2010/10/07

“АРД”-ИСТ МОНГОЛ, “АМ–АЛДАГ” УЛС ТӨР

Нийгэм хөгжлийн vе шат бvр өөрийн онцлогийг илтгэсэн vзэгдэл, vйл явц цаашлаад ойлголт, vг хэллэгтэй байдаг ажээ. 1990 оны ардчилсан хувьсгалаас хойш улс төрийн хэллэгт олон vг моодонд орсны нэг нь популизм хэмээх ойлголт.

Худлаа амладаг, сайхан ярьдаг ч, сайн хийдэггvй гэсэн утгаар өрсөлдөгчдөө шvvмжлэх утгаар улс төрчид хэрэглэж ирсэн гэж болно.

Нэг амьсгаагаар улс төрийн шийдвэр гаргах, асуудлыг хэтийдvvлэн авч vзэх эсвэл хялбарчлан тайлбарлах, олон тvмний энгийн ядуу ухамсрыг “өмгөөлөх”, ард тvмний сэтгэлд нийцэх чанар /мэдээж хувийн зорилгодоо ашиглахын тулд/-ыг уг ойлголт тусгадаг гэнэ. Уг тодорхойлолтыг өвч утгаар нь өөртөө шингээсэн нам, улс төрчид Монголоор дvvрэн байна.

Өнгөрсөн зуун популист vйл явдлаар нэн баялаг бөгөөд олон популист лидерийг төрvvлсэн цаг vе байлаа. Маркс, Ленин, Хитлер, Муссолина, Мао Цедун нар хямралаас гарах яаралтай бөгөөд хялбар арга замыг амлах, баялгийг хуваарилах, язгууртны эрх ямбыг хасах, өвөрмөц онцгой хувь тавилан, нийгэмд шудрага ёсыг тогтоох зэрэг эгэл борчуудын чихний чимэг болсон алдарт уриа лоозонг дэвшvvлэх зэргээр бvхэл бvтэн популизмын дэг сургуулийг бий болгожээ.

Италийн ерөнхий сайд асан С.Берлускони “Би сая сая ажлын байр бий болгоно”, “Гэрийн эзэгтэй нарт ажлын хөлс олгох ёстой”, Оросын Думын гишvvн В.В.Жириновский “Би сөхөрсөн орос орныг өвдөг дээр нь өндийлгөн босгоно”, “Бид энэтхэгийн далайд гутлаа угаана” гэх зэргээр шинэ зууны популист лидерvvд халааг авсан юм. Манайхан ч мөр зэрэгцэн Ц.Элбэгдорж “Манай засгийн газар ядууралтай дайн зарлалаа”, “ Хоёр сая Чингис сэрлээ”, Б.Жаргалсайхан “Би ерөнхийлөгч болвол хөгжингvй орнуудаас 100 тэрбум долларын зээл авч Монгол улсыг цэцэглvvлнэ”, “Би та нарын хулхин дээр бус амьдрал дээр чинь цэцэг ургуулна“ гэх зэрэг аугаа уриа лоозонг дэвшvvлсээр…
Популизм нийгмийн сөрөг vзэгдэл. Чухамдаа нийгэм ардчилсан соёлыг мөчид ухварласан олон тvмэн хийгээд ядуурал, гэмт хэрэг, авилгал аль болохгvй бvтэхгvй болгонд хэдий чинээ идэгдэх тусам төдий хэрээр популизм цэцэглэн хөгжинө. Яг өнөө амьдрал хэцvvдэхэд “лам, нам хоёр гаардаг” шиг. Популизм хэр газар авсныг дээрх хоёр этгээд хэр vржснээр нь ч тодорхойлж болох нь.

Энэ vед популистууд нийгмийн толгойд зайдагнан сууж, улмаар төр засаг авилгач завшигч, хуйвалдагч, хууран мэхлэгч этгээдvvдээр дvvрэх хөрс суурийг бvрдvvлдэг. Уул нь популист болгон авилгач завшигч, хууран мэхлэгч биш л дээ хөөрхий. Харин төрийг өөрийн явцуу ашиг сонирхлыг хангах хэрэгсэл, баялгийг өөртөө болон өөрийн талыханд хуваарилах машин болгохыг эрмэлзэгчид бvгд популист болж чаддагт асуудал оршино.
Тэдний хувьд ямар ч хамаагvй vнээр улс төрд гарах нь чухал. Бусад нь падлийгvй. Өөрөөр хэлбэл, шударгаар сонгуульд өрсөлдөх, хийсэн vйлдлийнхээ одоогийн хийгээд ирээдvйн vр дагаврын талаар огт боддоггvй гарууд. Олон тvмний сэтгэл санааны тогтворгvй байдал, мартамхайг далимдуулан өнөөдөр нэг зvйл, маргааш тэс ондоог хэлэх нь гэм биш зан.

Харин зорилгодоо (төрийн эрхэнд гарч, нийгмийн баялгийг ахиухан хvртэх) хvрэхийн тулд PR (populist relations гэсэн vгийн товчлол шиг байгаа юм), улс төрийн имиж, сонгуулийн технологи мэтийн олон тvмнийг өөртөө татах аргуудыг бvрэн төгс эзэмшсэн байдгаараа онцлог.
Аливаа нийгэмд эдийн засагчид чухамдаа хамгийн прагматик, vйл явдлыг эрvvл саруулаар харж чаддаг тооцоотой хvмvvс байдаг. Гэтэл манай улс төр дэх эдийн засагчид болхи прагматик, популист хэв шинжийг давхар агуулсан “хосгvй” мэргэжилтнvvд байдаг. Тэд төрөлхөөсөө (социализмын vеэсээ) баялгийг бvтээхэд бус, баялгийг хуваарилах тухайд толгой нь ажилладаг. Хуваарилахдаа бvр ямар ч vр өгөөж, ашиггvйгээр болхи байдлаар тарааж өгөх арга замыг сэдэхээс өөрөөр гавьдаггvй. Зvгээр тарааж байгаа зvйлийг авахаасаа ичилтэй биш ядуу масс оочирлож байгаад хvртэхээс өөр яалтай. Ард тvмэн бол популизмаас хувь хvртэгч бөгөөд нэгэн зэрэг популистуудын золиос. Нэг гараараа өгөөд нөгөө гараараа салгаж байгааг нь vл анзаарна.

Улс төрийн хөдөлгөөн (уг нь шинжлэх ухааны нэршил нь л дээ) гэх “захиалгат” хөдөлгөөн, хvмvvсийн эгэл бөөгнөрөлvvд ард тvмэнд таалагдах урлагийг бvтээгчид байх нь олонтаа. Тэд “эгэл борчууд”-ын жинхэнэ хvсэл эрмэлзэл, “ард тvмний дуу хоолой”-г vйл ажиллагааныхаа хөтөлбөрөө болгосон (чухамдаа ямар ч хөтөлбөр төлөвлөгөө гэж тэдэнд байдаггvй) мэтээр нийгэмд ойлгуулахыг хичээж, энэ нь ч чиглэсэн байндаа хvрч чаддаг байна. Харамсалтай нь тэдгээрийн шударга гэх vйлдэл нь ардчиллын аргаа барсан арга хэмжээ байлаа ч чухамдаа ардчиллыг бvхэлд нь доройтуулах чадвартай нөхдvvдийн зорилгодоо хvрэх хэрэгсэл төдий зvйл болж хувирдаг. “Яг одоо хувьсгал ялах гэж байна Монголчуудаа мориндоо!” (энэ эрхэм зууны суут эсвэл зvгээр л сэтгэцийн өвчтөн байх) хэмээн тунхагласан нь 2 жилийн өмнөх явдал. Хувьсгал ялсаан vнэхээр. Араа боддоггvй, хэлсэн vгэндээ хариуцлага хvлээдэггvй, сонгуулийг хувийн ашиг сонирхлоо хэрэгжvvлэх эр мэдэлд хvрэх гарц, бололцоогоо гэж харсан увайгvй гаруудын нэр хvнд өсч, бодлого бус худал амлалт, чадвар, боловсрол бус мөнгө улс төрийн амьдралын “зvй ёсны шударга” тоглоомын дvрэм болох популизмын алтан vе эхлэх хувьсгал ялсаан. Засгийн эрхийн төлөө дуртай дух болгон зvтгэх боломжтой гэдгийг мэдрvvлсэн хувьсгал ялсан. Хувьсгалыг Магнайлагчийн vг vнэн байжээ.
Нийгмийн өмнө байтугай өөртөө хариуцлага хvлээхгvй гудамжны нөхдvvдээ байг гэхэд улс орны өмнө мөнхийн хариуцлага хvлээх vндэсний хэмжээний нам хvчнvvд популизмын vvр уурхай болж байгаа нь хэн бvхэнд тодорхой.

Сонгууль бол эрх мэдэлд санаархагчдын “популист синдром”-ыг хөдөлгөдөг улирал юм. Энэ vед популизм туйлдаа хvрч амандаа байтугай тархиндаа багтахгvй санаа, мөрөөдөл vйлдвэрлэж гарна. Угаас овоо багтаамжтай тархитай нөхөд тийм араа бодоогvй юм юу гэж хийхэв дээ.
2004 онд популизм хөгжлийн өндрөө авч, популистуудын хувьд ард тvмний “итгэл найдлага” дээр тоглох, олон тvмэнд зулгуйдах зэрэг популизмын хамгийн болхи арга технологийг vр дvнтэйгээр ашиглаж чадсан туйлын vр өгөөжтэй жил байлаа. “Итгэлийн 10.000”, “шинэ гэр бvлийн 500.000”, “шинээр төрсний 100.000” гэх мэт дуу дуугаа авсан хувь хvртээх операци нь чухамдаа болхи улс төрийн намуудын болхи өрсөлдөөний ялгадас байлаа. Ядаж байхад улс төрийн намууд нь Монгол Ард (популистууд)-ын хувьсгалт нам, Ард (популист)-чилсан нам, Ард тvмний (тэр чигээрээ популист) нам, Монголын Ард (популист)-чилсан шинэ социалист (утопи) нам зэрэг гуншинтайг хэлээд яана.

Популизм нийгмийн хөгжил цэцэглэлтийн эрч хvчийг сорж, хойш нь чангааж байдаг. Нийгэм бvхэлдээ тэдний vг ярианд мансуурч, мөрөөдөл зөндөө автах зуур цаг хугацаа цахилан өнгөрч, хөгжил цэцэглэлт холдон одно. Сонгуулийн их нvргээний vеэр “ам-алсан”-даа бантаж аар саар зvйлээр сонгогчдоо аргалсаар нийгмийн амьдрал нь дөрвөн жилийн хэмнэлээр дороо хий эргэнэ.

Ерөнхийдөө аугаа том зорилго дэвшvvлдэг ч хэрэгжvvлэх арга зам vгvй, эсвэл арга замыг нь заасан байлаа ч амьдрал дээр хийх боломжгvй утопи шинжтэй асуудал хөнддөг бvхий л нөхдийг л популист гэж нэрийдэж болох нь. Энэ утгаараа нийгмийн аль болохгvй бvтэхгvй болгоныг шvvмжлэн буруушааж, хий бухимдах хэдий ч ахиулах тал дээр гар бие оролцдоггvй эрхэм Баабартан ч популист байх нь ээ. Гэхдээ нийгмийн болохгvй бvтэхгvй бvрийг популистууд руу чихэх нь өрөөсгөл хэрэг юм. Тэднийг хөхиvлэн дэмжиж, өөгшvvлэн дэвэргэхэд хvргэж буй олон тvмэн бас буруутай.

Популизмыг нийгмийн сөрөг vзэгдлийн хувьд эрvvлжvvлэх бэлэн жор vгvй. Нэгэнтээ “Урагшгvй төрийн төлөөлөгчдөөс ард тvмэн цус урсгалгvй салж чадах бололцоог ардчилал гэнэ” гэсэн К.Попперийн vг бий. Гэтэл манай нөхцөлд дараа дараагийн эрх баригчид нь урагшгvй (популист) байвал яана гэсэн асуулт гарч байна. “Ямар ард тvмэн байна тийм төр буй”. Ямартай ч нэн тэргvvнд ард тvмэн буюу сонгогчид эрvvл, ухаалаг хандаж, асуудалд нэг удаа ч болов ходоодоор бус голч, холч ухаанаар хандах сэтгэлгээтэй байх нь гол хvчин зvйл гэж хэлэх байна.  2008 он

No comments:

Post a Comment

Сэтгэгдэл

Хулгана дагадаг оцон шувууд :-)