2010/10/08

УЛС ТӨР БА СЕКС

Энэхүү сэдэв нь Оросын улс төрч эмэгтэй Ирина Хакамадагийн улс төр дэх хүйсийн асуудлаар бичсэн номын тухайд бус, харин улс төр ба сексийн хамаарал ялангуяа улс төрчдийн бэлгийн амьдралын зарим нэг зүйлийг хөндөж байгаа болно.
Гэхдээ эрх мэдэлтнүүд өөрсдийн “улс төрч” үр удмаа үлдээхтэй холбоотой эсвэл секс хэрэгцээгээ хангахын тулд дурын хүн улс төр лүү тэмүүлж, каръер хөөсөн явдлыг  авч үзэхгүй/тийм хамаарал байхыг үгүйсгэхгүй/. Харин эрх баригчдын бэлгийн амьдралаа хэрхэн зохицуулж ирсан хийгээд сексийг улс төрийн зорилгод яаж ашиглаж байсан талаар эрэгцүүлэл болохыг урьдаас сануулъя. 


Улс төр бол хүн ба нийгмийн харилцааг зохицуулах, удирдах зорилго бүхий нийгмийн хамгийн том салбар хүрээ. Харин секс нь хүний нөхөн үржэхүйн үүргийг хангадаг байгалийн инстикт.
Мэргэжлийн онцлогоос шалтгаалан улс төрчдийн хувийн амьдрал олон нийтийн “өмч” болж, өдөр тутмын ярианы сэдэв болдог нь нийгмийн хууль. Хэдий чинээ нуухыг хичээнэ,  масс төдий хэрээр өнгийж нууцийг нь дэлгэхийг хүсдэг нэг асуудал бол улс төрчдийн бэлгийн амьдрал. Нэгэнтээ гүн ухаантан Паскаль “Клеопатрагийн хамар яльгүй өндөр байсан бол дэлхий дахины түүх өөрөөр эргэх байлаа” хэмээн уулга алдсан нь чухамдаа сексийн улс төрд үзүүлэх нөлөөг дамаа хэлсэн хэрэг юм.
Үнэхээр төрийн эрх баригчдын бэлгийн зуршил, хайр сэтгэлийн явдлаас аваад гоо сайхан, улс төрийн өвөрмөц мэдрэмжийн гайхалтай хослолоороо алдар нэрийг олсон бүсгүйчүүдийн санамсаргүй эсвэл зориудын үйлдлүүд нь улс орны мандал бууралд төдийгүй дэлхийн түүхийн өрнөлд “хүчтэй” нөлөөлөл үзүүлж байжээ.
Эзэн хаад нь зугаа цэнгэлээр хөөцөлдөж, ордны завхай явдалд толгойгоо мэдүүлснээс төр улсын бодлого орхигдон улмаар улс гүрнээ мөхөөсөн түүх эртний грек, ром, манж гүрнүүдийг тойроогүй. Бэлгийн гаж зуршил, дур хүслээ “зохицуулж” чаддаггүйгээсээ болж хувийнхаа төдийгүй улс орныхоо нэр хүндийг шившигт хутгасан эрх баригчдын хормойн явдал дээрхээс харьцангуй зөөлөн сонсогдоно байх. Хятадын Суй династийн эзэн хаан Яндигийн дур тачаал, Ромын император Клавдиягийн гэргий Мессалиний завхайрал, Оросын хатан хаан Екатерина II-ийн янаг амрагийн явдал, Билл Клинтон, Моника Левински нарын паян, Зимбабвегийн ерөнхийлөгч Канаан Бананагийн хүчингийн хэргүүд нь хүн төрөлхтний чихийг дэлдийлгэсэн үе үеийн секс скандалд тооцогддог.
Нөгөө талаас улс төрийн өвөрмөц бодлого, нийгмийг дагуулах гайхалтай чадвараараа алдартай Ж.Кеннедигийн секс адал явдал, бүсгүйчүүдийг бээлий шигээ сольдог байсныг нь нурууны төрөлхийн өвчнөө мартагнах оролдлого, гэр бүлийн гаж хүмүүжлийн нөлөө, лидер хүний өмнөө тавьсан хувийн болон хувьсгалын зорилгодоо хүрэх уйгагүй эрмэлзлийн илрэл мэтээр Америкчууд тайлбарлах дуртай.  Түүнтэй хайр дурлал, улс төрийн учир үл мэдэгдэх хэлхээ харилцааныхаа улмаас амь насаа алдсан Мерилин Монрод ч эх орон нэгтнүүд нь хир халдаахыг хүсдэггүй хэвээр.
Өдгөө дэлхий дахинаа Чингисийн удмын 16 сая хүн амьдарч байгаа тухай болхиор хэлэхэд түүний секс чадавхи аугаа байсан талаарх судалгааг нэг хэсэгтээ л дэлхийн мэдээллийн хэрэгслүүдийн ярианы сэдэв болж байлаа. Ямар ч өнцгөөр харлаа гэсэн Монголчууд Эзэн хаанаараа бахархана уу гэхээс муулахгүй бас ичихгүй. Цаашлаад дундад зууны үе, Богд хаант Монгол улсын үе, Ардын засаг, социалист бүтээн байгуулалтын жаран, ардчилсан хувьсгалаас хойшхи Монголын улс төрч, эрх баригчдын бэлгийн амьдралын талаар асуудал хөндвөл, тусгайлсан эрдэм шинжилгээний бүтээл туурвих цартай ажил болно. Өнгөрсөн зуунаар л жишээлэхэд эрх баригчид хийгээд алдар нэртэй хүмүүсийн ижил хүйстэнтэйгээ явалддаг байсан талаарх түүхийг сөхвөл хангалттай баримт сэлт байгааг холбогдох эх сурвалжууд үгүйсгэдэггүй. 
Улс төрчдийн гэр бүлээс гадуурх сексийн харилцаа гол төлөв стресс бухимдлаа тайлах зорилгыг агуулдаг нь тодорхой. Гэвч энэ нь эмгэнэлт төгсгөлд хүргэж, үхлийн шалтгааныг олон нийтийн анхаарлаас холдуулсан байдлаар тайлбарлан чимээгүй өнгөрөөдөг нь нууц биш. 1899 онд Францын ерөнхийлөгч агсан Феликс Фор Елисейн ордондоо нууц амрагтайгаа “учирч” байхдаа тархинд нь цус харваснаас амьсгалаа хураасан гэдэг. Ийм явдал Монголын улс төрийн амьдралд ч нэг бус бий.
Олны анхаарлын төвд байдгаа умартан, хормойн явдал нь олны хэл аманд орж, шуугиан дэгдээн улмаар улс төрийн тоглоомноос мултран, албан тушаалаасаа буусан нөхдүүд хэдэн арваараа бий. Тоймтойгоос нь дурьдахад Израилийн ерөнхийлөгч Моше Кацав, Америкийн Нью Йорк мужийн амбан захирагч Элиот Спитцер, Дэлхийн банкны ерөнхийлөгч Пол Вулфовиц, ОХУ-ын Ерөнхий прокурор Юрий Скуратов нарын үйлдэл улс төрийн өрсөлдөгчдийнхөө дайралтын бай болж, улс орондоо төдийгүй дэлхий дахинд шуугиан тарьсан нь саяхны явдал.
Эрх баригчдын секс дуршил, ахар бодол улс орны бодлогод төдийгүй үндэсний аюулгүй байдалд нөлөөлж болзошгүйг Монголчууд “төрийн нууц дэрэн дээр задардаг” гэсэн үгээр хатуу сануулсан байдаг. Угаас бидэнд эртний Хань гүрнээс аваад саях ЗХУ-ын үе хүртэлх түүхэн бүхий л хугацаанд хөрш гүрнүүдийн зүгээс Монголын эрх баригчдад “Муу хүүхнээ торгонд боож борлуулах” арга мэхээр улс төрийн ашиг хонжоо олох, төрийн бодлогод нөлөөлөх оролдлого хийж ирсэн гашуун туршлага бий.
Улс орнуудын дипломат болон тусгай албад эсрэг хүйстнээр нь өгөөш хийж, объектоо эрхэндээ оруулдаг арга эрт дээр үеэс уламжлалтай. Өдгөө секс-тагнуулын ажиллагаа гэж нэрлэгдэх үйл явдалд орооцолдон, нэр төрөө алдсан улс төрчид цөөнгүй бий. Тухайлбал 1963 онд Их Британы Цэргийн сайд Жон Профюмо 19 настай загвар өмсөгч, секс-агент Кристин Килертэй холбогдож, ажлаасаа мултарч, 1966 онд Канадын гадаад хэргийн сайд Пьер Севинье Ардчилсан Германы биеэ үнэлэгчтэй холбогдон албан тушаалаасаа огцорч байжээ. Манайхан яаж дутахав. Социализмын үед хөрөнгөтөн орныг гутаан доромжлох суртал ухуулгын “аугаа” зорилгоо хангах үүднээс секс-агент ашиглаж Францын элчин сайдад бэлгийн замын халдварт өвчин халдаан улмаар “тааламжгүй этгээд” хэмээн зарлаж, эх орноосоо хөөсөн “хөгтэй” дипломат явууллага 1980-аад онд болсон санагдана.    
Өрсөлдөгчийнхөө нэр хүндийг унагахын тулд бэлгийн хандлагын талаар цуу яриа, сөрөг сурталчилгаа явуулах замаар сексийн асуудлыг улс төрийн зорилгодоо ашиглах тохиолдол улс төрийн талбарт ялангуяа сонгуулийн кампаний үеэр хурцаар илэрдэг. 2008 оны УИХ-ын сонгуулиар дээрх үйлдэл нэг бус ажиглагдсан бөгөөд өрнөдийн орнуудад улс төрчдийн сексийн амьдралын талаарх дуулиан шуугиан сонгуулийн саналд нөлөөлдөг эсэх тухай судалгааг явуулсан байдаг аж. Энэ чиглэлээр Монголд судалгаа хийвэл сонирхолтой олон зүйл ажиглагдана гэдэгт итгэж байна.
Орчин үед арьсаа татуулах, хөмсөг шивүүлэх, давхраа хийлгэх зэрэг гоо сайхны үйлчилгээг улс төрчид ихээр хийлгэх болсон нь чухамдаа эсрэг хүйстэндээ таалагдах /мэдээж ижил хүйстэндээ таалагдах сонирхолтой улс төрч бас байж болно л доо/ төрөлхийн мэдрэмжээр дамжуулан нэр хүндээ өсгөх, сонгуульд ялах гэсэн улс төрийн далд зорилго агуулсан үйлдэл болохыг өдгөө захын хүүхэд ойлгохтойгоо болжээ. Тэгээд ч дэлхийн нэр хүндтэй сонин хэвлэлүүдээс улс орнуудын удирдагчдыг секс буюу дур булаам байдлаар нь шалгаруулан жагсаадаг уламжлал нэгэнт тогтжээ.
Ийнхүү өөрсдийгөө секс бэлэг тэмдэг байдлаар сурталчлах замаар олон түмэнд танигдах, ярианы сэдэв болох сонирхол ялангуяа өрнөдийн улс төрийн амьдралд ихээр ажиглагдах болж. Том гүрнүүдийн өндөр албан тушаалтнууд тухайлбал, Францын ерөнхийлөгч Н.Саркози, Италийн ерөнхий сайд С.Берлускони, ОХУ-ын Думын гишүүн В.Жириновский зэрэг байнга секс-дуулиан тарьж, тэр нь ч тэдгээрийн салшгүй имиж болчихсон нөхдүүд цөөнгүй бий. Тэрчлэн секс билэг тэмдгүүд буюу порно одод, загвар өмсөгчид, урлаг соёлын зүтгэлнүүд олны танил байдлаа ашиглан улс төрд оролцох хандлага ч улам бүр өссөөр байна.
Хэдийвээр “улс төрийг секс орлодог” гэсэн хэлц үг байдаг ч зарим талаар секс хэрэгцээгээ хангах сонирхол, боломжгүй, чадваргүй, тэр талын комплекстэй хүмүүсийн хувьд “сексээ улс төрөөр нөхдөг”  талаарх сэтгэл зүйн зарим урсгал чиглэлийн төлөөлөгчид өөрсдийн үзэл санаагаа хуваалцсан байдаг. Ийм байдал гол төлөв эмэгтэй улс төрчдөд ажиглагдаг тухай дүгнэлт байгаа нь сонирхол татаж байдаг. 
Мэдээж эрэгтэйчүүдийн хувьд цагт 4-5 удаа “ард олныхоо сайн сайхны тухай мөрөөдөлд умбадаг” /ялангуяа эсрэг хүйстнийхээ тухай бодож явдгийг хэлж буйг эрхэм уншигчид ойлгосон биз/ байгалийн өгөгдөл нь улс төрч эрэгтэйчүүдийн хувьд ч нэгэн адил үйлчилдэг нь илэрхий зүйл.
Улс төр хийгээд сексийн хамаарал, түүнээс гаргах сөрөг үр дагаврыг хязгаарлахын тулд хүн төрөлхтөн эрт үеэс арга сэдэж, хэрэглэж ирсэн байна. Эрчүүдийг хөнгөлөн тайган болгох, эмс хатдыг бэлгийн ажлын дараа угаал үйлдүүлэх зэрэг аргуудыг хэрэглэдэг байсан ч тэрнээсээ эсэн үр дагаврыг давхар авчирч байжээ. Харин ардчилсан, эрх чөлөөт, хүмүүнлэг нийгэмд дээрх арга нь харгист тооцогдох бөгөөд улс төрийн хүрээнийхний өөрсдийн ухамсар, ёс суртахуунд найдахаас өөр аргагүй билээ.    
За тэгээд бүхий л ард түмэн мундаг удирдагчтай байхыг хүсдэг, сайн муу бүхий л удирдагчид “ор”-н дотроо ч тэр улс орондоо ч тэр мундаг гэж хэлэгдэхийг хүсдэг хорвоогийн зүй тогтол нь улс төр ба сексийн хамаарлыг дэвжээсэн олон үйл явдлыг хүн төрөлхтөнд харуулна биз ээ.
 Зарим нөхдүүдэд боорлуулж, чимхүүлэх хаалттай сэдвийг  “харьцангуй зөөлөн”-өөр илэн далангуй бичихийг хичээсэн:
Улс төр судлаач Д.Мягмарсүрэн  2008 он

No comments:

Post a Comment

Сэтгэгдэл

Хулгана дагадаг оцон шувууд :-)