдийн дүрдээ таалагдсан тоглолт зохиосноор хязгаарлагдсан юм (Тухайн албан тушаалтан огцорсон нь өөр олон учир шалтгаантай болохыг хэлэх хэрэгтэй).
“Мунаг PR” газар авах нь нийгмийн хөгжилд өчүүхэн ч тусгүй бөгөөд харин ч нийгмийн санаа бодлыг болхижуулж, олон түмний сэтгэл хөдлөлийг ашиглан өөрсдийг нь даажигнан тохуурхаж, нийгмийн ухамсар соёлыг доройтуулахад хүчтэй нөлөөлдөг байна. Авах зүйл бас бий. “Иймэрхүү тэнэг зүйлд итгэж болохгүй шүү” гэсэн асуудалд буурь суурьтай, хашир хардамтгай хандах байдлыг төлөвшүүлэхэд сайн талтай гэж болно.
Эцэст нь сэрэмжүүлэг. “Энэ нэр дэвшигч нь Монгол улсад үлдсэн цорын ганц шудрага, эх оронч, хөрөнгө мөнгөний хойноос ерөөсөө хөөцөлддөггүй, ард түмний төлөө төрсөн, бараг л бурхны дүү хүн юм гэсэн PR-ийг өргөнөөр сурталчлавал зохистой” (2008 оны сонгуулийн PR төлөвлөгөөнөөс…/маш нууц/). 2008 он
No comments:
Post a Comment
Сэтгэгдэл