2010/10/19

БААБАРЫГ ӨМӨӨРӨХҮЙ

Саяхны нэг өдөр хэдэн нөхөд маань цуглаж, хувийн амьдрал, аж ахуйгаас аваад улс орны хөгжил, улс төр, эдийн засгийн сэдвээр ойрд яриагүйгээрээ “буу халав”. Яриа явцдаа улс төржсөн асуудал руу эрчимтэй шилжлээ. Нэг найз маань Монголын нийгэм, улс төр буруу замаар ихэд явах болсонд харамсаад, үүнд Баабар гэгч гол буруутан бөгөөд үндэсний дайсан, гадаадынхны гар хөл зэргээр нилээн буруутгаж доромжлов. Миний зүгээс ч мөчөөгөө өгөлгүй улс төрийн амьдралд хувь хүний байр суурь, итгэл үнэмшил, цаашлаад сэтгэл зүйн үзүүлэх нөлөө багагүйг зөвшөөрсөн нь ч, ардчилсан нийгэмд дан ганц хүний нөлөө их бус гэдгийг ойлгуулахыг хичээв. Нөхөр зүтгэдгээрээ зүтгэлээ...



Баабар... Энэ хүний Монголын нийгэмд эзэлсэн байр суурь, хийсэн бүтээсэн зүйлийг ихэд дээгүүр үнэлэх, эсвэл бүр дорд үзэх нь бодит байдлаас хазгай бөгөөд ядахдаа тухайн хүнийг ичих, эвгүйрхэхэд хүргэнэ.

Миний бие түүнийг нийтлэлч, орчуулагч, түүхч, өвөрмөц сэтгэгчийнх нь хувьд хүндэлж явдгаа шулуухан хэлье. Энэ хүн 20-р зууны /21-р зууны хувьд ч тэр/ монголын нийгэм улс төрийн сэтгэлгээнд тодорхой байр суурь эзэлсэн цөөн нөхдийн нэг гэдгийг хүлээн зөвшөөрдөг. 

Ер нь Монголын сэтгүүл зүй, түүхийн ухаанд оруулж буй түүний нөлөө, нийтлэл, нэвтрүүлэг, түүх бичлэгийн өвөрмөц урсгалыг “баабаризм” хэмээн томъёолж, судалгаа шинжилгээний эргэлтэд оруулахад ч буруудах юмгүй. Их дээд сургуулийн сэтгүүл зүй, түүх,  орчуулгын салбарын эрдэмтэн багш нар хий амбицаа дараад Баабарын нийтлэлийн болон түүх бичлэгийн хэв маягт мэргэжлийн дүн шинжилгээ хийх, судлах асуудлаар нэг ч болтугай сэдэв орж, ухаан сэргэг, эрч хүчтэй байгаа дээр нь урьж, практикт тустай зөвлөгөө, семинар өгүүлбэл оюутан суралцагсдад хэрэгтэй санагддагаа нуух юун.

Намайг оюутан байхад нэр хүндтэй, нас өндөр нийгэм-түүхийн эрдэмтдийг янз бүрийн хурал, семинарт урьж, лекц уншуулахад аль аль нь нойрмог байдалтай, дуусах үед оюутнууд хүндэтгээд юмуу эсвэл дууслаа гэж баярлаад тэр үү алга таших нь зуршил байж билээ. Цагийн юм цагтаа сайхан бөгөөд үр өгөөжтэй.

Баабар нийгмийн салбарын мэргэшсэн судлаач шинжээчдийн дуу хоолой, орон зайг нөхөн Монголын нийгэм-улс төр, эдийн засгийн талаар бодит мэдээлэлд тулгуурласан, сэтгэлгээний цараатай, сонирхолтой, санаа авууштай олон анализ, бодлогын хувилбар, санаа оноо дэвшүүлж ирсэн. Цөөн бус залуус түүний нийтлэлүүдээр улс төрийн эталоноо хийж, нийгмийн талаарх үзэл, итгэл үнэмшил нь төлөвшсөн харагддаг. Нөгөө хэсэг нь зүгээр л арцан тэмцэж, өөрийгөө нэг түвшинд аваачих оролдлого гаргадаг ч нэг нь ч “бай байтугай, банзаа онож” байсангүй. 

Түүний нийтлэлч, орчуулагч, түүхчийнхээ хувьд тухайн салбарууддаа жинтэй хувь нэмэр оруулсан гэдэгтэй санал нийлнэ. Харин улс төрчийнхөө хувьд...  

Улс төрчийнхөө хувьд нөхөр масст таалагддаггүй. Гадаад хэв маяг, ярианы онцлог, итгэл үнэмшил, зан характер нэг л зохицдоггүй. Тэрээр лектор шиг массын сэтгэхүйд тохируулан, юу хүсч буйг нь ярьж, өөрийн биш дүр төрх, зан ааш гаргаж чаддаггүй, хичээдэг ч үгүй. Тийм байр байдал нийгмийн олонхид өөрийг нь сондгой гажуу харагдуулаад зогсохгүй улс төрийн хүрээнийхэндээ ч заримдаа гадуурхагдах шалтгаан болдог. Энэ нь хаана, хэзээ, хэнээс ч гуйлгүй амьдарч, оршин тогтнох чадвартай гэсэн дотоод бардамнал, итгэл үнэмшлийн нь үр дагавар. Тэгэх ч чадвар бий.  

Гэхдээ тэр нэг андын минь хэлснээр “тухайн үедээ гаднаас нь харвал овоо сэтгэдэг гэж итгэл төрүүлдэггүй байсан болохоос биш Элбэгдоржийг Лениний төрсөн өдрийг тэмдэглэж, Гончигдоржийг социализмыг сайжруулах тухай  илтгэж, Зоригийг Шинжлэх ухааны коммунизмыг зааж явах үед нийгмийн шинэчлэл өөрчлөлтийг системийн хувьд харж, ардчилсан өөрчлөлт хийх ёстойг ярьж, энэхүү итгэл үнэмшлээсээ болж шоронд хүртэл орж явсан цөөхөн фигурын нэг”. /Цөөн ч гэж дээ тухайн үед өөр хүн бараг байгаагүй/. Баабар “хувьсгалыг нэг хэсэг нь санаачилж нөгөө нь үр дүнг нь хүртдэг” гэсэн хандлага худал болохыг өөрийн биеэр  нотолж чадсан хүн. Цээжний пангаар тооцоход түүний улс төрийн төлөвшил, карьерийг 1979-1988, 1989-1995, 1996-2000, 2001 оноос одоог хүртэл гэж хувааж авч үзэж болно.

Тэр хэн бүхний хүрээд байдаггүй парламентын гишүүн, сайдын суудал эзлээд үзчихсэн аавийн хүү. 2000, 2004 оны УИХ-ын сонгуульд ялсангүй. Энэ нь ч дээр байсан юм. Учир нь өөрийн нэр хүндэд хийгээд сэтгүүл зүй, утга зохиол-хэвлэл, түүхийн ухааны /энэ тэднээс түүж цуглуулах аргын тухай биш жинхэнэ түүхийн шинжлэх ухааныг хэлж байна/ хөгжилд оруулсан хувь нэмэр нь аль нэг улс төрийн албан тушаалд байсан хугацаанд өгөх үр өгөөжөөс нь лавтай давж бууна. /энэ тухайг нь өөрөө биш бусад хэн нэг нь хэлэх үед үнэтэй бөгөөд үнэмшилтэй сонсогддог. Даана ч нөхөр өөрөө.../   

Баабар, Бат-үүл нар өдгөө ч ардчилсан намын хувьд совэст буюу ерөнхий ноён нуруу нь. Ардчилсан намын хувьд түүний үзэл санаа, байр суурь өнөө ба хойшид ч чухал хэвээр байх болно. Чухамдаа улс төрийн хувьд бас ч тэтгэвэртээ суух хараахан болоогүй. 

Харин сүүлийн үед идэвхгүй шүүмжлэгчийн дүрд нилээн хувирч, заримдаа улс төр, эдийн засаг, бизнесийн талаарх үзэл баримтлал ноён нуруугаа алдаж, нэг талаа хэт барьсан, “хадуурсан” хандлага гаргах болсныг түүнийг дэмждэг олон найз нөхөд маань илэрхийлж байна. Нас, өмч хоёр нэг зүйлдээ үнэнч, тууштай байхыг шаарддаг нь байгаль, нийгмийн зүй тогтол юм даа.

Аливаа амжилтанд хүрсэн хүний намтар, туршлагыг сонирхох явдал хувь хүний сониуч зан төдийгүй нийгмийн судалгааны чухал хэрэглэгдэхүүн болох нь бий. Хувь хүний хөгжлийг гадаад, дотоод хүчин зүйлээр ангилан авч үзвэл түүний хувьд иргэншиж буй монголын шинэ тутам бүрэлдсэн сэхээтний хүүхэд болж төрсөн нь нийгэмд байр сууриа эзлэхэд чухал хүчин зүйл болсон. Дээр нь цаг үеийн тохироо. Цаг үеэсээ 10 жилээр хойно эсвэл урд төрчихсөн бол огтын ондоо хувь заяа хүлээх байсныг өөрөө ч хүлээн зөвшөөрнө.

Дотоод хүчин зүйлийг дутуу үнэлэхгүй. Яг адилхан нөхцөл бололцоотой хэдий ч өдгөө өвгөнтийн хөндийд “байр сууриа эзэлсэн” олон арван дөчин мянгатынхан бий. Түүнд бусдаас түрүүлж мэдэх, сэтгэх оюуны өндөр чадвар бий. Сэтгэл зүйн хувьд ямар нэг комплекс энэ тэр нөлөөлсөн юм байдаг л биз /энэ талаар сэтгэл судлаачид илүү тодорхой юм хэлнэ байх/.

Эцэст нь Баабартай ана мана мэтгэлцэх, мэрэлцэх, доош хийх дуршилтай найздаа хандаж хэлэхэд түүний уншснаас ихийг уншиж, нөхөрлөж байгаагаас нь олон найз нөхөдтэй байж, түүний явснаас олон газраар хэсч, түүнээс олон гадаад хэл устай байх шаардлагатайг сануулъя. За тэгээд төрөлхийн үг ярианы хийгээд бичихүйн өндөр ур чадвартай байх хэрэгтэй гэж...                            2010 он 10 сар
 

3 comments:

  1. Baabar odoo buruu tiishee ergesen. Anh devshilttei baisan, demjdeg bailaa. Harin onoodor mongonii toloo l dugrdag, dino bolson.

    ReplyDelete
  2. baabariin bichsen yumnuud haanaas ehtei, sudalgaa shinjilgee ni haana bgaa ni medegddeggui. zuger niigemd ezleh bair suurigui,. unshij sonsson (bie daaj) zuil baga tiim dood tuvshnii humuusiin unshih durtei hun l dee yaalt ch ugui. zuudelj sereed zuudee bichdeg hun. BAABARIZM gej yu yariad bnaa????? leninizm, marxizm gej sotsiolist kommunist niigemd l bsan uzegdel. ternees bish Veberizm, Sartorizm gej bdgui l bhgui yu hehehe. ene sudlaach hun, ter tusmaa uls tur sudlaach ogt bish

    ReplyDelete
  3. deerh sanaag demjij bn. IZM gej uzel surtliig heldeg yumaa minii duu jaal yum unshih heregtei gej bodjiino. zuger oyutnii shireenii huuhdiin bichdeg yum bn. www.ganaa.mn gej orood gudlaach D.Ganhuyagiin bichleguudiig unsh tegvel tendes sudlach hun gej hen be gdg haragdah bolov uu. ternees enen shig bichlegiig uls tur sudlaach bish setguuliin 2-r kursiin angiin huuhed bichchiheer yum bn

    ReplyDelete

Сэтгэгдэл

Хулгана дагадаг оцон шувууд :-)