2010/10/15

ТА ЯАГААД ЭРХ МЭДЭЛД ДУРЛАДАГ ВЭ?

Хүн гэдэг амьтан төрөлхөөсөө эрх мэдэл засаглалд дурладаг талаар нийгэм-улс төрийн олон сэтгэгчдийн зохиол бүтээлд тусгагдсан байдаг. Зөвхөн хүн төдийгүй дээдээс аваад доод хөгжилтэй амьтад цаашлаад ургамалд хүртэл бусдаасаа илүү гарах, тэргүүлэх, захирах сэдэл инстинкт, рефлексийн түвшинд байгалиас заяасан байдаг тухай олон судлаачид дурьдсан нь бий. Гэхдээ хүн бүр засаглал руу тэмүүлэх нь генийн түвшинд өгөгдсөн гэдэг санаа бас эргэлзээтэй. Хэрэв бүгд эрх мэдэл, засаглал уу тэмүүлдэг бол хүн төрөлхтөн эцэс төгсгөлгүй тэмцэлд татагдаж, нийгэм өдий хүртэл оршин тогтнох аргагүй болноо доо. 

Ямартай ч бүх хүн биш юмаа гэхэд зарим хүмүүс үнэхээр эрх мэдэлд дурлах заяамал эсвэл олдмол шинж чанартай байдаг нь үнэн юм. Нөгөө хэсэг нь захирагдах, дуулгавартай байх дур сонирхолтой байдаг нь ч судалгаагаар нотлогддог.
Гэхдээ энэ удаад эрх мэдэл рүү тэмүүлдэг хүмүүсийн сэтгэл зүй, үйл байдлын хийгээд бусад сэдэл шалтгааны талаар ангилан авч үзэх юм. Та өөрийгөө болон бусдыг /дарга удирдлагаа/ аль ангилалд орохыг сориод үзэхэд гэмгүй ээ гэж.

“Би”-дээ баригдмал хүмүүс
Зарим хүмүүсийн хувьд амьдралд нь тохиолдож буй зовлон бэрхшээлийг нийгмийн байриа сууриа олоогүйгээс шалтгаалсан гэж үздэг. Ингээд тэд нийгмийн байдлаа сайжруулах нь амьдралын чухал зорилго гэж тооцоод ойр тойрныхныхоо хүндэтгэлийг хүлээхүйц тийм байр суурь эзлэхийг эрмэлздэг. Тэд бусдад үнэлэгдэж, тэд оршин байгаа нь болон тэдний үйлдэл, ажил хэрэг нь бусдын амьдралд гол нөлөө үзүүлдэг гэдэгт итгэлтэй байхыг ямагт хүсдэг. 
Ямар нэг зүйлд авьяас чадвар нь хүрэхгүй нөхцөлд урам нь хугардаг ч бүхий л зүйлд  оролцож, хуруу хошуугаа дүрэх хүсэл нь унтардаггүй. Бусдыг захирахыг хичээдэг, харин захирагдсан байдалд орвол дээд нөхдүүдийнхээ алдаагаар бах таваа хангадаг.
Өөрсдөд нь анхаарал, хүндэтгэлгүй хандахад эмзэг, албан тушаал, томоохон байр суурь, амжилтад ихээхэн хүсэл эрмэлзэлтэйгээ илэрхийлдэг, ойр тойрныхондоо ямар сэтгэгдэл төрүүлдэг бол гэдэгтээ байнга санаа зовдог нөхдүүд юм. Ийм хүмүүс бие-сэтгэцийн янз бүрийн эмгэгээр шаналах нь олон байдгийг хэлэхэд илүүдэхгүй.

Эмгэг дутагдлын комплексээ нөхөх эрмэлзэлтэй хүмүүс
Засаглал руу тэмүүлэгч хүмүүс хүчтэй, өөртөө итгэлтэй, бие даасан байдлаар бусдад төсөөлөгдөх нь олонтаа, Гэхдээ сэтгэл зүйчид онцгой амбиц, тэмүүлэл нь харин ч өөрийгөө дорд үнэлэх байдлаа далдлах, нөхөх аргаас үүдэлтэй гэж сануулах нь бий. Энэ үүднээс эрх мэдлийг эзэмших явдал өөрийн дутагдлынхаа талаар мэдрэмжээ нуух сэдлээс үүдэлтэй байдаг гэсэн тайлбар гарч ирдэг. Сэтгэл зүйч Э.Коэн хүмүүсийн эрмэлзэл тэмүүлэл, өөрсдөдөө хандах хандлагыг судлаад том жижиг ямар ч зорилго хувь хүмүүсийн өөрөө өөрийнх нь тааламжгүй байдалтай шууд холбоотой гэдэг дүгнэлт хийсэн байна. Чухамдаа эрс шийдэмгий гэгдэх хүмүүс орчин тойрныхон нь түүнд хандах ханлагад эргэлзэж, байнга шаналж явдаг төдийгүй зусардал, долигонолд маш мэдрэмжтэй, давуу талыг нь харуулахуйц бүхий л зүйлийг тэр дор нь өлгөж авдаг бол дутагдлыг нь сануулахуйц зүйлээс зугтах эрмэлзэл өндөртэй. Тэрхүү дутагдал бие эрхтэн хийгээд сэтгэц, оюун ухаан, хүмүүжлийн гээд аль ч талаар илэрч болох бөгөөд тэдгээр шинж чанараа даван туулсан дэлхийн хэмжээний олон удирдагчдыг бид мэднэ.
Хэрэв хайр энхрийлэл, халуун дулаан уур амьсгал дутагдснаас эмгэг дутагдлын мэдрэмж хүүхдийн бага балчир үед нь бүрэлддэг байна. Энэхүү таамаглалыг шалгахын тулд нөхөрт гараагүй ч албандаа амжилттай олсон 60-н эмэгтэйг бусад амжилтад хүрээгүй эмэгтэйчүүдтэй харьцуулан судалсан байна. Ингэхэд амжилт ологсдын 36% нь эцэг эх нь “дунджаас доогуур” гэж үнэлдэгт хэдий нь дассан байдаг бол амжилт олоогүй эмэгтэүйчүүдийн 6% нь л ингэж үнэлэгддэг байжээ. Мөн амжилт ологсдын 36% нь “дунджаас дээгүүр” гэж хэлэгддэг байсан бол амжилтад хүрээгүй нөхдийн 61% нь эцэг эхдээ “томоор” үнэлэгдэж өсчээ. Нилээд амжилттай яваа эмэгтэйчүүд өөрсдийгөө гэр бүл, эцэг эх цаашлаад нийгмийн хувьд ч голлогддог гэж бодож явдгаа илэрхийлсэн байна.
Үнэхээр амьдрал дээр гэр бүлүүдийн хувьд амжилтад хүрнэ гэж бодсон хүүхэд нь “хүндэрч”, чих халууцуулдаг байхад аль ноомой дорой, “гологдсон” нэг нь цахиур хагалж, эцэг эхийн магнай тэнийлгэх нь бийг сануулах юун.

Амиа бодогчид
Эрх мэдэлд дурлагчид дунд амиа хичээгчид буюу эгоистууд нэг бус бий. Тэд өөрсдөдөө анхаараад бусдыг бодолгүй явах нь их. Бүхий л үйлдэл нь индивидуализмд төвлөрсөн, хэн ашигтай түүнтэй л сайн харьцаа үүсгэдэг, ашиггүй гэж үзвэл зүгээр л хаячихдаг нөхдүүд юм. Хэдий чинээ өөрийгөө үнэлэх түвшин өндөр байна төдий хэрээр бусдад санаа тавихийг өөртөө зөвшөөрч чаддаг байна.
 Гэхдээ эрх мэдэл, хүлээн зөвшөөрөгдөхийн тулд уйгагүй явдаг хүмүүсээс нилээд ялгаатай. Нэг хэсэг нь зөвхөн тааламжтай бололцоо бүрдсэн тэр үед эрх мэдэл рүү илэрхий хүч тавьдаг байхад нөгөө хэсэг нь бусдаас өөрцгүй боллоо гэж бодсон үедээ хөдөлж эхэлдэг аж. Тэд ямар ч хамаагүй үнэ цэнээр өндөрлөгт гарахыг эрмэлздэг.

Аугаа үйл хэрэгт тэмүүлэгчид
Хүлээн зөвшөөрөгдөхийн төлөө тэмцэл олон тохиолдолд алдар нэрийг хайх, өөрийгөө том үйл хэрэг бүтээхийн төлөө төрсөн бөгөөд түүний төлөө өөрийн амьдралаа зориулах ёстой гэж бат итгэсэн итгэлээс үүдэлтэй байдаг ажээ. Шашны урсгалууд өөрийн итгэл үнэмшлийнхээ төлөө олон олон зовлон эдлэгчид амь амьдралаа зориулсныг магтан өргөмжилдөг. Улс төрийн талбарт үзэл санаандаа үнэнч байж амьдралын ихэнх хэсгээ шоронд өнгөрөөгөөд, бүр болоогүй цаашдын тэмцэлд нугаршгүй бат итгэлээр тэмцэгч баатрууд олон.
Сэтгэл судлаач Э.Хоффнер фанат буюу шүтэн бишрэгчдийг өөрөө өөрөөсөө хүнийссэн хүмүүс гэж тодорхойлсон байдаг. Тэд өөрсдийгөө аугаа үйл хэрэгтэй адилтгасан тэр л үедээ сэтгэл хангалуун байдаг төдийгүй үйл хэргийнхээ төлөөх тэрхүү тэмцэл нь тэдний хувьд өөрийгөө хүндлэхийн төлөө тэмцэл байдаг ажээ.
Итгэл үнэмшил нь тэднийг сохолж, ямар ч  хүнд нөхцөлд итгэсэн үйл хэргийнхээ талд зогсдог. Хэрэв ямар нэг нийгмийн хөдөлгөөн амжилтад хүрвэл, түүний удирдагчид бусдын аж жаргалын төлөө өөрийн амьдралаа золиосолсон шудрага хүмүүс хэмээн өөрийгөө төсөөлдөг. /Гэхдээ үүнийг тодорхой захиалгаар хөдөлдөг нийгмийн хөдөлгөөн, тэргүүнүүдтэй адилтгаж болохгүй. Агуулга, үйл ажиллагаа, зорилгын хувьд тэс өмнөө зүйлүүд./
Нэг зүйлийг онцлон хэлэхэд тэрхүү баатруудад найз нөхөд нь тааламжгүй хандаж, итгэхгүй байх нь ерийн үзэгдэл. Хүмүүнлэг үйл хэргийн төлөөх гал дөлтэй тэмцэл ба ойр тойрныхон тэр дундаа гэр бүлийн гишүүддээ огтоос тоомжиргүй хандах хандлагыг хоршуулах нь тэдний бас нэг өвөрмөц чанар. Иймээс ч нийтийн төлөөх үйл хэргийнх нь тэмцлийн ард амьдрал ахуй, гэр бүл нь огтоос орхигдсон байдал үлэмж түгээмэл байдаг байна.
Энэхүү хэв шинжийн хүмүүсийн зорилго эрмэлзэл бас л хүүхэд үед нь төлөвшсөн байдаг гэж сэтгэл судлаачид үздэг.
Тэд үйл хэргийнхээ төлөө өөрийнхөө эрүүл мэндээ зольж өлсгөлөн зарлах, өөрийгөө шатаах, /чин үнэнээсээ шүү, тэрнээс биш PR-даж биш/ танкан дор хэвтэх, амиараа пулемётын ам хаах, гэр бүлээ орхиж одохоос /цагтаа Будда хүртэл эхнэр хүүхдээ орхин одсон билээ/ гадна олон сая хүний амийг юунд ч бодолгүй эрсдүүлсэн түүхэн баримт хангалттай бий.

Эрх мэдэлд тэмүүлсэн дээрх хэв шинжийн хүмүүс нь хоорондын таарамжгүй байдлаас болж зөрчилдөөн мөргөлдөөнд хүрэх нь олон. Амжилт олсон хувьсгалчид дотоод хэрүүл тэмцлээс болж нийтийн үйл хэрэгтээ хохирол учруулж, ойр зуурын дэмий маргаанаас болж хуучин дэглэмийг устгахын төлөө тэмцсэн олон жилийн хамтын ажиллагаагаа нураасан түүх олныг дурьдаж болно. Лав манай оронд хувьсгал санаачилсан гэх үе үеийн удирдагчид дотоод зөрчил тэмцэлдээ идэгдэж, нэгийгээ улс төрийн тавцнаас зайлуулахаас аваад амь насыг нь хөнөөсөн явдал нэг бус бий.
Засаглалд тэмүүлэх хандлагаас нь шалтгаалж тэдгээр хүмүүс бусдыгаа хуурч мэхлэх мөн өөрөө тийм байдалд орохоос ямагт болгоомжилж байдаг. Тэд өөрсдийгөө бусдаасаа илүү зальтай гэж тооцдог ч харилцан нэгийгээ хардаж сэрдэх нь энүүхэнд. Тэд өөрсдийг нь ивээсэн аз завшааныг үл харгалзан хувь заяандаа сэтгэл дундуур байдаг. Эрх мэдэлд үл ханана. Иймээс нийгмийн өндөр байр суурь нь тэднийг үл амирлуулж, улмаар өөрийгөө үнэлэх, өөрийн байр сууриндаа сэтгэл дундуур байх хандлага нь яг өмнөх шигээ үлддэг.
Дээрх байдлыг сануулсан  нэгэн сонирхолтой судалгаа байна. Эрх мэдэл, амжилтад хүрсэн эмэгтэйчүүдийн хувьд найз нөхөдтэй байх чадвараа алдсан мэт санагддаг гэнэ. Тэд өөрийн ганцаардлыг даван туулах зорилгоор ямар нэг амьтан тэжээх нь цөөнгүй. Цаашлаад байнга бие-сэтгэцийн өвчинд автаж, өөрсдийн аз жаргалгүйг илэн далангүй хүлээн зөвшөөрдөг байна.

Мэдрэл-сэтгэцийн сэдэлтэй засаглалд тэмүүлэгчид

Эрх мэдэлд хүрэх бололцоо нь амгалан тайвныг олох, айдас түгшүүрээс чөлөөлөгдөх хэрэгсэл байж болно.
Ердийн хүмүүсийн хувьд биеийн хүч ба оюуны чадвар, цэцэн ухаан,  авъяас зэрэг ямар нэг давуу талаа харуулсан төдийд засаглах мэдрэмж төрж байдаг. Харин эрх мэдэлд сэтгэцийн үүдэлтэй тэмүүлэгчид өөрийн сул талын мэдрэмж, үзэн ядалтаас шалтгаалан засаглах хүсэл нь төрдөг байна. Өөрөөр хэлбэл, засаглах хэвийн эрмэлзэл давуу буюу хүчтэй байдлаас үүдэлтэй байхад мэдрэл сэтгэцийн сэдэл нь хүмүүний сул талаас үүсч бий болдог гэсэн үг.
Энэ хэв маягийн хүмүүс эрх мэдэл, алдар хүнд, нөөц баялгийг эзэмшснээр аюулгүй байдлаа хангаж болно гэж үздэг. Иймээс засаглалд тэмүүлэгч невротикууд эрх мэдэлгүй болохоос ихээр айдаг ажгуу. Доор дурьдсан хэв маягууд ерөнхийдөө мэдрэл-сэтгэцийн гаралтай засаглалд тэмүүлэгчдийн зарим хэв шинжүүд юм.

Бусдыг хянахыг эрмэлзэгчид
Бүгдийг хянахыг эрмэлзэж, зөвхөн түүний хүсэл, санаачлага, зөвшөөрлөөр бүх зүйл хийгдэж байхыг хүсдэг. Бусдын үйлдэлд зориуд бүрэн эрх чөлөө олгохын зэрэгцээ тухайн үйлдлийнх нь талаар бүгдийг мэдэхийг хүсдэг ба ямар нэг зүйл тодорхойгүй үлдвэл цухалдаж эхэлдэг. 
Бүх зүйлд түүний зөв байх бөгөөд гагцхүү тэр л бүгдийг бусдаас илүү мэдэж байдаг гэдэгт итгэдэг. Хэрэв тавигдсан асуултын хариултыг мэдэхгүй нөхцөлд эвгүй байдалд орохоос эмээж, тухайн асуултын талаар учир дутагдалтай мэдээлэлтэй байх нь нэр хүндийг нь гутааж болзошгүй гэж үзээд “их мэдэгч”-ийн дүр бүтээж эхэлдэг.
Мөн эрх мэдэл рүү тэмүүлэх сэдэл нь өөрийгөө дайчлах эрмэлзлээс үүдэлтэй байж болно. Тэдний хувьд өөрсдөө хүсч байгаа атлаа бусдад найдаж хийхийг хүсэхгүй байгаа хандлага захиргаадах сэдлийн эх үүсвэр болох нь бий. Товчхондоо тэвчээргүй байдал, ямар нэг аргагүйдсэн хүлээлт, цаг алдах явдал нь захирах хүсэл эрмэлзлийг нь төрүүлж байдаг.      
Зарим нөхдүүдийн хувьд ямар нэг зүйлд найр тавих, бууж өгөхөөс дургүйцэх хандлага эрх мэдэл рүү тэмүүлэх сэдлийг нь төрүүлэх нь бий. Бусадтай санаа бодлоо зөвшилцөх, зөвөлгөө авах, тэр нь зөв хэрэгтэй байсан ч энэ тухай бодол нь дотоод эсэргүүцэл зөрүүд аашийг төрүүлж байдаг байна.

Хүндлүүлэхийг хүсэгчид
Эрх мэдлийн зарим хүсэл сонирхол бусдад сэтгэгдэл төрүүлэх, хүндлэл хүлээх, гайхуулах хэрэгцээнээс шалтгаалж үүсэх нь бий. Тэдний өөрийн гоо сайхан, сод ухаан эсвэл ямар нэгэн гарамгай амжилтаараа бусдыг гайхшруулах гэсэн мөрөөдөл, хүсэл нь засаглах сэдэл нь болж байдаг. Үүний тулд том мундаг хүмүүстэй танилцах, хамгийн сүүлийн үеийн дуу, ном, загварын талаар мэдлэгээрээ гайхуулах, үүний тулд хичнээн ч мөнгө төгрөг үрэхээс буцахгүй. Гэхдээ ийм хүмүүс найз нөхөд, эхнэр нөхөр, хамтран ажиллагчдынхаа сонирхлыг татах зүйл хийж чаддаггүй. Бусдын анхаарлыг татах явдалд тэдний өөрийгөө хүндлэх хэрэгцээ үндэслэдэг тул хэрэв тэгэж чадахгүй бол сэтгэлээр унадаг.
Ерөнхийдөө ийм хэв маягийн хүмүүсийг нарциссит буюу өөртөө дурлагчид гэж нэрийдэж болно. Гэхдээ тэдний өөрийгөө өргөмжлөх явдал нь өөртөө дурласанд биш харин дорд унасан өөрийн хүндлэлээ сэргээх, өөрийгөө дорд үзэх, ач холболдолгүйд тооцох мэдрэмжээс өөрийгөө хамгаалах хэрэгцээнд нь суурилж байдгийг хэлэх хэрэгтэй.

Бусдыг басан дорд үзэгчид
Зарим нөхдүүдийн хувьд алдар хүнд рүү тэмүүлэх тэмүүлэл нь бусдыг дорд үзэх, басамжлах хүсэл сонирхолд үндэслэж болно. Тэрхүү хүсэл нь өөрийгөө эрхэмлэх мэдрэмжид нь доромжлолын хүчтэй цохилт авсан, үүний улмаас өшин хонзогносны үр дүн байх нь олонтаа.
Гол төлөв хүүхэд ахуй цагт нь тэдний өссөн нийгмийн нөхцөл /үндэсний цөөнх, ядуу байдлаас болж гадуурхагдаж байсан/, эсвэл бусдын зүгээс тоомсоргүй, буруугаар ойлгож байсантай холбоотой сэтгэлд нь хоногшсон доромжлолын гүнзгий шарх авсантай холбоотой байдаг аж.
Байнгын сургамж, үглэл, басамжлал… Энэ талаарх гуниглал гансралаа мартахыг хичээвч, доромжлолтой холбоотой асуудал дахин үүсэх вий гэсэн далд бодол ухамсрыг нь дахин дахин зовооно. Нэг үгээр ийм байдал дотуур тамиртай нөхдүүд болж өвс бойжиход хүргэдэг гэсэн үг.
Заримдаа уг хандлага тэдний ухаан бодлоос нь үл хамааран үүсэх нь ч бий. Тухайлбал, таагүй нөхцөл байдалд санамсаргүй орох, өөрийнх нь хараат байдлыг мэдрүүлснээр тэднийг бусдыг басан доромжлох байдал руу түлхэж болно.
Мөн бусдыг басан доромжлох хандлага нь өөрийг нь шагшин гайхах хандлагын нь цаана нуугдаж болно. Өөрөөр хэлбэл, бусад хүмүүс анхаарлын төвд байх, түүнд татагдах нөхцөл бүрэлдсэн үед тэд бусдыг доромжлох мэдрэмжээ мартаж, бүр огт үгүй болгож чаддаг гэнэ.

Бусдыг мөлжихийг хүсэгчид
Өширхөл хонзогнол зарим үед бусдын эрх ашгийг үл тоомсорлох, хязгаарлах хүслээр илэрч болно. Гэхдээ бусдын үйл хэрэгт хохирол учруулах буюу мөлжих, ямар нэгэн зүйл хулгайлах, хуурах хүсэл сэтгэц мэдрэлийн шинж чанартай биш гэж судлаачид үздэг. Эдгээр нь тодорхой нийгэм-соёлын нөхцлөөр тодорхойлогдож, нөхцөл байдлын нарийн төвөгтэй байдлаар зөвтгөгдөн, зорилго чиглэлтэй асуудал мэтээр тооцогддог. Харин невротик хүмүүст уг хандлага хүчтэй сэтгэл хөдлөлийн цэнэг өгдөг учраас тэд ийнхүү бусдыг ашиглагчид болдог байна.
Ач холбогдолгүй байсан ч тэд бусдыг ашигласнаараа давуу тал, үр ашгийг олох төдийгүй, өөрсдийгөө ялагч гэж тооцох, оюун санааны хүчтэй таашаалыг мэдэрдэг ажгуу. Жишээ нь ямар нэг хэлэлцээр хийхдээ олж авсан үр ашгаасаа илүү их цаг хугацаа, эрч хүч зарцуулж чадна. Үүнээсээ тэд бусдад хохирол учруулсан эсвэл бусдыг хуурч мэхэлсэн гэж үзээд ихээхэн сэтгэл ханамж авдаг.
Найз нөхөд, хүүхдийг ашиглах байдлаар харьцах хандлага нь тэдэнтэй тэгэж л харьцах ёстой гэсэн бодлоор нь зөвтгөгдөнө. Тэд жишээ нь бусдад төлөх ёстой өрийг өгөхгүй удаашруулах, ямар нэг мэдээллийг дарах, сексийн ханамж өгөхөөс татгалзах зэрэг үйлдэл хийж байдаг.
Энэ хэв шинжийн хүмүүс бусдын эрх ашгийг хязгаарлаж, хохироож байгаагаа тэр бүр ухамсарлахгүй байх нь олон. Зарим эцэг эхчүүд хүүхдүүдээ сэтгэл зүйн мөлжлөгт автуулж байгаагаа мэдэлгүй, амьдралд нөхөж баршгүй үр дагаврыг авчрах нь бий.

Атаархагчид
Зарим нөхдүүд өөрт байхгүй чанар, давуу талыг эзэмшиж буй бусдад атаархах байдал нь засаглах сэдлийг нь төрүүлэх шалтгаан болдог аж. Жирийн хүмүүс бусдад буй давуу тал, шинж чанарыг өөрт байсан сан бол гэж бодох төдий байхад невротикууд тухайн давуу тал өөрт нь огтоос хэрэггүй байсан ч гэлээ байхгүй байгаад  л харамсаж явдаг байна.
“Атаархагч” хэв шинж Монголчуудын хувьд бараг үндэсний сэтгэл зүйн онцлог гэж үзэж болох агаад бусдын зүйлд зүгээр атаархах төдий биш тэр зүйл нь сүйдэх, устах, алга болоход өөрт бий болсноос ч илүү баярлан хөөрч, сэтгэл ханамж авдаг нь бидний өвөрмөц шинж ажээ. 

За тэгэхээр засаглалд тэмүүлэх хүсэл, эрмэлзлийг зөвхөн улс төрийн салбарт хүч үзэгсдээр хязгаарлаж болохгүй ээ. Нийгмийн аль ч салбарт хийгээд нас хүйс боловсрол мэдлэг, яс үндэс үл харгалзан хэнд ч тэрхүү хүсэл сонирхол төрж болно.  Угаас цэцэрлэгийн наснаас л эхлээд нэгийг нь дарга бусдыг нь дагагчид болгон хүмүүжүүлж бас хүмүүжиж эхэлдэг шүү дээ. Тэгээд ч засаглах харилцаа бол нийгмийн суурь харилцаа бөгөөд үүнгүйгээр ч нийгэм оршин тогтнох аргагүй.
Эрх мэдэл, засаглал руу тэмүүлэх хандлагын дээрх хэв шинжүүд нь зарим талаар сэтгэл зүйн хувьд эмгэг хэв шинжийг агуулж байгаа харагдаж болох юм. Гэвч ямар нэг сэтгэл зүйн дотоод хүсэл тэмүүлэл /хүсэл тачаал, дон/-гүйгээр бид юу ч бүтээж чадахгүй байсан талаар психоаналист З.Фрейд нэгэнт сануулсан нь буй.

No comments:

Post a Comment

Сэтгэгдэл

Хулгана дагадаг оцон шувууд :-)