2011/06/19

СИРИ УЛСЫН ТУХАЙ ТЭМДЭГЛЭЛ- II

Сири орны амьдралын өртөг хямдтай байдал, арабын соёл уламжлал, исламын шашны онцлогийг хадгалсан түүх соёлын олон дурсгалт газар нь жуулчдыг ихээхэн татдаг.
 
Бидний өмнөх дугаарт оруулсан араб талхны зургийн тухайд гэвэл манай гамбиртай тун төстэй. Гэхдээ нимгэн ч, амт нь дажгүй. Харин манайхны талх гэж тооцдог зүйл бараг байхгүй. Хоол ундны хувьд мах үнэтэй тул ерөнхийдөө хямд төсрийг нь бодон тахианы мах өргөн хэрэглэгддэг. Нэр төрлийн хувьд араб хоол нь олон төрөлтэй сонголт ихтэй. Гэхдээ ерөнхийдээ хоол нь тос ихтэй талдаа.


Шаурма хийж буй араб
Оюутан залуусын иддэг гол хоолны нэг бол шаурма. Энэ хоолыг хийх нь амархан махыг өлгөж давхарлан шорлоод, шарсны дараагаар элдэж хайрсан гурилд ороон тосонд шараад л гүйцээ. Илүү хямдыг хүсвэл махны оронд шарсан төмс ч мөн ингэж ороож өгөх ба амтны хувьд давгүй байдгийг хэлэх нь зүйтэй.
 
Сири орны амьдралыг анх олж харсан, мэдэрсэн газар бол яах аргагүй Сирийн хилийн шалган нэвтрүүлэх цэг байв. Тэнд хэдэн цаг хүлээх, виз авах зэрэг нь зөвхөн таны тэр өдрийн аз хийморьтой холбоотой асуудал юм. Миний бие 5 удаа тус улсын хил гаалиар гарч орохдоо үүнийг алхам тутамдаа мэдэрч байв. Хоёр, гурван цаг хүлээх бол энүүхэнд. Хил дээр ажиллаж буй гаалийнхан бол жинхэнэ хүнд сурталтангууд. Олон удаа хилийн дээс алхаад сурчихсан хүмүүс паспортаа өгөхдөө доор нь хэдэн сури (Сирийн мөнгөний нэгж) хавчуулж ажлаа бүтээнэ. Иймэрхүү бага хэмжээний гар хүндрүүлэлт бол байнга тохиолдох зүйлийн нэг. Үүнийг голчлон хилээр байнга гарч орж байдаг турк, сирийн иргэдэд хамааруулж ойлгох хэрэгтэй. Харин жуулчид бол зөвхөн нэг л удаа дайран өнгөрч байгаа тул хүлээхдээ хүлээгээд визээ аваад нэвтрэн өнгөрдөг.
 
Ингэж тус улсын хилийг давсны дараа арваад км яваад нэгэн шатахуун түгээх газар ирнэ. Зам дагуу орших энэ газар нь яг л манай сумын төвийн шатахуун түгээх газар шиг. Сирийн хил гарангуутаа бүх автобус, тээврийн хэрэгсэл заавал түлш авна. Учир нь тус улсад нефть, түлш шатахуун хямд байдагтай холбоотой. Ингээд автобус ихэнхидээ хуурай, элсэрхэг талын дундуур тавигдсан засмал замаар 5 цаг гаруй давхисны эцэст Сири улсын нийслэл Дамаск хотод ирдэг.
 
Дамаск хотын амьдрал: Хотын ихэнх дүүрэг голдуу Францууд 1940-1950-иад онд барьсан хуучны орон сууцнаас бүрдэнэ. Харин баячууд нь шинэхэн байрнуудтай тансаг хороололд тусдаа шахуу аж төрдөг. Эндээс баян, ядуугийн ялгаа ихээхэн ажиглагдана.
 
Хотын чинээлэг хэсгийнхний амьдардаг хорооллын нэгэн гудамж
Хотын төвд “Эмь эви” хэмээх гоёмсог хуучны исламын сүм оршин байна.
Сүмийн дотор тал
Тус сүм нь Хамиди гэгдэх хаалттай захын зэргэлдээ орших ба гадна дотны жуулчид, мөргөл хийх гэсэн хүмүүсийн хөл үл тасрах газар. Энэ сүмд дээхэн үед Лалын шашинтангууд “баасан гарагийн их мөргөл”-өө үйлддэг байсан бол ням гарагт нь Христийн шашныхан цуглаж өөрсдийн мөргөл, зан үйлээ хийдэг байжээ. Өдгөө бол зөвхөн мусульманчууд л мөргөл үйлддэг. Учир нь нэгэн баян мусульман эр сүмийг худалдан авсантай холбоотой.
 
Наргил буюу усан тамхи татаж буй залуус
Хамиди зах бол хотын амьдралтай салшгүй холбоотой чухал газар юм. Хуучны энэ хаалттай зах хүмүүсийн худалдаа наймааны орлогын гол эх үүсвэрийг бүрдүүлдэг. Жуулчлан ирэгсэд худалдаа арилжаа хийх, захын дэргэд орших хоолны газруудад араб үндэстний хоол ундыг амтархан зооглохын зэрэгцээ наргилын усан тамхи татах нь бий.

Нийтийн тээвэр: Манайд байдаг Солонгос микро автобус бол хотын хаана л бол хаана явж байдаг тээврийн гол хэрэгслийн нэг. Өнгө үзэмж, үйлчилгээ гээд олон зүйлээрээ яг л манай Улаанбаатарынх шиг. Ялгаа нь кондукторын үүргийг жолооч нь гүйцэтгэнэ. Хүмүүс ч мөнгөө тоо ёсоор нь өгнө. Микронууд тогтсон зогсох ёстой эцсийн буудлуудтай тэндээсээ нэг хөдөлсөн бол микронууд нь дурын газраа зорчигчоо буулгаж, авна. Нугасны гэж нэрлэгдэх суудалдаа хүртэл пиг чихнэ.
 
Нийтийн тээвэрт зорчдонг микро автобус
Автобус. Дамаск хотын гудамжинд шар, ногоон өнгө алаглуун давхилдах шинэхэн автобуснууд олон. Хотын үйлчилгээнд том оврын автобус гарсаар цөөхөн жил болж байгаа бөгөөд автобусны үйлчилгээ нь өвөрмөц. Автобуснууд нь голдуу хятадад үйлдвэрлэгдсэн хоёр хаалгатай автобус. Миний хувьд автобусных нь номер дугаарыг тэнд байх хугацаандаа сайн ойлгож чадаагүй бөгөөд анх ирж байгаа хүний хувьд автобусны дээрх бичгийг унших, чиглэлийг нь ойлгож авна гэдэг бэрхтэй зүйл  юм билээ. Зорчигчдоо өмнө хаалгаараа оруулж, хойд талын хаалгаар буулгах дүрэмтэй. Тэд автобусны жолоочоос билетээ авах ба манайд байдаг шиг кондуктор гэх хүн энд шаардлагагүй. Ажил цуглах, тарах үеэр нилээд ачаалалтай. Автобусанд суух гэж заримдаа чихцэлдэн овоорох нь бий. Ялангуяа өглөө ажил, сургууль эхлэх үеэр олж харж болох дүр зураг. Гэхдээ ингэж тэмцэж байж суусан унаандаа хөгшин, залуу гэлтгүйгээр эмэгтэйчүүддээ шаардуулалгүйгээр суудал тавиад өгчихдөг нь сонин.
Хятад автобус
Таксины үйлчилгээ хаа очиж хямдхан. Такси нь олон мөртөө өглөө олдох нь хэцүү. Та таксинд суухдаа заавал задгай мөнгө бэлдэх хэрэгтэй. Учир нь таксинд тоолуур байх ч гарснаасаа заавал илүүг өгөх бичигдээгүй хуультай. Мөнгө эргүүлж хариулж өгнө гэж та санасны хэрэггүй. Тоолуурны хэмжээнээс мөнгө илүү гаргаж өгөх нь жолоочид өгч байгаа гарын мөнгө гэж ойлгож болно.
Дамаск хотын такси
Сири улсад ажлын цаг гэдэг зүйл манайхаас ондоо. Энд ажил тарах цагийг оройн 18.00 гэж тооцвол том алдаа болно. Учир нь албан газрууд өглөө 09.00 ажил эхлээд өдрийн 13.00 14.00 гэхэд тарах тийш хандана. Анх миний сурдаг хэлний курсийн багш нар 13.30 уралдаад тараад явчихдагт нь гайхаж байлаа. Сүүлд энэ бүхний учрийг олсон. Хүмүүсийн цалин мөнгө бага хүрдэггүй тул энэ улсын иргэд бүгд л хоёр ажил давхар хийж амьдардаг юм байна.
 
Мөн зун их халуун ийм үед өдрийн цагаар үндсэндээ амьдрал зогсдог гэж болно. Анхлан 8 сард очиж байхад Дамаск хот үнэхээр халуун тогоо шиг байсан. Найз нөхөд халуун үзээгүй надад энэ орны жинхэнэ халуун дуусаад байгааг хэлж билээ.  Ер нь Исламын шашинд өдөрт 5 удаа мөргөл хийвэл зохилтой гэдэг уламжлал нь энэ халуунтай холбоотой байж мэдэх юм. Ямартай ч энэ улсад үдээс өмнө л ажлаа амжуулахгүй бол үдээс хойш бол бүтэшгүй бүгд хаагаад алга болно. Мөн амралтын өдөр нь Баасан, Бямба гараг гэдгийг анхаарах хэрэгтэй. Энд ажлын шинэ долоо хоног Ням гарагт эхлэдэг онцлогтой.
 
Дараагийн дугаарт бид Сирийн улс төрийн амьдрал ба өнөө хүртэл үргэлжилж буй хөдөлгөөний талаар өгүүлэх болно.
Л. Ганбат

4 comments:

  1. sonirholtoi yuma. ochij hoolond ormoor sanagdchlaa, yag l nadad taalagddag turliin hool, mahtai, guriltai, tosorhu, tgeed tamhi tataj bolno gej daraagar n
    Anon

    ReplyDelete
  2. ih sonirholtoi saihan niitlel boljee. iinhuu manai zaluuchuud gadaad orond yavj yum uzej nud tailj tuugeer barahgui ter orniih ni tuhai unelelt dugnelt ogch baigaa ni mash sain hereg. iimd zaluu tuuhch ganbatad sudalgaany ondor amjilt husen yorooye

    ReplyDelete
  3. Siri ulsad surj bsn yumu?odoo uls toriin bdal mash hetsuu bld bgn bnle?ene talaar setgegdlee huvaaltsanu!!

    ReplyDelete
  4. СИРИ УЛСЫН ТУХАЙ ТЭМДЭГЛЭЛ- III -g niitlej uguuch. tanii bichsen temdeglel mash sonirholtoi bailaa. unuugiin baidlaar siri uls delhii niitiin anhaarliin tuvd bur delhiig 2 huvaalgaj bn. mgl-d hurtel medregdej bui baidal ni ene valiutiin usulttei yamar negen baidlaar holbootoi gej bodjiin. siriin tuhai delgerengui temdeglelee urgeljluuleerei pls

    ReplyDelete

Сэтгэгдэл

Хулгана дагадаг оцон шувууд :-)