2010/10/17

УЛС ТӨРЧДӨӨС БИД ЮУ ШААРДВАЛ ЗОХИХ ВЭ?


Улс төрчдөөс масс олон юм хүсэн хүлээж, хийхийг шаардаж байдаг нь нийгмийн зүй тогтол. Ерөөс хүмүүн гэгч бурхан, төр бас чөтгөр гурав л өөрийн нь биелээгүй хүслийг гүйцээж байдаг гэсэн далд ухамсартай өвөрмөц амьтан.
Энэ удаад улс төрчдөд хэрхэн хандаж, шаардлагаа хэрхэн оновчтой тавих тухай санааг тэдгээрийн хэр чадлаар нь ангилах байдлаар харуулсан болно.
Аугаа улс төрийн зүтгэлтэн. Энэ хүнээс юу ч шаардах, хүсэх хэрэггүй. Товчхондоо юу хийхээ хэнээр ч хэлүүлтгүй мэддэг. Тэр дэлхийн хэмжээнд сэтгэдэг /Магадгүй бүр галактикийн түвшинд/. Тэр олон түмний хүсэж шаардаагүй, санаанд оромгүй зүйлийг хэдий нь сэтгэж хийж эхэлсэн байдаг. Хийсэн алхам бүр нь ямар нэг алдаа үл гаргах тул өөртөө дэндүү итгэлтэй байдаг. Түүнд олон түмнээр хайрлуулах, тэдэнд хүндлүүлэх, өөрийн хийснээ таниулах гэж уйлагнах, сурталчлах ямар ч шаардлага байхгүй. Ийм удирдагчтай ард түмэн улс төр, улс төржих хэмээх ойлголтоос үндсэндээ ангижирдаг. Гэвч түүний нэр алдар эрин зууныг дамжин алдаршиж, цаг өнгөрөх бүр улам тодрон гялалзаж байдаг.
Харамсалтай нь ийм удирдагч аль ч нийгэм, ард түмний хүсч байдаг улс төрийн хамгийн дээд “идеал” бөгөөд  хүн төрөлхтөн олон мянган жилд  ганц хоёр удаа л төрөх магадлалтай тул бидний хувьд бусад улс төрчидтэйгөө тулж харьцах үлдлээ.
 
Шилдэг удирдагч. Өнөө янз бүрийн шалгуураар сонин хэвлэл, телевиз радиогоор сурталчлан оны эсвэл зууны хэмээн цол гуншин авсан нөхдийг хэлээгүйг юуны өмнө сануулъя.
Тэр улс орноо төдийгүй бүс нутаг, дэлхий нийтийн түвшинд чадварлаг удирдан манлайлж, хэтийн бодлогыг тавь, жар бүр тэрнээс дээш хугацаанд төлөвлөн боловсруулж хэрэгжүүлж байдаг. Түүний хэлсэн хийсэн бүрийг  өөрийн нь ард түмэн төдийгүй бусад улс орны удирдагчид хүндэтгэн хүлээж авдаг. Алдаа гаргалаа ч агшин зуурын дотор засварлан, улам шинэ сайн шийдвэрийг гаргаж чаддаг. Түүнийг юу хийж байгааг зүгээр л ажиглаж байхад л хангалттай бөгөөд нийгмийн хүсэл сонирхлыг аль хэдий нь анзааран хэрэгжүүлэх алхмаа тооцчихсон байдаг чадвартай.
Ийм удирдагчид олон зуун жилд ганц хоёр удаа төрдөг тул бидэнд дараагийн улс 
төрчидтэй тулж ажиллах үлдлээ.
 
Сайн улс төрч. Тэр нийгмийг хэрхэн удирдах, араасаа дагуулахаа мэддэг, бас яггүй сайн бодлого шийдвэр гаргаж чаддаг тул нийгмийн талаас дээш хувь нь түүнийг дэмжиж байгаагаа байнга илэрхийлдэг. Түүнийг улс төрийн тавцангаас холдонгуут л олон түмэн үгүйлж эхэлдэг тул дахин улс төрд гарч ирэх нь олонтаа. Тэр юу хийж байгаа болон юу хийхээр төлөвлөж буйгаа олон түмэнд сайн ойлгуулж чаддаг.
Сайн улс төрчид өөрийн санаачлагаар гол төлөв хийж бүтээдэг. Гэхдээ үүнээсээ болж алдах үе гарах бөгөөд энэ үед л олон түмний дэмжлэг түүнд дэм тулгуур болдог. Тиймээс олон түмний зүгээс амжилттай хэрэгжүүлж буй ажил үйлсийг нь дэмжин урамшуулж, алдаа гаргах вий гэдгийг нь сэрэмжүүлж байхад л хангалттай. Ийм улс төрчид олон арван жилд нэг хоёр төрдөг тул бидэнд бас боломж олдохыг үгүйсгэхгүй нь ээ.
 
Дунд улс төрчид. Тэд нийгмийн маш сайн сонсож, асуудалд мэдрэмжтэй ханддаг тул бага биш хугацаанд улс төрийн тавцанг эрхшээдэг. Гаргасан бодлого нь үр дүнтэй байх нь бага биш бөгөөд хийж буй ажлаа сурталчлан таниулах, ард түмнээ сонсох аянг байнга зохион байгуулдаг эргэх холбоо сайтай нөхдүүд байдаг. Илт шүүмжлэл эсвэл илт магтаалд өртдөггүй.
Нийгмийн өмнө гол тулгамдаж байгаа асуудлыг ерөнхийд нь тэдэнд сануулж байхад хангалттай. Нэг үгээр дэд бүтэц, орон сууц, ажил эрхлэлт, боловсрол, эрүүл мэнд зэрэг нийгмийн суурь асуудлуудын талаар тодорхой санаа оноог хэлж байхад буруудахгүй ээ тэдэнд. Аль ч цаг үед гэхдээ цөөн тоогоор ийм улс төрчид байдгийг сануулах юун.
 
Тааруу улс төрчид. Массын дэмжлэгийг олохын тулд заримдаа зөв заримдаа шал илүүц ажлыг санаачлан хийж байдаг. Тэд сайн сэтгэж бодож чаддаггүй тул, зүгээр л улс төрд оршин тогтноход шаардлагатай улс төрийн оноо очкоов цуглуулан, амьдрах насаа уртасгаж байдаг. Дээд түвшний улс төрчидтэйгээ хэл амаа олохдоо сайн. Иймээс тэд доороо ч, дээрээ ч тал алддаггүй тул бас боломжийн хугацаанд улс төрд оршин тогтнодог.
Ийм улс төрчдөөс харин орон байр, эрүүл мэндийн тусламж, гадаад дотоодод суралцах нөхцөл, ажлын байр, хүнсний хангамж, нэг удаагийн гурил будаа зэргийг гуйх буюу шаардахад зүгээр бөгөөд хэрэгтэй байдаг.Тааруу улс төрчид аль ч улс оронд, ямар ч цаг хугацаанд олноор оршдог тул хамгийн гол нь шаардах зүйлийг биелүүлэх магадлалыг тооцож харьцвал үр дүнгээ хурдан шуурхай өгдөг ажээ.
 
Муу улс төрчид. Ийм нөхөд улс төрд маш ихээр шивээлэн амьдардаг бөгөөд юу хийж, хэлж буйгаа байгаагаа ялган тодорхойлж чаддаггүй. Нэг үгээр юу ч хийж, юу ч хэлж мэдэх ер бусын чадвартай нөхдүүд. Нийгмийн зүгээс тэднээс хүлээх хамгийн боломжит шаардлага бол аль сайн шийдвэр гаргах нөхдийг даган дуурайгаасай хэмээн дотроо залбирах.
Тэд улс төрийг төдийгүй улс орныг мөлжиж амьдардаг. Гэхдээ тэд гэр бүлээ тэжээдэг тул бас ч чөтгөрөөс арай өөр гэдгийг хэлэх нь зүйтэй.
Эд нөхдөөс юу ч шаардаж хүсээд нэмэргүй бөгөөд харин аль болох тойрон зугтаж, улс төрийн тавцанд гаргахгүй байх л боломж нөхцлийн төлөө олон түмэн өөрсөддөө шаардлага тавилбал зохино. Гэвч тэд цаг хугацаа, орон зай, хүсэл сонирхлоос ангид, үүр мөнхөд оршин тогтнох аугаа чанарыг агуулсан хорвоогийн хосгүй биш ээ, хос бүтээлүүд мөөн.

Харин та бид чинь адгийн дороос аваад аугаа улс төрчдийн чадвар анхиагаас үл хамааран алтан дундаж байх бололцоог бүрдүүлсэн, хамтаар шийдвэр гаргадаг ардчилсан зарчимтай тул аз хийгээд гай зовлонгийн тэг дундуур нь явах хувьтай мундаг хүмүүс ээ гэж.                       2010 он 10 сар

1 comment:

  1. er ni tegeed augaa uls turiin zutgelten sain uls turchdiig uls orondoo bii bolgohiin tuld ard tumen yah eztoin boloo. er ni gaigui uls turchduu manaihan bol deesh ni gargahgui myalsaar bgaad aygaa boloh zamiig ni haadag. ugaasaa ch er ni sain uls turch ug ni haalgahguigeer garch ireh estoi bhdaa.manaid muu uls turchid olon bh shig bhiimdaa hu tiimuu

    ReplyDelete

Сэтгэгдэл

Хулгана дагадаг оцон шувууд :-)