2010/10/07

АРД ТҮМЭН БОЛ АВИЛГАЧ

Ардчилал хийгээд сонгуулийг мөнгөгүйгээр хэрэгжүүлэх боломжгүй нь онол хийгээд практикын хувьд тодорхой зүйл. Гэхдээ энэ нь хир хэмжээнээс хэтэрсэн хөрөнгө мөнгө зарцуулах тухай асуудалтай огтоос холбоогүй гэдгийг юуны өмнө хэлье. Угаас сайн сайхан гэгдэх зүйлийн ч тун хэмжээ хэтрэх нь сөрөг муу тал руу уруудахад хүргэдэг жамтай. Олон улсын туршлага ч нэр дэвшигч, нам хүчин, цаашлаад улс орон бүхэлдээ сонгуульд их хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулах явдлыг сөрөг утгаар авч үздэг юм. 

Сонгууль нь ардчиллын үндсэн институц хэдий ч өөрийн болон улс орны эдийн засаг сэхээ авахаа больтол хөрөнгө хүчээ барах ёстой үйл явц биш ээ. Мундаг нэг, “Монгол” эдийн засагчийн хэлснээр нийгмийн баялгийг хуваарилах чухал аргын нэг бүр ч биш. /Мөн хадуурч байгаа шүү./ Авилгалыг төрийн эрх мэдэлтнүүд л авч өгөлцдөг тухай уламжлалт ойлголт бий. Гэхдээ цар хүрээ, учруулах үр дагавар, уршгийн хувьд үлэмж өргөн, авилгалын бусад төрлүүд цэцэглэх үндэс болдог нэг зүйл бол сонгуулийн авилгал /electoral corruption/ юм. Онолын хэлээр сонгуулийн авилгал гэдэг нь сонгогчдын саналыг худалдан авах зорилгоор явуулж буй бүхий л үйл явцыг багтаана. Манайд үзэгдэл нь бүрэлдээд удсан ч ойлголт нь төлөвшөөгүй хэвээр байна. Сонгуулийн авилгал хоёр гурван хүнээр хязгаарлагдахгүй, нийгмийг бүхэлд нь хамардаг атлаа бүгд мэдээгүй юм шиг царайлж чаддаг, өгч авалцах нь ил нээлттэй хэрнээ хэн ч хариуцлага хүлээдэггүй гэмт хэргийн онцгой төрөл юм. Энэхүү авилгалаас гадуур үлдэх нийгмийн нэг ч институци, үнэт зүйл үгүй нь хамгийн аймшигтай. Ард түмэн, хэвлэл мэдээлэл, төр засаг, сүм хийд, сургууль боловсролын газрыг бүгдийг нь худалдан авна. Нийгмийн үнэлэмж, үнэт зүйлийг бүгдийг нь шалд нь унагана. Хууль дүрэм, ёс суртахуун, шударга ёс, итгэл үнэмшил, улс төрийн эрх чөлөө, сонголт, эх оронч үзэл… Үхлийг хүртэл өөртөө ашигтай эргүүлж чадна гээч. 
Сонгуулийн авилгал Монголын улс төрийн тогтолцоо, ардчилсан сонгуульд аюул учруулаад зогсохгүй, зайлшгүй чухал бүрдэл хэсэг болж хувирчээ. Өөрөөр хэлбэл, улс төрийн тоглоомын дүрэм, хэм хэмжээ, зүй тогтол, үнэт зүйл болчихсон гэсэн үг. Өнгөрсөн 2004 оны сонгууль хийгээд ээлжит энэ удаагийн сонгууль, хэрхэн сонгуулийн авилгалаар ард түмнийг маллаж болдгийг харуулсан том туршилтууд. Нэр дэвшигчид, нам эвслээс сонгогчдод хаясан өгөөшнөөс хамгийн түрүүнд мөнгө төгрөгийг үмхэж авч байгааг цаад хэд чинь хамгийн түрүүнд анзаарч, үйлдэл үг болгоноо ийнхүү чиглүүлж байна. Бүгд л улаан цаймдаа гарчээ. Өнөө нийгмийн жолоо чигийг барьдаг, нийгмийг араасаа чирч явдаг гэх сэхээтнүүд хүртэл хэн их мөнгө өгснийг нь сонгох тухай ам бардам хэлж суухыг сонслоо. Анхааруулж хэлэхээр “чадаж байгаа юманд арга байхгүй ээ дүү минь” гэсэн бэлэн хариулт. Сонгуулиар нам эсвэл, нэр дэвшигч бүгдийг царайчилж, сонгогч бүр үнэд ордог нь үнэн. Танд бөхийж, танаас гуйж, танд өгч, хөлс баасаа гоожуулж харагддаг нь үнээн. Гэвч юмс харагдаж буй шигээ сайхан байдаггүй. Таныг итгэл үнэмшилтэй чинь, үр хүүхэдтэй чинь, ирээдүйн амьдрал, ирээдүйд ирэх орлого, бизнесийн боломжийг чинь урьд үеийн доншуур наймаачин шиг хямдхан үнээр худалдаж авч байгаа хэрэг. 
Бид төр засаг, эрх баригчдад тавих хамгийн том хяналтаа нэг хоёр шил архины үнээр /бүр архиар ч хүртэл шүү/ худалдаж байна. Таныг доромжилж байна. Увсын нэг нөхөр гарч байнаа телевизээр. Улаан цайм хүн амьтанд үнсүүлж ирээд мөнгө төгрөг тараагаад. Ард түмэн нь баярын доголон нулимстай мөнгийг хармаа руугаа хийнгээ, нутгийн буянтай хүүгээ гаргахаас өөр аргагүй болсноо учирлаад л. Ич ард түмээн. Танд авилгал өгч сонгогдоод, дараа нь таны нэрээр авилгал авч эхлэх үед авилагчийг сонгочихож гэж хэлэх эрх таньд үлдэхгүй. Чадаж байгаа юманд арга байхгүй ээ гэж… 
Би ард түмнийг буруутгаж, доромжлох гэж гашуун хатуу хаяг, үг хэрэглэх гэсэнгүй. Авч өгсөн аль ч нөхцөлд ард түмэн л эцсийн мөчид хохирдог гэдгийг ойлгуулах гэсэн юм. Зүгээр л нэг хармаанаас аваад нөгөө рүү нь хийх механик үйлдэл гэдгийг олж хараасай гэж хүссэн. Ядуу ард түмнийхээ амьдралыг ойлгож учирлаж буйгаа илэрхийлэх атлаа зуу зуун саяар нь өөрийнхөө малийтал инээсэн зураг, самбарыг өлгөөд, хэзээ хийгдэх нь мэдэгдэхгүй мөрөөдөл, зөвөлгөөтэй ном сурах бичиг тараах үйлдэл нь хэр шударга зүйл болохыг анзаараасай гэж хэлсэн юм. Монголд сонгуулийн авилгал нь өөрөө өөрийгөө бий болгоогүй нь тодорхой. Нэн тэргүүнд бохир бизнес, эрх мэдэлд хүрэхийн тулд ямар ч хамаагүй арга замаар сонгуульд ялах гэсэн хүсэл шуналтай этгээдүүдээс эх сурвалжтай. УИХ гэдэг эрх мэдлийн дор амиа хамгаалах түүний нэрээр өөрийн луйвар булхайгаа нуух зорилгоор мөнгийг баруун солгойгүй цацаж буй нөхдүүд ч байгаа гэдгийг хэлэх хэрэгтэй. Цаашлаад хаанаас ямар эх /бас их/ үүсвэрээс нь үл мэдэгдэх хөрөнгө санхүүгээр санхүүжин өрсөлдөж буй нөхдүүд ч энэ удаагийн сонгуулиар ихээр бэлчиж байгааг ард түмэндээ сануулъя. Сонгуулийн авилгалаас яаж ангижирч болох вэ? Мэдээж нэг цохилтоор асуудлыг шийдвэрлэх боломжгүй нь тодорхой. Гэхдээ ардчилсан сонгуульд иргэний нийгмийн хяналт оролцоог өргөжүүлэх, иргэдийн улс төрийн боловсролыг дээшлүүлэх, сонгуульд иргэдийн бодит ашиг сонирхлыг хангахыг шаардаж эхэлснээр асуудлыг шийдвэрлэхэд том алхам хийгдэнэ гэсэн үг. Сонгуулийн системээ л өөрчилвөл бүгд төгс төгөлдөр болох тухай улс төрчдийн тайлбар, учирлал хангалттай явагдсан. Хичнээн сайхан орд өргөөнд орууллаа ч эзэн хүн нь арчаагүй, буруу хэвшил зуршилтай бол удалгүй хана тааз нь бохирдож, арчилж тордохгүйн улмаас эцэстээ нурж унахад хүрнэ. Бидний үлгэр загвараа болгодог өрнө дахинд ч сонгуулийн систем төгс бус гэхдээ тоглоомын дүрэм нь тодорхой, тогтвортой, шударга байдаг. 
“Сонгогч түмэн дөрвөн жилд нэг удаа гэдийдэг. Харин үлдсэн хугацаанд өөрийн сонгосон төлөөлөгчөө царайжилж, бөхийдөг” гэсэн үг бий. Төрийн эрх баригчдыг бидэнд бурхан, эсвэл гадаад улсаас үйлдвэрлэж нийлүүлдэггүй. Зөвхөн бид сонгодог, дараа нь өөрсдөө, зөвхөн бид л харамсдаг. Ард түмэн минээ, нэг өдөр бус насан туршдаа толгой гэдгэр, сэтгэл өөдрөг, амьдрах эрхтэй. Өнгөрсөн сонголтдоо харамсахгүйн тулд өөрсдийгөө, төрийн төлөөлөгчтэйгээ цуг доромжуулахгүйн тулд ялангуяа авилгал өгч, саналыг чинь худалдан авч байгаа хэн бүхнээс үл хамааран улс төрийн сонголтоо зөвхөн итгэл үнэмшлээрээ хийхийг уриалж байна.                                                    2008 он

No comments:

Post a Comment

Сэтгэгдэл

Хулгана дагадаг оцон шувууд :-)